Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2016/00956

 

 

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2016/00956

Улаанбаатар хот

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1-40 тоотод байрлах МҮХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Монгол нэхмэл ХХК-ийн байранд байрлах Эх ган ХХК-д холбогдох

           Худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 100.936.875 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батчимэг хариуцагчийн өмгөөлөгчЧ.Гэрлээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчН.Батчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хариуцагчтай 2014 оны 11 дугаар сарын 11-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж 67.291.250 төгрөгийн үнэ бүхий 53.833 тонн арматурыг зээлээр худалдсан. Уг худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч тал барааны төлбөрийг бараа худалдан авснаас хойш 14 хоногийн дотор төлж дуусгана гэж заасны дагуу уг төлбөрөө төлөөгүй. МҮХК-ийн зүгээс удаа дараа төлбөрөө төлөхийг Эх Ган ХХК-иас шаардаж албан бичиг явуулж боломжит бүхий л арга хэмжээг авсан боловч ямар нэгэн хариу ирээгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гэрээ болон тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан төлбөр болох 67.291.250 төгрөг мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар худалдан авагч нь төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн 0.1 хувийн алдангийг гүйцэтгэгч тал төлнө гэж тохирсоны дагуу нийт алдангийг Иргэний хуулийн 232 заасанд нийцүүлэн үндсэн төлбөрийн 50 хувь буюу алдангид 33.645.625 төгрөг, нийт 100.936.875 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гэрлээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  МҮХК-д Эх Ган ХХК нь төлбөр төлөөгүй асуудал байгаа. 2014 оны 11 дугаар сарын 11-ний худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж 67.291 250 төгрөгийн үнэ бүхий 53 833 тонн Арматурыг зээлээр худалдан авсан тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч алданги 33 645 625 төгрөг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. Тухайн үед 53 833 тонн Арматур маш өндөр үнээр зээлийн гэрээ байгуулж авсан. Мөн манай компани зүгээс санхүүгийн асуудалд орсон байгаа тул алдангийн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаадҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч “МҮХК” ХХК хариуцагч “Эх ган” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 100.936.875 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2014 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр худалдах худалдан авах гэрээ бичгээр байгуулан 67.291.250 төгрөгний үнэ бүхий 53.833 тонн арматурыг хариуцагчид зээлээр худалдалдсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй тул үндсэн төлбөр 67.291.250 төгрөг, алданги 33.645.625 төгрөг, нийт 100.936.875 төгрөгийг шаардаж байна гэжээ.  

 

Хариуцагч тал хэлэхдээ ”... манай компани гэрээ байгуулсан гэдэгт маргаагүй бөгөөд үндсэн төлбөр болох 67.291.250 төгрөгийг зөвшөөрч байгаа боловч алданги 33.645.625 төгрөгийг зөвшөөрөхгүй.” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2014 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулан 67.291.250 төгрөгний үнэ бүхий 53.833 тонн арматурыг хариуцагчид зээлээр худалдалдсан боловч өнөөдрийг хүртэл үлдсэн төлбөрөө төлөөгүй, дээрхи гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн нь хэрэгт авагдсан Худалдах, худалдан авах гэрээ /хх4-5/, Тооцоо үлдэгдлийн баталгаа /хх6/, “МҮХК” ХХК-ийн борлуулалтын тооцоо /хх7/, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар /хх29/ болон зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан, талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээ байна гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасны дагуу хариуцагчаас арматур худалдсан төлбөрөө шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болон үндсэн төлбөр67.291.250 төгрөгийг төлөх талаар маргаагүй болно.

 

Харин 33.645.625 төгрөгийг төлөхгүй гэсэн хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбо отой баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх;”, 38 дугаар зүйлийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь  өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу хариуцагч өөрийн татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй буюу хэрэгт авагдсан бичгийн бусад баримт болон зохигчдын тайлбараар тус тус тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч хариуцагчийг төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хариуцагчаас алданги шаардаж байна гэсэн нь зохигчдын хооронд байгуулсан Худалдах худалдан авах гэрээний 5.4 дахь хэсэг /хх4-5/, Тооцоо үлдэгдлийн баталгаа /хх6/, “МҮХК” ХХК-ийн борлуулалтын тооцоо /хх7/ болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 5.4 дэх хэсэг,  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт “анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж тус тус заасны дагуу анзын хэмжээ 50 хувиас хэтэрч болохгүй хуулийн шаардлагад нийцүүлэн алдангийн хэмжээг нэхэмжлэгч шаардах үндэслэлтэй байна.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд100.936.875 төгрөгийг хариуцагч “Эх ган” ХХК-с гаргуулан нэхэмжлэгч “МҮХК” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

           

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 662.634 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 662.634 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХнь:

           

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “Эх ган” ХХК-с 100.936.875 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МҮХК” ХХК-д олгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 662.634 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Эх ган ” ХХК-с 662.634 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МҮХК” ХХК-д олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ талууд биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.АРИУНХИШИГ