Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 158

 

МҮХК ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2016/00956 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: МҮХК ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Эх Ган ХХК-д холбогдох

 

Худалдах худалдан авах гэрээний үүрэг, алданги нийт 100 936 875 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Жамъянсүрэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Батчимэг

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Бадамжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МҮХК ХХК нь Эх Ган ХХК-тай  2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж 67 291 250 төгрөгийн үнэ бүхий 53 833 тонн арматурыг худалдсан. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар худалдан авагч тал барааны төлбөрийг бараа худалдан авснаас хойш 14 хоногийн дотор төлж дуусгах, уг хугацаанд төлбөрөө төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд  гүйцэтгээгүй үүргийн үнийн 0,1 хувийн алдангийг тооцохоор тохиролцсон. Хариуцагч төлбөрөө төлөөгүй тул төлбөр 67 291 250 төгрөг, алдангид 33 645 625 төгрөг, нийт 100 936 875 төгрөгийг  гаргуулж өгнө үү  гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээ байгуулагдсан. Нийт 67.291 250 төгрөгийн үнэ бүхий 53 833 тонн арматурыг худалдан авсан. Харин алданги 33 645 625 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед 53 833 тонн арматур маш өндөр үнээр нийлүүлэгдсэн, хариуцагч компани санхүүгийн хүндрэлтэй байгаа. Үндсэн төлбөрөө төлнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “Эх ган” ХХК-с 100.936.875 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МҮХК” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 662.634 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Эх ган” ХХК-иас 662.634 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МҮХК” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Жамъянсүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, процессийн ноцтой алдаа гаргасан. Хариуцагч нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамжаргал болон өмгөөлөгч нараас татгалзаж шинэ итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилсон. Гэтэл анхан шатны шүүх шинэ төлөөлөгчид хэргийн материалтай танилцах боломжит хугацаа олголгүй хэргийн материалыг шүүх хуралдаан дээр танилцуулж улмаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн.

Зохигчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй атлаа хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т зааснаар  татгалзлаа  нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж алдаатай дүгнэсэн. Мөн шүүхийн шийдвэрт хариуцагчийн төлөөлөгч Ч.Гэрлээг өмгөөлөгч гэж буруу тодорхойлсон. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж  чадаагүй боловч зөвтгөн өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ. 

 

            Нэхэмжлэгч “МҮХК” ХХК нь хариуцагч “Эх Ган” ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг, алдангид нийт 100 936 875 төгрөг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч арматур өндөр үнээр нийлүүлэгдсэн, санхүүгийн хүндрэлтэй байгаа тул  алдангийг хариуцахгүй гэж маргажээ.

 

            “МҮХК” ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн бичгийн гэрээгээр  хариуцагчид барилгын арматур төмөр нийлүүлэх, “Эх Ган” ХХК нь барааны үнийг бараа бүтээгдэхүүн нийлүүлэгдсэнээс хойш 14 хоногийн дотор төлөх үүргийг тус тус хүлээсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсчээ. /х.х-ийн 4-5 дугаар хуудас/

 

            Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлж 67 291 250 төгрөгийн үнэ бүхий арматурыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн, “Эх Ган” ХХК нь барааны үнэ 67 291 250 төгрөгийг төлөөгүй үйл баримтад зохигч маргаагүй.

 

Талууд гэрээнийхээ 4.1-т “барааны төлбөрийг бараа хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор төлж дуусгах, хэрэв дээрх хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох”-оор тохиролцсон байх тул нэхэмжлэгчийн хувьд хариуцагчаас гэрээний үүргийг хугацаа хэтрүүлсний алдангийг гаргуулахаар Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Үүний тулд гэрээний дагуу эд хөрөнгийг хариуцагч хүлээн авсан хугацаа тодорхой байх шаардлагатай байна.

 

            Гэрээ байгуулсан өдрөө барааг хүлээлгэн өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, барааг хүлээлгэн өгсөн гэх нөхцөл байдал гэрээнд тодорхой заагдаагүй, харин барааг хүлээлгэж өгсөн өдрөөс хойш 14 хоногийн дотор хариуцагч төлбөрийг төлөх үүрэгтэй гэсэн ерөнхий заалттай байна. Хэргийн 7 дугаар талд авагдсан борлуулалтын тооцоо гэх баримтад хариуцагч байгууллагын зүгээс гарын үсэг зурагдаагүй, энэхүү нэг талын үйлдсэн баримтыг хариуцагчийн бараа хүлээн авсан өдөр, түүнтэй холбоотойгоор төлбөр төлөх үүргийн хугацааг тодорхойлоход хамааралтай нотлох баримт гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцэхгүй юм.

 

Талууд тооцооны үлдэгдлийн баталгааг бичгээр үйлдэж, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд гэрээний дагуу өгч, авалцсан зүйлээ хоёр байгууллагад мөрдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж, 67 291 250 төгрөгийн үлдэгдэлтэй болохоо баталгаажуулж, хоёр талаас гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан /х.х-ийн 6 дугаар хуудас/ бөгөөд уг баримтаар барааг хүлээлцсэн гэх үйл баримт давхар нотлогдож байна. Гэвч уг баримтад барааг нийлүүлсэн хугацааг тодохой заагаагүй, харин уг баримтыг үйлдсэн огноог заасан байна. Бараа нийлүүлсэн өдөр тодорхой бус боловч уг баримтыг үйлдсэн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар бараа нийлүүлэгдсэн байсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд талуудын гэрээний 4.1, 5.4 дэх заалтуудыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасан үгийн шууд утгаар тайлбарлан, тооцоо нийлсэн баримт үйлдсэн уг өдрөөс 14 хоногоор тооцон 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гэхэд хариуцагч төлбөр төлөх үүргээ гүйцэтгэх, барааний үнийг төлөх ёстой байсан гэж үзнэ. Иймд хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс нэхэмжлэл гаргасан 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны 84 хоногийн алдангийг гэрээний төлөгдөөгүй үнэ 67 291 250 төгрөгт хоногт 0,1 хувиар тооцон шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн гэж үзэхээр байна.

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дах хэсэгт зааснаар хэлэлцэн тохирсон барааны үнэ 67 291 250 төгрөг, алдангид 5 652 444 төгрөг /67 291 төгрөг х 84 хоног/, нийт 72 943 694 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчид анхан шатны шүүхээс эрхээ бүрэн эдлэх хугацааг хангалттай буюу 47 хоног олгосон, залгамж чанарынхаа дагуу сүүлд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гэрлээ хэргийн материалтай бүрэн танилцсан, цаг хугацааны хувьд эрхээ бүрэн эдлэх боломж олгоогүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Гэвч давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзэх зарчмын дагуу алдангийн хэмжээг багасгаж шийдвэрт өөрчлөлт оруулав. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг өмгөөлөгч гэж ташаа тусгасан байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2016/00956 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “100 936 875” гэснийг “72 943 694” гэж, “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 27 993 181 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “Эх Ган ХХК-иас 662 634” гэснийг “Эх Ган ХХК-иас 522 668” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Эх Ган” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 662 634 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                            ШҮҮГЧИД                                     М.НАРАНЦЭЦЭГ

                                                                    Ш.ОЮУНХАНД