Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2020/0539

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э ХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/******* дугаар тушаалын 4 дэх хэсгийг хүчингүй болгуулах

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Х ХХК-тай өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 2019 оны 4 дүгээр сард Сүхбаатар аймгийн ******* суманд захиалагчийн эзэмшлийн газарт өрөмдлөгийн ажил хийх үеэр Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийгдсэн. Уг хяналт шалгалтын үеэр зөвшөөрөлгүй худаг гаргаж байна гэх маргаан эхэлсэн. Х ХХК-ийн захирал зөвшөөрөл авсан гэж тайлбарлаж байсан. Гэрээгээрээ худаг гаргах зөвшөөрөл авах үүрэг нь Х ХХК-д хамааралтай байгаа. Ийнхүү тус шалгалттай холбоотойгоор Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2019 оны 302 дугаартай санал хүргүүлсэн байдаг. Уг саналд манай компани ямар хуулийн ямар заалтыг зөрчиж санал хүргүүлж байгаа нь тодорхойгүй байдаг. Дээрх саналын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А******* дугаар тушаалын 4 дэх заалтаар цооног өрөмдөх, сэргээн засах тоноглох усны мэргэжлийн эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тушаалын хууль зүйн үндэслэлийн тухайд маргаан бүхий актаар Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 21 дүгээр зүйлийн 21.4, Засгийн газрын 2006 оны 137 дугаар тогтоолоор баталсан Аж ахуйн нэгж байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журмын 3.5, 3.12 гэсэн заалтуудыг баримтлан манай тусгай зөвшөөрлийг цуцалсан байдаг. Үндэслэлийг тайлбарлавал Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т ... байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага усны харилцааны асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасны дагуу усны хайгуул судалгаа хийх, мэргэжлийн байгууллагын эрхийг цуцлах гэж заасанчлан Байгаль орчны сайд уг эрхийг цуцлах эрхтэй юм. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т ...усны мэргэжлийн байгууллагын эрхийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 5 жилийн хугацаагаар олгоно. Үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд уг зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар сунгана гэсэн. Засгийн газрын 2006 оны 137 дугаар тогтоолоор баталсан Аж ахуйн нэгж байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журмын 3.5-д ...мэргэжлийн байгууллагын эрх олгох шийдвэрийг байгаль орчны асуудал эрхэлсэн сайд гаргана гэсэн заалт нь уг тушаалын үндэслэлд байгаа нь ойлгомжгүй байгаа. Учир нь энэ актаар байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалж байж эрх олгосон заалтыг баримталсан байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Уг журмын 3.12-т ...хариуцсан мэргэжлийн байгууллагын эрхийг дараах тохиолдолд хүчингүй болгоно. Уг журмын 3.12.5-д мэргэжлийн байгууллагын эрх авсан аж ахуйн нэгж байгууллага нь үйл ажиллагаандаа ноцтой алдаа дутагдал гаргасан, эрх мэдлээ хэтрүүлсэн холбогдох дүрэм журмыг зөрчсөн бол мэргэжлийн байгууллагын эрхийг хүчингүй болгоно гэж зохицуулсан. Манай байгууллагыг ямар үндэслэлээр ноцтой алдаа дутагдал гаргасан, холбогдох хууль тогтоомж зөрчиж байна вэ гэдэг нь ойлгомжгүй байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах, 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах гэсэн заалтуудын дагуу хариуцагч байгууллага дээр дурдсан ажиллагаануудыг хийх ёстой байтал гол дурдсан үйл ажиллагаандаа ноцтой алдаа дутагдал гаргасан, эрх мэдлээ хэтрүүлсэн, холбогдох хууль тогтоомж дүрэм журмыг зөрчсөн гэж заасан үндэслэлтэйгээ холбоотой нотлох баримт цуглуулаагүй, холбогдох ажиллагаанууд хийгээгүй гэж нэхэмжлэгчийн хувьд үзэж байна. Манай компанийн хувьд Аж ахуйн нэгж байгууллагад байгаль орчин мэргэжлийн байгууллагын эрх олгох журмын 4 дүгээр зүйлийн 4.1.1-т зааснаар ...гэрээний үндсэн дээр тухайн үйл ажиллагааны чиглэлийн мэргэжлийн ажлыг аж ахуй нэгж байгууллагын захиалгаар хийж гүйцэтгэх эрхтэй гэж заасны дагуу 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Х ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1-р баг Ногоон даваа, Хайлан ар гэх газруудад газрын цооног өрөмдөж худаг гаргаж өгсөн байгаа. Мөн Усны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар ... худаг гаргах зөвшөөрлийг газар эзэмшигч буюу ус ашиглагч өөрөө хүсэлтээ гаргаж зөвшөөрөл авахаар хуульчлагдсан. Цооног өрөмдөх эрх бүхий мэргэжлийн байгууллага худаг гаргах зөвшөөрөл авах эрх үүрэг Усны тухай хуулиар зохицуулагдаагүй. Х ХХК нь худаг гаргах зөвшөөрлөө мэргэжлийн байгууллагаас аваагүй нь манай компанийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл цуцлах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Хариуцагч байгууллага нь ус хэрэглэгч буюу Х ХХК-ийн ус хэрэглэх зөвшөөрөл аваагүй үйлдлийг худаг гаргаж өгсөн мэргэжлийн байгууллага болох манай байгууллагад хамаатуулж, хуулийг буруу хэрэглэж, ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүйд хүргэсэн шийдвэрийг захиргааны байгууллагаас ямар ч хууль зүйн үндэслэлгүй гаргаж манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхолд ноцтойгоор халдаж байгаа тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А******* дугаар тушаалын 4 дүгээр хэсгийг хүчингүй болгож өгнө үү... гэв.

Хоёр. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Маргаж байгаа үйл баримтын гол агуулга нь ус ашиглах зөвшөөрөл авахгүйгээр худаг гаргасан гэдэг. Гэтэл Усны тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар худаг гаргах зөвшөөрлийг ус хэрэглэгч нь өөрөө авах ёстой. Ус хэрэглэгч гэдэг нь Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.28-д зааснаар ашиг олох зорилгогүйгээр унд ахуйн болон, гэр бүл, өрхийн хэрэгцээний мал амьтан, газар тариалан ус усан орчинг ашигладаг хэрэглэгчийг хэлнэ. Ус хэрэглэгч нь өөрөө зөвшөөрлөө аваад уг зөвшөөрлийн дагуу худаг гаргах үйл ажиллагаа явагдах ёстой. Нэхэмжлэгч компанийн хувьд Усны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан мэргэжлийн байгууллага юм. Уг мэргэжлийн байгууллага нь авсан зөвшөөрлийн дагуу аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулаад уг гэрээнийхээ дагуу худаг гаргаж ажилладаг байгууллага юм. Худаг гаргах, ус ашиглах зөвшөөрлийг нь Х ХХК авах ёстой байсан. Х ХХК нь Э ХХК-д зохих байгууллагуудаас нь худаг гаргах, ус ашиглах зөвшөөрлийг авсан гэж тайлбарласан байдаг. Ажил гүйцэтгэх гэрээний 1 дүгээр зүйлд худаг гаргах, ус хэрэглэх зөвшөөрлийг Х ХХК авахаар, Э ХХК зөвхөн ажил гүйцэтгэнэ гэж заасан байгаа. Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Аж ахуй нэгж байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл олгох журмын 4 дүгээр зүйлийн 4.1.1-т зааснаар манай байгууллагад захиалгаар худаг гаргах үүрэг нь байгаа. Энэ үүргийнхээ хүрээнд гэрээ байгуулаад гэрээнийхээ дагуу үйл ажиллагаагаа явуулсан. Манай байгууллагын буруутай үйл ажиллагаа байхгүй байхад манай байгууллагад бурууг нь нялзааж, үйл ажиллагаа явуулах саад учруулж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн маргаан бүхий сайдын тушаалтай холбоотойгоор Захиргааны ерөнхий хуульд заасан ямар ч захиргааны акт гаргах ажиллагаа хийгдээгүй, нөхцөл байдлыг тогтоогоогүй, сонсгох ажиллагаа хийгээгүй, зөвхөн саналыг үндэслээд хүчингүй болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан Х ХХК-д холбогдуулж үүссэн зөрчлийн хэрэгтэй холбоотой баримтуудаас харахад зөвшөөрөл авсан гэж худал хэлсэн компани нь зөвшөөрөл аваагүйнхээ төлөө 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгуулаад зүгээр өнгөрдөг гэтэл ажил гүйцэтгэж байгаа манай компани үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү... гэв.

Гурав. хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А******* дугаар тушаалаар зарим компанид эрх олгосон, зарим компанийн эрхийг хүчингүй болгосон. Уг тушаалын 4 дэх заалтаар нэхэмжлэгч Э ХХК-ийн эрхийг нь цуцалсан. Уг тушаалыг гаргахдаа Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйл 24.2, Усны тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 5, Засгийн газрын 2006 оны 137 дугаар тушаалыг үндэслэсэн. Усны тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар ...усны хайгуул, судалгаа хийх мэргэжлийн байгууллагын эрх олгох, цуцлах нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрх хэмжээний асуудал юм. Засгийн газрын 2006 оны 137 дугаар тогтоолын 3.12 дугаар зүйлийн 5-д ...мэргэжлийн байгууллагын эрх авсан аж ахуйн нэгж байгууллага нь үйл ажиллагаандаа ноцтой алдаа дутагдал гаргасан, эрх мэдлээ хэтрүүлсэн, холбогдох хууль тогтоомж зөрчсөн бол мэргэжлийн байгууллагын эрхийг хүчингүй болгоно гэж заасан эрх хэмжээнийхээ дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нэхэмжлэгч компанийн эрхийг цуцалсан байгаа. Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн санал хүргүүлэх тухай албан бичгийг үндэслэсэн. Байгаль орчны хяналтыг хэрэгжүүлдэг мэргэжлийн байгууллага нь мэргэжлийн хяналтын газар юм. Уг саналд дурдсанаар нэхэмжлэгч компани нь мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүй Х ХХК-тай гэрээ байгуулан худаг гаргаж өгсөн байдаг. Усны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т зааснаар худаг гаргах, ус шуудуу татах зөвшөөрлийг тухайн аймаг, нийслэлийн байгаль орчны газраас авна гэсэн байдаг. Нэхэмжлэгч компани нь аймгийнхаа байгаль орчны газраас зөвшөөрөл авалгүйгээр өрөмдлөгийн ажлыг хийж өгсөн. Э ХХК нь Хэ ХХК-ийг цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл авсан эсэхийг шалгах ёстой байсан гэж үзэж байгаа. Мэргэжлийн хяналтын алба Захиргааны ерөнхий хуулийн дагуу ажилласан гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т ...иргэн хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд сонсгох ажиллагаа хийхгүй гэж заасан. Манай зүгээс Сүхбаатар аймгийн мэргэжлийн хяналтын газрын санал, хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир манай байгууллага хууль зөрчөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/******* дугаар тушаалын 4 дэх хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дүгнэж шийдвэрлэв.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/13 дугаар тушаалаар Э ХХК-д Цооног өрөмдөх, тоноглох, сэргээн засварлах усны мэргэжлийн байгууллагын эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгожээ.

Э ХХК нь Х ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулан Сүхбаатар аймгийн ******* суманд байх захиалагчийн эзэмшил газарт гүний худгийг өрөмдөх ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцож, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тус гүний худгийг хүлээлцсэн байна.

Сүхбаатар аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай А/******* дугаар захирамжаар Сүхбаатар, *******, Мөнххаан сумдын отрын бүс нутагт дур мэдэн зөвшөөрөлгүй худаг ус гарган хашаа саравч барьж олон тооны адуу мал оруулж ирэн бэлчээрийн доройтол үүсгэж буй асуудалтай очиж танилцах, арга хэмжээ авах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ.

Дээрх захирамжийн дагуу мэргэжлийн хяналтын байцаагч 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр тухайн өрөмдлөгийн талбайд төлөвлөгөөт бус шалгалт явуулж, Э ХХК-ийг цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл аваагүй Х ХХК-ийн захирал Л.Б-д 2 худаг гаргаж өгсөн гэсэх үндэслэлээр Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 302 дугаар албан бичгээр Байгаль орчин аялал жуулчлалын яаманд Э ХХК-ийн цооног өрөмдөх, худаг гаргах эрхийг цуцалж түдгэлзүүлэх тухай саналыг хүргүүлсэн байна. Энэхүү саналд үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А/******* дугаар Усны мэргэжлийн байгууллагын эрх шинээр олгох, нэмж олгох, сунгах, хүчингүй болгох, статус өөрчлөх тухай тушаалаар Э ХХК-ийн Цооног өрөмдөх, сэргээн засварлах, тоноглох усны мэргэжлийн эрхийн дагуу үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцалсан байна.

Нэхэмжлэгчээс ...худаг гаргах зөвшөөрлийг газар эзэмшигч буюу ус хэрэглэгч өөрөө хүсэлтээ гаргаж, зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагаас авах ёстой, түүнчлэн маргаан бүхий актыг гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй гэж, хариуцагчаас нэхэмжлэгч компани нь мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр Х ХХК-тай гэрээ байгуулан худаг гаргаж өгсөн, мөн иргэн хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй... гэж маргажээ.

Аж ахуй нэгж, байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журмын 3 дугаар зүйлийн 3.12.5-д Мэргэжлийн байгууллагын эрх авсан аж ахуйн нэгж, байгууллага нь үйл ажиллагаандаа ноцтой алдаа, дутагдал гаргасан, эрх мэдлээ хэтрүүлсэн, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөн бол мэргэжлийн байгууллагын эрхийг хүчингүй болгохоор тусгажээ.

Дээрх хуулийн заалт нь мэргэжлийн байгууллагын эрх эзэмшигч нь хуулиар оногдуулсан үүргийг биелүүлээгүйгээс үүсэх хариуцлагын элементийг өөртөө агуулж байгаагаараа мэргэжлийн байгууллагын эрхийг цуцлах үндэслэл болох юм.

Усны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Цооног өрөмдөх, худаг гаргах, голоос суваг шуудуу татах зөвшөөрлийг ус хэрэглээний тоо хэмжээ, чанарыг үндэслэн аймаг, нийслэлийн байгаль орчны алба ус хэрэглэгчид олгоно, 3 дугаар зүйлийн 3.1.28-д ус хэрэглэгч гэж ашиг олох зорилгогүйгээр унд, ахуйн болон гэр бүл, өрхийн хэрэгцээний мал аж ахуй, газар тариаланд ус, усан орчинг ашигладаг хэрэглэгчийг хэлнэ гэж заасны дагуу ус хэрэглэгч Х ХХК нь энэхүү гүний худаг гаргах зөвшөөрлийг авахаар байна.

Харин Э ХХК нь Усны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Усны хайгуул, судалгаа явуулах, цооног өрөмдөх, усны барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, түүнийг барих, тоноглох, ус хэмнэх технологи нэвтрүүлэх, усны шинжилгээ, аудит хийх ажлыг усны мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасны дагуу усны мэргэжлийн байгууллага болно. Э ХХК нь дээр дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Аж ахуй нэгж, байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журмын 4 дүгээр зүйлд заасан Мэргэжлийн байгууллагын эрх, 5 дугаар зүйлд заасан Мэргэжлийн байгууллагын үүргээ тус тус зөрчөөгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нь Х ХХК худаг өрөмдөх зөвшөөрлийг холбогдох газруудаас авсан эсэхийг шалгахгүйгээр өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн боловч Аж ахуй нэгж, байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журмын 3 дугаар зүйлийн 3.12.5-д Мэргэжлийн байгууллагын эрх авсан аж ахуйн нэгж, байгууллага нь үйл ажиллагаандаа ноцтой алдаа, дутагдал гаргасан, эрх мэдлээ хэтрүүлсэн, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөн бол гэж заасныг зөрчсөн гэж үзэхээргүй, энэ талаар баримт тогтоогдохгүй байна.

Мөн Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Х ХХК-д холбогдуулан Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1-р баг Хайлантын ар, ногоон даваа нэртэй газруудад Цооног өрөмдөх, худаг ус гаргах зөвшөөрөл авалгүй хэрэгжүүлж байсан үйл ажиллагаанд зөрчлийн хэрэг үүсгэж, 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 0066080 дугаар шийтгэлийн хуудсаар цооног өрөмдөх зөвшөөрөлгүй газрын доорх усыг ашигласан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу 3,801,109.68 төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулсан атлаа адил үндэслэлээр Э ХХК-д мөн усны мэргэжлийн байгууллагын эрхийг нь цуцлах талаар Байгаль орчин аялал жуулчлалын яаманд санал хүргүүлсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж тус тус заажээ.

           Захиргааны байгууллага нь шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг өөрөө тогтоох үүрэгтэй бөгөөд энэ тохиолдолд хариуцагч нь Усны мэргэжлийн байгууллагын эрх шинээр олгох, нэмж олгох, сунгах, хүчингүй болгох, статус өөрчлөх тухай А/******* дугаар шийдвэрийг гаргахдаа зөвхөн Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Санал хүргүүлэх тухай 302 дугаар албан бичгийг үндэслэн, бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр гаргасан нь хуулийн дээрх заалтуудтай нийцээгүй байна.                 

Хариуцагчийн ...Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэлгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй гэж хуульчилсан гэж заасны дагуу Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул сонсох ажиллагаа хийгээгүй гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж зааснаар тухайн эрх ашиг нь зөрчигдөж буй этгээд болох Э ХХК-д мэдэгдэх мөн нотлох баримт, тайлбарыг хүлээн авч танилцсаны үндсэн дээр шийдвэр гаргах байжээ.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/******* дугаар тушаалын 4 дэх хэсэг нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Усны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 27 дугаар зүйлийн 27.1, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг баримтлан Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/******* дугаар тушаалын 4 дэх хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН