Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2017/02792

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 08 өдөр           Дугаар 101/ШШ2017/02792         Улаанбаатар хот

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, * хороо, * хороолол, *, 1* дүгээр барилгын 6 давхарт байрлах Б ХХК-ийн /РД: */ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *хороо, * хороолол, * байр 40 тоотод оршин суух, 55 настай, М овогт Л Ц /*/ холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 49 513 755,91 төгрөг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч 2016 оны 0* сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Л.Ц нь 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр №********** тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн * хороо, * хороолол, * байрны 40 тоотын 28 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг барьцаалж барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, тус ББСБ-аас 12 сарын хугацаатай 20 000 000 төгрөгийг нэг сарын 4.2 хувийн хүүтэйгээр зээлсэн. 

Зээлдэгч Л.Цаас тус ББСБ нь удаа дараа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор өнөөдрийг хүртэл хугацаанд биелүүлээгүй байна.

Иймд зээлдэгч Л.Цаас зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээлд 18 259 870 төгрөг, зээлийн хүүнд 16 508 061,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 145 259,05 төгрөг, түүнчлэн 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №********** тоот барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.10-д заасны дагуу өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 3 600 000 төгрөг буюу нийт 39 513 190,31 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Барьцаа хөрөнгөөр хангуулах талаар тусгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:

 Тус ББСБ нь иргэн Л.Цт холбогдуулан 39 513 190,31 төгрөгийг барьцаа хөрөнгөөс гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 0* сарын 28-ны өдөр тус шүүхэд гаргасан.

Уг нэхэмжлэлийн дагуу анхан шатны шүүх хурал 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр болж №101/ШШ2016/06034 тоот шүүхийн шийдвэрээр хариуцагч Л.Цаас 35 913 190 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч тус ББСБ-д олгож, нэхэмжлэлээс 3 600 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргаж, тэрхүү гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №2054 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэлийн шаардлага нь нэг мөр шийдвэрлэгдээгүй, түүнчлэн олон өдөр, хоног өнгөрсний дараа дахин анхан шатнаас эхэлж байгаа явдал нь бусдын өмнө гэрээгээр үүрэг хүлээсэн хуулийн этгээд болох нэхэмжлэгчид тодорхой, бодитой эрсдэлүүдийг хүлээлгэж байна. Нөгөө талаасаа Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д, “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж заажээ.

Иймд тус ББСБ нь 2016 оны 0* сарын 28-ны өдрийн №07/28 тоот нэхэмжлэлээр нэхэмжилсэн шаардлагынхаа зээлийн хүүг 3 451 115,43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 690 223,09 төгрөг буюу нийт 4 141 338,52 төгрөгөөр ихэсгэж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын ихэсгэсэн хэмжээгээр болон үндсэн нэхэмжлэлийн хамт тус тус барьцаа хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.     

 

Нэхэмжлэгч 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:

 Тус ББСБ нь иргэн Л.Цт холбогдуулан 39 513 190,31 төгрөгийг барьцаа хөрөнгөөс гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 0* сарын 28-ны өдөр тус шүүхэд гаргасан.

Уг нэхэмжлэлийн дагуу анхан шатны шүүх хурал 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр болж №101/ШШ2016/06034 тоот шүүхийн шийдвэрээр хариуцагч Л.Цаас 35 913 190 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч тус ББСБ-д олгож, нэхэмжлэлээс 3 600 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргаж, тэрхүү гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №2054 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан.

2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч тус ББСБ нь 2016 оны 0* сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа зээлийн хүүн 3 451 115,43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 690 223,09 төгрөг, нийт 4 141 338,52 төгрөгөөр ихэсгэж 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр болсон анхан шатны шүүх хурал дээр ч анхны нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн шаардлага, нэхэмжлэлээ дэмжиж оролцсон билээ.

Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн тус шүүхийн шүүгчийн 101/ШЗ2017/****тоот захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлсэн болно.

Хуулиар иргэний хэрэг маргааныг 60 хоногийн дотор шийдвэрлэх хугацаатай байх атал 2016 оны 0* сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь бүтэн нэг жилийг өнгөрч байхад анхан шатны шүүхээр эцэслэн нэг мөр шийдвэрлэгдэлгүй олон сар, хоногоор сунжирч, нэхэмжлэгч талыг өнөөдрийг болтол чирэгдүүлсээр байна.

Ингэж шийдвэрлэгдэлгүй, хоног хугацаа алдаж байгаа гол буруутан нь хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд шүүхэд зээлийн тооцооллыг шалгуулах хүсэлтийг гаргаж, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шинжээч томилуулсан байтал шүүгчийн захирамжийг үл ойшоон шинжээчийн зардал, хөлсийг төлөхгүй удааж, хайнга хандсан нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийж байна гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д, “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж заасныг үндэслэн нэхэмжилсэн шаардлагынхаа зээлийн хүүг 4 882 689,24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 976 537,85 төгрөг буюу нийт 5 859 227,09 төгрөгөөр дахин ихэсгэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ихэсгэсэн болон 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр дахин ихэсгэсэн хэмжээгээр 2016 оны 0* сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн үндсэн шаардлагын хамт тус тус барьцаа хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Хариуцагч Л.Ц би БИД ББСБ-ын гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн зээл буюу 18 259 870 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Нэмэгдүүлсэн хүүтэй маргахгүй, хариуцлагаа хүлээх ёстой гэж үзэж байна. Харин тооцож байгаа хүүгийн хэмжээ нь өндөр байгаа, иймд хүүг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Бизнес Инвест Девелопмент ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 49 513 755,91 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Цт холбогдуулан гаргаж, хариуцагч Л.Ц нь  зээлийн үндсэн төлбөр 18 259 870 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр төлөхийг зөвшөөрнө, зээлийн хүүгийн хэмжээг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргаж байна.

Зохигчдын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №********** тоот Зээлийн гэрээ байгуулагдан 20 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар сарын 4,2 хувийн хүүтэйгээр зээлдсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээний хуулбараар /х.х-ийн 4, 5 дахь талд/ тогтоогдож байна.

            Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулга нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний агуулгад нийцэж байна.

            Нэхэмжлэгч тус гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөрт 18 259 870 төгрөг, зээлийн хүүнд 24 841 865,87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2 812 019,99 төгрөг, барьцааны гэрээнд заасны дагуу өмгөөлөгчийн зардалд 3 600 000 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

            Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн зардал буюу 3 600 000 төгрөгийг шаардлагаас татгалзаж байх бөгөөд нэхэмжлэлийн анхны шаардлагад алдаа гарсан тул дахин 106 537 төгрөгөөр багасган татгалзсан байна. Энэ нь тус хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй тул нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  1. Зээлийн гэрээний үндсэн төлбөрт шаардсан 18 259 870 төгрөгийн шаардлагын хувьд,

Зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 18 259 870 төгрөг шаардсантай хариуцагч тал маргаагүй бөгөөд шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбараар үндсэн зээлийг төлөх үүргийн хувьд маргахгүй гэжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт, “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж зохицуулжээ.  Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн зөрчил гарсан талаар зохигчид маргаагүй байна.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт, “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ.” гэж зохицуулсан бөгөөд ийнхүү үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн зөрчил гарсан үндэслэлээр үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх зээлдүүлэгч талд үүссэн байна. 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй бол зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх зээлдүүлэгч буюу Банк бус санхүүгийн байгууллагад үүссэн байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах нь зүйтэй байна.

  1. Нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу төлөгдөх хүүний төлбөрт  24 841 865,87 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Зээлийн гэрээний 2.1.3-т зааснаар, 30 хоногт буюу 1 сард 4,2 хувийн хүү тооцохоор талууд тохиролцсон байна. Гэрээний тус үүргийн дагуу болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан, “...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэсэн зохицуулалт, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт, “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу зээлийн төлбөрт хүү тооцон шаардах эрхтэй байна.

Хариуцагч тал нэхэмжлэгчээс шаардаж буй хүүний төлбөрийн тооцооллын талаар маргаж, хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох баримтаар нотлон няцаагаагүй байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээгээр нэмэгдүүлсэн байх бөгөөд нэмэгдүүлсэн хүүний тооцоололтой хариуцагч тал маргаагүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд аль ч үе шатанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, өөрчлөх, багасгах эрх хуулиар олгогдсон байх боловч материаллаг үндэслэлийн хувьд энэ нь зөрчигдсөн эрхийг сэргээх аргатай уялдах ёстой.  

Зээлийн хүүгийн хэмжээг нэмэгдүүлсэн нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар зээлийн гэрээ дуусгавар болоогүй, гэрээ зогсоогүй үргэлжилж байгаатай холбоотой гэж тайлбарлаж байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээг цуцлаагүй, гэрээний дагуу хүүг нэмэгдүүлэн тооцох үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.4-т, “зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээ цуцлагдсан өдрөөс эхлэн зээлдүүлэгч барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн дагуу, хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-т заасны дагуу тус тус худалдан борлуулж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал, хохирлыг нэн даруй төлүүлнэ.” гэж зохицуулсан байна.

Талууд тус гэрээний 3.1.5-д, “энэхүү гэрээний 3.1.4-т заасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зардал, хохирол нь энэхүү зээлийн гэрээний үүргийн биелэлт бүрэн биелүүлж,  дуусгавар болох өдөр хүртэлх хоногоор тооцогдоно.” гэж, мөн гэрээний 6.2-т, “Зээлдэгч нь зээл болон зээлийн хүүн гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү төлөхийн зэрэгцээ нэмэгдүүлсэн хүү, гарсан хохирол, зардлыг нэмж төлнө.” гэж тохиролцон тусгасан байна.    

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ нь, “нэг талаас зээлдэгчид зээл олгох үйлчилгээ үзүүлэх үүрэг, нөгөө талаас зээлийн үйлчилгээ авах хэрэглэгчийн эрхийн харилцаа” бүхий “бизнесийн гэрээ” байна. Ийм гэрээний нэг тал болох аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж буй тал нь гэрээ байгуулахаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх эрх, гэрээнээс татгалзах эрх, гэрээгээр тохиролцох эрх, гэрээг өөрчлөх эрх, гэрээг дуусгавар болгох эрх хэрэгжүүлэхдээ иргэний эрх зүйн зохицуулалт, зарчмаас гадна хэрэглэгчийн эрхийг хангах зарчмыг үнэлэх шаардлагатай.

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт, “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ.” гэж зохицуулжээ. Хуулийн энэ зохицуулалтын дагуу Банк бус санхүүгийн байгууллага нь хууль болон гэрээгээр олгогдсон эрхээ хэрэгжүүлэхдээ, зээлдэгчийн буюу хэрэглэгчийн эрхийг зөрчихгүйгээр, үнэнч шударгаар хэрэгжүүлэх ёстой.

Хэдийгээр гэрээний дагуу гэрээг цуцлах эрх хэрэгжүүлэхгүйгээр үүрэг, хариуцлагыг үргэлжлүүлэн шаардах эрхийг шууд хязгаарлахгүй боловч тус гэрээний 3.1.4-т заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг гаргасан байгаа нь зээлдүүлэгч талаас тус гэрээний үүргийг хэсэгчлэн гүйцэтгүүлэх бус /Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3/ тухайн гэрээнээс үүдсэн үр дагаврыг бүхэлд нь шийдвэрлүүлэх байдлаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шаардлага гаргаж байна гэж үзэв.

 Иймд шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2016 оны 0* сарын 28-ны өдрөөр тус гэрээний үндсэн үүрэг буюу зээл, зээлийн хүүг зогсоон дүгнэх нь зүйтэй байна.

Түүнчлэн дээр дурдсанчлан гэрээний үүргийг үргэлжлүүлнэ, цуцлахгүй гэсэн нь хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхдээ үнэнч, шударгаар хандах Иргэний эрх зүйн зарчимд нийцэхгүй байгааг харгалзах нь зүйтэй.

Иймд дурдсан үндэслэлээр хүүний төлбөрийг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тооцоолон түүнээс нэмэгдүүлсэн хэмжээ болох 8 333 804 төгрөгийн шаардлагыг хасч тооцон хүүгийн төлбөрийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

  1. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тул гэрээний хариуцлага оногдуулахаар нэмэгдүүлсэн хүү тооцон 2 918 019 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилжээ.

Зээлийн төлбөр болон зээлийн хүү нь гэрээний үндсэн үүрэг бол нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдэгч талд оногдуулж буй тохиролцсон хариуцлагын хэлбэр юм.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт, “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу зээлдэгч тал нэмэгдүүлсэн хүүнд 2 918 019 төгрөг шаардсаныг хариуцагч тал баримтаар няцаагаагүй байна.

Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүү төлж, хариуцлага хүлээх үүрэгтэй маргахгүй гэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан дүнгээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн зардал 3 600 000 төгрөг, алдаатай тооцсон гэх 106 537 төгрөг болон, хүүний төлбөрөөс хасч тооцогдох 8 333 804 төгрөг нийт 12 040 341 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож 37 473 414 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг мөнгөн дүнгээр төлөхгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулна гэжээ.

Зохигчид хооронд 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр №********** дугаар бүхий барьцааны гэрээ байгуулж, гэрчилгээний 000199883 дугаар бүхий, улсын бүртгэлийн Ү-2204001821 дугаар бүхий Баянзүрх дүүргийн * хороо, * хороолол, * байр, 40 тоотод байрлах 28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан бөгөөд тус барьцааны зүйл нь хариуцагч Л.Цын өмчлөлд бүртгэлтэй байна. /х.х-ийн 6, 7 дахь талд/

Тус гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэг, 156.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн хүчин төгөлдөр байна.

Гэрээний үүргийн дагуу барьцаалуулагчаас барьцааны зүйлээр үүргийг хангуулах шаардлага гаргасан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт заасан зохицуулалт, шаардах эрхэд хамаарч байна.

Иймд барьцааны гэрээний дагуу гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хуульд нэмэлт өөрчлөлт орсон хугацаанаас хамаарч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6* зүйлийн 67.1.5-д “хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа авах.” зохицуулалтыг шүүхээс иргэний хэрэг үүсгэхдээ хэрэгжүүлэх боломжгүй байсан тул шүүхийн шийдвэрт энэ зохицуулалттай холбоотойгоор шийдвэр гүйцэтгэх тодорхой арга, журмыг тусгайлан заагаагүйг дурдах нь зүйтэй.      

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1* зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон     

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Цаас 37 473 414 төгрөгийг гаргуулан “Бизнес Инвест Девелопмент” ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас  12 040 341 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эс биелүүлбэл үүргийн гүйцэтгэлийг гэрчилгээний 000199883 дугаар бүхий, улсын бүртгэлийн Ү-2204001821 дугаар бүхий Баянзүрх дүүргийн * хороо, * хороолол, * байр, 40 тоотод байрлах 28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц буюу барьцаа хөрөнгөөр хангуулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн * зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн  хураамжид төлсөн 355 515,95 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Д.Цаас 345 317  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Бизнес Инвест Девелопмент” ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧГ.АМАРЖАРГАЛАН