Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 571

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Хурц /томилолтоор/, хохирогч Г.М, шинжээч эмч Б.Наранбямба, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б овогт Б-ийн М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0000000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “ХХХХ” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хайрханы 000 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 000 дугаар хороо, Ивээл хотхоны 00 байрны 000 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь: Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 498 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 116 дугаартай магадлалаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байсан, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Б-ийн М /РД: МО84121131/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.М нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХХХХ” худалдааны төвийн 2 давхарт байрлах ХХХХ салбарт 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цаг 27 минутын орчим дарааллаас болж маргалдан Г.М-ийг заамдаж унагаан дээрээс нь дарах зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шинжээч эмч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Г.М: “...2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 15 цагийн үед ...Төрийн банкаар үйлчлүүлэх гээд дараалал хүлээгээд зогсож байсан. Тэгээд миний үйлчлүүлэх дараалал болоход хажууд сууж байсан эмэгтэй ирээд би байсан гэхээр нь би тухайн эмэгтэйтээ маргалдсан. Хажуунаас М наадахаа оруулчихаач гэхэд нь би өөрт чинь хамаагүй гээд М-тай маргалдаж эхэлсэн. М намайг заамдаж аваад түлхсэн, тухайн үед би сандалны хөлөнд ч юм уу, нэг зүйлд тээгэлдээд унасан. М-ыг миний дээрээс унасан байхад нэг хамгаалагч ирээд биднийг салгасан. Манай ажил дээрээ очоод байж байхад нуруу өвдөөд байсан. Хэрэг гарсаны дараа би ажил дээрээ очоод маргааш нь босож чадахгүй болоод эмнэлэгт үзүүлэхэд нурууны хугаралтай байна, энэ зурагаа аваад шүүх эмнэлэг дээр оч гэсэн. Хохирол төлбөр ойролцоогоор 300.000 төгрөгөөс 400.000 төгрөг гарсан. Би энэ хэргээс болоод 1 сар эмнэлгээр явсан, хол замд удаан явж чадахгүй болсон. М 2 хүн маргалдаж байхад дундуур орж ирээд миний эрүүл мэндэд хохирол учруулсанд гомдолтой байна. Би баримтын дагуу 315.720 төгрөг нэхэмжилнэ...” гэв.

Шинжээч эмч Б.Н: “...Хохирогч М-ийн биед үзлэг хийхэд ахар сүүлээр өвдөж байна гэсэн, ил харагдах зүйл байхгүй, тэмтэрхэд эмзэглэлтэй байсан. 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ахар сүүлний гэмтэл учирсан гэсэн зураг байсан, үүнийгээ дэлгэрүүлж нарийн шинжилгээ хийлгэсэн. Сонгодо эмнэлгийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлтэд хэвлий арцагны томографийн шинжилгээгээр ахар сүүлний нэгдүгээр нугалмын эх бие ташуу сэтэрсэн зөрүүгийн хугаралтай, хугарал орчмын зөөлөн эдийн хаван хавдартай гэж гарсан байсан. Үүнийг үндэслэн дүгнэлт гаргасан, хүн суугаа байдалд байхад дээрээс нь дарсан тохиолдолд, эсхүл хальтирч унасан тохиолдолд ахар сүүлний хугарал үүсэх боломжтой. Цус хуралт, хаван хавдарыг нийлүүлээд зөөлөн эдийн няцрал гэж үзэж байгаа, ахар сүүл нь хугарсан байхад олон янзын хөдөлгөөн хийж, зовиур өөр өөрөөр илэрдэг. Зовиур нь нурууг сунгах, өөрөө сандал дээр суух үед, эсхүл гэмтсэн хэсгээрээ тулах үед илэрдэг...” гэв.

 

Шүүгдэгч Б.М: “...2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цагийн үед ...Төрийн банкаар үйлчлүүлж байхад М хажуу талын эмэгтэй хүмүүсийг дээрэлхээд зогсож байсан, эхлээд би дуугараагүй, нэг эмэгтэй надад та хэлээд өг гэсэн тул би М-д “энэ хүн таны урд байсан” гэхэд М гөлөг минь, банди минь, чаддаг юм бол гараад ир гээд гэж элдэвээр хэлсэн. Би тухайн үед биеэ барьсан. Би М-д чиний буруу гэхэд манай эхнэрийг янхан, гичий гэсэн. Би түүнийг заамдахад Төрийн банкны ажилтан намайг М-с салгахад би М-ийг түлхсэн, энэ үед М миний сахиуснаас барьчихсан. М хүний хөл, эсхүл сандалд тээгэлдээд унасан, би гарыг нь тавиулах гэж оролдсон боловч М миний сахиустай гинжнээс зуурчихсан байсан тул газарт унаагүй, би ч түүний дээрээс нь унаагүй. М бүх хүмүүсийг доромжлоод байхаар нь би цагдаа дууд гэж хэлсэн. Тухайн үед ямар нэгэн зовиур ажиглдагдаагүй. Би М-ийн эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулсан асуудал байхгүй...” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

Хохирогч Г.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 16 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “ХХХХ” худалдааны төвийн 2 дугаар давхарт байрлах Төрийн банкны салбараар үйлчлүүлэхээр орсон. Тухайн үед дараалал ихтэй байсан. Би хүмүүсийн хойноос үйлчлүүлэх дарааллаа хүлээгээд зогсож байхад 25 орчим насны эмэгтэй дараалал дайрч миний урдуур орох гээд байхаар нь би түүнд “та энэ дараалалд байгаагүй, би таныг хараагүй” гэхэд тэр эмэгтэй “би өөрийн чинь өмнө байсан, дарааллаа хүлээгээд сууж байсан” гээд маргалдсан. Тэгтэл хажуу талын теллерээр үйлчлүүлэх гээд дараалалд зогсож байсан 35-40 орчим насны, харааны нүдний шил зүүсэн 170 орчим см өндөртэй, махлагдуу, бор царайтай залуу хажуунаас “чи наад эмэгтэйгээ оруулчихаач пизда минь” гэхээр нь би тэр залуутай “чамд ямар хамаатай юм бэ” гээд маргалдсан. Ингээд нүдний шилтэй залуу намайг заамдахаар нь би ч гэсэн тэр залууг заамдсан. Тэр залуу намайг хойшоо түлхэж түрэх үед нь би хойшоо ухарч байгаад миний хөл /аль хөл тээглэсэн гэдгийг нь санахгүй байна/ сандалны хөл ч юм уу, ямар нэгэн зүйлд тээглээд өгзөгөөрөө шалан дээр хүчтэй суусан. Нөгөө залуу намайг заамдсан чигээрээ миний дээрээс дараад уначихсан. Тэрээр дээрээс дарж уначихаад заамдсан гараа тавихгүй цохих гээд гараа зангидаж байхад нь банкны салбарын хамгаалагч болон үйлчлүүлж байсан хүмүүс салгасан. Тухайн үед надад ямар нэгэн гэмтэл шарх ажиглагдаагүй болохоор би банкаар үйлчлүүлээд гарсан. Намайг заамдаж, давхарлаж унасан залуу ч гэсэн тус банкаар үйлчлүүлээд гарсан. Ингээд би ажил дээрээ ирээд сандал дээр сууж байгаад босох гэтэл өгзөг ахар сүүл орчмоор өвдөөд босож чадахгүй байсан. Гэртээ хариад өвчин намдаах лаа хийсэн боловч өвчин намдахгүй болохоор нь би 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Сонгодо” эмнэлэгт очиж үзүүлж рентгэн болон компьютер томогарафикийн зураг авахуулахад ахар сүүл хугарсан гэсэн онош тавигдсан болохоор цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргасан. Эмчилгээний зардалд зарцуулсан мөнгөө нэхэмжилнэ, гомдолтой байна...” /хх-ийн 12-13/ гэсэн,

 

Гэрч Ч.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 16 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХХХХ салбарын төрийн банкны тооцооны төв дээр ажиллаж байхад, надад төлбөр тооцоо хийх байсан харилцагч нар нь гүйлгээний дарааллаас болоод М нь урдаа зогсож байсан эмэгтэйтэй маргалдаж эхлэхээр нь хажуу талд байсан, М нь “энэ эмэгтэй урд чинь байсан” гэж хэлэхэд М нь М-тай маргалдаж эхлэхээр голд нь зогсож байсан эмэгтэй М лүү “чи үйлчлүүл, би чиний араас үйлчлүүлэе” гэж хэлээд холдсон. Мөнхтөр нь хажууд зогсож байсан эмэгтэй хүн рүү дайрч давшилаад байсан учир М “чи эмэгтэй хүнтэй хэрэлдэхээ боль” гэж хэлсэн. М надтай гүйлгээ хийж байхад хажуу талаас Мөнхтөр ирж хэрүүл өдөөд гүйлгээг хийлгэхгүй байсан. Миний үйлчлүүлэгч М луу ирэхэд голд нь байсан эмэгтэй холдуулж салгахад М нь дахин М луу өөрөө очиж барьж авахад нь М хоёр гараараа заамдаж хана руу шахахад Туул салгасан. Мөнхтөр М-ын араас очиж зуурч авахад М нь зүүн гараараа заамдаж аваад баруун гараараа өмдний тэлээний хавьцаанаас бариад газарт унагаагаад, М нь М-ийг дараад хэвтэж байхад Туул Голомт банкны харуулын хамт ирээд салгасан. Ингээд Мтай хэрэлдээд байхад банк дотор байсан хүмүүс М-т хандаж “чи боль, зүгээр бай” гэж хэлж байсан. Тэгээд М гүйлгээгээ хийж дуусчихаад банкаас гарахгүй “танай банкинд зодуулчихлаа, цагдаа дууд” гэж хэлж байснаа гараад явсан...” /хх-ийн 17-18/ гэсэн,

 

Гэрч Т.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 16 цаг өнгөрч байхад ...Төрийн банкны тооцооны төв дээр ажиллаж байхад үйлчлүүлж байсан харилцагч нар нь гүйлгээ хийх гэж байсан дарааллаас болж М, М нар маргалдаж эхлэхээр нь голд нь зогсож байсан эмэгтэй М лүү “чи үйлчлүүл, би чиний араас үйлчлүүлэе” гэж хэлсэн. М нь хажуудаа зогсож байсан эмэгтэй хүн рүү дайрч давшилаад байхаар нь М нь “чи эмэгтэй хүнтэй хэрэлдэхээ боль” гэж хэлэхэд М М руу очиж хэрүүл өдөөд байхад голд нь зогсож байсан эмэгтэй холдуулж салгасан. Мөнхтөр нь дахин М руу өөрөө очиж барьж авахад нь М хоёр гараараа заамдаж хана луу шахахад нь би очиж салгахад М М-ын араас очиж зуураад М нь зүүн гараараа заамдаж баруун гараараа өмдний тэлээний хавьцаанаас бариад газарт унагаахаар нь би гарч Голомт банкны харуулыг дуудаж ирээд салгахад М банкан доторх үйлчлүүлэгч болгонтой хэрэлдээд байсан. Тэр үед М “чи болио, зүгээр бай” гэх мэт үгийг хэлж байсан. Мө нь гүйлгээ хийж дуусаад банкнаас гарахгүй М-тай хэрэлдээд байхад бусад хүмүүс Мөнхтөрд “чи одоо болио” гэж хэлээд гаргаж явуулсан...” /хх-ийн 19-20/ гэсэн,

 

Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 16 цаг өнгөрч байхад ...М, М-тай маргалдаж эхлэхэд тэр хоёрын голд зогсож байсан эмэгтэй болиулсан. М нь хажуудаа зогсож байсан эмэгтэй рүү дайрахад М чи эмэгтэй хүнтэй хэрэлдэхээ боль гэж хэлэхэд М М луу өөрөө очиж барьж авахад М нь зүүн гараараа заамдаж аваад баруун гараараа өмдний тэлээний хавьцаанаас бариад газарт унагаагаад М нь М-ийг дараад хэвтэж байхад Т эгч Голомт банкны харуулын хамт ирээд салгасан...” /хх-ийн 21-22/ гэсэн,

 

Гэрч А.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр болсон зүйлийн талаар найз М-аас Төрийн банкан дотор үйлчлүүлж байхад нэг эрэгтэй хүн бусад хүмүүс рүү дайрч давшилаад байхаар нь шаардлага тавихад над руу дайрч давшилаад хоолой боохоор нь түлхэж унагасан гэж хэлсэн. Тэрнээс өөр зүйл би мэдэхгүй...” /хх-ийн 21-22/ гэсэн,

Шинжээч эмч Б.Наранбямба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ахар сүүл хугарсан үед ууц, нуруугаар сууж, босох, хөдөлгөөн хийхэд хязгаарлагдана. Дээрх тохиолдолд ташуу сэтэрсэн зөрүүгүй хугаралтай учир тодорхой хэмжээний хөдөлгөөн хийж болно. Энэ нь эмчилгээ эдгэрэлтийн хугацаанаас хамаарч эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хх-ийн 33-34/ гэсэн,

Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна. ХХХ-д байдаг Төрийн банкны тооцооны төв дээр үйлчлүүлэхээр ирсэн. Тухайн өдөр нягтлан Эрхэмболорын хамтаар дараалалд зогсоод үйлчлүүлж байхад хажуу талын эгнээнд очерлож байсан хүмүүс маргалдаж байгаад очероо дайруулсан эмэгтэй надаас хэн түрүүнд зогсож байхаар нь би “наад эмэгтэй чинь өөрийн чинь өмнө орж ирсэн” гэж хэлэхэд надруу “дуугүй бай, амаа тат, гараад ир зодолдъё” гэх мэт үгнүүдийг хэлэхэд нь би “дуугүй үйлчилгээний байгууллагаар соёлтой үйлчлүүл, наад эмэгтэй чинь чиний өмнө орж ирсэн” гэж хэлэхэд үйлчлүүлж байсан хүмүүс бас хэлсэн. Тэгтэл над руу дайрахаар нь би өөрөөсөө холдуулахаар шаардлага тавихад миний энгэрээс заамдаж авахаар нь би тэрийг салгах гээд ноцолдож байхад унасан. Тэгэхээр нь би гинжнээс барьсан гарыг нь салгаад би өөрөө холдоход над руу дайраад давшлаад байхаар нь тоогоогүй. Маргалдаж байхаар цагдаагаа дууд гэж хүмүүс хэлж байхад гараад явсан...” /хх-ийн 24-25/ гэсэн мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №13802 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Г.М-ийн биед ахар сүүлний хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 30/ гэсэн дүгнэлт,

 Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...М, М хоёр юм ярьж байснаа 15 цаг 26 минут 25 секундэд заамдалцаж аваад М нь М-ийг хананд шахаж 15 цаг 27 минут 37 секундэд М нь зүүн гараараа куртикны баруун талын энгэрээс барьж авсанаа баруун гараараа М-ийн өмдний зүүн талаас нь барьж аваад М нь өөрийнхөө зүүн тал руу татаж газарт унагаахад М дээш харсан байдалтай өвдөгөө нугалан хэвтчихсан, М бүсэлхий хэсгээрээ тонгочихсон бие биенийгээ заамдсан байдалтай байж байгаад 15 цаг 28 минут 36 секундэд салгаж М босч ирээд М луу ойртох үед банкны ажилтан эмэгтэй дундуур нь орж салгахад М маргалдаж эхлэхэд холдсон...” /хх-ийн 39-40/ гэсэн,

- Өргөдөл /хх-ийн 10/,

- Хохирлын баримт /хх-ийн 44-47/

- Шүүгдэгч Б.М-ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 62/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 63/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 64/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 65/, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 66/, ял шалгах хуудас /хх-ийн 67/, шийтгэх тогтоол, магадлалын хуулбар /69-75, 77-101/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.М-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.М нь Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХХХ” худалдааны төвийн 2 давхарт байрлах Төрийн банкны тооцооны салбарт 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цаг 27 минутын орчим үйлчлүүлэгчийн дарааллаас маргалдаж, Г.М-ийг заамдаж газар унагааж, дээрээс нь дарах зэрэг үйлдэл хийж, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.М, гэрч Ч.С, Т.Т, Д.О нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №13802 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Г.М-ийн биед ахар сүүлний хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 30/ гэсэн дүгнэлт, шинжээч эмч Б.Наранбямбын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 39-40/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.М-ийн биед ахар сүүлний хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан, хэрэгт авагдсан хохиролтой холбоотой баримтаар хохирогч Г.М-д 310,070 төгрөгийн /хх-ийн 44-47/ хохирол учирсан ба шүүх гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгч Б.М “М-ийн биед санаатай гэмтэл учруулаагүй, М өөрөө хүрч ирээд миний намайг заамдаж, сахиустай гинжнээс зуурчихсан учир би тэрийг тавиулах гэж хариу үйлдэл хийсэн, би гэмтэл учруулаагүй, өөрөө сандлыг эсхүл хүний хөлд тээглэж унахдаа гэмтэл авсан...” гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлжээ. Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд шүүгдэгч Б.М-ын гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан гэмтэл өөр хоорондоо шалтгаант холбоотой, шүүгдэгчийн мэдүүлгийг няцаасан, үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр камерийн бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлээр тухайн мэдүүлэг үгүйсгэгдэж байна гэж шүүх үзэв.

 

Шүүх дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид хуульд заасны дагуу торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирснийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.М цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам шүүх хуралдаанд гаргасан саналдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.5, 1.6-д заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоож чадаагүй. Хэргийн газарт байсан бүх хүмүүсийг гэрчээр тогтоож мэдүүлэг авах байсан, гэтэл миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж мэдүүлэг өгөх гэрчийг огт асуугаагүй, энэ ажиллагаа орхигдуулсан. Шинжээчийн дүгнэлт мөн эргэлзэтэй, бүрэн бус байх тул нэмж дүгнэлт гаргуулах, мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр хийж гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагатай гэсэн агуулга бүхий санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүгүйн дээр нэг үйл баримтын талаар өөрсдийн үзсэн, харсан зүйлийн талаар мэдүүлсэн, ингэхдээ хууль сануулж мэдүүлэг авсныг шүүх үнэн зөвд тооцсон, шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал байхгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны яцвад тал бүрээс нь шалгаж тодруулсан, шүүгдэгч Б.М-т холбогдох эрүүгийн хэрэгт нэмж мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.М-т оногдуулсан 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.М торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М /РД: ХХ0000, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Хайрханы 00 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, ХХ хотхоны 00 байрны 00 тоотод түр оршин суух/-аас 310,070 /гурван зуун арван мянга дал/ төгрөг гаргуулж хохирогч Г.М /РД: ХХ0000, Баянгол дүүрэг 00 дугаар хороо, ХХХ хороолол 0 дүгээр байр 00 тоотод оршин суух/-д олгож, хохирогч Г.М нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн 0000 дугаартай хэргийн хамт ирүүлсэн нэг ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.М цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.              

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    Д.АЛТАНЖИГҮҮР