Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 1077

 

 

 

 

 

 

 

2019           10            24                                           2019/ДШМ/1077

 

В.Ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч                     С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Ундраххэрлэн,

шүүгдэгч В.Иы өмгөөлөгч С.Сүхболд,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 583 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч В.И, түүний өмгөөлөгч С.Сүхболд нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн В.Ид холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж овгийн Вын И, 1980 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

В.И нь 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 15 цаг 10 минутын үед Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Наадамчдын гудамж, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн урд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Д.Нг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн дүүргийн прокурорын газраас: В.Иы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж овогт Вын Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч В.Ид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Ид оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар В.Ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассан ялыг хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Иаас 1.250.110 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нямтунгалагт олгож, хохирогч Д.Н, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Нямтунгалаг нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн ... дугаартай хэрэгт хураагдаж ирсэн Вын Иы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №114475 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газарт хүргүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч В.Ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч В.И давж заалдах гомдолдоо: “...Миний бие өөрийн эх болох Тогтохбаяр болон эмэг эх Цэгмэд нарын хамт амьдардаг. Миний эмэг эх Цэгмэд нь 2015 оноос хойш миний эх Тогтохбаяр болон бид хоёрын асрамжид хэвтэрт байдаг. Миний эх Тогтохбаяр нь 65 настай бөгөөд би 68-44УНЭ улсын дугаартай “Хьюндай Верна” загварын тээврийн хэрэгслээр таксинд явж гэр бүлээ тэжээдэг байсан. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 1.250.110 төгрөгийг надаас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу миний бие 1.250.110 төгрөгийг бүрэн төлж барагдуулж хохирол гомдолгүй болгосон. Иймд миний ар гэрийн байдал болон хохирол төлбөрийг бүрэн барагдуулсныг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг харгалзан үзэж өөрт оноосон 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг минь тэнсэж, хянан харгалзаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сүхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч В.И нь мөрдөн шалгах болон шүүхэд хэрэг хянан хэлэлцэх явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчоос нэхэмжилж байсан эмчилгээний зардал, хохирол болох 4.244.259 төгрөгийг нэхэмжилсэн шаардлагын хэмжээнд төлж барагдуулсан мөн шүүхийн шийдвэр гарснаас хойш шийтгэх тогтоолд заагдсан 1.250.110 төгрөгийг бүрэн барагдуулж дуусгасан байна. Мөн хохирогч талд шүүхээс тогтоосон хохирлын мөнгийг төлөхөөр очих үед хохирогч Д.Н маш хүнд хэвтрийн нөхцөлд байгаа цаашид удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай гэж шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэхийг эсэргүүцсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Анхан шатны шүүх шүүгдэгч В.Иыг анх удаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа шууд үзүүлсэн, учруулсан хохирлыг нэхэмжилсэн хэмжээнд төлж барагдуулсан, гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг дурдсан хэдий ч түүний гэм буруугаа хүлээсэн, учруулсан гэм хор, хохирлоо цаашид барагдуулах хүсэлтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзаагүй, хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломж бүхий хуулийн заалтыг хэрэглээгүй байна. В.И болон түүний ар гэр шүүхэд нэмж тогтоосон төлбөрийг шуурхай барагдуулсан нь шүүгдэгч хохирогчид учирсан хохирлыг цаашид барагдуулах чин эрмэлзэлтэйг нотолж байна. Шүүгдэгчид хорих ял шийтгэсэн нь түүнийг цаашид ажил хөдөлмөр эрхэлж орлоготой болж хохирогчид учруулсан хохирлыг барагдуулахад хүндрэл учруулж болох юм. Иймд В.Ид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Э.Ундраххэрлэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Хохирлыг хэрэгт авагдсан баримт, шүүхийн шатанд авагдсан баримтыг үндэслэж зөв тогтоосон. Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ял нь түүний хувийн байдал, хор уршигт тохирсон гэж үзэж байна. Тэнсэх асуудал бол шүүхийн эрх хэмжээний асуудал гэж дүгнэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ, хэрэг бүртгэлт, мөрдөн  байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч В.Ид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Анхан шатны шүүхэд ирсэн хэргийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон хэрэг хуваарилах журмын дагуу хуваарилна” гэж, мөн зүйлийн 6 дахь хэсэгт “Энэ зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу томилно” гэж тус тус заажээ.

Гэтэл В.Ид холбогдох хэргийг Тээврийн прокурорын газраас 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн ба хэргийг шүүгчид хэрхэн хуваарилсан талаар хавтас хэрэгт баримт байхгүй байхад шүүгч Д.Алтанжигүүр хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдоно.

Энэ талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д: “Шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” үндэслэлд хамааруулан хуульчилжээ.

Иймд шүүгдэгч В.И, түүний өмгөөлөгч С.Сүхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг шийдвэрлэхгүй орхиж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 583 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч В.Ид холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл В.Ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ