| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2017/0324/З |
| Дугаар | 544 |
| Огноо | 2017-07-14 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 14 өдөр
Дугаар 544
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г овогт Т-н Л-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох,
Хаяг: Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэсний гудамж 5/2, Засгийн газрын 2 дугаар байр.
Нэхэмжлэлийн шаардлага: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/14, Б/16 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Л болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.О нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Б/14 дугаар тушаал гаргаж 01 дүгээр сарын 16-ны өдрөөр дуусгавар болгон Мөнххайрханы БЦГ-ын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалаас бууруулсан шийтгэл ногдуулж, мөн өдрөө Б/16 тоот тушаал гарган Т.Л намайг тус газарт хамгаалалтын захиргааны мэргэжилтнээр томилж, уг хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд М-ийн О-г түр орлон гүйцэтгэгчээр томилсон эдгээр захиргааны актууд нь Төрийн жинхэнэ албан хаагч Т.Л миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул шударга шүүхэд хандсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гаргасан хууль бус шийдвэрийн талаар Төрийн албаны зөвлөлд 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тус тус бичгээр хандсан боловч миний гомдлыг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх салбар зөвлөлд шилжүүлсэн байсан.
Мөн би Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гомдол гаргасан боловч ямар нэгэн хариуг хэн нэгэн албан тушаалтан өгөхгүй байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон” гэсэн 2 үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болохоор заасан байна. Миний хувьд физик-математикийн багш, Байгаль хамгаалал-экологийн мэргэжилтэй, Газар зүйн ухааны магистр зэрэгтэй бөгөөд улсад 31 жил, Төрийн албанд 27 жил, үүнээс Мөнххайрханы БЦГ-ын хамгаалалтын захиргааны даргаар 2006 оны 8 дугаар сарын 01-нээс 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 10 жилийн турш тасралтгүй тухайн үүрэгт ажлыг гүйцэтгэж ирсэн. Мөнххайрханы БЦГ-ын захиргаанд ажилласан хугацаандаа ажлын доголдол, сахилгын ямар нэгэн зөрчил гаргаж, шийтгэл хүлээж байгаагүй бөгөөд 2006 оноос 2016 оны хагас жил хүртэлх хугацаанд үр дүнгийн гэрээгээ А, В үнэлгээтэй дүгнүүлж ирсэн ба 2016 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээг зориудаар С /хангалттай/ үнэлгээтэй дүгнүүлсэн.
Байгаль орчны салбарт ажиллаж байх хугацаандаа ажил хөдөлмөрөө өндрөөр үнэлүүлж Төр засгаас “Байгаль орчны тэргүүний ажилтан” /2015 он/, “Хөдөлмөрийн хүндэт медаль” /2016 он/, ДБХС-ийн Монгол дахь хөтөлбөрийн газраас “Ногоон өргөмжлөл” /2011 он/-өөр тус тус шагнагдсан. 2006 онд Мөнххайрхан уул, түүний орчмын газар нутаг Улсын тусгай хамгаалалтад орж, Байгаль орчны сайдын тушаалаар Ховд аймгийн Мөнххайрхан суманд Цогцолборт газрын захиргаа байгуулагдахад анхны даргаар томилогдон ажилласан. Анх томилогдохдоо сайдын
тушаал хуудас цаас авч ажлаа эхлүүлж байсан. Төрийн захиргааны төв байгууллагын хөдөө дэх салбар нэгж Мөнххайрханы БЦГ-ын хамгаалалтын захиргааны ажпын оффис бариулах, Төрийн байгууллагын ажлын үндсэн зорилго, зорилт чиглэл, үйл ажиллагааг орон нутгийн удирдлага, иргэдэд сурталчлан таниулах, тогтвортойгоор үйл ажиллагаа явуулах, Төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх, тэднийг чадавхижуулах зэрэг ажлыг богино хугацаанд зохион байгуулж, гүйцэтгэлийг хангуулсанаар Мөнххайрхан уул, Булган голын экосистем, биологийн олон янз байдал, түүх-соёлын өвийн хамгаалалт, хадгалалт, судалгаа шинжилгээ, хяналт мониторингийн ажлыг урт хугацаанд тогтвортойгоор явуулах үндсийг бүрдүүлж чадсан. Байгаль орчны салбарт ажилласан хугацаандаа хамгаалалтын захиргаанаас дараах онцлог ажлуудыг хийж гүйцэтгэж ирсэн. Хязгаарлалтын бүс нутаг Баян-Өлгий аймгийн Булган суманд шинэсэн ойгоо тайрч хөрөөдөн зэргэлдээх сумдын иргэдэд худалдан борлуулах бизнес ид явагдаж байсныг бүрэн таслан зогсоосон. Ховд аймгийн Үенч сумын Үенчийн хавцалд хууль бусаар алт олборлодог 500-1000 нинжа нар байсныг 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон тухайн бүс нутгийг алтны нинжа нараас бүрэн чөлөөлж хяналтаа тогтоож чадсан. Энэ нь Монгол орны ТХГН-уудын хувьд хууль бус алт олборлогчдыг зогсоож чадсан анхны бөгөөд цорын ганц тохиолдол болсон. Хамгаалалтын захиргаанаас ажлын хэсэг байгуулан хууль бус алт олборлогчдын нөлөөгөөр эвдэрч сүйдэн эзэнгүйдсэн газрын талбай, нүхний эзлэхүүнийг тогтоож, нөхөн сэргээлт хийх тухай саналаа Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Ховд аймгийн Засаг даргад уламжилсаны үр дүнд “Азийн сан”-гийн санхүүжилтээр 2015 онд 12 га, 2016 онд 11 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийлгүүлсэн. Баруун таван аймгийн Байгаль орчны газар, ТХГН-уудын захиргаадын уулзалт зөвөлгөөнийг Мөнххайрханы ТХГН-ийн хязгаарлалтын бүс Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг байгалийн үзэсгэлэн, түүх-соёлын дурсгал, олон овогтны өлгий нутаг Сэрүүн нуурын хөвөөнд анх удаа Дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр зохион байгуулж, тухайн цогцолборт газрын байгаль, түүх-соёл, нутгийн иргэдийн ахуй, зан үйл, ёс заншлын талаар танилцуулж, хамгаалалтын захиргааны дэвшилтэт үйл ажиллагааны талаар харилцан туршлага солилцсон. Орчны бүсийн 4 сумдын Байгаль орчин, хууль хэрэгжүүлэгчдийг чадавхижуулах сургалтыг жил бүр зохион байгуулж хэвшсэн. Мөнххайрхан уул, Булган голын экосистем, түүнд оршин амьдардаг биологийн олон янз байдал, байгаль, түүх-соёлын өв, ардын уламжлалт зан үйлийн талаархи судалгааг Шинжлэх ухааны академи, МУИС, ХоИС-ийн эрдэмтэн судлаачидтай хамтран жил бүр төлөвлөн шинжлэх ухааны үндэслэлтэй хийж, үр дүнгийн тайлан мэдээг дээд шатны байгууллага болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол сурталчлан таниулж ирсэн. Тус цогцолборт газар байгуулагдсаны 10 жилийн ойгоор /2016 он/ 10 жилийн хугацаанд хийгдсэн судалгаа шинжилгээний ажил, эрдэм шинжилгээний бага хурал, фото зургийн цомог зэрэг 4 бүтээл туурвин хэвлүүлсэн. Тус хамгаалалтын захиргаа нь байгуулагдсан цагаас эхлэн манлайлагчдын эгнээнд багтан А, В үнэлгээтэй тогтмол шалгагдаж ирсэн ба 2011 онд Монгол Улсын ТХГН-ийн хамгаалалтын захиргаадаас “Шилдэг захиргаа"-гаар шалгарч 3 сая төгрөгөөр шагнуулсан. Санхүү төсвийн ямар ч зөрчилгүй ажиллаж ирсэн бөгөөд 2015 онд Ховд аймгийн Төрийн Аудитын газраас “Итгэлийн батламж" гардан авсан. Тус цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын алба хаших хугацаандаа бие дааж хийж гүйцэтгэсэн ажлын талаар цухас дурдахад Мөнххайрханы БЦГ-ын хамгаалалтын захиргаан дээр МУИС, ХоИС-ийн эрдэмтэн судлаачидтай хамтран 2 удаа Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан. /Бүтээлийн эмхэтгэл гаргасан/. Эрдэм шинжилгээний 10 орчим өгүүлэл, 4 ном товхимол бичиж хэвлүүлэхэд зохиогч, редакторын үүрэг гүйцэтгэсэн. Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд Баруун бүсийн ТХГН-ийг төлөөлөн 2 удаа илтгэл тавьсан. /ОХУ-ын Катунскийн ТХГН, БНСУ/. Хамгаалалтын захиргааны “Ажилтан, албан хаагчдын ажлын үр дүнг үнэлэх үнэлгээний загвар” гарган үр дүнг тооцон ажиллаж ирсэн нь ажиллагсдын ажлыг үнэн зөв үнэлэх, тэднийг урамшуулахад бодит алхмууд болсон. Олон улсын болон дотоодын төсөл хөтөлбөрийн газар, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачидтай хамтран жилд 1-2 судалгааг бүс нутагт тогтмол хийж хэвшсэн.
“...Энэ бүхэн нь төрийн захиргааны төв байгууллагын хөдөөгийн салбар нэгж Мөнххайрханы ТХГН-ийн удирдлагын менежмент, байгаль-экологи, түүх-соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг тогтвортойгоор хамгаалах, хариуцан хамгаалж буй бүс нутгийн экосистемийг урт удаан хугацаанд хадгалан хамгаалагдах үндэс суурь бий болгох, нутгийн иргэдийн экологи, хууль эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд чиглэгдэж байсан юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Б/14 тоот тушаалд БНХАУ-ын 2 голын хамгаалалтын захиргаатай яамны зөвшөөрөлгүйгээр санамж бичиг байгуулсан” гэж буруутгасан нь үндэслэлгүй юм. Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын зүгээс “гэрээ байгуулахыг удаа дараалан утсаар шаардаж байсныг биелүүлсэн”-ээс гадна үр дүнгийн гэрээнд хамтарч ажиллах талаар ч заасан байгаа юм.
Монгол Улсын эрх ашиг, бүс нутгийн эрх ашгийн үүднээс Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд албан бичгээр 2015, 2016 онуудад саналаа хүргүүлж, зохих зөвшөөрөл хүсэж байсан бөгөөд тухайн үед төрийн захиргааны дээд шатны байгууллагын хувьд “танай байгууллагын эрх хэмжээний асуудал биш” талаар мэдэгдэх боломж бүрэн байсан. Мөнххайрхан уул нь хоёр улсын нутаг дэвсгэрийг дамжин оршдог тул БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн 2 голын хамгаалалтын захиргаатай хамтарч ажиллах зайлшгүй шаардлага гардаг. 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн гэрээний төсөл байгуулж, төслийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хянуулахаар хүргүүлж, саналыг имэйл хаягаар авсан. 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ШУӨЗО-ны Алтай аймгийн Хоёр голын хамгаалалтын захиргааны удирдлагад утсаар мэдэгдэж, санамж бичгийн төслийг дахин шинэчлэн байгуулахаар тохиролцож, урьд хийгдсэн төслийг цуцалсан. Уг санамж бичгийн төсөлд Монгол улсын ялангуяа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эрх ашгийг хохироосон, Т.Л миний хувийн сонирхолд нийцсэн зэрэг хууль зөрчсөн агуулга тусгагдаагүй, зөвхөн хүрээлэн буй орчин, хил дамнасан ТХГН-ийн хамтын хамгаалалтын менежментийг сайжруулах, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг хоёр улсын төрийн байгууллага хамтарч ажиллах нийтийн эрх ашиг тусгагдсан. Энэ санамж бичгээс шалтгаалан Монгол, Хятад улсын эрх ашигт хохирол учраагүй, ямар нэгэн үр дагавар үүсээгүй бөгөөд эл санамж бичиг огт хэрэгжээгүй болно.
Сайдын тушаалаар намайг буруутгахдаа уг асуудлын үндэслэл шалтгааныг эрх бүхий субьект шалган учир шалтгааныг тогтоогоогүй, зохих шатны хуралдаанд хэлэлцүүлж гол буруутан этгээд болох Т.Л миний тайлбарыг сонсохгүйгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хуульчийн саналаар асуудлыг шийдвэрлэснээс гадна үр дүнгийн гэрээгээр “ хангалттай” гэж үнэлэгдсэн байхад албан тушаал бууруулсан нь төрийн жинхэнэ албан хаагч миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн төдийгүй Төрийн албаны тухай хуулийн 23.1.1-д заасанд нийцэхгүй байна. Уг тушаалд иргэн намайг хамгаалалтын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн болон ямар албан тушаалд ажиллуулахаар албан тушаал бууруулж байгаагаа заагаагүй нь Төрийн яамны хуулийн ажилтнууд хэр мэдлэг чадвартай болохыг харуулсан хэрэг. Үүнээс үзэхэд уг тушаал агуулгын хувьд ч илэрхий алдаатай тул хүчингүй болох ёстой.
Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 1 дүгээр сарын 13-ны Б/16 тоот тушаалаар /5 дахь заалт/ “Т.Л намайг цалингийн түвшин бууруулахгүйгээр хамгаалалтын захиргааны мэргэжилтнээр ажиллуулахыг Мөнххайрханы БЦГ-ын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.О-д болгосон нь хууль бус үйл ажиллагаа” гэж үзэж байна. Үүнд: Т.Л намайг мэргэжилтнээр ажиллуулахдаа хугацаагүйгээр ажиллуулахаар шийдвэрлэсний сацуу энэ ажилд шилжүүлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийг зөрчсөн. Энэхүү тушаал нь хууль зөрчиж гаргасан 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Б/14 тоот тушаалын үргэлжпэл, залруулга маягаар асуудалд хандсан. Төрийн жинхэнэ албанд ажиллах болзол нөхцлийг хангаагүй, төрийн алба хаадаггүй М.О-г ажил, албан тушаалаар хангах зорилго агуулж, уг хуулийн 17, 21, 23 дугаар зүйлүүдийг зөрчсөн. Уг хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар М.О-г ажиллуулахын тулд Б/14 тоот тушаал гарган намайг ажлаас зайлуулаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд буй нөхцөл байдал үүсээгүй, тэр нь тогтоогдоогүй үед Б/14 тоот тушаалаар албан ажлын нэр дурдахгүйгээр албан тушаал бууруулсугай гэсэн агуулгатай мухар сохор шийдвэр гарган тэр өдрөө Б/16 тоот тушаал гарган миний ажлыг М.О-д өгч /бэлэглэсэн байх/, миний ажлыг булаан авах сонирхолтой М.О-д даалган Т.Л-ийг мэргэжилтнээр ажиллуулах шийдэл гаргасан. Энэ бол биелэгдэх боломжгүй тушаал бөгөөд учир нь намайг мэргэжилтнээр ажиллуулах орон тоо, цалингийн ямар ч төсөв зардал байхгүй.
М.О-г маргаж буй албан тушаалд томилсон сайдын тушаал дээрх байдлаар миний эрх ашгийг хөндөж байгаагаас гадна хууль зөрчиж байгаа тул уг захиргааны актуудыг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг хамгаалуулах, 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Т.Л-ийг албан тушаал бууруулах Б/13 тоот тушаал гарахдаа хариуцагч болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Засгийн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйл, төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Монгол Улсын Засгийн Газрын 1994 оны 290 тоот тогтоолоор батлагдсан байгууллага хоорондын гэрээ байгуулах журмын 6 дугаар заалт болон 16 дугаар заалтуудыг үндэслэл болгосон байдаг. Одоо болохоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж байна. Хэрвээ зөрчсөн бол тушаал бууруулахдаа бичих ёстой байсан. Энэ талаар бичээгүй байсан учраас бид энэ талаар ярих ёсгүй гэсэн нэмэлт тайлбартай байна.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/14, Б/16 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Р.Д, О.Бн нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Ховд аймгийн Мөнххайрхан суманд байрлах тус яамны харьяа Мөнххайрханы байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны дарга Т.Л нь эрх хэмжээгээ хэтрүүлэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шинжаан-Уйгарын Өөртөө Засах орны Алтай аймгийн Хоёр голын хамгаалалтын захиргаан дээр яамны зөвшөөрөлгүй, ажилтнуудаа дагуулан очиж, хамтран ажиллах гэрээ, санамж бичгийг байгуулсан болно. Энэ үед Монгол Улсын Засгийн газрийн бодлого, үйл ажиллагааг сурталчлах үүрэг бүхий Хүүль зүй, дотоод хэргийн сайд С.Б-оор ахлуулсан ажлын хэсэг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 7-ний өдрүүдэд Мөнххайрханы байгалийн цогцолбор газар дээр ажиллахаар очиход Т.Лх ажлын байраа зөвшөөрөлгүй орхин, нэг ажилтнаа үлдээгээд бусдийг нь дагуулан Хятад Улс руу явсан байсан. Энэхүү ажлын хэсэгт Т.Л-ийн дээд шатны албан тушаалтан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Б ажиллаж байсан бөгөөд яагаад хариуцсан яам нь зөвшөөрөл өгөөгүй байхад БНХАУ руу хамтран ажиллах гэрээ, санамж бичиг байгуулахаар явсан асуудлыг газар дээр нь шалгасан. Т.Л-ийн энэхүү үйлдэл нь албан ажилдаа хайнга, хариуцлагагүй хандсан, эрх мэдлээ хэтрүүлэн, дээд шатны байгууллагынхаа зохих зөвшөөрлийг аваагүй, ажлын чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй, Төрийн албаны тухай хуулийн захирах, захирагдах зарчмыг алдагдуулсан байна гэж яамны удирдлагууд үзсэн болно. Т.Л-ийн гаргасан ажлын алдаа дутагдлын тухайд яамны хариуцсан газар нь захиргааны санаачлагаар арга хэмжээ авах нь зүйтэл гэж үзсэн бөгөөд албан тушаалыг бууруулах шийдвэрийг гаргуулж, тус хамгаалалтын захиргаанд мэргэжилтнээр үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэрийг гаргасан байна.
Т.Л нь эрх хэмжээгээ хэтрүүлэн, яамны зөвшөөрөлгүй БНХАУ-д очиж хамтран ажиллах гэрээ, санамж бичгийг байгуулсан явдал нь Монгол Улсын дараах хууль тогтоомжийг зөрчсөн байна. Үүнд:
Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.5-т заасан “.Монгол Улсын олон улсын гэрээнд заасан болон Монгол Улс, гадаад улсын төрийн байгууллагын хооронд харилцан тохиролцсон албан томилолт болон ажиллаж байгаа төрийн байгууллагынхаа эрх бүхий албан тушаалтны зөвшөөрснөөс…” зэрэг төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хуулиар хориглосон заалтуудыг зөрчсөн байна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн 2013 оны 01 дүгээр сарын 08 ны өдрийн 0101 тоот “Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг сайжруулах тухай” зөвлөмжийн 2 дугаар зүйлийн 1-т заасан “Дээд шатны байгууллага, албан тушаалтны удирдамжгүйгээр гадаадад айлчлах, албан хэргээр зорчих, олон улсын арга хэмжээнд оролцох албан ёсны яриа хэлэлцээ явуулах, мөн зөвлөмжийн 2 дугаар зүйлийн 2-т заасан “Дээд шатны байгууллага, албан тушаалтны зохих чиглэлгүйгээр гадаадын албаны болон аж ахуйн төлөөлөлтэй уулзах, тус зөвлөмжийн 2 дугаар зүйлийн 3-т заасан “Гадаад харилцаа хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөлгүйгээр яам, агентлагийн түвшинд байгууллага хоорондын болон аймаг, нийслэлийн түвшинд орон нутгийн хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах” зэрэг төв, орон нутгийн албан тушаалтнуудад хориглосон заалтуудыг ноцтой зөрчсөн байна.
Мөн зөвлөмжийн 4 дугаар зүйлийн 3-т “зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавьж зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх саналыг тухайн албан тушаалтны удирдах дээд шатны байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлнэ” гэж заасан.
Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 201 дүгээр тогтоолоор батлагдсан “Байгууллага хооронд гэрээ байгуулах журам”-ын 6 дугаар зүйлд заасан “...байгууллага хоорондын гэрээ байгуулахдаа гэрээний төслийг тухайн асуудлыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад харьяалалынхаа дагуу урьдчилан хянуулан бүртгүүлж, бичгээр зөвшөөрөл авна, мөн журмын 15 дугаар зүйлд заасан “энэ журмын заалтыг зөрчин эрх мэдэл буюу бүрэн эрхээ хэтрүүлж байгууллага хоорондын гэрээ байгуулсан албан тушаалтан Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ” гэж заасныг тус тус зөрчсөн тул захиргааны санаачлагаар албан тушаал бууруулах хууль зүйн үндэслэл болсон. Сайдын албан тушаал бууруулах тушаал дээр Монгол Улсын Засгийн Газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг гэж байна. Энэ нь сайд хууль тогтоомж, Засгийн Газрын шийдвэр эрх зүйн актын хүрээнд тушаал гаргана гэж заасан байдаг. Үүний хүрээнд тухайн шийдвэрийг гаргасан” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Ховд аймгийн Мөнххайрхан сум дахь Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Т.Л-ийг “эрх хэмжээгээ хэтрүүлэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Хоёр гол”-ын хамгаалалтын захиргаатай яамны зөвшөөрөлгүйгээр хамтран ажиллах гэрээ, санамж бичиг байгуулсан” гэх үндэслэлээр Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1.4, 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, Засгийн газрын 1994 оны 201 дүгээр тогтоолоор батлагдсан “Байгууллага хооронд гэрээ байгуулах журам”-ын 6, 15 дугаар заалтуудыг тус тус үндэслэн захиргааны санаачлагаар албан тушаал бууруулж,
мөн өдрийн Б/16 дугаар тушаалаар “Ховд аймгийн Мөнххайрхан сум дахь Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр М.О-г 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс томилж”, “Т.Л-ийн цалингийн түвшинг бууруулалгүйгээр хамгаалалтын захиргааны мэргэжилтнээр томилон ажиллуулахыг Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.О-д үүрэг болгож” тус тус шийдвэрлэснийг нэхэмжлэгч Т.Л эс зөвшөөрч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/14, Б/16 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд хандан гаргажээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл, нэхэмжлэгч Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Т.Л нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Б-тэй 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан “Үр дүнгийн гэрээ”-ний 1.4.3-т заасан “ШУӨЗО-ны Алтай аймгийн ТХГН-ийн ХЗ-ны болон ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага, удирдлагын ажлын арга барилаас суралцах, тэргүүн туршлагыг нэвтрүүлэх”,
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.О-ын 2016 онд баталсан “Хамгаалалтын захиргааны даргын ажлын байрны тодорхойлолт”-ын 5.4-т заасан “Гадаадын ижил зорилго бүхий Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаатай хамтын ажиллагаа тогтоох, үйл ажиллагаагаа өргөжүүлэх” зорилтын хүрээнд:
2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 109 дүгээр албан бичгээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Б-т, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 112 тоот албан бичгээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтэст, 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 50 тоот албан бичгээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Ц нарт тус тус хандан БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймаг дахь “Хоёр гол”-ын хамгаалалтын захиргаатай “Хятад Монголын Алтайн уулсын байгаль, экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулах асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг хүргүүлж байсан байх боловч эрх бүхий байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гэрээний төслийг урьдчилан хянаж, “гэрээ байгуулах эрхийг” тусгайлан олгоогүй байхад буюу 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймаг дахь “Хоёр гол”-ын хамгаалалтын захиргаатай “Хятад Монголын Алтайн уулсын байгаль, экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгуулан, гарын үсэг зурж,
улмаар 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 89 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтэст хандан “...санамж бичгийг байгуулахад ... хамгаалалтын захиргааны тамга дарж болох эсэх талаар хууль зүйн зөвлөгөө хүсэж”, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 90 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Б-т “...санамж бичиг хүргүүлсэн” нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан төрийн албаны “захирах, захирагдах ёс”-ны зарчим болон Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны тухай нэгдмэл байдлыг сайжруулах тухай” 01/01 дүгээр зөвлөмжийн 2.3.“Гадаад харилцаа хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөлгүйгээр яам, агентлагийн түвшинд байгууллага хоорондын болон аймаг, нийслэлийн түвшинд орон нутгийн хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах”-ыг хориглоно, Засгийн газрын 1994 оны 201 дүгээр тогтоолоор батлагдсан “Байгууллага хоорондын гэрээ байгуулах журам”-ын 6.“гадаад улсын ижил төрлийн байгууллага, хуулийн этгээд, хувь хүнтэй байгууллага хоорондын гэрээ байгуулахдаа гэрээний төслийг тухайн асуудлыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргааны байгууллагын аль нэгэнд харъяаллынхаа дагуу урьдчилан хянуулан бүртгүүлж бичгээр зөвшөөрөл авна”, мөн журмын 13. “...байгууллага хоорондын гэрээ байгуулах эрхийг энэ журмын 6-д заасны дагуу уг гэрээний төслийг урьдчилан хянасан төрийн захиргааны төв байгууллага ...олгоно” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1.4-д заасанчлан хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын ...дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлөх хуулиар олгогдсон эрх хэмжээтэй боловч төрийн албан хаагчийг захиргааны санаачлагаар албан тушаал бууруулах, төрийн албанаас чөлөөлөх тохиолдолд Төрийн албаны тухай болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан журмыг баримтлах учиртай.
Гэвч нэхэмжлэгчийн гаргасан дээрх зөрчилтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн А.С-аас 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Т.Л-д хандан уг санамж бичиг нь “Засгийн газрын 1994 оны 201 дүгээр тогтоолоор батлагдсан “Байгууллага хоорондын гэрээ байгуулах журам” -ын 13-т заасны дагуу байгууллага хоорондын гэрээ байгуулах эрхийг, уг гэрээний төслийг урьдчилан төрийн захиргааны төв байгууллагаар хянуулж, албан ёсны шийдвэр гаргуулахаар заасныг зөрчсөн” болохыг мэдэгдсэн байх боловч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас түүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2013 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 01/01 дүгээр зөвлөмжийн 5-д “дээд шатны байгууллага, албан тушаалтан зөрчил гаргасан албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулна” гэж тусгайлан заасан дагуу ямар нэгэн сахилгын шийтгэл ногдуулаагүй,
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас маргаан бүхий акт болох “Т.Л-ийг албан тушаал бууруулах тухай” 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан оролцогчийг сонсох ажиллагааг хийгээгүй, нэхэмжлэгч Т.Л-оос тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй, ийнхүү сонсох ажиллагаа хийгээгүй шалтгаанаа нотолсон тайлбар болон холбогдох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргаж өгөөгүй нь хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан захиргааны үйл ажиллагаа “хуульд үндэслэх” тусгайлсан зарчмыг алдагдуулж, нэхэмжлэгч Т.Л-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн байна.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасанчлан захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Т.Л-ийн “2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлэх илтгэх хуудас”-ын “Бүтээгдэхүүн 9. Гадаад хамтын ажиллагаа”-ны хүрээнд “...Хоёр улсын ТХГН-ийн хамгаалалтын захиргаад Хил дамнасан ТХГН-ийн хамгаалалтын менежментийг урт хугацаанд тогтвортой байлгах, ...талаар хамтран ажиллахаар” тохиролцсон болохоо илтгэсэн илтгэх хуудсыг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд танилцаж, 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг 79.5 “С” буюу “Хангалттай” гэж үнэлж, баталгаажуулсан болохыг дурьдах нь зүйтэй байна.
Мөн түүнчлэн, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “М.О-г албан тушаалд томилох тухай” Б/16 дугаар тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 болон Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 3.3.1-д заасныг тус тус үндэслэн байх боловч уг тушаалыг гаргахдаа мөн журмын 4.3-т заасан “тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах” журмыг баримтлалгүй, тухайн албан тушаалыг түр орлон гүйцэтгэх хугацааг тодорхой заалгүйгээр иргэн М.О-г Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.” Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж заасныг зөрчин, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5. “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” зарчим алдагдахад хүргэжээ.
Иймд, хэдийгээр нэхэмжлэгч Т.Л нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны тухай нэгдмэл байдлыг сайжруулах тухай” 01/01 дүгээр зөвлөмжийн 2.3, Засгийн газрын 1994 оны 201 дүгээр тогтоолоор батлагдсан “Байгууллага хоорондын гэрээ байгуулах журам”-ын 6, 15 дах заалтуудыг зөрчсөн болох нь холбогдох баримтаар тогтоогдож байх боловч хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Төрийн албан тухай болон Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг баримтлаагүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн шийдвэрийг зөвтгөх үндэслэлгүй гэж шүүх үзэж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/14, Б/16 дугаар тушаалуудыг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Т.Л нь 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг дуусталх хугацаанд ажил, албан тушаал эрхлээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, нэхэмжлэгчийг албан тушаал бууруулсан тушаал нь хууль бус болох нь нэгэнт тогтоогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу түүний ажилгүй байсан 112 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5.884.816 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Л-д олгуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.6, 28.2-т заасныг тус тус үндэслэн Т.Лхагвадоржийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Б/14 болон Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгож, Т.Л-ийг урьд эрхэлж байсан Мөнххайрхан Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Т.Л-ийн 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5.884.816 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА