Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 1076

 

МАГАДЛАЛ

2019 оны 10 сарын 24                                №1076                                           Улаанбаатар хот

/Төсөл/

 

Ш.А, М.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч                С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганчимэг,

шүүгдэгч, хохирогч Ш.Аийн өмгөөлөгч Г.Батбаяр,

шүүгдэгч, хохирогч М.Мы өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн, Б.Гүнбилэг,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, Н.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 565 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Д.Цэцэгчимэг, шүүгдэгч Ш.Аийн өмгөөлөгч Г.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ш.А, М.М холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Б овгийн Шийн А, 1966 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ... аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

урьд ... аймгийн гуравдугаар хэсгийн шүүхийн 1984 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 169-р зүйлийн в-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

Эрдэнэт дэх давж заалдах шатны шүүхийн 1993 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 28 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

... аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 154 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял,

... аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 98 дугаар зүйлийн 98.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

... аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,

... аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,

... аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн;

  1. Б овгийн Мийн М, 1991 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ... аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... лам, ам бүл ганцаараа, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Ш.А нь согтуугаар 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, ... тоот хашаанд М.Мы цээж болон гарыг нь хутгалж, эрүүл мэндэд нь “цээжний баруун талд өвчүүний ойролцоох шугамаар 3, 5 дүгээр хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий хуралдалт, цус хуралдалт, хоёр сарвуунд шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

М.М нь согтуугаар 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах караокед хохирогч Ш.Атой маргалдан, зодож эрүүл мэндэд нь “зүүн 7 дугаар хавирганы зөрүүгүй, далд хугарал, духны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстын цус хуралт, зүүн хацрын гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан,

мөн согтуугаар 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, ... тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, төрсөн эцэг Н.Чы толгой руу өшиглөж эрүүл мэндэд нь “тархины хатуу бүрхүүлийн доорх цусан хураа бүхий” хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ш.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, М.Мы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Мийн Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Б овогт Мийн Мыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус, шүүгдэгч Б овогт Шийн Аийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.Аийг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногт дүйцүүлж 40 хоногийн хугацааг нэмж нэгтгэн, М.Мы биечлэн эдлэх ялыг 4 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М, Ш.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад тус тус эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч М.М, Ш.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тэдгээрийн эдлэх ялыг 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.М давж заалдах гомдолдоо: “...Пашка ах эргэж  ирээд “Танай аав чинь манайд агсам тавиад сүйд болж байна” гэхэд нь би хувцсаа өмсөөд буцаж гэрт нь очоод эцэг болох Чыг алгадаж сэрээгээд өөрийн машинд суулгаад Төв аймагт байх төрсөн ахындаа хүргэж өгөөд гарахдаа толгойн тус газар нь нэг удаа өшиглөөд гарсан юм. Миний бие нь Балданчойнпэлин хийдэд их унзад лам хийдэг. Ам бүл 6 бөгөөд эхнэр, охин, төрсөн эгч, төрсөн дүү нарын хамт амьдардаг. Мөн миний ээж М нь ясны сийрэгжилт нь эцсийн шатандаа орж элэгний задрал явагдаж эхэлсэн оноштойгоор Улаанбаатар хотод удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлж байгаа. Би гэр бүлдээ ганцаараа ажил хийж, гэр бүлийнхээ амьжиргааг залгуулдаг. Мөн би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байгаа тул нөхцөл байдлыг харгалзан үзэж биеэр эдлэх ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ш.А давж заалдах гомдолдоо: “...Миний бие анхнаасаа хэргээ хүлээж, үнэн зөвөөр мэдүүлсэн. Өөрийн ухамсаргүй алдаанаас болж Мыг санамсаргүй, санаа сэтгэл уймарч болгоомжгүй байдлаас болон хутгаар хатгаж хохироосондоо маш их харамсаж байна. Хохирогч М.Мд эмчилгээний зардалд 250.000 төгрөг өгч уучлалт гуйж эвлэрсэн. М.М ямар ч санал гомдолгүй гэдгээ мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мэдүүлсэн. Мөн миний эх Рашбумба нь 83 настай даралт ихэсдэг учир ганцаараа байх боломжгүй, байнгын хүнтэй хамт байх шаардлагатай байдаг. Иймд миний бие шүүхээс оногдуулсан ялыг хурдан дуусгаж өндөр настай ээжийгээ асран хамгаалах чин хүсэлтэй байгаа тул анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөлж өгөхийг гуйж байна...” гэжээ.

Шүүгдэгч М.Мы өмгөөлөгч Д.Цэцэгчимэг нь давж заалдах гомдолдоо:           “...Хохирогч Чд учирсан хохирол нь яг Мы үйлдлээс болсон эсэх нь нотлогдоогүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Гэрч Пашка, Уламбаяр нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, цаг хугацаа, үйлдэл нь ч зөрүүтэй нь хавтас хэрэгт цугларсан баримтаас харагдаж байна. Гэрч Мөнх-Оргил, Ган-Өлзий нараас мэдүүлэг авахдаа мөрдөгч хууль зөрчиж гэр бүлийн хүний эсрэг мэдүүлэг өгөх эсэх нь хүний хүсэл зоригоос хамаарахыг сануулахгүйгээр харин ч эсрэгээрээ “хэрэг нотлогдсон байгаа та нар мэдүүлэг өг” гэж шаардаж, дарамт үзүүлсэн байх тул эдгээр гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаас хасуулж тооцуулах нь хуульд нийцнэ. Шүүх Мөнх-оргил, Ган-Өлзий нарын  мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлж шийтгэх тогтоолын үндэслэл болгосныг өөрчлүүлэх хүсэлтэй байна. Иймд өмгөөлөгчийн зүгээс давах шатны шүүхээс хэргийг дахин хянан хэлэлцэж Мд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсье. ...” гэжээ.

Шүүгдэгч Ш.Аийн өмгөөлөгч Г.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ш.А нь анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Нөгөөтэйгүүр хохирогч М.Мд хохирол төлбөрийг төлсөн ба хохирогчийн мэдүүлэг /хх 27/-ээр Ш.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлсөн. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд анхан шатны шүүхээс оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан хэргийг шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Мы өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч М.Мы хувийн байдал, хохирогч Н.Ч, Ш.А нартай эвлэрч нэхэмжилсэн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч чин сэтгэлээсээ гэмшсэн, мөн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа болох нь нотлох баримтаар тогтоогдож үүний улмаас манай үйлчлүүлэгч М.Мд оногдуулах ялыг хөнгөрүүлээд зогсохгүй, хорихоос өөр төрлийн ял хэрэглэх боломжтой нөхцөл байдал үүссэн байгааг анхаарч үзэлгүйгээр шүүх бүрэлдэхүүн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон. Ш.Ат нь тухайн үед архи дарсны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай байсан, М.М нь учир зүйгээ ололцох санаа зорилготойгоор очих үед Ш.А нь үгийн зөрүүгүй хутга аван дайрч М.Мы биед удаа дараа ноцтой байдлаар гэмтэл учруулсан. Шүүгдэгч Ш.Ат нь бодлогогүй хийгээд маш аюултай гэнэтийн үйлдэл хийсэн бөгөөд М.М уг амь насанд аюултай гэнэтийн үйлдлээс нь өөрийгөө хамгаалж, Ш.Атоос хутгыг нь авч холдуулах гэсэн аргагүй үйлдэл хийсэн байгаа нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогддог. М.Мы үйлдэлд аргагүй хамгаалалтын шинж байдал байхаас гадна Ш.Аийн илтэд буруутай үйлдэл байгаа болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. М.М нь чин санаанаасаа гэмшиж хохирогчид учирсан эрүүл мэндийн болон сэтгэл санааны хохирлыг бүрэн төлж барагдуулсан, цаашид хохирогч Н.Чыг асарч халамжилж, тэжээн тэтгэх болно гэдгээ илэрхийлсэн. Түүний гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, түүний хувийн байдал, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч чин санаанаасаа гэмшсэн байгааг харгалзан үзэж түүнийг хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах хуулийн үндэслэл бүрдсэн.

Мөн шүүхээс хорих ялыг сонгож хэрэглэвэл Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” заасан хуулийн үндэслэл шаардлагыг хангасан байгаа нь хохирогч Н.Чд нэхэмжилж буй мөнгийг үл маргах журмаар төлж барагдуулсан баримт, хохирогч Н.Чы шүүх хуралдаанд “хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан гомдолгүй” гэсэн тайлбар, мөн шүүгдэгч М.Мы үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хохирогчид учирсан хохирлыг барагдуулаад зогсохгүй цаашид хохирогчийг асран хамгаалж, харгалзан дэмжиж явахаа илэрхийлсэн байдал, мөн хувийн шинж байдлыг тодруулж хавтас хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байхад шүүх бүрэлдэхүүн энэхүү нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүйгээр оногдуулсан үндсэн ялыг багасгаж, дээр нь хуульд заасан үндэслэлээр хөнгөрүүлж авч үзэлгүйгээр хүнд ялаар шийтгэсэнд гомдолтой байна. М.М нь эрхэлж буй шашин номын үйл хэрэгт сайн суралцаж нутаг орноос нь эрхлэн явуулж буй нийтэд тустай үйл хэрэгт идэвхийлэн оролцдог, мөн өөрийн гэр бүл болох өвчтэй ээж, эгч, эхнэр хүүхдээ тэжээн тэтгэж, асран хамгаалж явдаг чухал хүн бөгөөд түүний ар гэрийн амьдрал, аж байдлыг ял оногдуулахдаа шүүх бүрэлдэхүүн харгалзаж үзэх боломж байсан. М.Мы хувийн шинж байдлын хувьд хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байх ба дахин алдаа дутагдал гаргахгүй байж чадах хангалттай мэдлэг боловсрол суурь хүмүүжилтэй, мөн хэргийн хөнгөрүүлэх нөхцөл байдлууд нотлох баримтаар тогтоогдож байгаа зэргийг харгалзан үзэж шүүгдэгч С.Мд оногдуулсан ялыг хөнгөрүүлж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Мы өмгөөлөгч Б.Гүнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.М нь төрсөн эцэгтэйгээ 2012 онд уулзсан байдаг. Түүнээс өмнө огт эцэгтэйгээ холбоогүй байсан юм. Түүндээ М.М нь их гоморхож явсан шинж байдаг. Эцэг болох Чтай 2012 онд уулзсанаас хойш яг төрсөн эцгийгээ гэж хандсан хандлага байсан эсэх нь эргэлзээтэй. Ч гэдэг хүний хувьд 3 настай хүүхдээ халуун усанд түлж байсан гэж М.Мы эх мэдүүлж байснаас үзэхэд Чтай төрсөн эцэг хүүгийн хандлагаар хандаж байсан уу гэвэл, үгүй. Багаасаа өнчин хоцорсон гэдэг ухамсар нь тухайн үед илэрсэн болов уу гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.М нь орон нутагтаа нэр хүндтэй, тухайн ажилладаг хийддээ “унзад лам” гэгддэг, олон шагнал хүртсэн. Мөн бөхийн цол, морины цол дууддаг гэх мэт олон арга хэмжээнд оролцдог нийгмийн идэвхтэй сайн талуудыг харгалзаж үзнэ үү. Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “цээрлүүлэх” гэдэг зүйлийг тухайн орон нутагтаа “унзад лам” хийдэг залуугийн хувьд хангалттай хүлээсэн болов уу гэж бодож байна. Мөн цаашид өөрийнх нь амьдралд нийгмээс үзүүлэх нөлөөлөл зэрэг нь “цээрлүүлэх” гэсэн шинжийг хангасан гэдэг талаас нь харгалзан үзнэ үү. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзаж ялыг хөнгөрүүлэх тухай заасан байдаг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн. Тухайн зүйл хэсэг маань сонгох санкцтай. Иймд торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгосныг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үедээ хамт амьдраагүй, багаас нь орхиж явсан байсан учраас гэр бүлийн хамааралтайг дүгнэсэн нь зөв. М.Мыг Ш.А нь хутга ашиглаж хүнд гэмтэл учруулсан. Ш.Аийн хувьд тухайн үед санаатай хутгалсан гэдэг нь харагддаг. Хашаанд байсан хутгаа авсан ба эхнэр нь “наад хүн чинь хутга аваад очиж байна шүү” гэж хэлснийг гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа. М.Мы үйлдсэн гэмт хэргийн хувьд, тухайн үед эцэг гэх Ч нь найзындаа цагаан сараар байж байхад найз Пашка нь “хүргэнийд оръё” гэхээр нь хамт ороод сууж байхад М.М нь орж ирэн аавыгаа байгааг мэдээд архи барьж аавтайгаа золгосон. Тэр үед Ч архийг задалж орхиод Пашкагийнд очин унтаж байтал М.М нь миний өгсөн архийг тэнд задалж орхилоо гэсэн шалтгаанаар Чыг зодож, нүцгэн чирч гарган төрсөн ахындаа Төв аймагт аваачин мөн толгой руу нь цохисныг Мөнх-Оргил, түүний эхнэр нар мэдүүлсэн. Иймд үйлдсэн хэрэг нь нотлогдсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч М.М нь архи ууж согтуурсан үедээ 2018 оны 6 дугаар сарын       17-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах караокед хохирогч Ш.Атой маргалдан, түүнийг зодож эрүүл мэндэд нь “зүүн 7 дугаар хавирганы зөрүүгүй, далд хугарал, духны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстын цус хуралт, зүүн хацрын гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Ш.А нь согтуугаар 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, ... тоот хашаанд М.Мыг цээж болон гарыг нь хутгалж, эрүүл мэндэд нь “цээжний баруун талд өвчүүний ойролцоох шугамаар 3, 5 дүгээр хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий хуралдалт, цус хуралдалт, хоёр сарвуунд шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

мөн М.М нь архи ууж согтуурсан үедээ 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, ... тоотод өөрийн төрсөн эцэг Н.Чы толгой руу өшиглөн зодож эрүүл мэндэд нь “тархины хатуу бүрхүүлийн доорх цусан хураа бүхий” хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Ш.Аийн “...байж байхад М намайг ирж цохих шиг болсон. Тухайн үед хэдэн удаа цохиулснаа санахгүй байна. ...Миний санаж байгаагаар нүүрний зүүн хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохих шиг болсон. ...” гэх /1хх 34-35/,

хохирогч М.Мы “...хашааг нь давуулж гараа оруулахад хашааны цаанаас хутгаар гар руу зүссэн. Тэгэхээр нь би хашаанаас нь гараа аваад хаалгыг нь хөлөөрөө өшиглөж ороод хутгыг нь авах гээд оролдоход миний цээж болон долоовор хуруу, баруун гарын чигчий хуруу руу хутгалсан...” гэх /1хх 24-25/,

хохирогч Н.Чы “...М ганцаараа согтуу орж ирээд миний унтаж байсан хөнжлийг сөхөөд намайг орон дээрээс татаж унагаагаад миний толгойны баруун хойд хэсгийн дагз руу хөлөөрөө нэг удаа өшиглөөд намайг хувцаснаас чирээд амбаараас намайг урдаа тэвэрч гараад... , ...би гэрийнх нь гол хэсэгт өвдгөө нугалаад сууж байтал М дахиад миний дагз хэсэгт хөлөөрөө өшиглөсөн ба ах нь түүнийг боль гэтэл гараад явсан. ...” гэх /1хх 230-233/,

гэрч Б.Уламбаярын “...М буугаад А ахын хашааны хаалгыг тогшсон ба А ахын эхнэр нь гарч ирээд “та нар яах гээд байгаа юм бэ яв” гэж хэлсэн. ...Би Мыг хашаанаас аваад гарахад гар болон цээжнээс нь цус гараад зүсэгдсэн байсан. Мөн М өөрөө “намайг хутгалчихлаа” гэхээр нь би А ахыг хутгатай байсан эсэхийг мэдээгүй боловч А ах хутгалсан байна гэж ойлгосон. ...” гэх /1хх 42-43/,

гэрч П.Довчинсүрэнгийн “...цаанаас А ах гараад ирсэн ба эхнэр нь “А хутга барьсан байна” гэж байсан. ...” гэх /1хх 47-49/,

гэрч Г.Оюунцэцэгийн “...Тухайн үед хутгыг нь яг ямар хутга байсныг нь санахгүй байна. А дахиад Мыг хутгалж магадгүй гэж айгаад хашаа давуулаад шидсэн юм. ...” гэх /1хх 51-54/,

гэрч Г.Сугарын “...Тэгээд хүү нь согтуу гэрээс гарч явж эргэж ирээд “чи миний өгсөн архийг өөр хүнд өгдөг хэн юм бэ” гээд Н.Чыг унтаж байхад нь толгой руу нь өшиглөсөн гэж надад ярьсан. ...” гэх /1хх 204-205/,

гэрч Ш.Пашкагийн “...гэрлээ асаатал М байсан ба учир зүггүй Чы хөнжлийг сөхөөд толгойд нь хоёр удаа гараараа цохиод орноос чирч унагаагаад өргөөд аваад гарсан. ...” /1хх 239/,

гэрч М.Мөнх-Оргилын “... Гэрт төрсөн дүү М төрсөн аав Чыг дагуулж орж ирсэн ба хоорондоо хэрэлдчихсэн, аав миний орны урд буюу гэрийн баруун хэсгийн газарт өвдөглөөд суусан байсан. М “наад пиздагаа унтуул, би айлд агсам тавиад байхаар нь алгадаж унагаагаад машинд хийгээд аваад ирлээ” гэж хэлээд яваад өгсөн. ...” гэх /1хх 241/,

гэрч Г.Ган-Өлзийн “...хадам аав Чыг нөхөр Мөнх-Оргилын унтаж байсан гэрийн баруун талын орны урд газарт өвдгөөрөө сөхрөөд сууж байхад нь толгойны ар дагз хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөөд загнаад уурлаж байхад нь манай нөхөр сэрээд дүүгээ “яв” гээд явуулсан юм. ...” гэх /1хх 245-246/,

шинжээч Г.Ханхүүгийн “...М.М нь тухайн үед буюу 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр эмнэлгийн байгууллагад хандаж оношилгоо хийлгээгүйн улмаас зовиур шаналгаа илэрч эмнэлгийн байгууллагад хандаж илэрсэн байна. Цээжний хөндийд нэвтэрсэн хэсэг нь тогтоогдоогүй учир 7717 дугаартай дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэлтэй гэж гарсан байна. Харин 208 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хандан цээжний хөндийд нэвтэрсэн шарх тогтоогдон цээжний хөндийгөөс цус, хий соруулах ажилбар болон бусад эмчилгээг хийлгэн 6 хоног эмчлэгдээд биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан тул №930 дугаартай дүгнэлтээр гэмтлийн зэргийг тогтоох журмын 3.1.11-т зааснаар хүнд зэрэгт хамаарна. Дээрх цээжний хүнд гэмтлийг авсан хүн эмнэлгийн тусламж авахгүйгээр эдгэрэх биеийн байдал сайжрах боломжгүй. Зайлшгүй хий шингэн соруулах шаардлагатай. ...” гэх /1хх 101-102/,

шинжээч Ж.Ганцэнгэлийн “...Биед нь учирсан гэмтлийн эдгэрэлтээс шалтгаална. Аль алинаас нь үүсэх боломжтой. Тус гэмтлийг авсан хүн тархи дарагдах хүртэл хэд ч хоног өөрийгөө удирдан жолоодох боломжтой. Энэ хугацаанд янз бүр байж болно. Энэ гэмтлийг авсан хүнд толгой өвдөх, дотор муухайрах зовиур үүснэ. ...” гэх /2хх 9-10/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “...1. М.Мы биед цээжний баруун талд өвчүүний ойролцоох шугамаар 3, 4 дүгээр хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий хуралдалт /600 мл/, цус хуралдалт, хоёр сарвуунд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3. Урьд гарсан №7717 тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. 3. Урьд гарсан №7717 тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. 4. М.М нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гарах хүртэлх хугацаанд дээрх гэмтэл оношлогдоогүй байжээ. ...” гэх 930 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 96-97/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “...1. Ш.Аийн биед зүүн 7 дугаар хавирганы зөрүүгүй, далд хугарал, духны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстын цус хуралт, зүүн хацрын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх 7775 тоот шинжээчийн дүгнэлт /1хх 85/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “...1. Н.Чы биед тархины хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, цусан хурааг авсан мэс заслын дараах байдал бүхий гэмтлийн зэрэг тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэх 3711 тоот шинжээчийн дүгнэлт /2хх 6/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 15-20/, хяналтын камерын дүрс бичлэг зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ш.Аийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Аийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, М.Мы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож тус тус шийтгэсэн нь тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч М.Мы өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн “...М.М амь насанд аюултай гэнэтийн үйлдлээс өөрийгөө хамгаалж, Ш.Аоос хутгыг нь авч холдуулах гэсэн аргагүй үйлдэл хийсэн...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна.

Хэргийг судлахад, шүүгдэгч Ш.А нь тухайн өдөр караокед зодуулсандаа шаралхаж М.Мыг хашааных нь үүдэнд ирснийг мэдмэгц хутга авч түүн рүү дайран гар болон цээжинд хутгалсан, харин шүүгдэгч М.М нь Ш.Ат цээж болон гарыг нь хутгалсанд уурлан түүнийг дахин зодсон үйл баримт болсон нь шүүгдэгч М.Мы “...Миний гарыг хутгаар зүссэн болохоор би уурлаад хаалгыг нь хүчтэй түлхэж орсон...” гэх /1хх 24-25/, гэрч Б.Уламбаярын “...А ахыг М нүүрэнд нь цохиж аваад хоорондоо барилцаад ноцолдохоор нь би очиж салгасан...” гэх /42-43/, П.Довчинсүрэнгийн “...А, М нар барилцаж аваад А доор нь М дээр нь гарчихсан байсан...”, “...салгатал А ахын уруулаас цус гарсан байдалтай байсан...” гэх /1хх 47-49/, Г.Оюунцэцэгийн “...манай хашааны том хаалгыг эвдчихсэн, манай нөхрийн дээр М бас нэг цагаан футболктой хүн гараад суучихсан байсан... Тэгээд нөхөр маань гаднаас орж ирэхэд нүүр ам нь цус болчихсон байхаар нь нүүр гарыг нь угаалгасан...” гэх /1хх 51-54/ мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдсон, гэрч хохирогч нарын мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй, эргэлзээ бүхий байдлыг үүсгээгүйн дээр шүүгдэгч М.М нь Ш.Аийн үйлдлийн эсрэг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн шүүгдэгч Ш.А, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Д.Цэцэгчимэг, Ч.Пүрэвсүрэн нарын гаргасан “...оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хангах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь, хэргийн дээр дурдсан үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерын дүрс бичлэг зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.А, М.М нарын үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ бүхий байдлыг үүсгээгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалт нь шүүхэд заавал хэрэглэхийг үүрэг болгосон хуулийн заалт биш юм.

Харин аливаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхээр тогтоогдсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ийнхүү хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх талаар Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмуудыг аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд шүүх заавал дагаж мөрдөж байх учиртай болохыг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.А, М.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн, мөн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул нэр бүхий хэргийн оролцогч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 565 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.А, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Д.Цэцэгчимэг, Ч.Пүрэвсүрэн нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧ                                                               М.АЛДАР

                    ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ