Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00422

 

 “Б” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/02792 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2314 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Ц-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 49 513 755.91 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэнгээгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуяг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэнгээ, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Л.Ц- нь 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр №ЗГ0101140205 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байрны 40 тоотын 28 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг барьцаалж барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, 12 сарын хугацаатай 20 000 000 төгрөгийг нэг сарын 4.2 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгчээс удаа дараа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор өнөөдрийг хүртэл хугацаанд биелүүлээгүй байна. 

Иймд зээлдэгч Л.Ц-аас зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээлд 18 259 870 төгрөг, зээлийн хүүнд 16 508 061.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 145 259.05 төгрөг, түүнчлэн 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №ЗГ0101140205 тоот барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.10-д заасны дагуу өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 3 600 000 төгрөг буюу нийт 39 513 190.31 төгрөгийг гаргуулж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар тусгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Тус ББСБ нь иргэн Л.Ц-т холбогдуулан 39 513 190.31 төгрөгийг барьцаа хөрөнгөөс гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд гаргасан бөгөөд шүүх хариуцагч Л.Ц-аас 35 913 190 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 3 600 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн. Улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргаж, тэрхүү гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2054 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэлийн шаардлага нь нэг мөр шийдвэрлэгдээгүй, түүнчлэн олон өдөр, хоног өнгөрсний дараа дахин анхан шатнаас эхэлж байгаа явдал нь бусдын өмнө гэрээгээр үүрэг хүлээсэн хуулийн этгээд болох нэхэмжлэгчид тодорхой, бодитой эрсдэлүүдийг хүлээлгэж байна. Нөгөө талаасаа Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан. Иймд зээлийн хүүг 3 451 115.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 690 223.09 төгрөг, нийт 4 141 338.52 төгрөгөөр ихэсгэж байна.

...2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн тус шүүхийн шүүгчийн 101/ШЗ2017/03679 тоот захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлсэн болно. Ингэж шийдвэрлэгдэлгүй, хоног хугацаа алдаж байгаа гол буруутан нь хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд шүүхэд зээлийн тооцооллыг шалгуулах хүсэлтийг гаргаж, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шинжээч томилуулсан байтал шүүгчийн захирамжийг үл ойшоон шинжээчийн зардал, хөлсийг төлөхгүй удааж, хайнга хандсан нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийж байна гэж үзэхээр байна. 

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зээлийн хүүг 4 882 689.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 976 537.85 төгрөг, нийт 5 859 227.09 төгрөгөөр дахин ихэсгэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ихэсгэсэн болон 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр дахин ихэсгэсэн хэмжээгээр 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн үндсэн шаардлагын хамт тус тус барьцаа хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн зээл буюу 18 259 870 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Нэмэгдүүлсэн хүүтэй маргахгүй, хариуцлагаа хүлээх ёстой гэж үзэж байна. Харин тооцож байгаа хүүгийн хэмжээ нь өндөр байх тул хүүг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/02792 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Ц-аас 37 473 414 төгрөгийг гаргуулан “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12 040 341 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эс биелүүлбэл үүргийн гүйцэтгэлийг гэрчилгээний 000199883 дугаар бүхий, улсын бүртгэлийн Ү-2204001821 дугаар бүхий Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байр, 40 тоотод байрлах 28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц буюу барьцаа хөрөнгөөр хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355 515.95 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Д.Цогтбаатараас 345 317 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2314 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/02792 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Ц-аас 37 473 414 төгрөгийг гаргуулан “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12 040 341 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн тогтоох хэсэгт “2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204001821 дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байрны 40 тоот байршилтай, 28 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай” гэсэн 2 дахь заалт нэмж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “3”, 3 дахь заалтыг “4” дэх заалт болгож өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэнгээгийн төлсөн 129 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Талуудын хооронд байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ЗГ0101140205-3 тоот зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтөд дурдсанаар зээлдэгч нь 17 777 400 төгрөгний үндсэн зээл, түүний үндсэн хүүгийн төлбөр нэг сарын 746 650 төгрөг байна. Мөн гэрээнд зааснаар 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 183 хоног буюу 6 cap үүн дээр нэхэмжлэгч тал анх шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр нь 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр буюу энэ хүртэл 7 cap нийт 13 cap болж байна. Тодруулбал анхан шатны шүүхийн дүгнэснээр нэхэмжлэл гаргасан өдрөөр гэрээний үүрэг буюу зээлийн хүүг зогсоон дүгнэсэн нь хэргийг шударгаар шийдвэрлэсэн ба харин нэхэмжлэл гаргасан огноо болон зээл, зээлийн хүүгийн бодолт дээр алдаатай гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

Тухайлбал 17 777 400 төгрөгний үндсэн зээлийн хүүгийн төлбөр нэг сарын 746 650 төгрөг 13 сар=9.706.450 төгрөг + үндсэн зээл 17 777 400 төгрөг =нийт 27 483 850 төгрөг байна. Хариуцагчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн хариуцлага болох 2 918 019 төгрөг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нэмээд нийт 30 401 869 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсэг болох 7 071 545 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул ийнхүү гомдол гаргаж байна гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулсан нь зөв болжээ.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Д.Цогтбаатарт холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлийн гэрээний үүрэгт 49 513 755 төгрөг гаргуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 3 706 537 төгрөгөөр багасгажээ. Хариуцагч шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсан байна.

Зохигч 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, хариуцагч Д.Цогтбаатар 20 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4,2 хувийн хүүтэй зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2 өрөө орон сууц барьцаалсан байна. Дээрх гэрээний агуулга, нөхцөл нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1., 156.2., 451 дүгээр зүйлийн 451.1., 451.2.-т нийцсэн гэж хоёр шатны шүүх үзжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийж, зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн хүлээх үүргийн хэмжээг тодорхойлсон байх ба хяналтын шатны шүүх уг дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэгч тал давж заалдах болон хяналтын гомдол гаргаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийг хүлээх үүрэг, энэхүү үүргийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдлийг тодорхой болгож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна. Шүүх хууль хэрэглээний алдаа гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2314 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.              

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН