Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2017/0023/З |
Дугаар | 497 |
Огноо | 2017-06-21 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 497
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Иргэн М.О-ын нэхэмжлэлтэй,
Хаяг: Хан-Уул дүүрэг, дугаар хороо, Дунд голын дүгээр байр тоот.
Хариуцагч: Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргад холбогдох,
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж 7/1, Хангарьд ордон.
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/340 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсантай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг Нийслэлийн Газрын албанд даалгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагч Нийслэлийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.О болон өмгөөлөгч Б.А нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Миний бие Нийслэлийн Газрын албаны даргын 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 83 дугаар тушаалаар Багануур дүүргийн Газрын албанд Нягтлан бодогч, бичиг хэргийн эрхлэгчээр 2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 131 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн Газрын албанд архивч, бичиг хэргийн эрхлэгчээр тус тус томилогдож ажиллаж байгаад 2009 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ажлаас халагдаж Улсын Дээд шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 657 дугаар тогтоолоор ажилд нь эгүүлэн тогтоогдож Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/167 дугаар тушаалаар Баянгол дүүргийн Өмчийн харилцааны газрын албанд Архив, бичиг хэргийн эрхлэгчээр, 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/292 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн Өмчийн харилцааны газрын албанд төлбөрийн байцаагчаар томилогдон ажилласан. 2014 онд Баянзүрх дүүргийн Өмчийн харилцааны албаны төлбөрийн байцаагчаар ажиллаж байхдаа төрийн албаны шалгалт өгч тэнцэн, тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч юм.
2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр жирэмсний амралтаа авсан хэдий ч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаагүй байхдаа ажилдаа орох хүсэлт гаргахад өмнөх ажилд маань эгүүлэн томилохгүйгээр, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар М.О намайг Сүхбаатар дүүргийн Өмчийн харилцааны газрын албанд төлбөрийн байцаагчаар томилсон бөгөөд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/108 дугаар тушаалаар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Драгон” салбарт төлбөрийн байцаагчийн албан тушаалд томилогдон ажилласан.
Гэтэл Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/340 дүгээр тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дах хэсэг, Төрийн албан тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг үндэслэн намайг ажлаас чөлөөлсөн. Миний бие энэ албан тушаалд ажиллах явцад хөдөлмөрийн болон сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Мөн бэлэн мөнгөний болон эд хөрөнгийн дутагдал огт гаргаж байгаагүй. Миний хүүхэд одоогийн байдлаар 1 нас 03 сартай тул энэ тушаал нь “Хөдөлмөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 100.1, 100.2 дахь заалтуудыг зөрчсөн байх тул Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/340 дүгээр тушаалыг хүчингүй болгож, намайг ажилд эгүүлэн авч ажилгүй байх хугацааны цалинг /сарын үндсэн цалин 540 033 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 5 хувиар зэрэг дэвийн нэмэгдлийг 15 хувиар тооцон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийг анх гаргасан бөгөөд явцын дунд хоёрдахь шаардлагаа Нийслэлийн газрын албанд холбогдуулан гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д заасны дагуу Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны Б/340 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3-т заасан захиргааны акт гаргахыг хариуцагч Нийслэлийн газрын албанд даалгах” гэж тодруулж байгааг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.О-аас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 8 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Газрын албыг бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийн тус тусын чиг үүргийн чиглэлээр ажиллуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/626 дугаар захирамжаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хэрэгжүүлж байсан чиг үүргээс газрын харилцаатай холбогдох чиг үүргийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газрын албанд шилжүүлсэн бөгөөд тус захирамжаар газрын албаны чиг үүргийг хэрэгжүүлж байсан албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эзэмшиж байсан, мэдээ, баримт бичиг, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, эд хөрөнгийн хамт Нийслэлийн Газрын албанд шилжүүлэх шийдвэр гаргасан. Дээрх тогтоол захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/354, Б340 дүгээр тушаал гарч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хэрэгжүүлж байсан чиг үүргээс газрын харилцаатай холбоотой чиг үүргийг хэрэгжүүлж байсан нэгж, албан хаагчдыг цалингийн сан техник, тоног төхөөрөмж, эд хөрөнгийн хамт Нийслэлийн Газрын албанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Нэгэнт энэхүү тушаалаар Газрын албаны чиг үүргийг хэрэгжүүлж байсан бүх ажилтан, албан хаагчдыг Нийслэлийн Газрын албанд шилжсэн учир Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/340 дугаар тушаалаар Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв “Драгон” салбарын газрын төлбөрийн байцаагч буюу мэргэжилтэн М.О-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Иймд нэхэмжлэгч М.О-ын шүүхэд гаргасан гомдлыг тус газар хүлээж авах үндэслэлгүй тул Нийслэлийн Өмчийн харилцааны газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Газрын албаны дарга Э.Б болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Ч.Э нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 8 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Газрын албыг бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийн тус тусын чиг үүргийн чиглэлээр ажиллуулахаар шийдвэрлэж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/626 дугаар захирамжаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хэрэгжүүлж байсан чиг үүргээс газрын харилцаатай холбогдох чиг үүргийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газрын албанд шилжүүлэх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргад даалгасан байдаг. Тогтоол, захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/354 дүгээр тушаалаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хэрэгжүүлж байсан чиг үүргээс газрын харилцаатай холбоотой чиг үүргийг хэрэгжүүлж байсан нэгж, албан хаагчдыг цалингийн сан, техник, тоног төхөөрөмж, эд хөрөнгийн хамт Нийслэлийн Газрын албанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын тушаалаар төрийн жинхэнэ албан хаагчийн орон тооноос халагдсан.
Өмнө нь нэгдсэн үйлчилгээний төвд хуучин нэрээр Нийслэлийн өмчийн харилцааны газрын чиг үүргээр ажиллуулж байсан хүний орон тоо нь батлагдсан орон тооноос их байсан. 47 албан хаагчийг нэгдсэн 3 үйлчилгээний төвд тухайн үеийн Өмчийн харилцааны газрын даргын тушаалаар томилж, ажил үүргийг нь гүйцэтгэж байсан ч нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр одоо байхгүй. Үйлчилгээний нэгдсэн 3 төв нь Нийслэлийн өмчийн харилцааны газар гэж байхад ТЗ ангилалд хамаардаг байсан ч одоо тэдгээр ажлыг гэрээний үндсэн дээр ажиллаж буй гэрээт ажилчдаар гүйцэтгүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу гэрээт ажилчдаар гүйцэтгүүлж байна. Тодруулбал, Нийслэлийн Газрын албаны дүрэм болон Газрын албаны төсвийг баталж орон тооны дээд хязгаар нь 178 ажилтан, албан хаагчтай байхаар тогтоосон бөгөөд үүнтэй холбогдуулаад өнөөдрийн байдлаар Драгон буюу Мишээл, Дүнжингарав төвүүдэд ажиллах орон тоог 24 гэрээт ажилтан байхаар өөрчилсөн байгаа. Энэ 24 гэрээт ажилтантай Иргэний хуулийн дагуу “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулан ажиллаж байна.
Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын тушаал гаргахаас өмнө Засгийн газрын 08 дугаар тогтоол буюу Нийслэлийн Засаг даргын А/626 дугаар актыг хэрэгжүүлэхэд Захиргааны ерөнхий хууль мөрдөгдөж эхэлсэн бөгөөд үүнтэй холбогдуулаад Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга нь бүтэц хийхээс өмнө хуульд заасан сонсох зэрэг ажиллагаануудыг хийсэн бөгөөд нотлох баримт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ярихдаа баталгаагаар хангагдах талаар ярьж байна. Баталгааны талаар хуульд зохицуулж өгсөн байдаг. Хэрэв бүтэц орон тоо хасагдсан байвал түүнтэй тэнцэх хэмжээний цалин өгч байгаа нь төрийн албаны баталгаатай ажил юм. Энэ ажиллагаанууд нь хууль тогтоомжийн дагуу явагдсан. Шүүхийн ажиллагаа эхлэхээс өмнө ямарваа нэгэн эвлэрүүлэх ажлыг хангах үүрэгтэй гэдэг утгаар саналыг нь авахад ажилгүй байсан хугацааны цалин авна гэдэг. Нийслэлийн Газрын алба өнөөдөр бүтэц орон тооноос дээгүүр хүмүүс аваад, төсөвт тусгаагүй мөнгийг хэрхэн өгөх ёстой вэ гэдэг асуудал яригдана. Тэгэхээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.От нь анх тус шүүхэд хандан 2016 оны 12 дугаар сарын 22-ний өдөр “...Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/340 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргад холбогдуулан гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д заасны дагуу Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны Б/340 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3-т заасан захиргааны акт гаргахыг хариуцагч Нийслэлийн газрын албанд даалгах” гэж тодруулсан.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 185 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны “Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр батлах тухай” 16/11 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны “Журам батлах тухай” 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг хурдан шуурхай, чирэгдэлгүй хүргэх, иргэдэд үйлчлэх тохилог орчин бүхий “Төрийн үйлчилгээний төв”-үүдийг байгуулахаар” шийдвэрлэсэн дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Б/108 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар “Драгон” Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулан, уг төвд ажиллах албан хаагчдын тоог 15 байхаар тогтоон, албан хаагчдыг томилсны дагуу нэхэмжлэгч М.О нь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Драгон” үйлчилгээний төвд төрийн албан тушаалын ангилал, зэрэглэлийн ТЗ-5-2 буюу төлбөрийн байцаагчийн албан тушаалд мэргэжилтнээр томилогдон ажилласан байна.
Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай” 8 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг шинэчлэн баталсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/626 дугаар захирамжаар “...Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хэрэгжүүлж байсан чиг үүргээс газрын харилцаатай холбогдох чиг үүргийг ... Нийслэлийн Газрын албанд шилжүүлж”, уг “чиг үүргийг хэрэгжүүлж байсан албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эзэмшиж байгаа мэдээ, баримт бичиг, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, эд хөрөнгийн хамт ... Нийслэлийн Газрын албанд шилжүүлэх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулах”-ыг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргад даалгаж, улмаар мөн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” А/635 дугаар захирамжийн хавсралтаар Нийслэлийн Газрын албаны орон тооны хязгаарыг 178 хүртэл, Өмчийн харилцааны газрын орон тооны хязгаарыг 65 хүртэл орон тоотой байхаар тус тус баталжээ.
Дээрх тогтоол, захирамжуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/354 дүгээр тушаалаар “Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хэрэгжүүлж байсан чиг үүргээс газрын харилцаатай холбоотой чиг үүргийг хэрэгжүүлж байсан нэгж, албан хаагчдыг цалингийн сан, техник, тоног төхөөрөмж, эд хөрөнгийн хамт Нийслэлийн газрын албаны мэдэлд шилжүүлэхээр” шийдвэрлэж, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/340 дүгээр тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 8 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн А/626 дугаар захирамж болон 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/635 дугаар захирамжийг тус тус үндэслэн “Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Драгон дахь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтэн М.О-ыг ... үүрэгт ажлаас” нь чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу 1.620.099 төгрөгийн нэг удаагийн тэтгэлэг олгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
2. Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай” 8 дугаар тогтоол болон Нийслэлийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/626 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” А/635 дугаар захирамжийн хавсралтаар Нийслэлийн Газрын албаны орон тооны хязгаарыг 178 хүртэл орон тоотой байхаар багасган тогтоосонтой холбогдуулан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/224 дүгээр тушаалаар Нийслэлийн Газрын албаны зохион байгуулалтын бүтцийг 8 хэлтэс, албатай, дарга, орлогч дарга /2/, нийслэлд /78/, дүүрэгт /100/ орон тоотой байхаар баталжээ.
Эрх бүхий этгээдээс хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан дээрх тогтоол, захирамжаар “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдаж, албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн”, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Орон тооны хязгаар батлах тухай” А/800 захирамжаар нэхэмжлэгч М.О-ын урьд ажиллаж байсан Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн зохион байгуулалтад өөрчлөлт орон, уг чиг үүргийг гэрээт ажилчдаар гүйцэтгүүлэх болсонтой холбоотойгоор хариуцагч Нийслэлийн Газрын алба нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан ... тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авах” буюу “шалгаруулж авах” ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Нийслэлийн Газрын алба нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “шалгаруулж авах” ажиллагааг явуулаагүй байж, нэхэмжлэгчээс Нийслэлийн Газрын албанд хандан 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан “...аль нэг дүүрэгт төлбөрийн байцаагчаар ажиллах хүсэлт”-д 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “...шинээр батлагдсан бүтэц орон тооны хүрээнд ажлын байраар хангах боломжгүй” гэсэн хариуг өгсөн нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.4 болон 4.2.5-д тус тус заасан “хууль дээдлэх”, “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх”, “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” зарчим болон мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан “хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаа алдагдахад хүргэжээ.
Иймд нэхэмжлэгч М.О-ын гаргасан “...Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны Б/340 дүгээр тушаалыг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан сонгон шалгаруулалтыг явуулаагүй хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, сонгон шалгаруулалтад оролцох нэхэмжлэгчийн эрхийг ханган, сонгон шалгаруулалтыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг Нийслэлийн Газрын албанд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах гэж нэхэмжилсэн байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн сарын үндсэн цалинг 540.033 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааны 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 21-ны өдөр хүртэлх нийт 164 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор 4 253 944 төгрөг, нэмэгдэл 850789 төгрөг нийт 5 104 733 төгрөг олгохоос бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөний тэтгэмж 1.620.099 төгрөгийг хасч үлдэгдэл 3 484 634 төгрөгийг М.О-д олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хариуцагч Нийслэлийн Газрын албанд даалгаж шийдвэрлэлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заасныг дурьдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.4, 4.2.5 болон 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч М.О-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “...Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны Б/340 дүгээр тушаалыг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан сонгон шалгаруулалтыг явуулаагүй хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулахыг Нийслэлийн Газрын албанд даалгасугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3 484 634 төгрөгийг М.О-д олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг Нийслэлийн Газрын албанд даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч М.О-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА