Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2020/0606

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, өмгөөлөгч Б.Х нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 539 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 539 дүгээр шийдвэрээр: Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.28, 21 дүгээр зүйлийн 21.1, 27 дугаар зүйлийн 27.1, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг баримтлан “Экспресстрейд” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний А/237 дугаар тушаалын 4 дэх хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн, зөрчсөн тухайд: Шүүх Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь хэсэгт “усны хайгуул, судалгаа хийх мэргэжлийн байгууллагын эрх олгох, цуцлах” гэж заасан сайдын бүрэн эрх, Засгийн газрын 2016 оны 137 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журам”-ын 3.12.5 дахь хэсэгт “мэргэжлийн байгууллагын эрх авсан аж ахуйн нэгж, байгууллага нь үйл ажиллагаандаа ноцтой алдаа, дутагдал гаргасан, эрх мэдлээ хэтрүүлсэн, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөн бол” мэргэжлийн байгууллагын эрхийг сайд хүчингүй болгоно гэж заасныг буруу хэрэглэж байна. Нэгэнт мэргэжлийн байгууллага зөрчлийг тогтоосон бөгөөд мэргэжлийн хяналтын газрын шийдвэрт нэхэмжлэгч хуульд заасны дагуу гомдол гаргаагүй байдаг. Нотлох баримтыг дутуу үнэлсэн, хэт нэг талыг баримталж дүгнэсэн тухайд: Нэхэмжлэгч компани нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр худаг ухсан, ус ашигласан зөрчил гаргасан талаар Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2019 онд санал ирүүлсэн. Энэхүү саналыг яаманд ирүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн дагуу тайлбар, мэдүүлгийг “Э” ХХК-ийн төлөөллөөс авч ажиллан, зөрчлийг тогтоосон байдаг. Үүнийг шүүх нэхэмжлэгч энэ зөрчлийг гаргаагүй байна гэж дүгнэж байгаа нь мэргэжлийн хяналтын байгууллагын саналыг үнэлэхгүй, мэргэжлийн хяналтын байгууллагын саналд гомдол гаргаж явах хугацаа өнгөрсөн байгааг харгалзан үзэхгүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/237 дугаар тушаалын 4 дэх хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “худаг гаргах зөвшөөрлийг газар эзэмшигч буюу ус хэрэглэгч өөрөө хүсэлтээ гаргаж эрх бүхий байгууллагаас авахаар хуульчилсан, цооног өрөмдөх эрх бүхий мэргэжлийн байгууллага зөвшөөрөл гаргуулах үүрэг хүлээгээгүй, бусдын худаг гаргахдаа зөвшөөрөл аваагүй үйлдлийг худаг гаргаж өгсөн мэргэжлийн байгууллагад нялзаан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж маргажээ.

Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/237 дугаар тушаалд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэг, Засгийн газрын 2006 оны 137 дугаар тогтоолоор баталсан “Аж ахуйн нэгж, байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журам”-ын 3.5, 3.12.5 дахь хэсэгт заасныг тус тус баримталж, 4 дэх заалтад “Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 302 дугаар албан бичгийг үндэслэн зөвшөөрөлгүй газар цооног өрөмдөж, худаг гаргасан” гэх үндэслэлээр “Э” ХХК-нд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/13 дугаар тушаалаар олгосон “Цооног өрөмдөх, сэргээн засварлах, тоноглох” усны мэргэжлийн эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1-д “Ой, амьтан, ус, ашигт малтмал зэрэг байгалийн баялаг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх асуудлыг хуулиар болон төрийн захиргааны төв байгууллагаас олгосон эрхийн дагуу эрхлэн зохицуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг мэргэжлийн байгууллага гэнэ”, 2-т “Мэргэжлийн байгууллагад энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйл ажиллагааг эрхлэн зохицуулах эрх олгох журмыг Засгийн газар батална” гэж заасан, Засгийн газрын 2006 оны 137 дугаар тогтоолоор “Аж ахуйн нэгж, байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журам”-ыг баталсан зэргээс үзвэл усны мэргэжлийн байгууллагын эрх зүйн байдал, түүнд эрх олгох болон мэргэшсэн үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулсан зохицуулалтыг агуулсан гэж үзнэ.

Харин  Усны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Усны хайгуул, судалгаа явуулах, цооног өрөмдөх, усны барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, түүнийг барих, тоноглох, ус хэмнэх технологи нэвтрүүлэх, усны шинжилгээ, аудит хийх ажлыг усны мэргэжлийн  байгууллага гүйцэтгэнэ” гэж заасныг усны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон ерөнхий зохицуулалт гэж ойлгох бөгөөд хуулийн 21.3-т зааснаар усны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны чиглэл, гүйцэтгэх үүргийг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар байх боловч Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А-307 дугаар тушаалаар батлагдсан “Усны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны чиглэл, гүйцэтгэх үүрэг”-ийг тодорхойлсон журам хүчингүй болжээ.

Иймд усны мэргэжлийн байгууллагын эрхийг хүчингүй болгосон маргаан бүхий энэ тохиолдолд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтууд болон Засгийн газрын 2006 оны 137 дугаар тогтоолоор батлагдсан журам хэрэглэгдэнэ гэж ойлгох бөгөөд анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй төдийгүй журмын зохицуулалтыг хэлбэрийн төдий өнгөц дүгнэж  “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэргэжлийн байгууллага хариуцсан нутаг дэвсгэртээ дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: 5-д “байгалийн баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад технологийн хяналт тавих, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх”, 8-д “байгалийн баялгийг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах, арчлах, тэдгээрийг ашиглан хууль тогтоомжид заасан журмын дагуу үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх” гэж усны мэргэжлийн байгууллагын хэрэгжүүлэх үүргийг тодорхойлсон байх атал Усны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Цооног өрөмдөх, худаг гаргах, голоос суваг шуудуу татах зөвшөөрлийг ус хэрэглээний тоо хэмжээ, чанарыг үндэслэн аймаг, нийслэлийн байгаль орчны алба ус хэрэглэгчид олгоно” гэж заасныг зөрчиж зөвшөөрөл аваагүй этгээдийн газар дээр гүний худгийн цооногийн өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэсэн нь дээр дурдсан усыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхэд шаардлагатай үйл ажиллагааг хэрэгжүүлсэн гэж үзэхгүй.

Тодруулбал, Усны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан зөвшөөрлийг авах нь ус хэрэглэгч “Х” ХХК-ийн үүрэг гэж шүүхийн дүгнэсэн нь зөв боловч зөвшөөрөл аваагүй хэн нэг этгээдийн заасан газарт цооног өрөмдөх нь хуулиар хүлээсэн байгалийн баялгийг хамгаалах, зохистой ашиглах үндсэн чиг үүрэгтэй нь зөрчилдөж байгааг анхаараагүй нь буруу байна.

Түүнчлэн, цооног өрөмдөх үйл ажиллагааг усны мэргэжлийн байгууллагын эрхтэй этгээд хэрэгжүүлэхээс гадна тухайн газар дээр цооног өрөмдөх нь зайлшгүй эрх бүхий этгээдээс олгогдсон зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжих цогц үйл ажиллагаа байх атал гэрээ байгуулсан бол хэний ч газар дээр цооног өрөмдөх эрхтэй мэтээр тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгааг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Засгийн газрын 2006 оны 137 дугаар тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журам”-ын 4.2.1-д мэргэжлийн байгууллагад байгаль орчны хууль тогтоомжийг мөрдөж ажиллахыг үүрэг болгосон, зөвшөөрөлгүй газарт цооног өрөмдсөн нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар хүлээсэн үүрэгт нийцээгүй, Усны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг зөрчигдсөн энэ тохиолдолд журмын 3.12 дугаар зүйлийн 3.12.5-д заасан “мэргэжлийн байгууллагын эрх авсан аж ахуйн нэгж, байгууллага нь үйл ажиллагаандаа ноцтой алдаа, дутагдал гаргасан, эрх мэдлээ хэтрүүлсэн, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөн бол” гэх үндэслэл бүрдсэн гэж үзэх бөгөөд уг үндэслэлээр мэргэжлийн байгууллагын  эрхийг  хүчингүй болгосон захиргааны шийдвэр хууль зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Мөн Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 302 дугаар албан бичгээр “зөвшөөрөл олгогдоогүй газарт цооног өрөмдсөн” гэх үйл баримт тогтоогдсон гэж үзэхээр байх тул хариуцагч захиргааны байгууллага бодит нөхцөл байдлыг дахин тогтоох шаардлагагүй, харин Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг зөрчиж сонсох ажиллагаа явуулаагүй нь буруу боловч энэ нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг үгүйсгэх, маргаан бүхий актын холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй байна.

Иймд хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 539 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож,  Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/237 дугаар тушаалын 4 дэх хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                ШҮҮГЧ                                                         Д.Батбаатар      

                ШҮҮГЧ                                                        Э.Лхагвасүрэн    

                ШҮҮГЧ                                                         О.НОМУУЛИН