Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2017/0697

 

Б.Д, Х.Т, П.С, О.О,
З.О, Ц.А нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Б.Д, С.Т, П.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж, Д.Б, гуравдагч этгээд нарийн өмгөөлөгч А.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0527 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Д, Х.Т, П.С, О.О, З.О, Ц.А нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ныөдрийн 128/ШШ2017/0527 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг тус тус үндэслэн иргэн Б.Д, Х.Т, П.С, О.О, З.О, Ц.А нарын Нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамжаар "Э.Г" ХХК-д 766 м.кв газрыг 883 м.кв болгон нэмэгдүүлсэн хэсгийг илт хууль бусад тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хоёр. Нэхэмжлэгч П.С, О.О, Б.Д нар 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

...1. Бид эрх ашиг яаж хөндөгдөж байгаа талаар хангалттай нотлох баримтуудыг шүүхэд өгч шүүх бүтэн нэг жилийн хугацаанд хэргийг хянаж шийдвэрлэхдээ эрх ашиг нь хөндөгдөөгүй гэсэн утга бүхий шийдвэр гаргаж, бидний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь давхар хохироож байх тул энэхүү гомдлыг гаргаж байна.

Иргэд бид эрх ашгаа хөндөгдөж байгаа талаараа л шүүхэд хэлж мэдүүлж байсан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэгдэж байх явцад Захиргааны шинэ хууль гарсан ба Засаг даргын захирамж шийдвэрийг илт хууль бус гэж үзэх тухай яриа гарч, нэхэмжлэлээ ингэж гаргавал шүүх хурдан шийдвэрлэх юм болов уу гэж бодоцгоож захирамжийн "Э.Г" ХХК-д нэмж газар олгосныг бидний зүгээс буруу гэж үзэж байгаа бөгөөд хүчингүй болгох зорилготой байсан тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Гэтэл шүүх шийдвэртээ биднийг ...нэхэмжлэлийн үндэс болсон ил задгай хог хаяж, дуу чимээ ихээр гаргаж эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчсөн гэх нэхэмжлэлээ дэмжээгүй гэж ор үндэсгүй дүгнэсэн байна.

"Э.Г" ХХК-д ямар үндэслэлээр газрыг нэмж олгосон нь тодорхойгүй байсан ба шүүх Газрын албыг бараг л хэмжээг нь дутуу олгосон байсныгаа нэмж зөвтгөж шийдсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь 2008 онд уг газар нийтийн эзэмшлийн газар байсан болохыг Хот төлөвлөлтийн газрын ажилтан Нацагдорж гэдэг хүний тайлбар, албан тоотоо харагдаж байна.

"Э.Г" ХХК нь анх Цэцэг төв-ийг маш том талбай авч барьсан. Дараа нь өргөтгөлийн зөвшөөрлийг нь авч барьсан. Одоо үлдсэн маргааны зүйл болсон өчүүхэн талбайг яагаад оршин суугч бидэнд ашиглуулахаар үлдээж болдоггүй юм. Уг талбай бидэнд автомашины түгжрэл ихтэй үед орц гарц болохоос гадна инженерийн шугам сүлжээний гол хэсэг газар дор нь байрладаг. "Э.Г" ХХК нь газрыг гэрээнд зааснаар ашиглаагүй.

Одоогоор Цэцэг төвийг түрээсэлж буй "М" ХХК нь маш том оврын дуу чимээ бүхий хий, утаа ялгаруулдаг генератор байрлуулснаар иргэдийн тайван, аюулгүй, эрүүл агаарт амьдрах эрхийг зөрчиж байна. Ингээд бид нийтийн зориулалтаар ашиглагдах газрыг бусдад олгож болохгүй юм байна гэж үзэж шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Улсын Мэргэжлийн хяналтын газарт удаа дараа хандаж байсан ба хариуөгөхдөө ..."Э.Г" ХХК-ийн эзэмшил болсон байх тул газрыг чөлөөлөх боломжгүй гэдэг. Тайван амьдарч чадахгүй, байнга генераторын дуу чимээ сонсогдож, генератораас гарах эвгүй үнэр бүхий хий цонхоор орж, гэрт байгаа нялх хүүхэд, хөгшид унтаж чаддаггүй зэргийг харгалзан нэхэмжлэлийг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ

Нэхэмжлэгч Ц.Алтангэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тогоодулам 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

...1.Тухайн хэргийн бодит нөхцөл байдлыг буруу үнэлж, дүгнэсэн нь шүүх хэргийг тал бүрээс ньүнэн зөв, бодитой үнэлж дүгнэх гэсэн зарчмыг алдагдууллаа. Учир нь шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5 дахь талд ...2001 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай 564 дүгээр захирамжаар баталгаажуулан "К" ХХК-д 0.08 га газрыг худалдаа,үйлчилгээний зориулалтаар 4 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэсэн байна... гэсэн хэсэгт 0.08 га газар гэсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүй, тухайн захирамжийн хэсэгт 0.03 га гэж бичсээр байхад нотлох баримтыг гуйвуулан анхнаасаа 0.08 га газар байсан мэт дүгнэсэнд гомдолтой байна.

Мөн "Э.Г" ХХК-нь 2009 онд газрын хэмжээ алдаатай хийгдсэн хэмээн Нийслэлийн Засаг даргад удаа дараа хандсан байдаг ба ингэхдээ алдаатай болохыг дүгнэсэн эрх бүхий байгууллагын дүгнэлт байхгүй байхад тодорхой нотлох баримтгүй газрын хэмжээг хэлснээр нэмэгдүүлсэн, мөн 2001 оноос 2017 он хүртэл газрын төлбөр төлсөн баримтаа шүүхэд нотлох баримтаар ирүүлэхэд 766 м.кв газарт өнөөг хүртэл газрын төлбөр төлж байгаа зэрэг үндэслэлгүй шийдвэр, үйл ажиллагаа болсон мөн өнөө ч газрын төлбөр 766 м.кв-аар төлөгдсөөр байгаа зэрэг ач холбогдол бүхий нотлох баримтуудыг анхаарч үзээгүй шийдвэр гаргасан.

2. Тухайн шүүхийн шийдвэр нь хууль буруу хэрэглэж, нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхлыг илтээр хохироосон. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 6 дахь талд ...Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг хэрэглэн захиргааны актыг илт хууль бусад тооцох боломжтой гэж маргах боловч 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Захиргааны ерөнхий хуулийг буцаан хэрэглэж, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 564 дүгээр захирамжийг илт хууль бусад тооцох хууль зүйн үндэслэлгүй юм. гэсэн нь хууль буруу хэрэглэсэн явдал болжээ. Уир нь захиргааны актыг илт хууль бусад тооцох эсэх асуудал нь цаг хугацааны хувьд буцаж үйлчлэх боломжтой болохыг олон удаагийн хэлэлцүүлэг, тайлбарт тодорхойлсон.

Захиргааны актыг илт хууль бусад тооцох эсэх асуудалд хөөн хэлэлцэх хугацаа хамааралгүй болсон явдал нь захиргааны акт илт хууль бусад тооцох эрх зүйн зохицуулалт Захиргааны ерөнхий хуулиар буцажүйлчлэх боломжтой болохыг нотолсон хэрэг юм.

Нийслэлийн Засаг даргын 22 дугаар захирамж нь Газрын тухай хуулиар холбогдох дүүргийн Засаг даргын саналыг аваагүй, газрын хэмжээг нэмж олгосон нь ямар нэг шинээр газар олгох харилцаа үүсээгүй, тухайн газар нь тухайн жилийн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөнд тусгагдаагүй байтал тодорхой нотлох баримтгүй нийтийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт газрын хэмжээ, байршилд өөрчлөлт оруулах нэрээр 117 м.кв газрыг нэмж олгосон шийдвэр нь захиргааны байгууллагаас гаргасан илт хууль бус шийдвэр болсон учир бидний зүгээс дээрх шийдвэрийг илт хууль бусад тооцож, хүчингүй болгож өгөхийг хүссэн.

Гэвч шүүхээс нөхцөл байдлыг буруу үнэлж, захиргааны акт илт хууль бус эсэх асуудлыг хууль, эрх зүйн хувьд буруу тайлбарлан хэрэглэсэнд харамсалтай байна.

Мөн тухайн газарт газрын хэмжээг нэмж олгосон асуудал нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээнд хамаарч байгаа мэтээр тайлбарласан нь хууль, эрх зүйн хувьд ноцтой төөрөгдөлд оруулах шийдвэр болсон. Учир нь Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалт нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй холбоотойгоор үүссэн харилцааг зохицуулахад чиглэсэн зохицуулалт болохоос биш 2001 онд шийдвэрлэсэн газрын асуудал хамааралгүй юм. Шүүхийн шийдвэрийн 6 дахь нүүрт ... Нийслэлийн Засаг даргын 2009 оны 564 дүгээр захирамжийг илт хууль бусад тооцох хууль зүйн үндэслэлгүй юм гэсэн хэсэгт нэхэмжлэгчид бидний зүгээс 564 дүгээр захирамжтай огтоос маргаагүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр алдаатай бичигдсэн хэрэг болно. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0527 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Т 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

...А-4 байрны 26 тоотод оршин суух Х.Төгс би байрныхаа нэр бүхий оршин суугчдын хамт байрны урд талын газрыг "Э.Г" ХХК-д Нийслэлийн Засаг дарга олгосныг эс зөвшөөрч шүүхэд хандаж, эрх ашиг маш ихээр зөрчигдөж байгаа тухайгаа мэдүүлсэн боловч шүүх бидний эрх ашгийг зөрчигдөөгүй байна гэжүзэж шийдсэнд гомдолтой байна.

Байрны айлуудын цонхонд тулгаж газар олгож байгааг ойлгохгүй байна. Уг газарт хог хаяж, дуу чимээ, утаа, үнэр гаргадаг генератор байрлуулж, инженерийн шугам, сүлжээ хаасан, орц гарцыг хааж, биднийг хохироож байгааг мэдүүлсээр байхад шүүх уг байдлыг дэмжээгүй гэж шүүхийн шийдвэрт бичсэн нь үндэслэлгүй юм.

Төрийн байгууллага газрын хэмжээг алдаатай олгосон гэж байгааг зөвшөөрөхгүй. Шийдвэрийг хүчингүй болгож, бидний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Д, Х.Т, П.С, О.О, З.О, Ц.А нараас Нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, орц гарц чөлөөлөхийг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамжаар "Э.Г" ХХК-д 766 м.кв газрыг 883 м.кв-аар нэмэгдүүлсэн хэсгийг илт хууль бусад тооцуулах-аар өөрчилсөн байна.

Нэхэмжлэгч нараас маргаж буй газрыг нийтийн эзэмшлийн авто зам болгож, орц гарц гаргуулах, тухайн газарт ил задгай хог хаяж, дуу чимээ их гарах болсноор эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна хэмээн маргаж буй актын холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлон маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх маргаж буй газарт Нийслэлийн Засаг даргын 1996 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/140 дүгээр захирамжаар "К" ХХК-д Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0.01 га газрыг Цэцгийн дэлгүүрийн зориулалтаар 4 жилийн хугацаагаар ашиглуулахаар гэрээ байгуулагдаж гэрчилгээ олгогдсон байх ба уг газарт барилга барих хүсэлт гаргасныг үндэслэн мөн Засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/62 дугаар захирамжаар 0.034 га газарт барилга барихыг зөвшөөрчээ.

Дараа нь уг газрын зэргэлдээх "Н" ХЭАА-н гутал засварын газрыг шилжүүлэн авсныг Нийслэлийн Засаг даргын 2001 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 564 дүгээр захирамжаар газрын хэмжээг 0.08 га газраар баталгаажуулан эзэмшүүлсэн байна. Улмаар "К" ХХК нь "Э.Г" ХХК болж нэрээ өөрчилсөнтэй холбогдуулан мөн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 352 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг "Э.Г" ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

Шилжүүлэн эзэмшүүлэхдээ газрын хэмжээг буруу тооцсон тул кадастрын зургийн алдааг залруулах хүсэлтийг "Э.Г" ХХК-иас Нийслэлийн газрын албанд гаргасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамжаар "Э.Г" ХХК-д үйлчилгээний зориулалтаар 883 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4-д заасантай нийцсэн байна.

Учир нь нэхэмжлэгч нарын орц гарц байх ёстой хэмээн маргаж буй газар нь нийтийн эзэмшлийн авто зам байхаар төлөвлөгдөөгүй болох нь хэрэгт авагдсан Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас ирүүлсэн ортофото зурагнууд, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, архитектур орон зайн төлөвлөлтийн зураг, шинжээчийн дүгнэлт, Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн техник эдийн засгийн үндэслэл, "Б.Э" СӨХ-ны ашиглах газрын зураг, тохижилтын схем зураг, анхны эзэмшигч "К" ХХК-ийн Цэцэг төвийн барилгын батлагдсан ерөнхий төлөвлөгөөний зураг болон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Автозамын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын тайлбар, албан бичгүүдээр тогтоогдсон байна.

Улмаар нэхэмжлэл гаргасан нэр бүхий иргэдээс маргаж буй газрыг нийтийн эзэмшлийн зам болгож, орц гарц гаргах талаар мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гаргуулахаар өргөдөл гаргасан байх бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1/1093 дугаар албан бичгээр Цэцэг төв болон орон сууцны А4 дүгээр байрны хооронд нийтийн эзэмшлийн авто замын орц гарц гаргах боломжгүй талаар хариу ирүүлсэн байна.

Маргаж буй газарт байрлах цахилгаан үүсгэврийн дуу чимээ ихтэй талаар нэхэмжлэгч нараас гомдол гаргасны дагуу уг цахилгаан үүсгэврийн дуу чимээг зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл буулгах тусгаарлах зориулалт бүхий тоосгон байрыг гадна талаар нь барьж, байнгын ажиллагаатай бус зөвхөн цахилгаан тасалдсан тохиолдолд ажиллах горимтой 123 хоногт нийт 6 цаг ажилласан талаарх уг цахилгаан үүсгэврийг ашигладаг "М.Ц" ХХК-аас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн албан бичиг хэрэгт авагдсан байна.

Дээрх байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч нараас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх илт хууль бус захиргааны акт болох нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0527 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ