Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2020/0615

 

 

 

 

 

 

                                                           

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2019/0493

Улаанбаатар хот

                                  Ц.С-ийн гомдолтой

                                    захиргааны хэргийн тухай

                                      

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол гаргагчийн давж заалдах гомдлын дагуу Ц.С-ийн гомдолтой, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилга, техникийн хяналтын улсын байцаагчид холбогдох захиргаан хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаар шийдвэрээр: Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2, 4.6 дугаар зүйлийн 1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 148.2.1, 148.2.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.5-д тус тус заасныг баримтлан “Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилга, техникийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 0663842 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч Ц.Сдавж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг ач холбогдолтой, хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, үнэн зөв дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр шударга бус боллоо гэж үзэн гомдолтой байна. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна. МХЕГ-ын даргын 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн A/149 тоот Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлын жагсаалт шинэчлэн батлах тухай тушаалын хавсралтад “дурдсан асуудлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлж буй өргөдөл, гомдол, хүсэлтээр хяналт шалгалт бусад үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг зогсоосон“ гэх бөгөөд уг тушаалын хавсралтын 16-д “инженерийн байгууламж шугам сүлжээнд хийгдсэн урсгал болон их засварын чанарт дүгнэлт гаргуулах, ус алдсан эвдрэлд акт тогтоолгох тухай өргөдөл гомдолд Орон сууцны тухай, СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн тухай  хуулиудын холбогдох заалтын дагуу хяналт тавина. Орон сууцанд ус алдсан бол харьяа ОСНАА конторын даргын тушаалаар томилогдсон Хохирол тогтоох комисс “акт тогтооно” гэж заажээ. Хариуцагчийн тайлбарт бичсэнээр улсын байцаагч “дүгнэлт гаргахгүй биш харин мэргэжлийн хяналтын чиг үүрэгт нь орон сууцнаас ус алдсан гомдол хамаарахгүй талаар энэ тушаалд заажээ. Орон сууцны тухай хуулийн 14.4-т “Оршин суугч нь эзгүй үед сууцанд ус алдах, гал гарах зэрэг бусад оршин суугчдын аюулгүй байдал, эд хөрөнгөд хохирол учруулахуйц эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд зайлшгүй шаардлагатай гэж үзвэл тухайн сууцанд нэвтрэн орж, эвдрэл гэмтлийг арилгаж болох бөгөөд энэ тухай СӨХ буюу оршин суугчдын болон цагдаагийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан акт үйлдэж, эзгүй байсан оршин суугчийн эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авна" гэжээ. Хуулийн заалтаар ус алдалтаар хохирсон гэх айл эзгүй, айлд түлхүүрээ орхидог. Энэ тохиолдолд цагдаагийн байгууллагад шалгуулахаар өргөдөл өгсөн боловч цагдаагийн байгууллага дээрх хүмүүсийн оролцоотой акт үйлдэн, эд хөрөнгийг хамгаалах, битүүмжлэх арга хэмжээ аваагүй юм. Энэ ажиллагаа хийгдээгүйгээс ус алдсан нь юунаас болсон, хохирсон гэх эд хөрөнгийн талаар үнэн бодитой баримт үйлдэгдээгүй. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ус алдаад 02 дугаар сарын 23-ны өдөр мэдсэн гэдэг. Цагдаагийн байгууллага 02 дугаар сарын 18-ны өдөр Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн гэх баримт авагдсан боловч улсын байцаагч 03 дугаар сарын 02-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн. Энэ хүртэл хугацаанд ямар ажиллагаа хийгдсэн нь тодорхойгүй. Улсын байцаагч 3 дугаар сарын 09-ний өдөр хохирлын үнэлгээ хийлгэх тогтоол үйлдэхдээ: Үнэлгээчний мэдэлд фото зураг, байрны гэрчилгээний хуулбарыг шилжүүлсэн гэх. 03 дугаар сарын 19-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл үйлдсэн бөгөөд “... труба цоорч хомут тавьсан тухай л байна. Харин хэдэн ширхэг фото зураг байгаа нь усанд норж чанар байдлаа алдсан гэхээс илүү овоолоод тавьсан эмх замбараагүй зураг байгаагийн дээр Хөрөнгийн үнэлгээний дүгнэлтэд байгаа шиг /энд менежер Дэмбэрэлсайхан гэгчийг гэрчээр асуусан байх бөгөөд номын тавиур дээрх дэвтэр норсон, будаа агшаагч шатсан, ахуйн хэрэгсэл норж бохирдсон/ 80ш, 40ш, 56ш ном дэвтэр байсан талаар огт дурьдагдаагүй. Эдгээр дэвтэр ном нь 500-600 гаруй мянган төгрөгөөр үнэлэгдсэн нь зураг дээрээс ч гэрчүүдийн мэдүүлгээр ч тогтоогдохгүй байна. Энэ айлын тогоо шанага, будаа агшаагч эвдэрсэн, ажилтай байсан эсэхийг хэн ч тогтоогоогүй. Үүнийг тогтоохын тулд АКТ үйлдэгдэх бөгөөд үүгээр л хохирлыг тооцох боломжтой болно. 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэхэд Алтанбулаг сумын ЗДТГ-ын дарга 3/22 тоотоор Иргэн Оюунсүрэнд “... сумын үнэлгээ тогтоох комисст өргөдөл гаргах ..." талаар албан бичиг өгч байжээ. Энэ хэрэгт ус ямар шалтгаанаар алдсан болох, хэр хэмжээтэй алдагдсан талаар гэрчийн мэдүүлгээс тодруулбал: инженер Отгонсайхан “... ус алдалтын байдал нь бага зэргийн усны шүүрэлтэй байсан бөгөөд ус алдалтыг засаж байгаа хүнд аюул учруулахааргүй байсан ... ус алдалтын хэмжээ бага байсан учир тус байрны халаалтыг бүхэлд нь хаах шаардлагагүй байсан ... усанд өртсөн 1 давхрын айлд ус алдсан баруун хананы дагуу нэг модон ор байх шиг байсан, баруун хананаас ус нэвчиж, шалны хулдаасан дээр нэвчиж тунасан байсан, өөр усанд өртсөн гэх эд хогшил байгаагүй“ гэх мэдүүлэг, Уурын зуухны галч ажилтай Оюунжаргал мэдүүлэхдээ “... хаалганы буюу ертөнцийн зүгээр баруун хана, урд талын хана дагуу ус алдсан байсан”, гэрч Өлзийсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: "уг байранд хүн амьдарч байгаагүй, тавилга байхгүй байсан ... анх харахад ном дэвтэр, бусад хананд байсан эд зүйл хуурай байсан ... хулдаас ямар ч гэмтэлгүй байсан, засвар хийж эхлээгүй байсан" гэжээ. Нэгэнт акт байхгүй учир гэрчийн мэдүүлгийг үндэслэвэл энэ айлын эд зүйл эвдэрч, усанд норсон олон ном дэвтэр байсан гэх нь нотлогдохгүй, мөн нэг талын хананд ус нэвчиж шалан дээр ус тунасан байхад энэ олон эд зүйл норж, байрыг бүхэлд нь засаж өгөх нь шударга бус юм. Шүүх очиж үзлэг хийсэн боловч дэвтрийг 56, 80, 40 ширхэг гээд тоолоод тавьчихсан, норсон эсэхийг үзэж тэмдэглэсэн зүйл байхгүй байна. Улсын байцаагч үзлэг хийсэн гэх боловч хамгаалагдаж, битүүмжлээгүй эд зүйлст сар гаруйн дараа хийсэн үзлэг нь нотолгоо болохгүй бөгөөд зөвхөн хохирлын үнэлгээ дээрх эд зүйл нь ус алдсанаас буюу тухайн үед усанд норсон эд хөрөнгө гэдгийг баталж нотлохгүй юм. Гэрчүүдийн мэдүүлгээс зөвхөн нэг талын хананд ус нэвчсэн гэх бөгөөд энэ айл эвдэрсэн, өртсөн гэх бүх зүйлийг нэг ханандаа овоолцон л байгаагүй бол ийм хохирол бий болох үндэслэлгүй. Хохирлын үнэлгээний 3-р хүснэгтэд ч “нэг өрөөний хана өөр өөр обойтой байх боломжгүй тул өрөөнүүдийн ханын обойг бүтэн солино", мөн “орон сууцны хана хэсэгчлэн норж ...” гэх нь нэг хананаас ус дуссаныг харуулахаас гадна энэ айлын нэг ханыг биш бүх ханын обойг сольж өгөх үнэлгээ хийгдсэн нь тодорхой бичигдсэн байна. Иймд хохирлын үнэлгээгээр дээрх зүйлс усанд өртсөн болон байрны хохирлыг гаргуулах нь энэ айлд бүрэн засвар хийж өгөх хэмжээний байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. Мөн айлаас хөнжил гудас оруулж ирсэн ч гэх яриа гарсан. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар хяналт шалгалт хийх боловч орон сууцанд ус алдахтай холбоотой өргөдөл гомдлыг авч шалгахгүй талаар дээр дурдсан. Г байцаагч нь шалгалт хийхдээ оршин суугч хэрэглэгчийн инженерийн шугам сүлжээнээс ус алдсан шалтгаан нөхцөлийг тогтоох, тухайн үеийн учирсан хохирлын тэмдэглэл хөтлөөгүй, мөн Зөрчлийн хуулийн 12.4-т зааснаар “орон сууцны ашиглалтын журам зөрчсөн бол “арга хэмжээ оногдуулах боловч ийм журам байдагтүй, зөвхөн хохирлын үнэлгээ хийлгэх үнэлгээчнийг ажиллуулснаас өөр ажиллагаа хийгдээгүй, сонсох ажиллагаа хийгдээгүй, усанд өртсөн эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ авсан эсэх талаар ямар нэг ажиллагаа хийгээгүй болно. СӨХ энэ байранд ажилладаггүй, энэ нь мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр тогтоогдох бөгөөд хэрэв ус алдсан үед хамт байсан юм бол үүнтэй холбоотой нотлох баримт, хуульд заасан акт, тэмдэглэл байхгүй байна. 64 айлын орон сууцны талаар хийсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт, мөн сууц ажлыг хийж өмчлөгчдийн холбоо ашиглалтын хэвийн нөхцөлийг хангахад чиглэгдсэн ... ажлыг хийж гүйцэтгэдэггүй“ гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт байгааг хавтаст хэрэгт баримт болгон өгсөн. Г байцаагч нь энэ орон сууцны талаар мэргэжлийн дүгнэлт гаргаж байсан бөгөөд одоо ч СӨХ ажилладагүй, байрны ашиглалт хэвээрээ байгааг сайн мэдэх хүн юм. Ус алдсан гэх, өртсөн гэх айл эзгүй тохиолдолд хуульд заасан арга хэмжээ авахгүйгээр акт тогтоолгүйгээр бусдын эд зүйлийн үнэ гэх төлбөрийг төлүүлэх нь шударга бус байгаагийн гадна улсын байцаагч актаар тогтоогдоогүй, шалтгаан нөхцөл нь тодорхойгүй, эд зүйлс байсан эсэх нь баримтгүй хэрэгт зөвхөн Хохирлын үнэлгээ хийлгэж арга хэмжээ тооцсонд гомдолтой байна. Миний бие ийм зөрчил гаргаагүй, шалгах ажиллагаа болон арга хэмжээ авах эрх бүхий байгууллага нь хууль бусаар таамаглаж, иргэн надад хариуцлага тооцож, айлын байрыг бүрэн засварлуулахыг би зөвшөөрөхгүй. Улсын байцаагч надтай хамт үзлэг хийгээгүй, энэ талаар шүүхэд худлаа тайлбар гаргаж байгаа ба надаар гарын үсэг зуруулсан нь үнэн. Шүүх хөрөнгө битүүмжлэх талаар хуулийг буруу тайлбарлаж байгаа ба хөндлөнгийн гэрч байлгаж усанд норсон эд зүйлийг бүрэн тогтоосон акт баримтгүйгээр сарын дараа хийсэн үзлэг, хохирлын үнэлгээ хийсэн дүгнэлтээр зөрчил шалгасан арга хуульд нийцсэн нь үндэслэлгүй ба дээрх эд зүйлс байсан гэдэгт ч эргэлзээ бий болгож байна. Гэрэл зураг байгаа ч энэ нь тухайн үед усанд автсан эд зүйлс гэдгийг нотлохгүй байгаа ба миний бие хууль бус эргэлзээ бүхий баримттай хэрэгт хариуцлага тооцож буйг зөвшөөрөхгүй. Надад айлын байрны эд хогшлыг шинэчилж, байрыг бүрэн засварлаж өгөх хангалттай баримт тогтоогдоогүй байна гэж үзэж гомдол гаргаж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, улсын байцаагчийн шийтгэх хуудсыг хүчингүй болгоно уу ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг хянахад анхан шатны шүүх гомдол гаргагч Ц.С-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэх шаардлагагүй хуулийн зохицуулалтыг баримталсан байх тул хассан өөрчлөлтийг оруулж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Гомдол гаргагч Ц.Снь Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын барилга, техникийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 0063842 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байх бөгөөд уг шийтгэлийн хуудсаар “Алтанбулаг сумын 64 айлын орон сууцны 4 байрны 4 тоот эзэмшлийн байрнаас ус алдаж, 4-р байрны 1 тоот өрөөнд хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу оногдуулсан шийтгэлийн 150 000 төгрөг, хохирлын 2 628 100 төгрөг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлын хөлс 275 000 төгрөг, нийт 2 903 100 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Гомдол гаргагчаас “... зөрчил хэзээ эхэлсэн, зөрчил үйлдэгдсэнээс хойш ямар хугацаа өнгөрсөн, 2-3 хоног үргэлжилсэн эсэх, хэзээ ус алдсан нь тодорхойгүй ... 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар хохирлыг тооцсон гэх нь миний эрх ашгийг зөрчиж байна ... бүтэн сар өнгөрсний дараа улсын байцаагч шинжээч томилсон бөгөөд зөрчил гарсан даруй акт тогтоогоогүй ... улсын байцаагч нь хяналт шалгалт явуулж, шалгалтаар тогтоосон нөхцөл байдалд өгсөн санал дүгнэлт нь хуулийн шаардлага хангахгүй, хохирсон гэх этгээдийн эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа хийгдээгүй, ... хохирсон айл орон сууцны төлбөр дээр даатгал төлдөг эсэхийг тодруулж шалгаагүй ... хохирол бодитой тогтоогдсон нь тодорхойгүй байна ... сонсох ажиллагаа хийгдээгүй ...” гэж, хариуцагчаас “... ус алдалтыг зогсоосон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцож зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан ... харьяаллын дагуу шилжин ирснээс хойш ... хуульд заасны дагуу Зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан ... Мэргэжлийн хяналтын чиг үүрэгт хамааралгүй асуудлын жагсаалтын 15 дугаарт ... асуудлаар гэж заасан тул дүгнэлт акт гаргахгүй ... хохирлын үнэлгээг “Баян модот” ХХК-аар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн тухай Ц.С-т утсаар хэлж ... үзлэг хийхэд нь хамт байхыг сануулсан ... мэргэжлийн байгууллагын тооцсон үнэлгээ учраас тайлбар өгөх боломжгүй ...” гэж тус тус маргажээ.

Өөрөөр хэлбэл, гомдол гаргагч нь түүний өөрийн эзэмшлийн Алтанбулаг сумын 64 айлын орон сууцны 4-р байрны 4 тоот байрны дотор байрлах шугамаас ус алдаж, тус байрны 1 тоот өрөөнд хохирол учруулсантай маргаагүй, харин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хууль, журамд заасны дагуу явагдаагүй, ямар шалтгаан нөхцөлийн улмаас ус алдсан, хохирсон гэх эд хөрөнгийн талаар үнэн бодитой баримт үйлдэгдээгүй буюу хохирлыг бодитой тогтоогоогүй гэсэн үндэслэлээр маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газар нь иргэн О.О-ээс гаргасан “Манай байрны дээд талын айлаас ус алдсан” гэх гомдол мэдээллийг хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэрэл зургаар бэхжүүлж[1] хуульд заасан бусад ажиллагаа явуулан харьяаллын дагуу тус аймгийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлэх саналыг тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт гаргасны дагуу тус Прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1/273 дугаар албан бичгээр /хх-156/ Мэргэжлийн хяналтын газрын даргад шилжүүлсэн байх бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын Барилга техникийн хяналтын улсын байцаагч Б.Ггийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаар тогтоолоор Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 12.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулснаас үзвэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны холбогдох журамд нийцсэн байна.

Анх Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 64 айлын 4 дүгээр байрны 2 дугаар орцны 2 давхрын 04 тоот айлаас ус алдаж байна гэх дуудлагын дагуу тус сумын уурын зуухын галч ажилтай Б.Оюунжаргал очиж шалган, дулааны цоорсон хоолойг боож, ус алдалтыг зогсоосон байх бөгөөд гомдол гаргагч Ц.С-ийн Алтанбулаг сумын 64 айлын орон сууцны 4-р байрны 4 тоот эзэмшлийн байрнаас нь ус алдаж, гуравдагч этгээд Н.З-ын тус байрны 1 тоот орон сууцанд хохирол учруулсан болох нь 2013000052 дугаар зөрчлийн хэрэгт авагдсан “Баян модот” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Хохирлын үнэлгээний тухай” МХГХҮ-2020/01 дүгээр дүгнэлт[2], 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл[3]-үүд, үзлэгийн үеийн фото зургууд, Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ-ын орон нутаг хариуцсан инженер Г.О-ыг гэрчээр асуусан 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Сууц өмчлөгч нь дараахь үүрэгтэй”, 13.2.1-т “Иргэний хуулийн 148.2 болон энэ хууль, холбооны дүрмийг сахин биелүүлэх”, 13.2.5-д “гэр бүлийн гишүүд, түүнчлэн өөрийнх нь сууцыг эзэмшиж байгаа этгээд бусдын сууцанд болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учруулбал уг хохирлыг өөрийн хөрөнгөөр арилгах”, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т Орон сууц өмчлөгч нь дараахь үүрэг хүлээнэ”, 148.2.1-д “дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх”, 148.2.2-т “сууц, сууцны бус зориулалттай хэсгийг ашиглах, түүнд засвар өөрчлөлт, шинэчлэл хийхдээ хууль тогтоомж, норм, стандартад заасан шаардлагыг сахин биелүүлэх, бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх”, Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Орон сууцны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид эвдрэл, гэмтэл гарсан тухай бүр оршин суугч нь эрх бүхий мэргэжлийн байгууллагад нэн даруй мэдэгдэж засвар, үйлчилгээ хийх хүнийг саадгүй нэвтрүүлж, түүнд шаардлагатай туслалцаа үзүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд сууц өмчлөгч нь өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй, бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд холбогдох мэргэжлийн байгууллагад мэдэгдэж, шаардлагатай туслалцааг үзүүлэх, бусдын сууцанд хохирол учруулбал, өөрийн хөрөнгөөр хохирлыг арилгах үүрэгтэй байна.

Иймд гомдол гаргагч Ц.С-ийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 64 айлын 4 байрны 4 тоот орон сууцны дотор байрлах халаалтын шугам цоорч ус алдсаны улмаас гуравдагч этгээд Н.З-ын тус байрны 1 тоотын орон сууцанд учруулсан хохирлыг төлүүлэхээр оногдуулсан тус аймгийн Мэргэжлийн хяналтын барилга, техникийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн маргаан бүхий 0663842 дугаар шийтгэлийн хуудсыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, уг шийтгэлийн хуудас хуульд нийцсэн, гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 1.6 дахь хэсэгт “шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийх”, 4.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан хүн, эд зүйл, баримт бичиг, ургамал, мал амьтанд шинжилгээ хийлгэнэ” гэж тус тус заасны дагуу ус алдаж, хохирол учирсан гэх гуравдагч этгээдийн орон сууцанд учирсан хохирлын үнэлгээг “Баян модот” ХХК-аар тогтоолгосон байх бөгөөд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ бүхий мэргэшсэн үнэлгээчин, мэргэшсэн төсөвчин, мэргэжилтнүүд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 64 айлын орон сууцны, 4-р байрны * тоот хаягт байрлах орон сууцанд ус алдсанаас учирсан хохирлын үнэлгээг тогтоохоор 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр танилцаж, учирсан хохирлын зах зээлийн бодит үнэ цэнийг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 2,628,100.00 төгрөгөөр тогтоосон байна.

Гомдол гаргагч нь энэхүү хохирлын үнэлгээний дүгнэлт, тайланг эс зөвшөөрч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтан, прокурорт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргах эрхтэй байсан бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлээгүй, хохилын үнэлгээ тогтоосон шийдвэр хүчинтэй болсон, үнэлгээ хийх эрх бүхий байгууллагын тогтоосон хохирлын үнэлгээг буруу тооцсон гэж үзэх үндэслэлгүй байх тул гомдол гаргагчийн “ … хохирсон гэх эд хөрөнгийн талаар үнэн бодитой баримт үйлдэгдээгүй ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Оршин суугч нь эзгүй үед сууцанд ус алдах, гал гарах зэрэг бусад оршин суугчдын аюулгүй байдал, эд хөрөнгөд хохирол учруулахуйц эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд зайлшгүй шаардлагатай гэж үзвэл тухайн сууцанд нэвтрэн орж эвдрэл, гэмтлийг арилгаж болох бөгөөд энэ тухай Сууц өмчлөгчдийн холбоо буюу оршин суугчдын болон цагдаагийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан акт үйлдэж эзгүй байсан оршин суугчийн эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авна”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ”, 4.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хураан авах эд хөрөнгө нь овор хэмжээ, эсхүл бусад шалтгаанаар зөрчлийн хэрэгт хадгалах боломжгүй бол байгаа газарт нь битүүмжилнэ” гэж тус тус заажээ.

Уг хуулийн зохицуулалтуудаас үзэхэд оршин суугч нь эзгүй үед сууцанд ус алдах оршин суугчдын аюулгүй байдал, эд хөрөнгөд хохирол учруулахуйц эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд зайлшгүй шаардлагатай гэж үзвэл тухайн сууцанд буюу гомдол гаргагчийн орон сууцанд нэвтрэн орж эвдрэл, гэмтлийг арилгаж энэ тухай акт үйлдэж болохоор зохицуулсан байх бөгөөд үүрэг болгосон зохицуулалт биш, маргаж буй энэ тохиолдолд буюу зөрчил гарсан тухайн нөхцөлд гуравдагч этгээдийн орон сууц дахь эд хөрөнгийг битүүмжлэх хууль зүйн үндэслэлгүй, цагдаагийн байгууллага ус алдсан тухай гомдол, мэдээллийг хүлээн авч гэрэл зургаар бэхжүүлэн, гэрчийн мэдүүлэг аван харьяаллын дагуу шилжүүлэхээр Прокурорын байгууллагад санал хүргүүлж, тус аймгийн Прокурорын газраас харьяаллын дагуу Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул энэ талаарх гомдол гаргагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна”, 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана”, 1.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд дараахь зардал хамаарна”, 1 дэх хэсгийн 1.4-д “хохирол, хор уршгийн үнэлгээ, шинжилгээ хийлгэхтэй холбоотой зардал” гэж тус тус заасан.

Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 3-т “Ус алдах, ... орон сууц ашиглалтын журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ. Хуулийн уг зохицуулалтын дагуу энэ тохиолдолд гомдол гаргагчийн эзэмшлийн орон сууцны шугамаас ус алдсан бусдад хохирол учруулсан байх тул хохирлыг гаргуулж, торгох шийтгэл ногдуулахаар байна.

Улсын байцаагчийн шийтгэлийн хуудас /маягт 1/-ны “шийдвэрлэх нь” хэсгийн 2 дахь заалтад “хохирол, нөхөн төлбөр” гаргуулахаар, 7 дахь хэсэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг төрийн сангийн дансанд төлөх талаар тусгахаар байхад хариуцагч улсын байцаагч нь 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн маргаан бүхий 0063842 дугаар шийтгэлийн хуудасны 2 дахь заалтад хохирол, нөхөн төлбөр, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хамтад нь гаргуулахаар бичсэнийг хэлбэрийн алдаа гэж үзэхээр байгааг, гэвч алдаа нь гомдол гаргагчийн эзэмшлийн орон сууцанд ус алдах байдлаар орон сууц ашиглалтын журам зөрчсөнийг үгүйсгэх үндэслэл болохгүй, энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй дурдах нь зүйтэй байна.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлах шаардлагагүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 148.2.1, 148.2.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.5 дахь заалтуудыг баримталсан байх тул эдгээр хуулийн зүйл, заалтуудыг хассан өөрчлөлтийг шийдвэрт оруулж, гомдол гаргагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 148.2.1, 148.2.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.5” гэсэн хэсгийг хасаж, “Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2, 4.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилга, техникийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 0663842 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

 


[1] Хавтаст хэргийн 143-146 дахь тал

[2] Хавтаст хэргийн 169-172 дахь тал

[3] Хавтаст хэргийн 174-180 дахь тал