Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 527

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Д, Х.Т, П.С, О.О, З.О, Ц.А нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийслэлийн Засаг даргын 2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, орц гарцыг чөлөөлөхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Д, П.С, Х.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.О нар оролцов. 

      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д, Х.Т, П.С, О.О, З.О, Ц.А нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

“...Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, А4 байрны урд байрлах орц, гарцын замыг “Э” ХХК нь хааж эзэмшилдээ аван тэнд хог хаягдал байрлуулж ... оршин суугчдын эрүүл ахуйн эрхийг зөрчиж байсан тул 2008 онд оршин суугчид Хот төлөвлөлтийн газарт хандахад тухайн газрыг нийтийн эзэмшлийн газар гэдгийг бидэнд мэдэгдэж хашаагаа буулгахыг шаардаж байсан юм. Төрийн байгууллагын шаардлагыг “Э” ХХК нь хүлээж аваагүй билээ. 

Гэтэл 2016 оны эхээр тус талбайд маш том овор хэмжээ бүхий цахилгаан генератор байрлуулснаар түүнээс гарах утаа дуу чимээ иргэд бидний эрүүл тайван аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж эхэлсэн тул Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандсан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар нь тухайн газарт ажиллагаа үзлэг шалгалт хийснээр тус газрыг “Э” ХХК нь нийтийн эзэмшлийн газрыг өөрийн мэдэлд 15 жил ашиглахаар Нийслэлийн Засаг даргын 2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамжийн дагуу эзэмшилдээ авч гэрчилгээ авсан болохыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан бичгээр мэдсэн. Цэцэг төвийн өргөтгөлийг “Э” ХХК нь ямар ч зөвшөөрөлгүй барьсан байдаг юм. 

Ингээд Нийслэлийн Засаг даргад захирамжийн холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулахаар 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр гомдол гаргахад 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Засаг даргын захирамжийг хүчингүй болгоход мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах шаардлагатай гэсэн хариуг өгсөн тул Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт дүгнэлт гаргуулах өргөдлийг 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр өгсөн. Харин Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын байцаагч н.Г 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр бидний өргөдлийн хариуг дүгнэлт гаргах боломжгүй гэж өгсөн. 

Иймд газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын 2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Иргэд бидний үндсэн хуулиар олгогдсон эрхийг хамгаалж өгнө үү...” гэжээ. 

Нэхэмжлэгч Б.Д, П.С, Х.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Бид анх тус шүүхэд хандаж ...Нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, орц гарцыг чөлөөлөхийг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага өөрчилж, анх олгосон 766 м.кв газартай маргахгүй, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамжаар 117 м.кв газрыг нэмж эзэмшүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т заасныг зөрчсөн гэж үзэж байгаа учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу  “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамжаар “Э” ХХК -д 766 мм.кв газрыг 883 м.кв болгон 117 м.кв-аар нэмэгдүүлсэн шийдвэрийг илт хууль бусад тооцож өгнө үү” гэж эцсийн байдлаар тодруулж байгааг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А нь шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2001 оны 564 дүгээр захирамжаар “К” ХХК-нд худалдаа үйлчилгээ, конторын зориулалтаар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 800 м.кв газрыг ашиглуулахаар шийдвэрлэж, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 352 дугаар захирамжаар дээрх газрын эрхийг “Э” ХХК-нд шилжүүлэн эзэмшүүлжээ. Улмаар “Э” ХХК нь 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 229 тоот албан бичгээр кадастрын зургийн алдааг залруулж 883.8 м.кв хэмжээтэй болгон өөрчилж өгнө үү хэмээн хүссэний дагуу Нийслэлийн Засаг даргын 2009 оны 22 дугаар захирамжаар талбайн хэмжээг өөрчилсөн байна. Энэхүү маргаж буй газар нь “Э” ХХК-ийн эзэмшлийн газар гэдгийг 2008 онд нэхэмжлэгч иргэд мэдсэн байна. Учир нь тухайн газар дээр байрлах хогийн цэгийн асуудлаар “Э” ХХК болон тухайн байрны А-4 СӨХ, нэхэмжлэл гаргасан иргэн Х.Т, Ц.А нар хуралдаж хурлын протокол хөтөлсөн байна. Тус хурлын протоколд энэхүү газар нь “Э” ХХК-ийн эзэмшлийн газар гэдгийг тодорхой тусгасан байхад нэхэмжлэгч нар нь одоо мэдэж байгаа гэдэг нь үндэслэлгүй юм. 

Гуравдагч этгээдийн зүгээс манай эзэмших ёстой хэмжээ нь зөрүүтэй байна гэдэг агуулгаар хүсэлтээ өгсний дагуу техникийн зөвлөлийн хурлаар орж тухайн асуудлыг шийдвэрлэсэн. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргаас шийдвэр гарсан. Засаг даргын захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн дагуу илт хууль бусад тооцуулах хуулийн үндэслэл харагдахгүй байна. 

Нэхэмжлэгчээс илт хууль бус гэдгийг тогтоож өгнө үү гэсэн хэрнээ илт хууль бус болох үндэслэлийг тодорхойлж өгөхгүй байна. Нийслэлийн Засаг даргын зүгээс өөрийн эрх хэмжээний хүрээнд захиргааны актыг гаргасан. Нэхэмжлэл гэдэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нар хууль ёсны ямар эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн талаар тодорхойлж чадахгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох үүрэгтэй. 

Газрын 21 дүгээр зүйлийн 21.2.3-т Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан. Энэ тохиолдол нь зөвхөн шинээр газар эзэмшүүлж ашиглуулж байгаа тохиолдолд хэрэгждэг. Гуравдагч этгээдийн хувьд шинээр газар эзэмших эрх олж авсан зүйл байхгүй. Зөвхөн талбайн хэмжээг нэмэгдүүлсэн л асуудал. Тиймээс гуравдагч этгээдээс гаргасан хүсэлтийг Нийслэлийн Засаг дарга хууль тогтоомжид нийцүүлж шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч талаас орон сууц руу тулгаж газар олгосон гэдэг зүйлийг хэлж байгаа хэдий ч уг хэрэг маргаан нь Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжтай буюу талбайн хэмжээг нэмж олгосон захирамжтай маргаж байгаа учраас уг асуудал нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй асуудал байна. Мөн нэхэмжлэгч газрын төлбөрийн талаар тайлбарыг хэлж байна. Газрын төлбөрийн хэмжээг газар зохион байгуулагч тогтоодог ба тогтоож өгсний дагуу төлбөрийг төлөх үүрэг хүлээдэг харилцаа.

Мөн нэхэмжлэгч нар нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “Э” ХХК-ийн төлөөлөгч Д.Д, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., өмгөөлөгч А.М нар шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн С, Т нарын гаргасан өргөдлийн дагуу Цэцэг төвийн эзэмшил газарт Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2016 онд шалгалт хийсэн. 

Шалгалтын дүнгээр Цэцэг төв, А4 байрны хооронд байрлах газар нь “Э” ХХК-ийн эзэмшил бөгөөд тухайн хэсэгт батлагдсан Ерөнхий төлөвлөгөөний зургаас үзэхэд авто замын орц гарц байхаар тусгагдаагүй байна гэсэн дүгнэлт гарч 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн № ******* тоот албан бичгээр маргалдагч хоёр талд хариу өгсөн.

Гуравдагч этгээдийн хувьд “К” ХХК-нд Нийслэлийн 2001 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 564 дүгээр захирамжаар 0.8 га газрыг ашиглах зөвшөөрлийг олгосон байдаг бөгөөд компани нэрээ сольсонтой холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын 2008 оны 352 дугаар захирамжаар газрыг “Э” ХХК-д шилжүүлсэн байдаг. Маргаж буй газар нь 2001 оны кадастрын зургаас үзэхэд нийтийн эзэмшлийн талбай биш гэдэг нь маш тодорхой харагдаж байгаа. 2009 оны 22 дугаар захирамжаар талбайн хэмжээ яагаад 883 м.кв болсон гэхлээр холбогдох байгууллагаас хэмжилт хийхдээ алдаа гаргасан зүйл байсан бөгөөд энэ нь ч шинжээчийн дүгнэлтээр тодорхой болж байна. Газрыг анх олгохдоо гаргасан хэмжилтийн алдааг засуулахаар гуравдагч этгээдийн зүгээс хүсэлт гаргаж холбогдох байгууллагаас шийдвэрлэж өгсөн үйлдэл нь 117 м.кв газрыг нэмж олгосон хэрэг биш, нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн зүйл байхгүй гэдэг нь харагдаж байна.

Нэхэмжлэгч тал нийслэлийн Засаг даргын захирамжийг илт хууль бус болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх энэ хүрээнд л хэргийг хянах ёстой гэж үзэж байна.

Орон сууц эзэмшигч нь Сууч өмчлөгчдийн тухай хуулиар орчны газрыг эзэмших эрх нь нээлттэй байдаг. Гэтэл ийм ажиллагаа хийсэн зүйл огт байхгүй хэрнээ баахан гарааш л барьсан. Өөрсдийн газрыг баталгаажуулаагүй хэрнээ олон жил уг газарт үйл ажиллагаа явуулж байгаа хүний газар луу дайрч байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нарын ямар эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн юм. Энэ талаар ямар нотлох баримт байгаа юм. Нотлох баримт байвал хэргийг материалд өгөх байсан. Гуравдагч этгээдийн зүгээс нотлох баримтыг шүүхэд хангалттай өгсөн. Тиймээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага биелэгдэх ямар ч боломжгүй байхгүй гэдэг нь харагдаж байна. Маргааны гол зүйл бол газар. Гэтэл Газрын тухай хуулийн талаар юу ч яриагүй хэрнээ миний эрхэнд халдаж байгаа нь үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Д, П.С, Х.Т, О.О, Ц.А нар анх “...Нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, орц гарцыг чөлөөлөх ажиллагааг хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамжаар “Э” ХХК-д 766 м.кв газрыг 883 м.кв болгон 117 м.кв-аар нэмэгдүүлсэн хэсгийг илт хууль бусад тооцуулах” гэж эцсийн байдлаар тодруулсан тул шүүх энэ шаардлагын хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэн, хэргийг шийдвэрлэлээ.

 

1. Нийслэлийн Засаг даргын 1996 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/140 дүгээр захирамжаар “К” ХХК-д Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0.01 га газрыг Цэцгийн дэлгүүрийн зориулалтаар 4 жилийн хугацаатай ашиглуулж, гэрчилгээ олгож, гэрээ байгуулжээ. 

  Улмаар “К” ХХК-иас тус газартаа барилга барих хүсэлт гаргасныг үндэслэн Нийслэлийн Засаг дарга 2000 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Барилгын байршил тогтоох тухай” А/62 дугаар захирамжаар 0.034 га газрыг барилгын зориулалтаар эзэмшүүлсэн, мөн “К” ХХК-ийн зэргэлдээх “Н” ХЭАА-н гутал засварын газрыг худалдан авсныг Нийслэлийн Засаг даргын 2001 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 564 дүгээр захирамжаар баталгаажуулан “К ХХК-нд 0.08 га газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар 4 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.

Дээрх Нийслэлийн Засаг даргын 2001 оны 564 дүгээр захирамжаар олгосон 0,08 га газрын Баталгаат хэмжээ тогтоосон акт, Газрын албаны мэргэжилтний үйлдсэн кадастрын зургийг нийт талбайн хэмжээг 766.5 м.кв, барилга 622.5, бусад газар 144 м.кв гэж, А-4 байрны урд хэсгийн хананд тулгах байдлаар үйлджээ. 

 

“К” ХХК хуулийн этгээдийн нэрээ “Э” ХХК болгон өөрчлөгдсөнтэй холбоотой Нийслэлийн Засаг дарга 2008 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 352 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг “Э” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн байна.

“Э” ХХК эзэмшил газрын хил заагийн хүрээнд кадастрын зураг хийлгэн, хэмжээг нарийвчлан тогтоолгон, улмаар газрын хэмжээг зөвтгөн “883.8 м.кв” болгон өөрчлөх” хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг дарга 2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” 22 дугаар захирамжаар “Э” ХХК-ийн эзэмшил газрын талбайн хэмжээг 883 м.кв болгосон байх тул уг захиргааны актыг “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч “...илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг хэрэглэн захиргааны актыг илт хууль бусад тооцох боломжтой” гэж маргах боловч 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Захиргааны ерөнхий хуулийг буцаан хэрэглэж Нийслэлийн Засаг даргын 2009 оны 564 дүгээр захирамжийг илт хууль бусад тооцох хууль зүйн үндэслэлгүй юм. 

 

Газрын тухай хуулийн (1992 он) 22 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалт, Газрын тухай хуулийн (2002 он) 21 дүгээр зүйлийн 21.2.4, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 24 дүгээр зүйлийн 24.2-д тус тус зааснаар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу ...газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах бүрэн эрхийг Нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэх учиртай.

Тухайн тохиолдолд, гуравдагч этгээд “Э” ХХК болон нэхэмжлэгч нарын оршин сууж байгаа А-4 дүгээр байр хоорондох маргаан бүхий 84 м.кв газар авто замын орц, гарц байхаар төлөвлөгдөөгүй, инженерийн шугам сүлжээ бүхий газар болох нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн 2005-2007, 2010-2015 онуудын ортофото, шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 09/225 болон Авто замын хөгжлийн газрын 2016 оны 10 дгаар сарын 07-ны өдрийн 3/1657 тоот албан бичиг, “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын Архитектур орон зайн төлөвлөлтийн зураг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Орц гарцын төлөвлөлтийн тухай” 1/1093 тоот албан бичиг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон. 

 

Мөн Нийслэлийн Засаг дарга 2008 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 352 дугаар захирамжийг гаргахдаа хэмжилтийн алдаа гарган, гуравдагч этгээдийн газрын хэмжээг “766.5 м.кв” хэмээн шийдвэрлэснээ залруулан 2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” 22 дугаар захирамжаар “883 м.кв” хэмээн зөвтгөн өөрчилснийг хууль бус гэж буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Нэхэмжлэгч “...ил задгай хог хаяж, дуу чимээ ихээр гаргах болсноор эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчсөн” гэх нэхэмжлэлийн үндэслэлээ энэхүү хэргийг хянан шийдвэрлэхэд дэмжээгүй, харин шүүх хуралдааны явцад “...Нийслэлийн Засаг даргын 2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамжаар “Э” ХХК-д 766 м.кв газрыг 883 м.кв болгон 117 м.кв-аар нэмэгдүүлсэн хэсгийг илт хууль бусад тооцуулах” гэж мэдүүлсэн тул шүүх хэргийн оролцогчдын маргаж буй хүрээнд эрх зүйн дүгнэлт хийсэн болно. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг тус тус үндэслэн иргэн Б.Д, Х.Т, П.Са, О.О, З.О, Ц.А нарын “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамжаар “Э” ХХК-д 766 м.кв газрыг 883 м.кв болгон 117 м.кв-аар нэмэгдүүлсэн хэсгийг илт хууль бусад тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг үндэслэн шинжээчийн зардал 1.616.615 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж “Э” ХХК-нд олгуулсугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Г.МӨНХТУЛГА