Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 565

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж, шүүгч шүүгч Д.Алтанжигүүр, шүүгч Н.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,

иргэдийн төлөөлөгч Д.Энхцэцэг,

улсын яллагч Ц.Отгонсүрэн,

хохирогч Н.Ч,

шүүгдэгч, хохирогч Ш.А, түүний өмгөөлөгч Г.Батбаяр,

шүүгдэгч, хохирогч М.М, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн,

шинжээч эмч Ж.Г,

гэрч Г.О, Ч.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Ш.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар:

 Б овогт М-н М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 18100015010381 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, … оны … дугаар сарын …-ний өдөр … аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл .., эхнэр хүүхдийн хамт … дүүрэг оршин суух, улсаас авсан гавъяа шагнапгүй, ял шийтгэл:

Дундговь аймгийн гуравдугаар хэсгийн шүүхийн … оны .. дугаар сарын …-ний өдрийн .. дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 169 в хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

Эрдэнэт дэх давж заалдах шатны шүүхийн … оны … дугаар сарын …-ний өдрийн … дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хорих ялаар,

Дундговь аймгийн сум дундын шүүхийн … оны .. дүгээр сарын ..-ний өдрийн 154 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 6 cap хорих ялаар,

Дундговь аймгийн сум дундын шүүхийн … оны … дүгээр сарын …-ний едрийн 123 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 98 дугаар зүйлийн 98.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 cap хорих ялаар,

Дундговь аймгийн сум дундын шүүхийн … оны … дугаар сарын …-ны өдрийн 54 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар …cap баривчлах ялаар,

Дундговь аймгийн сум дундын шүүхийн .. оны … дүгээр сарын …-ний өдрийн … дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 cap баривчлах ялаар,

Дундговь аймгийн сум дундын шүүхийн … оны … дугаар сарын …-ны өдрийн 40 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, Б овогт Ш-н А,

2. Монгол Улсын иргэн, … оны … дугаар сарын ..-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй ам бүл 1, Хан-уул дүүргийн лам, Баянгол дүүрэг тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Б овогт М-н М,

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Ш.А нь согтуугаар …. оны … дугаар сарын ..-ны өдөр … дүүргийн хашаанд М.М цээж болон гарыг нь хутгалж, эрүүл мэндэд нь “цээжний баруун талд өвчүүний ойролцоох шугамаар 3,4-р хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий хуралдалт, цус хуралдалт, хоёр сарвуунд шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Яллагдагч М.М нь согтуугаар … оны … дугаар сарын …-ны өдөр … дүүргийн тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, төрсөн эцэг Н.Чы толгой руу өшиглөж эрүүл мэндэд нь “тархины хатуу бүрхүүлийн доорхи цусан хураа бүхий” хүнд хохирол санаатай учруулсан,

Мөн М М нь согтуугаар 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр … дүүргийн караокед хохирогч Ш.Атой маргалдан, зодож эрүүл мэндэд нь “зүүн 7-р хавирганы зөрүүгүй, далд хугарал. Духны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстын цус хуралт, зүүн хацрын гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч, хохирогч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... оны …дугаар сарын ....-ны өдөр манайд … хорооллын нилээн хэдэн хүмүүс ирсэн. Тэр нь шинийн 3-н таарч байсан юм. Уулзварт байдаг найзын маань хүүхэд сэвлэгээ үргээж байсан ба тэднийхээр орчихоод манай ирж найзуудтайгаа хөзөр тоглож байсан юм. Тэд нар ганц нэг пиво тойруулж ууцгааж байхад сүүлд А ах, О ах хоёр манайд орж ирсэн. Тэгээд бид нар тоглож байгаад бүг дээрээ үргэлжлүүлээд караокэ орж дуулцгаая гээд явцгаасан. Би караокэд дуулах гээд байж байтал О ах түрүүлээд тасраад буйдан дээр унтчихсан. Гэтэл нэг харахад О ахыг А ах шалан дээгүүр чирж гулдчаад байхаар нь согтуу нэгийгээ зодож байгаа юм байна гэж буруу ойлгоод А ахыг 2-3 удаа цохисон асуудал байгаа. Бурууг ойлголт авснаа найз нөхдөөсөө мэдсэн. Аваад явах гэж байхад нь ахыгаа зодлоо гэдгийг тэнд байсан хүмүүс надад хэлсэн. Настай нутгийнхаа ах хүүгээс уучлалт гуйхгүй бол болохгүй юм байна гээд гэрт нь очоод хашааг нь давах гэж байхад Ц ах маань намайг хатгасан үйлдэл гаргасан байгаа. Үүн дээр бид хоёр тохиролцсон болохоор одоо хэн хэндээ гомдол санал байхгүй...” гэв.

Шүүгдэгч, хохирогч Ш.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би …. оны 06 дугаар сарын 17-ны өдөр Нисэхийн уулзвараас таксинд явж байгаад хороо руу дөхөж ирэхэд хамт явсан хүмүүс Мы гэрт очъё гэсэн. Ингээд Мы гэрт очоод 2-3 пиво, 2 шил 75 граммын Соёрхол архи уусан.Тэгээд уугаад караокейнд орсон. Тэндээ байж байгаад Ог авч явах гэтэл М хажуугаас ирээд намайг 2-3 удаа цохиод авсан. Тэгээд л би яваад өгсөн. Ингээд гэртээ ирээд хоол идээд байж байтал хаалга нүдээд, хашаа балбаад байсан. Гэтэл  М хашаа давж орж ирээд намайг цохиод авсан. Миний уруул руу цохисон юм шиг байгаа юм. Тэгээд би Мы цээж, гар руу нь хутгалсан асуудал болсон юм шиг байгаа юм. Нэг мэдэхэд манай авгай манай дүүг дуудсан юм шиг байна лээ. Манай дүү ирээд намайг Толгойт аваад явсан. Тэгээд ээжийндээ  очиж цус нөжөө угаачихаад байж байхад маргааш нь байцаагч дуудсан. Тэгээд би байцаагчдаа үнэн болсон бүгдийг л хэлсэн. Ерөнхийдөө тийм л юм болсон. Үнэндээ надад тэгсэн ингэсэн гээд Мд гомдол санал байхгүй, өс санасан зүйлгүй. Хоол идэж байхад учир зүггүй хаалга балбаад “ална” гээд л байх шиг байсан. Би хутгыг өмнө толгой шийр хуйхалж байсан тэрийг л аваад хутгалчихсан юм болов уу л гээд бодоод байгаа. Ийм л юм болсон юм. Одоо надад  гомдол санал юу ч байхгүй, миний уруул руу цохьсон гэдэгт өс санасан, муу санасан зүйл огт байхгүй. Надад хөнгөн гэмтэл учирсан боловч гомдол санал байхгүй. Жаахан цохиж нүдээ л биз. Надад үүн дээр өс санах, гомдол санал байхгүй. Миний уруул руу цохиод хавирга руу цохьсон байсан. Энэ талаар огт гомдол санал гаргахгүй... гэв.

Хохирогч Н.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр би гэртээ байж байтал гэрч гээд байгаа П хөдөө явчихаад ирлээ чи манайд хүрээд ир гэсэн. Би өмнө Өмнөговийн Гурван тэсийн уурхайд галчаар ажиллаж байсан. 2 жил гаран ажилласан ба одоогоор ажилгүй байна. Би 15 хоног амраад 15 хоног ажилдаа явдаг байсан. 15 хоногийн амралтаа аваад гэртээ ирээд байж байхад П хүрээд ир. Цагаан сараар хөдөө явчихаад ирлээ хүрээд ир гэхээд байхаар нь би гэрт нь яваад очсон. Намайг очиход бууз жигнэж өгөөд  надад нэг шил архи гаргаж өгснийг бид хувааж уучихаад байж байтал П манай хүргэнийд оръё гэсэн. Тэгээд би хүргэнийд нь ортол гаднаас нилээн хүмүүс байсан. Тэнд нэг шил архи байсан ба тэрийг нь угаагүй сууж байсан чинь М гаднаас орж ирсэн. Надад золгож байгаа гээд нэг шил архи өгсөн. Тэрийг нь би санаанд оролгүй нөгөө хүмүүст гаргаад өгчихсөн. Би өвөртлөөд гараад явчихдагүй хамт байгаа хүндээ л өгчихдөг амьтан байгаа юм. Тэгээд оройхон болсон намайг М намайг Пгийнд хүргэж өгсөн. Тэгээд шөнө унтаж байсан цагийг нь сайн мэдэхгүй байна. Унтаж байтал хөнжил хуулаад авсан. Тэгэхээр нь ямар юм ороод ирдэг юм болоо гэтэл  М зогсож байсан. Тэгээд М толгой руу цохиод байсан. Тэгээд яах гэж байгаа юм гэтэл чамайг Төв аймагт төрхөмд чинь аваачиж хаяна гэж хэлсэн. Намайг Пгийнхаас нүцгэн аваад явсан. Би одоо түрүүнийхээ мэдүүлэгт үнэн ярьж байна. Намайг өмсөх хувцасгүй нэг ноосон өмд, дээгүүрээ нэг цамцтай, оймостой, гутал ч өмсөөгүй аваад явсан. Тэгээд намайг ахындаа аваачиж хаясан. Намайг нэг өшиглөсөн. Тэгээд би орных нь өмнө унаад унтаад өгсөн. Тэгээд маргааш нь хүүгийндээ л байж байсан. Гадагшаа гарах хувцас байхгүй байсан. Би өглөө босоод хүүгээсээ хувцас өмсье аав нь гэж байж би хувцсаа өмссөн. Тэгээд намайг гэртээ 2-3 хоног хонуулаад тэгээд би гэртээ ирээд уурхайн ажилд буцах болоод буцаад явчихсан. Ингээд ажил дээрээ очоод 3 дугаар сарын 5-6 нд ажил дээрээ ухаан алдаж унасан. Тэгээд намайг ухаан алдаж унахад ажлын газрынхан нэг эмч, хүний нөөц хоёр эмнэлэгт хүргэж өгсөн байсан. Би тэрийг мэдээгүй. Тэгээд нэг мэдсэн гэмтлийн эмнэлэгт байсан. М миний хохирлыг төлсөн. Хохирлын хувьд надад 1.400.012 төгрөг өгсөн...” гэв.

Гэрч Ч.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Чтай 1987 онд гэр бүл болоод 1991 оны үед гэрлэлтээ цуцлуулсан. Тухайн үед М өлгийтэй байсан. Түүнээс хойш холбоогүй байж байгаад 2012 онд Мыг гэр барихад нь Чыг дуудаад миний эрүүл мэнд муу болсон, чи гэр барихад нь ирээрэй гэж хэлээд М, Ч нарыг танилцуулж байсан. М, Ч нар нь хамт амьдарч байгаагүй гэв.

Гэрч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг гаргахгүй гэв.

Хохирогч М.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... Бид нар араас нь уучлалт гуйх гээд гэрт нь явж очиход хаалгаа тайлахгүй байхаар нь хаалгыг нь онгойлгох гээд хашааг нь давуулж гараа оруулахад хашааны цаанаас хутгаар гар руу зүссэн. Тэгэхээр нь би хашаанаас нь гараа аваад хаалгыг нь хөлөөрөө өшиглөж ороод хутгыг нь авах гээд оролдоход миний цээж болон долоовор хуруу, баруун гарын чигчий хуруу руу хутгалсан. Тэгээд би болиулах гэж хутгатай гаран дээр нь дарж байхад хутгыг нь аваарай гэж орилоход тэнд хажууд нь байсан эхнэр Оюун нь ирж авсан...”, “...би нилээн согтуу байсан болохоор ухаан орж гараад байна. Надад үзүүлсэн зурган дунд намайг хутгалсан хутга байгаагүй, намайг А ах ясан иштэй юм шиг шаргал өнгийн иштэй ойролцоогоор нэг төө орчим ажлын хэсэгтэй том хутга байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-н 24-25, 29-р тал/,

Хохирогч Ш.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би караокед хамт байсан О тасарчихаар нь би гэрт нь хүргэж өгөх гээд явъя гэж хэлээд байж байхад М намайг ирж цохих шиг болсон, тухайн үед хэдэн удаа би цохиулснаа санахгүй байна. Би нилээн согтуу байсан, ... би Мтай Ог гэр рүү нь хүргэж өгнө гэснээс болж маргалдсан. Миний санаж байгаагаар нүүрний зүүн хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохих шиг болсон, миний зүүн шанаа хавдсан. Уруулын зүүн дээд хэсэгт язарсан, цээжний зүүн дээд хэсэгт хөндүүртэй байсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Надад дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Миний биед учирсан гэмтлүүдийг бүгдийг М учруулсан. Би өөр хүнтэй муудалцсан асуудал байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-н 34-35,37-р тал/,

Хохирогч Н.Ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...М ганцаараа согтуу орж ирээд миний унтаж байсан хөнжлийг сөхөөд намайг орон дээрээс татаж унагаагаад миний толгойны баруун хойд хэсгийн дагз руу хөлөөрөө нэг удаа өшиглөөд намайг хувцаснаас чирээд амбаараас намайг урдаа тэвэрч гараад машины хойд суудал дээр суулгасан. Тэгээд М машинаа бариад хөдлөхөөр нь би түүнээс “хаашаа явж байгаа юм” гэж асуухад “чамайг хүү дээр чинь аваачиж хаянаа” гээд Төв аймагт байдаг манай том хүү М-Оын гэрт аваачсан. Тэгээд би М-Оын гэрт орох үед М-О эхнэртэйгээ хамт унтаж байсан ба би гэрийнх нь гол хэсэгт өвдгөө нугалаад сууж байтал М дахиад миний дагз хэсэгт хөлөөрөө өшиглөсөн ба ах нь түүнийг боль гэтэл гараад яваад өгсөн юм. ...Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ажлаа хийж байгаад ухаан алдсан юм шиг байгаа юм, нэг ухаан ортол хотод ирчихсэн гэмтлийн эмнэлэгт хагалгаа хийлгэсэн байсан. М анх Пгийн гэрт ирж намайг зодохдоо “миний өгсөн архийг өөр хүнд өглөө” гэж уурлаж байсан болохоор намайг түүнээс болоод л зодсон байх, ...дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүдийг М надад учруулсан. “ ... 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр М манай гэрт ирээд надаас уучлалт гуйхгүй хэрнээ “таныг цагдаад өгсөн өргөдлөө буцааж авах юм бол би таныг цаашид асран хамгаална, би одоо шоронд явах гээд байна өргөдлөө буцаагаад авчих” гээд гуйхаар нь би “одоо тархи толгойгоо ийм болгочихсон, намайг эмнэлэгт  байхад асарч хамгаалах чинь яасан юм би өргөдлөө авахгүй” гэж хэлсэн чинь юм хэлэхгүй гараад явсан. Би гомдолтой байгаа. Гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орсон 294.400 төгрөг, ор хоногийн 76.194 төгрөг, эм авсан 42.000 төгрөг нийт 412.294 төгрөгийг нэхэмжилж байна. Намайг ажлаас халсан болохоор би 1.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэжээ /хх-н 230-233, 237-р тал /

Гэрч Б.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... Бид нарыг караокед байхад М А ахыг цохьсоны дараа А ах түрүүлээд гэр рүүгээ явсан. ...М буугаад А ахын хашааны хаалгыг тогшсон ба А ахын эхнэр нь гарч ирээд “та нар яах гээд байгаа юм бэ яв” гэж хэлсэн. ... Би Мыг хашаанаас аваад гарахад гар болон цээжнээс нь цус гараад зүсэгдсэн байсан; мөн М өөрөө “намайг хутгалчихлаа” гэхээр нь би А ахыг хутгатай байсан эсэхийг мэдээгүй боловч А ах хутгалсан байна гэж ойлгосон...” гэжээ./хх-н 42-43-р тал/

Гэрч П.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...М “А ахын гэрт очиж нэг юм ууя” гэхээр нь бид нар ер нь дэмжээгүй ба А ахын гэрийн үүдээр өнгөрөөд явтал М “машинаа зогсоо, А ахын гэрийн үүдэнд ухраад оч” гэж хэлээд гэрийнх нь үүдэнд очсон. Тэгээд М машинаас буугаад “Цог ахаа” гээд орилтол А ахын эхнэр нь гарч ирээд “А унтаж байна, яах гээд байгаа юм бэ” гэж хэлтэл цаанаас А ах гараад ирсэн ба эхнэр нь “А хутга барьсан байна” гэж байсан. ... М А ахаас огт уучлалт гуйгаагүй. Анхнаасаа ч уулчлалт гуйхаар очоогүй зүгээр нэг юм хамт ууна гэж ярьж очсон...” гэжээ. /хх-н 47-49-р тал/,

Гэрч Г.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Манай нөхөр гаднаас согтуу М намайг цохьчихлоо гэж хэлж орж ирсэн. Тэгээд байж байхад хашааны хаалга хүчтэй нүдээд байхаар нь манай нөхөр хэн бэ гэж хэлээд гарсан, гарахад манай нөхрийн дээр М бас нэг цагаан фудволктой хүн гараад суучихсан байсан. ...Би тухайн үед хутгыг нь яг ямар хутга байсныг нь санахгүй байна. Би тэр хутгыг А дахиад Мыг хутгалчихаж магадгүй гэж айгаад хашаа давуулаад шидчихсэн юм. Дараа нь Э.Б байцаагч ирж хутгыг нь хайж үзлэг хийгээд олоогүй. Би яг үнэндээ тэр хутгыг ямар хутга байсныг нь сандарсандаа харж чадалгүй хашаа давуулж шидсэн. Би өмнө нь яагаад тэгж хар өнгийн иштэй хутга байсан гэж хэлснээ мэдэхгүй байна. Манай гэрээс дутсан хутга байхгүй. А хаанаас хутга авсан талаар мэдэхгүй байна...” гэжээ. /хх-51-54-р тал/,

Гэрч Г.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “ ...Хүнд хэлэхэд ичмээр юм аа. Амарч гэртээ очоод найзындаа шинэлээд явж байсан. Тэгэхэд хүү нь шил архитай очиж аавтайгаа золгосон. Тэгээд хүү нь согтуу гэрээс гарч явж эргэж ирээд чи миний өгсөн архийг өөр хүнд өгдөг хэн юм бэ гээд Н.Чыг унтаж байхад нь толгой руу нь өшиглөсөн гэж надад ярьсан. Тэгээд Н.Чыг эмчид үзүүлсэн ажлыг нь хийлгэхээ болиод амраасан. ... ер нь бол ажлаа сайн хийдэг эргэн тойрны хүмүүс нь их хүндэлж харьцдаг, илүү дутуу зан байхгүй нийтэч хүн байдаг. Чамархай хэсэгт нь ил харагдахаар шарх байсан ба хэмжээ нь жижигхэн хурууны өндгөөр дарчихсан мэт харагдаж байсан ба тав тогтсон байсан...” гэжээ. /хх-204-205-р тал/,

Гэрч Ш.П мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Хүн гүйгээд ороод ирэхээр нь гэрлээ асаатал М байсан ба учир зүггүй Чы хөнжлийг сөхөөд толгойд нь хоёр удаа гараараа цохиод орноос чирч унагаагаад өргөөд аваад гарсан. Тэгээд Ч дээгүүрээ цамц, доогуураа дотуур өмдтэй байсан болохоор би 20-30 минутын дараа Чы хувцасыг аваад Д гэрт очтол М сууж байхаар нь “чи аавыгаа яачихваа ” гэж асуутал “төрхөмд нь буцаачихсан” гэхээр нь би хариад унтсан юм...” гэжээ. /хх-н 239-р тал/

Гэрч М.М-О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Гэрт төрсөн дүү М төрсөн аав Чыг дагуулж орж ирсэн байсан ба хоорондоо хэрэлдчихсэн, аав миний орны урд буюу гэрийн баруун хэсгийн газарт өвдөглөөд суучихсан байсан. М “наад пиздагаа унтуул би айлд агсам тавиад байхаар нь алгадаж унагаагаад машинд хийгээд аваад ирлээ гэж хэлээд яваад өгсөн. ...толгой дүүрээд өвдөөд байна гээд босч чадахгүй хэвтээд байсан...” гэжээ. /хх-н 241-р тал/,

Гэрч Г.Г-Ө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тэр хоёр хоорондоо маргалдаад М аавыгаа “ бид нарыг бага байхад хаяж явсан” гээд уурлаад хадам аав Чыг нөхөр М-О унтаж байсан гэрийн баруун талын орны урд газарт өвдгөөрөө сөхрөөд сууж байхад нь толгойны ар дагз хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөчихөөд загнаад уурлаж байхад нь манай нөхөр сэрээд дүүгээ яв гээд явуулсан юм...” гэжээ, /хх-245-246-р тал/

Шинжээч эмч Г.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “ ...М.М нь тухайн үед буюу 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр эмнэлгийн байгууллагад хандаж оношлогоо хийлгээгүйн улмаас зовиур шаналгаа илэрч эмнэлгийн байгууллагад хандаж илэрсэн байна. Цээжний хөндийд нэвтэрсэн хэсэг нь тогтоогдоогүй учир 7717 дугаартай дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэлтэй гэж гарсан байна. Харин 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ГССҮТөвд хандан цээжний хөндийд нэвтэрсэн шарх тогтоогдон цээжний хөндийгөөс цус, хий соруулах ажилбар болон бусад эмчилгээг хийлгэн 6 хоног эмчлэгдээд биеийн байдал сайжирч змнэлгээс гарсан тул № 930 дугаартай дүгнэлтээр гэмтлийн зэргийг тогтоох журмын 3.1.11-т зааснаар хүнд зэрэгт хамаарна. Дээрх цээжний хүнд гэмтлийг авсан хүн эмнэлгийн тусламж авахгүйгээр эдгэрэх биеийн байдал сайжрах боломжгүй. Зайлшгүй хий шингэн соруулах шаардлагатай...” гэжээ. /хх-н 101-102-р тал/,

Шинжээч эмч Ж.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “ ...Биед нь учирсан гэмтлийн эдгэрэлтээс шалтгаална. Аль альнаас нь үүсэх боломжтой. Тус гэмтлийг авсан хүн тархи дарагдах хүртэл хэд ч хоног еөрийгөө удирдан жолоодох боломжтой. Энэ хугацаанд янз бүр байж болно. Энэ гэмтлийг авсан хүнд толгой өвдөх, дотор муухайрах зовиур үүснэ...” гэжээ. /2-р хх-н 9-10-р тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 930 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...М.Мы биед цээжний баруун талд өвчүүний ойролцоох шугамаас 3,4-р хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий хуралдалт /600мл/, цус хуралдалт, хоёр сарвуунд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Урьд гарсан №7717 тоот дүгнэлт тухайн үедээ үндэспэлтэй байна. М.М нь 2018.06.18-ны өдөр шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргах хүртэлх хугацаанд дээрх гэмтэл оношлогдоогүй байжээ...” гэжээ. /хх-н 96-97-р тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 7775 тоот шинжээчийн дүгнэлтэд: “…Ш.Аийн биед зүүн 7-р хавирганы зөрүүгүй далд хугарал, духны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстын цус хуралт, зүүн хацрын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-н 85-р  тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3711 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Н.Чы биед тархины хатуу бүрхүүлийн доорхи цусан хураа, цусан хурааг авсан мэс заслын дараах байдал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /2-р хх-н 6-р тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-115,136/, ял шалгах хуудас / хх-117,140/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.М нь согтуугаар 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн  тоотод төрсөн эцэг Н.Чы толгой руу өшиглөж эрүүл мэндэд нь “тархины хатуу бүрхүүлийн доорхи цусан хураа бүхий” хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаж, Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөхөөр шийдвэрлэв. Учир нь:

Шүүгдэгч М.М нь хохирогч Н.Чы төрсөн хүү мөн боловч хамтын амьдрал үгүй байсан, бага насандаа эцгээсээ салж, эх Ч.М-ийн асрамжинд өсөж хүмүүмжсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ч.Мийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг эх, ах, эгч, дүү …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилж, тайлбарлажээ. Шүүгдэгч М.М, хохирогч Н.Ч нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд мөн боловч хуульд заасны дагуу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хавтас хэрэгт авгдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд оролцсон хохирогч Н.Ч, гэрч Ч.М, шүүгдэгч М.М нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.М нь өөрийн төрсөн эцэг Н.Чыг байнга зодож, харгис хэрцгий хандах, догшин авирласан, тарчлаасан, сэтгэл санаанд нь дарамт учруулсан, бие махбодид байнга халдсан үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул прокуророос шүүгдэгч М.Мыг гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эцгийгээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч М.Мыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн мэдүүлгээр, түүний биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-14-20/, хохирогч Н.Чы “...М ганцаараа согтуу орж ирээд миний унтаж байсан хөнжлийг сөхөөд намайг орон дээрээс татаж унагаагаад миний толгойны баруун хойд хэсгийн дагз руу хөлөөрөө нэг удаа өшиглөөд намайг хувцаснаас чирээд амбаараас урдаа тэвэрч гараад машины хойд суудал дээр суулгасан. Тэгээд М “чамайг хүү дээр чинь аваачиж хаянаа” гээд Төв аймагт байдаг манай том хүү М-Оын гэрт аваачсан. Тэгээд М дахиад миний дагз хэсэгт хөлөөрөө өшиглөсөн. ...Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ажлаа хийж байгаад ухаан алдсан юм, нэг ухаан ортол хотод ирчихсэн гэмтлийн эмнэлэгт хагалгаа хийлгэсэн. М намайг зодохдоо “миний өгсөн архийг өөр хүнд өглөө” гэж уурлаж байсан. ...Дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүдийг М надад учруулсан. “...2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр М манай гэрт ирээд надаас уучлалт гуйхгүй хэрнээ “таныг цагдаад өгсөн өргөдлөө буцааж авах юм бол би таныг цаашид асран хамгаална, би одоо шоронд явах гээд байна өргөдлөө буцаагаад авчих” гээд гуйхаар нь би “одоо тархи толгойгоо ийм болгочихсон, намайг эмнэлэгт байхад асарч хамгаалах чинь яасан юм би өргөдлөө авахгүй” гэж хэлсэн чинь юм хэлэхгүй гараад явсан. Би гомдолтой байгаа. Гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орсон 294.400 төгрөг, ор хоногийн 76.194 төгрөг, эм авсан 42.000 төгрөг нийт 412.294 төгрөгийг нэхэмжилж байна. Намайг ажлаас халсан болохоор би 1.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлгээр, гэрч Г.С “...Тэгэхэд хүү нь шил архитай очиж аавтайгаа золгосон. Тэгээд хүү нь согтуу гэрээс гарч явж эргэж ирээд чи миний өгсөн архийг өөр хүнд өгдөг хэн юм бэ гээд Н.Чыг унтаж байхад нь толгой руу нь өшиглөсөн гэж надад ярьсан. Чамархай хэсэгт нь ил харагдахаар шарх байсан ба хэмжээ нь жижигхэн хурууны өндгөөр дарчихсан мэт харагдаж байсан ба тав тогтсон байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ш.Пгийн “...Хүн гүйгээд ороод ирэхээр нь гэрлээ асаатал М байсан ба учир зүггүй Чы хөнжлийг сөхөөд толгойд нь хоёр удаа гараараа цохиод орноос чирч унагаагаад өргөөд аваад гарсан. Тэгээд Ч дээгүүрээ цамц, доогуураа дотуур өмдтэй байсан болохоор би 20-30 минутын дараа Чы хувцасыг аваад Д гэрт очтол М сууж байхаар нь “чи аавыгаа яачихваа ” гэж асуутал “төрхөмд нь буцаачихсан” гэхээр нь би хариад унтсан юм...” гэх мэдүүлэг, гэрч М.М-Оын “...Гэрт төрсөн дүү М төрсөн аав Чыг дагуулж орж ирсэн байсан ба хоорондоо хэрэлдчихсэн, аав миний орны урд буюу гэрийн баруун хэсгийн газарт өвдөглөөд суучихсан байсан. М “наад пиздагаа унтуул би айлд агсам тавиад байхаар нь алгадаж унагаагаад машинд хийгээд аваад ирлээ гэж хэлээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Г-Ө “...Тэр хоёр хоорондоо маргалдаад М аавыгаа “ бид нарыг бага байхад хаяж явсан” гээд уурлаад хадам аав Чыг нөхөр М-Оын унтаж байсан гэрийн баруун талын орны урд газарт өвдгөөрөө сөхрөөд сууж байхад нь толгойны ар дагз хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөчихөөд загнаад уурлаж байхад нь манай нөхөр сэрээд дүүгээ яв гээд явуулсан юм...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3711 тоот шинжээчийн дүгнэлт,шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр М.Мыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тоцоож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш.А нь согтуугаар 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Шинэ тосгоны 5-92 тоот хашаанд М.Мы цээж болон гарыг нь хутгалж эрүүл мэндэд нь “цээжний баруун талд өвчүүний ойролцоох шугамаар 3,4-р хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий хуралдалт, цус хуралдалт, хоёр сарвуунд шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч М.М нь согтуугаар 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн караокед хохирогч Ш.Атой маргалдан, зодож эрүүл мэндэд нь “зүүн 7-р хавирганы зөрүүгүй, далд хугарал. Духны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстын цус хуралт, зүүн хацрын гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Мы “... Бид нар араас нь уучлалт гуйх гээд гэрт нь явж очиход хаалгаа тайлахгүй байхаар нь хаалгыг нь онгойлгох гээд хашааг нь давуулж гараа оруулахад хашааны цаанаас хутгаар гар руу зүссэн. Тэгэхээр нь би хашаанаас нь гараа аваад хаалгыг нь хөлөөрөө өшиглөж ороод хутгыг нь авах гээд оролдоход миний цээж болон  долоовор хуруу, баруун гарын чигчий хуруу руу хутгалсан. Тэгээд би болиулах гэж хутгатай гаран дээр нь дарж байхад хутгыг нь аваарай гэж орилоход тэнд хажууд нь байсан эхнэр О нь ирж авсан...” гэх мэдүүлгээр,  хохирогч Ш.Аийн “...Би караокед хамт байсан О тасарчихаар нь би гэрт нь хүргэж өгөх гээд явъя гэж хэлээд байж байхад М намайг ирж цохих шиг болсон, тухайн үед хэдэн удаа би цохиулснаа санахгүй байна. Би нилээн согтуу байсан, Миний санаж байгаагаар нүүрний зүүн хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохих шиг болсон, миний зүүн шанаа хавдсан. Уруулын зүүн дээд хэсэгт язарсан, цээжний зүүн дээд хэсэгт хөндүүртэй байсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Миний биед учирсан гэмтлүүдийг М учруулсан...” гэх мэдүүлгээр, гэрч Б.У “...Бид нарыг караокед байхад М А ахыг цохьсоны дараа А ах түрүүлээд гэр рүүгээ явсан. Мыг хашаанаас аваад гарахад гар болон цээжнээс нь цус гараад зүсэгдсэн байсан; мөн М өөрөө “намайг хутгалчихлаа” гэхээр нь А ах хутгалсан байна гэж ойлгосон...” гэх мэдүүлгээр, гэрч П.Д “...М “машинаа зогсоо, А ахын гэрийн үүдэнд ухраад оч” гэж хэлээд гэрийнх нь үүдэнд очсон. А ах гараад ирсэн ба эхнэр нь “А хутга барьсан байна” гэж байсан. ... М А ахаас огт уучлалт гуйгаагүй. Анхнаасаа ч уучлалт гуйхаар очоогүй зүгээр нэг юм хамт ууна гэж ярьж очсон...” гэх мэдүүлгээр, гэрч Г.Оийн “...Манай нөхөр гаднаас согтуу М намайг цохьчихлоо гэж хэлж орж ирсэн. Тэгээд байж байхад хашааны хаалга хүчтэй нүдээд байхаар нь манай нөхөр хэн бэ гэж хэлээд гарсан, гарахад манай нөхрийн дээр М бас нэг цагаан фудволктой хүн гараад суучихсан байсан. Би тэр хутгыг А дахиад Мыг хутгалчихаж магадгүй гэж айгаад хашаа давуулаад шидчихсэн юм. А хаанаас хутга авсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлгээр, шинжээч эмч Г.Х “...М.М нь тухайн үед буюу 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр эмнэлгийн байгууллагад хандаж оношлогоо хийлгээгүйн улмаас зовиур шаналгаа илэрч эмнэлгийн байгууллагад хандаж илэрсэн байна. Цээжний хөндийд нэвтэрсэн хэсэг нь тогтоогдоогүй учир … дугаартай дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэлтэй гэж гарсан байна. Харин … оны ..дугаар сарын ...-ний өдөр ГССҮТөвд хандан цээжний хөндийд нэвтэрсэн шарх тогтоогдон цээжний хөндийгөөс цус, хий соруулах ажилбар болон бусад эмчилгээг хийлгэн 6 хоног эмчлэгдээд биеийн байдал сайжирч змнэлгээс гарсан тул № 930 дугаартай дүгнэлтээр гэмтлийн зэргийг тогтоох журмын 3.1.11-т зааснаар хүнд зэрэгт хамаарна. Дээрх цээжний хүнд гэмтлийг авсан хүн эмнэлгийн тусламж авахгүйгээр эдгэрэх биеийн байдал сайжрах боломжгүй. Зайлшгүй хий шингэн соруулах шаардлагатай...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 930, 7775 тоот шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгэлт үйлдэж ирүүлсэн Ш.Аод,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М нарт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүгдэгч нарт  хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн  хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч М.М, Ш.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч М.М гэмт хэргийн улмаас хүнд, хохирогч Ш.А хөнгөн, хохирогч Н.Ч-д хүнд хохирол тус тус учирсан ба М.М, Ш.А нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хохирогч Н.Ч эмчилгээний зардал 412.294 төгрөг, ажилгүй байсан хугацаанд 1.000.000 төгрөг тус тус нэхэмжилсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч нарыг төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт М-н М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх  заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Б овогт М-н М-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус,

Шүүгдэгч Б овогт Ш-н Аийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4- дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-ийг 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д Эрүүгийн  тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 /гурван зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногт дүйцүүлж 40 хоногийн хугацааг нэмж нэгтгэн, М.М-ы биечлэн эдлэх ялыг 4 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М, Ш.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч М.М, Ш.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тэдгээрийн эдлэх ялыг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                   

                               

 

 ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        И.ГАНБАТ

                                          ШҮҮГЧИД                                           Д.АЛТАНЖИГҮҮР

                                                                                                        Н.МӨНХБАЯР