Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 583

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ /томилолтоор/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н, түүний өмгөөлөгч Т.Отгонбаатар,

шүүгдэгч В.И, түүний өмгөөлөгч С.Сүхболд,

нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Ж овогт В-ын И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0000000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1980 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 0 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Жинчин овогт Вороновын И /РД: ХХ000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч В.И нь 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 15 цаг 10 минутын үед Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэр ХХХ гудамж, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн урд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Д.Наранг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигсдэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н: “...Осол болох үед хэргийн газар байгаагүй, аав Н.Н-г осолд орсныг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр мэдсэн, одоогоор аав бусдын асаргаанд байгаа, эмчилгээний зардалд 4,244,259 төгрөгийг В.И-аас болон даатгалаас авсан, В.И-аас 850,000 төгрөг гарсан, 200,000 төгрөгийг саяхан 8 сард шилжүүлсэн. Даатгалаас 3,394,259 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн, аавыг манай дүү Н.Н ажлаасаа чөлөө авч асарсан, түүний ажилгүй байсан хугацааны цалин, нэмж эмчилгээ хийлгэсэн, мөн ор түрээслэсэн мөнгө гээд одоо 4,272,760 төгрөгийг нэхэмжилж байна, өмнө нь шилжүүлсэн 200,000 төгрөгийг хасаж 4,072,760 төгрөгийг нэхэмжилнэ, гаргуулж өгнө үү, маш их гомдолтой байна...” гэв.

Шүүгдэгч В.И: “...2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ээжийн хамт өөрийн машинаар замын хөдөлгөөнд оролцоод замын 3 дугаар эгнээгээр явж байсан, 1, 2 дугаар эгнээнд хоёр том жийп машин явж байсан, хоёр хар жийпний урдуур хүн явж байгааг хараагүй, гэнэт л гүйгээд гараад ирсэн, тормослосон боловч тухайн хүнийг мөргөсөн, нийтдээ 4,244,259 төгрөгийг төлж барагдуулсан, цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, анхаарал болгоомжгүй явсан миний буруу...” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би аавыгаа яаж осолд орсон талаар мэдэхгүй, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өглөө Гэмтэл согог судлалын төвд байхад нь мэдэж очсон. Манай аав эмнэлэгт сэхээн амьдруулах тасагт хэвтэж байсан, манай гэрийхэн ээлжээр сахиж байгаа. Аавд маань ямар нэгэн хууч өвчин байхгүй, гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” /хх-ийн 23-24/ гэсэн,

 

Гэрч Ш.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 08-ны өглөө манай нөхөр Н Яармаг руу айлд юм хийхээр гэрээсээ гараад явсан, тэр оройноо ирээгүй болохоор нөхрийн ажил нь дуусаагүй гэж бодсон. Маргааш нь уг айлын хүнээс нөхрийгөө асуухад өчигдөр гараад явсан гэж хэлсэн. Тэгээд би хүүхдүүддээ хэлээд орой болсон байсан учир өглөө эрьё гэж бодсон. Тэгээд 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр осолд орсныг нь мэдсэн. Н хөл гараа хөдөлгөж чадахгүй, хүн л эргэж тойруулж хэвтүүлж байгаа, өөрөө огт хөдөлж чадахгүй, бид нартай юм ярихдаа сайнгүй, толгойндоо оёдолтой. Охин Н.Н-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахад татгалзах зүйлгүй...” /хх-ийн 83/ гэсэн,

 

Гэрч З.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр би өөрийн хүү И-ы хамт 00-00 ХХХ улсын дугаартай машинтай Хан-Уул дүүргийн Яармагийн замд Цагдаагийн хэлстийн урд төв зам дээр 40 км цагийн хурдтай явж байсан. ...Гэтэл замын урд талаас нэг бараан хувцастай, хувцасны энгэр нь задгай, найгасан хүн гэнэт гараад ирсэн. Би хүүдээ хүүе хүн гэж хэлэхийн завдалгүй тас, няс болоод явсан. Тэр хүн машинаас урагшаа 2-3 метрийн зайтай газар унасан. ...Тэр хүн гэнэт гарч ирсэн бөгөөд зогсох боломжгүй байсан. Тэр үед зам битүү, улаан гэрэл асаад унтрах үед машинууд зэрэг хөдөлж байсан. Миний хүү машинаас буугаад тэр хүнийг толгойноос нь өргөхөд тэр хүн хөдлөхгүй байсан, хажуугаар явсан хүмүүс гар хүрээд хэрэггүй, түргэн дууд гэж хэлж байсан...” /хх-ийн 40-41/ гэсэн,

 

Шүүгдэгч В.И мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр би ээж Т-ын хамт Яармагийн замд өөрийн эзэмшлийн 00-00 ХХХ улсын дугаартай Хьюндай Верна маркийн машинтай Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн урдуур зүүнээсээ баруун тийшээ чиглэлд 3 дугаар эгнээгээр явж байхад миний баруун талын 1 болон 2 дугаар эгнээгээр жаахан урд хэсэгт хар өнгийн хоёр жийп машин явж байсан. Гэтэл тэр хоёр жийп машины урдуур нэг хүн гүйгээд гараад ирсэн. Би тэр хүнийг хараад шууд тормосоо гишгэсэн, тэгээд нэг мэдэхэд л тэр хүнийг мөргөсөн. Би машинаа зогсоогоод буугаад нөгөө хүн дээр очиход толгойноос нь цус гоожсон байдалтай замын голд байсан ба би хажууд нь очоод зам хаагаад байж байтал нэг жолооч ирээд эмнэлэг дууд гэж хэлэхээр нь би өөрөө эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн. ...Би тэр үед 40 км цагийн хурдтай явж байсан. Би тэр хүнийг хараад шууд машиныхаа тормосыг гишгэж зогсоох арга хэмжээ авсан. Би өнөөдрийн байдлаар 650,000 төгрөгийг өгсөн байгаа...” /хх-ийн 78-79/ гэсэн мэдүүлгүүд,

- Зам тээврийн осол хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Зам тээврийн осол хэрэг гарсан газар нь Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Хан-Уул  дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн урд хатуу хучилттай замд үйлдэгдсэн байв. Уг зам нь асфальтан, шулуун тэгш, хуурай, зохицуулагддаггүй, явган хүний гарцтай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, явган хүний замтай, 6 эгнээ, хашлагатай, хайсгүй зам байв.” /хх-ийн 5-7/ гэсэн,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хүний биед хийсэн №7190 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Д.Н-ийн биед зүүн зулай, чамархай ясны шугаман хугарал, зүүн тал бөмбөлөгийн дух, зулай, баруун талын бөмбөлөгийн гадна капсулын түвшинд тархины эдэд цусан хураа, зулайн ар дээд хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, дагзанд шарх, хамар ясны хугарал, хүзүүний 1, 2 дугаар нугалмын нугасны суваг дайрсан хугарал, мултрал, баруун дал ясны хугарал, цээжний зүүн талын 7, 8, 9, 10 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” /хх-ийн 55-56/ гэсэн,

 

- Техникийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн №186 дугаартай дүгнэлтэд: “...Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд тэнхлэгний хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, дугуйн тооромсны хүчний зөрүү, дугуйн хээний гүний хэмжээнүүд стандартын шаардлага хангаж байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Зүүн болон баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр, хол дээрээ стандартын шаардлага хангахгүй байна. Автотээврийн хэрэгслийн ерөнхий байдал иж бүрдлийн хувьд урд салхины шил баруун гар талын доод хэсэгт цохигдон цацарч хагарсан, урд буфер баруун гар талын булангийн доод хэсгээр ханзарсан, баруун гар талын крыло хонхойсон, баруун гар талын толь сууриараа хугарсан, хойд буферын будаг нилэнхүйдээ халцарсан, улсын дугаарын зүүн гар талын гэрлийн чийдэн асахгүй нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

Урд салхины шил баруун гар талын доод хэсэгт цохигдон цацарч хагарсан, урд буфер баруун гар талын булангийн доод хэсгээр ханзарсан, баруун гар талын крыло хонхойсон, баруун гар талын толь сууриараа хугарсан нь зам тээврийн ослын улмаас үүссэн байна. Хойд буферын будах нилэнхүйдээ халцарсан, улсын дугаарын зүүн гар талын гэрлийн чийдэн асахгүй нь ослын өмнө ашиглалтын явцад үүссэн хуучин эвдрэлүүд тул осолд нөлөөлөхгүй. Зүүн болон баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр, хол дээрээ стандарын шаардлага хангах ч осол өдрийн цагаар гэгээтэй болсон гэх тул осолд нөлөөлөхгүй.

Хьюндай маркийн Верна загварын автотээврийн хэрэгсэл энгийн шингэн дамжуулгын тоормосны системтэй. Тоног төхөөрөмж дээр болон жолоодлого хийн шалгаж үзэхэд уг автотээврийн хэрэгслийн дугуйн тоормос бүрэн ажиллагаатай байна. Жолоодлого хийн дугуйн тоормосыг гишгэж шалгахад зам дээр тоормосны үргэлжилсэн мөр үүссэн.

Уг автотээврийн хэрэгслийн спидометр хэвийн ажиллаж байна...” /хх-ийн 62-68/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Өргөдөл /хх-ийн 4/,

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-13/,

- Жолоочийн согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 14/,

- Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 15/,

- Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 16/,

- Хүний биеэс биологийн дээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 17, 18/,

- Хувцасанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 19/,

- Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 33/,

- Хохирогчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 26-27, 93-94/,

- Өвчний түүх /хх-ийн 138-163/,

- Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 96-125/,

- Техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 70/,

- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 72/,

- Шүүгдэгч В.И-ы хувийн байдалтай холбоотой гэрч В.Ч /хх-ийн 85/-ийн мэдүүлэг, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 44/, жолоочийн лавлагаа /хх-ийн 45/, ял шалгах хуудас /хх-ийн 128/, бусад баримтууд /хх-ийн 129-130/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, В.И-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч В.И нь 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 15 цаг 10 минутын орчим Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Наадамчдын гудамж, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн урд замд 00-00 ХХХ улсын дугаартай Хьюндай Верна загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1 дэх заалтад “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Наранг мөргөж, түүний эрүүл мэндэд нь “зүүн зулай, чамархай ясны шугаман хугарал, зүүн тал бөмбөлөгийн дух, зулай, баруун талын бөмбөлөгийн гадна капсулын түвшинд тархины эдэд цусан хураа, зулайн ар дээд хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, дагзанд шарх, хамар ясны хугарал, хүзүүний 1, 2 дугаар нугалмын нугасны суваг дайрсан хугарал, мултрал, баруун дал ясны хугарал, цээжний зүүн талын 7, 8, 9, 10 дугаар хавирганы хугарал” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н, гэрч З.Т нарын болон шүүгдэгч В.И-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №7190, №3435, №3436 дугаартай /хх-ийн 47, 50, 55-56/, техникийн шинжээчийн 2019 оны №186 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 62-68/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-8/, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч В.Ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч В.И нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Н-ийн эрүүл мэндэд зүүн зулай, чамархай ясны шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, баруун талын бөмбөлгийн гадна капсулын түвшинд тархины эдэд цусан хураа, зулайн эр дээд хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, нугасны суваг дайрсан хугарал, мултрал, баруун дал ясны хугарал, цээжний зүүн талын 7, 8, 9, 10 дугаар хавирганы хугарал бүхий хүнд хохирол учирсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээ, сувилгааны зардалд 4,044,259 төгрөг нэхэмжилснээс /хх-ийн 101-126/ шүүгдэгч 850,000 төгрөгийг төлсөн /хх-ийн 96-98, шүүхэд шинээр гаргаж өгсөн баримт/, шүүхийн шатанд Номин даатгалаас 3,394,259 төгрөгийг /шүүхэд шинээр гаргаж өгсөн баримтаар  тогтоогдоно/ тус тус төлж барагдуулсан байна. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 4,044,259 төгрөгийг 4,244,259 төгрөгөөр буюу 200,000 төгрөгийг нэмж /850,000+3,394,259 = 4,244,259/ төлөн барагдуулсан байна гэж шүүх үзнэ.

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас хохирогчийн биед учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал, өвчтөний автомат цахилгаан орны түрээсийн төлбөр, хохирогч Н.Наранг асарч, ажлаас чөлөө авсан Нарангийн Нямхишигийн цалин гэж нийтдээ 4,272,760 төгрөгийн 22 хуудас баримтыг шинээр гаргаж ирүүлжээ. Шүүх уг баримтуудаас хохирогч Н.Нарангийн эмчилгээ хийлгэсэн баримтаар 1,450,110 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, өвчтөний автомат цахилгаан орны түрээсийн төлбөр, Нарангийн Нямхишигийн ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилснийг хангах боломжгүй, энэ талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв. Учир нь автомат цахилгаан орны түрээсийн төлбөр, Н.Н-ийн ажилгүй байсан хугацааны цалингийн талаарх баримтууд дутуу /Н.Н-ийн нийгмийн болон бусад даатгал төлсөн эсэх, автомат цахилгаан орыг хэзээнээс хэзээ хүртэл хэний ямар шийдвэр, зөвшөөрлөөр түрээслэсэн, өвчтөн Н.Н тухайн орыг хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй/ байх тул энэ талаарх баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь 4,244,259 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд баримтаар 4,044,259 төгрөгийн баримт авагдсан, шүүгдэгч нь 200,000 төгрөгийг баримтгүйгээр төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор гаргуулахаар шийдвэрлэсэн 1,450,110 төгрөгөөс хасаж, 1,250,110 төгрөгийг /1,450,110-200,000=1,250,110/ шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч В.И нь нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нэхэмжилсэн хэмжээнд төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

 

Шүүх дээр дурдсан нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 6 сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.И-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж, хэрэгт хураагдаж ирүүлсэн В.И-ы №114475 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхийн газарт хүргүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн 0000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч В.И нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт В-ын И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч В.И-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.И-д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар В.И-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хассан ялыг хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.И-аас 1,250,110 /нэг сая хоёр зуун тавин мянга нэг зуун арав/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н-т  олгож, хохирогч Д.Н, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Н нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 1903006460284 дугаартай хэрэгт хураагдаж ирсэн В-ын И-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №114475 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газарт хүргүүлсүгэй.

 

7. Эрүүгийн 0000000 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч В.И-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.И-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                       Д.АЛТАНЖИГҮҮР