Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 1171

 

187/2019/0541/Э

 

 

 

 

  2019          11            21                                             2019/ДШМ/1171    

 

Б.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Зориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Хурц,

шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Р.Пүрэвлхам,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 571 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Р.Пүрэвлхамын гаргасан давж заалдах гомдлоор Б.М-т холбогдох 1810026690372 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

...... М-, 1984 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй.......тоотод оршин суудаг гэх, /РД:......../,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 498 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1116 дугаартай магадлалаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн;

 

Б.М- нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цаг 27 минутын орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Номин Юнайтэд” худалдааны төвийн 2 давхарт байрлах “Төрийн банк”-ны салбар тооцооны төвд банкаар үйлчлүүлэх дарааллаас болж маргалдан Г.Мөнхтөрийг заамдаж унаган дээрээс нь дарах зэргээр зодож, эрүүл мэндэд нь ахар сүүлний хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч .... М-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М- торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М- /РД:.....1/-аас 310.070 /гурван зуун арван мянга дал/ төгрөг гаргуулж хохирогч Г.Мөнхтөр /РД:........, Баянгол ... тоотод оршин суух/-д олгож, хохирогч Г.Мөнхтөр нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэргийн хамт ирүүлсэн нэг ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.М- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Р.Пүрэвлхам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх өмгөөлөгч миний гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.5, 1.6-д заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоож чадаагүй тул эрүүгийн хэрэгт нэмж мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай саналыг үндэслэлгүй гэж үзэж шийдвэр гаргасныг эс зөвшөөрч байна. Яллах дүгнэлтэд миний үйлчлүүлэгчийг хохирогчийг боож унаган улмаар цохиж зодсон мэтээр бичсэн байх бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бичлэгээр нотлогдохгүй байна. Харин ч хохирогчийн сандал юм уу, хүний хөлд тээглээд унасан гэж мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч анхнаасаа үйл баримтын талаар үнэн зөвөөр мэдүүлж байсан нь хэрэгт авагдсан камерийн бичлэгээс харагдаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно гэжээ. Камерийн бичлэгээс харахад, хохирогч Б.М-ыг заамдаж юм уу энгэрт байсан зүүлтнээс нь татаж түүнийг тавиулах гэсэн үйлдлийг хийж байх бөгөөд хохирогч хүний хөлд болон сандлын хөлд тээглэн газарт унаж байгаа нь харагдаж байна. Түүнчлэн гэрчүүдийн мэдүүлснээр Б.М- хохирогчийн дээрээс дарж унаагүй, биед нь хүрэлгүй хөндий байсан нь харагдаж байна. Харин хохирогч Мөнхбат нь түүний хоолойд байсан зүүлтнээс тавихгүй зууралдаж хоолойг нь боох маягтай болж байх үед хамгаалалтын хүн ирж болиулж байгаа нь харагдаж байна. Энгэрээс нь заамдан авсны улмаас тэрээр гарыг нь тавиулах үүднээс бүтэн биеэр нь эргүүлэх агшинд хохирогч сандлын, эсхүл хүний хөлд тээглэн унасан үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзэх боломжгүй. Миний үйлчлүүлэгч түүнд гэмтэл учруулахыг хүссэн субъектив шинж байхгүй байсаар байхад анхан шатны шүүх анхаарч үзэлгүй гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй юм. Мөн хавтас хэрэгт зайлшгүй асуух ёстой гэрчийг асуугаагүй. Камерийн бичлэгт М-, Мөнхтөр нарыг салгаж байгаа хамгаалалтын албаны хүн нь хохирогчийг холбогдогчийн хүзүүнээс нилээд хүчин чармайлт гарган салгаж байгаа бөгөөд хохирогч нь яг ямар байдлаар юунаас зуураад байсан талаар зайлшгүй тодруулах, мөн шүүгдэгч хохирогчийн дээрээс жингээрээ даран хэвтэж байсан эсэхийг яг хажуунаас нь харсан хүн байсаар байхад гэрчээр тогтоох ёстой этгээдийг тогтоогоогүй байна. Мөн шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасаар байхад анхан шатны шүүх шаардлагагүй гэж үзсэнийг эс зөвшөөрч байна. Иймд Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 571 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, урьдчилан хэлэлцүүлгийн шатанд хэргийг буцааж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Хурц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тухайн нөхцөл байдал болж байхад хажууд нь байсан гэрч нараас хангалттай мэдүүлэг авсан. Шүүгдэгч нь хохирогчийг заамдаж аваад тэлээнээс нь барьж татаж унагаагаад дээр нь дарж хэвтсэн үйлдэл нь банкны камерийн бичлэг, гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай тогтоогдож байгаа. Үүний улмаас хохирогчийн ахар сүүл хугарч хүндэвтэр гэмтэл учирсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.М- нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цаг 27 минутын орчим, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Номин Юнайтэд” худалдааны төвийн 2 давхарт байрлах “Төрийн банк”-ны салбар тооцооны төвд банкаар үйлчлүүлэх дарааллаас болж Г.Мөнхтөртэй маргалдан түүнийг заамдаж унагаан дээрээс нь дарж, эрүүл мэндэд нь ахар сүүлний хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Хохирогч Г.Мөнхтөр нь “...Тэр залуу намайг хойшоо түлхэж, түрэх үед би хойшоо ухарч байгаад сандлын хөл ч юм уу ямар нэгэн зүйлд тээглээд өгзгөөрөө шалан дээр хүчтэй суусан. Нөгөө залуу намайг заамдсан чигээрээ миний дээрээс дарж уначихаад заамдсан гараа тавихгүй, цохих гээд гараа зангидаж байхад нь банкны хамгаалагч болон үйлчлүүлж байсан хүмүүс салгасан. ...” /хх 12-13/ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед учирсан гэмтлийн талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь:

гэрч Ч.Сарантуяагийн “...М- нь Мөнхтөрийг зүүн гараараа заамдаж аваад баруун гараараа өмдний тэлээний хавьцаанаас бариад газарт унагаад дараад хэвтэж байхад нь Туул, Голомт банкны харуулын хамт ирж салгасан. ...” /хх 17-18/,

 

гэрч Т.Туулын “...Мөнхтөр М-ын араас очиж зуурч авахад М- зүүн гараараа заамдаж аваад баруун гараараа өмдний тэлээний хавьцаанаас бариад газарт унагахаар нь би гарч, Голомт банкны харуулыг дуудаж ирээд салгасан. ...” /хх 19-20/,

гэрч Д.Отгонсүрэнгийн “...Мөнхтөр М-ын араас очиж зуурч авахад М- зүүн гараараа заамдаж аваад баруун гараараа өмдний тэлээний хавьцаанаас бариад газарт унагаад дараад хэвтэж байхад нь Туул эгч, Голомт банкны харуулын хамт ирж салгасан. ...” /хх 21-22/,

 

Б.М-ын яллагдагчаар өгсөн “...Мөнхтөр намайг заамдаж авахаар нь би салгах гэж оролдоод заамдсан гарыг нь салгаад өргөхөд Мөнхтөр сандалд тээглээд унасан. ...” /хх 57-59/,

 

шинжээч эмч Б.Наранбямбын “...Унасны улмаас үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. ...Ахар сүүл хугарсан үед ууц, нуруугаар сууж, босох, хөдөлгөөн хийхэд хязгаарлагдана...ташуу сэтэрсэн зөрүүгүй хугаралтай учир тодорхой хэмжээний хөдөлгөөн хийж болно. Энэ нь эмчилгээний эдгэрэлтийн хугацаанаас хамаарч эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /хх 33-34/ гэх мэдүүлгүүд,

 

“...Г.Мөнхтөрийн биед ахар сүүлний хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон. …” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 13802 дугаартай дүгнэлт /хх 30/, “...М- нь зүүн гараараа Мөнхтөрийн куртикний баруун талын энгэрээс нь барьж авснаа баруун гараараа өмдний зүүн талаас нь барьж өөрийнхөө зүүн тал руу татаж газар унагаахад Мөнхтөр нь дээшээ харсан байдалтай өвдгөө нугалаад хэвтчихсэн, М- бүсэлхий хэсгээрээ тонгойчихсон бие, биеэ заамдсан байдалтай байгаа талаар...” камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 39-40/ зэргээр давхар нотлогджээ.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.М-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний Г.Мөнхтөрийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Р.Пүрэвлхам “...шүүгдэгч Б.М- нь хохирогчийн эрүүл мэндэд санаатай хүндэвтэр хохирол учруулсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдоогүй,...хэрэгт ач холбогдол бүхий гэрчийг асуугаагүй,..дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг хүлээж аваагүй зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 13802 дугаартай дүгнэлтээр хохирогч Г.Мөнхтөрийн биед учирсан ахар сүүлний хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл болохыг тогтоосон бөгөөд Б.М- нь хохирогч Г.Мөнхтөрийг заамдаж баруун гараараа өмдний тэлээний хавьцаанаас нь барьж газарт унаган, дараад хэвтсэн талаар гэрч Ч.Сарантуяа, Т.Туул, Д.Отгонсүрэн, А.Орхонбаяр нарын өгсөн мэдүүлэг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, “...унасны улмаас үүсэх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх шинжээч эмч Б.Наранбямбын өгсөн мэдүүлэг зэргийг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх, мөн шинжээч дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байна.

 

Харин шүүгдэгч Б.М-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба Б.М-ын гэмт хэрэг үйлдэгдсэн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т заасан хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өнгөрчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй.” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж “хөөн хэлэлцэх хугацааг” хуульчилсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Б.М-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Р.Пүрэвлхамын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 571 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Боржигон овгийн Банзрагчийн М-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН                                         

                                    ШҮҮГЧ                                                             Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН