Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 159/ШШ2020/0028

 

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 159/ШШ2020/0028

Сэлэнгэ аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 159/2020/0020/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: Ц.Саранцэцэг,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилга, техникийн хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаа

Гомдлын шаардлага: Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилга, техникийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 0663842 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн өмгөөлөгч С.Базарсад, хариуцагч Б.Гэрэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Ц.Саранцэцэг шүүхэд гаргасан гомдлын шаардлага, түүний үндэслэлдээ:

...Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилга, техникийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 0663842 дугаар шийтгэлийн хуудсыг зөвшөөрөхгүй гомдолтой байгаа бөгөөд шүүгчийн захирамжийн дагуу урьдчилан шийдвэрлүүлэхээр Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад хандсан. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 01/428 тоот хариу албан бичгийг хүлээн аваад шүүхэд хандаж байна.

2019 оны 02 дугаар сарын 8-ны өдрөөс 02 дугаар сарын 10-ны өдөр миний өмчлөлийн орон сууцнаас ус алдсан гэх зөрчилд хэрэг үүсгэн шийтгэлийн хуудсаар 150.000 төгрөгөөр торгож, 2.903.100 төгрөгийн хохирол гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Зөрчил хэзээ эхэлсэн, зөрчил үйлдэгдсэнээс хойш ямар хугацаа өнгөрсөн 2-3 хоног үргэлжилсэн эсэх, хэзээ ус алдсан нь ч тодорхойгүй байна. 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Мэргэжлийн хяналтын улсын байцаагч шинжээч томилсон. Үнэлгээ хийх Баян модот ХХК нь 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хохирлын байдалтай нэхэмжлэгчийн төлөөлөгчийг байлцуулан танилцсан. 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар хохирлыг тооцсон гэх нь миний эрх ашгийг зөрчиж байна.

Энэ хэргийг анх цагдаагийн байгууллага шалгаж, харьяаллын дагуу шилжүүлсэн гэх боловч Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т ...оршин суугчдын болон цагдаагийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан акт үйлдэж, эзгүй байсан оршин суугчийн эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авна гэсэн заалт зөрчигдсөн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг илрүүлсэн, эсхүл гомдол хүлээн авснаас хойш 5 өдрийн дотор шалгаж..., 6.4 дүгээр зүйлийн 1-д Зөрчлийн талаарх гомдол мэдээлэл харьяаллын бус болох нь тогтоогдвол ... 3 өдрийн дотор харьяаллын дагуу шилжүүлнэ гэжээ. Зөрчлийн хэргийн материалыг үзвэл бүтэн сар өнгөрсний дараа улсын байцаагч шинжээч томилсон бөгөөд зөрчил гарсан даруй акт тогтоогдоогүй, орон сууцанд ил далд гэмтлийн улмаас ус алдах, иргэд өөрсдөө ус алдуулах, байрны дээврээс ус гоожих эрсдэл зэргийг шалгаж, ус алдсан шалтгааныг тогтоосон дүгнэлт, акт гараагүй.

Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь хяналт шалгалт явуулж шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдалд өгсөн санал дүгнэлт нь хуулийн шаардлага хангахгүй хохирсон гэх этгээдийн эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа хийгдээгүй ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан нотлох баримтаар хохирол тогтоогдсон эсэхэд гомдолтой байна. Уг байранд оршин суудаг айлын зарим нэг хүний ярианаас хохирсон гэх айл ном, дэвтэр, хөнжил хөршөөсөө авч гэртээ оруулсан гэж байгаа нь нотлох баримтыг хууль бус арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн байх боломж нөхцөл байж болох хангалттай хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Хохирсон айл орон сууцны төлбөр дээр даатгал төлдөг эсэхийг тодруулж шалгаагүй. Хөрөнгийн үнэлгээ хийсэн Баян модот ХХК нь 2.903.100 төгрөгийн хохирол тогтоосныг зөвшөөрөхгүй. Хохирол бодитой тогтоогдсон нь тодорхойгүй байна. Гэтэл уг айлын Орон сууцны тааз хэсэгчлэн норж, шарлаж эмульс замаск нь ховхорсон, орон сууцны хана хэсэгчлэн норж, эмульс нь хууларсан, модон шал норж, дэвссэн хулдаас бүтэн өртсөн, ном дэвтэр, будаа агшаагч, халуун тогоо эвдэрч, чанарын шаардлага хангахгүй болсон, нэр бүхий хөнжил, хувцас хэрэглэл бохирдсон тул угаах шаардлагатай гэх бөгөөд тааз хэсэгчлэн норсон, хана хэсэгчлэн норсон тохиолдолд шал, дэвссэн хулдаас бүтэн өртсөн, эд хэрэглэл нь эвдэрч, гэмтсэн нь хэрхэн холбогдож бодитой болох нь ойлгогдохгүй байна.

Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэхдээ сонсох ажиллагаа хийгдээгүй ус алдсан гэх даруйд акт үйлдэгдэж хөрөнгө нь хэрхэн гэмтэж хохирсон талаар биднийг байлцуулсан ажиллагаа хийгдээгүй. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч ус алдсан шалтгааныг тогтоогоогүйгээс дээрх эд зүйлс гэмтэж чанар байдал алдагдсан учир шалтгаан тодорхой биш байна. 64 айлын орон сууц нь мэргэжлийн байгууллагаар удаа дараа Барилгын төлөв байдлын тухайд дүгнэлт хийгдсэн оршин суугчдын буруутай үйл ажиллагаа сууц өмчлөгчдийн холбоогүй зэрэг байдлаас олон жил засвар ч хийгдээгүй байр. Гэтэл 4 дүгээр байрны 1 тоот айл орон сууцаа надаар бүрэн засварлуулах хэмжээний хохирол учирсан мэт дүгнэлт гарч, шалтгаан үндэслэл нь тодорхойгүй ус алдсан гэж үзэн торгуулийн шийтгэл хүлээлгэж буйг зөвшөөрөхгүй. Иймд 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 0663842 дугаар Мэргэжлийн хяналтын газрын барилга, техникийн хяналтын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилга, техникийн хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаа шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

...Прокуророос шилжүүлэн ирсэн албан бичгийн хамт ирсэн О.Оюунсүрэнгээс Алтанбулаг сумын Цагдаагийн хэсэгт гаргасан гомдол, зургууд, гомдол хүлээн авсан тэмдэглэлийг хавсаргасан байсан. Зөрчлийн тухай хуулийн 2.4-ийн 1-д Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно 2-т Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно гэж дээрх ус алдалтыг зогсоосон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцож зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

Мэргэжлийн хяналтын газарт зөрчил харьяаллын дагуу шилжин ирснээс хойш Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Сэлэнгэ аймгийн прокурорын газраас 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 1/273 дугаартай харьяаллын дагуу зөрчлийг шилжүүлсэн албан бичиг ирүүлсэн. Уг албан бичигт 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр газрын дарга хүлээн авч шилжүүлсэн. Зөрчлийн хэргийг нээх тогтоолыг үйлдэн Ц.Саранцэцэгт мэдэгдсэн. 2020 оны 02-4 дүгээр сар хүртэл 3 удаа Аймгийн Засаг даргын захирамж, Улсын онцгой комиссын тогтоолуудаар зорчих хөдөлгөөнийг хаасан нь хэрэг бүртгэлтийн ажиллагааг хойшлуулах үндэслэл болсон боловч Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заагдсан хугацаанд хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/149 дугаар тушаалаар Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлын жагсаалт шинэчлэн батлах тухай журмын Мэргэжлийн хяналтын чиг үүрэгт хамааралгүй асуудлын жагсаалтын 15 дугаарт Инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж, салхивч, ус дулааны зангилааны хэвийн ажиллагаа доголдсон, дуу чимээ их бөглөрсөн, эвдэрч ус алдсан, эвгүй үнэр үнэртдэг тухай асуудлаар гэж заасан тул дүгнэлт акт гаргахгүй.

Прокуророос орон байранд үзлэг хийх зөвшөөрлийг авч үзлэгийг явуулахдаа Ц.Саранцэцэг болон О.Оюунсүрэн нарт мэдэгдэж байлцуулан үзлэг шалгалтыг явуулсан. О.Оюунсүрэн байрны түлхүүр байгаа н.Өлзийсүрэн үзүүлчихнэ хэмээн өөрийгөө төлөөлнө гэж утсаар хэлсэн. н.Өлзийсүрэнгээс асуухад тиймээ би үзүүлчихнэ түлхүүр нь надад байдаг гэж хариулсан. Ц.Саранцэцэгийг байлцуулан үзлэгийг явуулсан. Мөн хохирлын үнэлгээг Баян модот ХХК-аар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн тухай Ц.Саранцэцэг утсаар хэлж тухайн үнэлгээний компанийн Сэлэнгэ аймаг дахь төлөөлөл Ч.Дэмбэрэлсайханы утасны дугаарыг өгч үзлэг хийхэд нь хамт байхыг сануулсан. Мөн Ц.Саранцэцэгийн нөхөр П.Батсайхан ч бас мөн адил хэлсэн. Ус алдсан дуудлагыг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Алтанбулаг сумын халаалтын зуухны галч Ч.Амгалан хүлээн авч газар дээр нь очиж ус алдалтыг тогтоосон. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн болсон үйл явдал. Мэргэжлийн хяналтын газрын байгууллагад түүнээс даруй 10-аад хоногийн дараа хэрэг шилжин ирсэн.

Барилгын тухай хуульд барилга байгууламжийн техникийн улсын хяналт шалгалтын хэрэгжүүлэхээр заасан 47 дугаар зүйлийн 47.2.1-47.2.13, 47.3, 47.4-т орон сууцны төлбөр, даатгалын байдлыг шалгахаар заагаагүй. Барилгын засварын ажлын тухайд өрөөний тал ханыг будах боломжгүй учраас барилгын заслын ажлыг бүрэн гүйцэтгэхээр заасан байна. Мэргэжлийн байгууллагын тооцсон үнэлгээ учраас тайлбар өгөх боломжгүй байна. Зөрчлийг хянан шийдвэрлэх явцдаа сонсгох ажиллагаа хийгдсэн. Зөрчлийн хэрэг нээсэн тогтоолыг хүргүүлсэн, мөн хамтарсан орон байрны үзлэгийг хийсэн. Шийтгэлийн арга хэмжээ мөн хэргийн материалтай танилцах тухай утсаар ярих, зурвасаар харилцсан. Энэ тухай тэмдэглэлийг бичиж утсан дээрх дуудлага зурвасыг хэвлэж хэрэгт хавсаргасан. Ус алдсан байх үед хангагч байгууллагын төлөөлөгч ирж дулааны шугамын хоолой цоорсон байсныг боож ус алдалтыг тогтоосон. Эзэмшигчийн эзэмшлийн дулааны шугамын хоолой цоорч ус алдсан байгаа нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байгаа тодорхой үйлдэл гэж үзэж байна.

Мөн Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2-т гэрээнд заасан үйлчилгээний түвшинг хангах заалтуудын дагуу тухайн барилгын инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн өмчлөгч эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллага болон инженерийн шугам сүлжээний засвар, үйлчилгээний мэргэжлийн хангагч байгууллага хариуцан шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Эзэмшлийн орон сууцны дулааны шугамын хоолойноос ус алдсан хоолойг боож усыг тогтоосон байгаа нь тодорхой үйлдэл гэж үзэж байна. Эзэмшигч өөрийн эзэмшлийн орон сууцны бүрэн бүтэн байдлыг хариуцаж ус алдсан тохиолдолд гэмтлийг нэн даруй арилгуулах үүрэгтэй. гэжээ.

 

Гуравдагч этгээд Н.Зоригт шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

...Манай гэр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 64 айлын орон сууцны 4 дүгээр байрны 01 тоот нь миний өмчлөлийн орон сууц юм. 2020 оны 02 дугаар сарын 8,9-ний өдрүүдэд тус байрын дээд давхрын айл болох Ц.Саранцэцэгийн гэрээс ус алдаж эд хөрөнгийн үлэмж хохиролд өртөөд байна. Энэ хохирол төлбөрийг зохих мэргэжлийн байгууллагын хүмүүс болон орон нутгийн төр захиргааны байгууллагын удирдлагууд цагдаагийн хэсгийн дарга, мөн Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ-ын халаалтын инженер Г.Отгонсайхан, Шинэ байр СӨХ-ны ажилтнууд мөн манай гэр бүлийн хүн О.Оюунсүрэн нар уг осол болсон өдрийн дараа 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр бүгд газар дээр нь үзэж танилцаад баримтжуулж гэрэл зургаар бэхжүүлж авсан байдаг юм. Мөн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ-ын халаалтын инженер Г.Отгонсайхан өөрийн ажилтнуудын хамт ирж дээд айлын дулааны шугамын хоолойноос гоожиж байсан усыг нь боож зогсоосон байдаг юм билээ. Ингээд манай гэр бүлийн хүний гаргасан өргөдлийн дагуу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ү.Янжиндулам холбогдох ажиллагаа хийж 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 3/22 тоот албан бичгээр хариу өгсөн.

Энэ зөрчлийг харьяаллын дагуу Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар холбогдох хууль, дүрэм, журмын дагуу шалгаж мэргэжлийн эд хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэн холбогдох нотлох баримтуудыг үндэслэн манай гэр бүлд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 0663842 дугаартай шийтгэврийн хуудас гаргасан байдаг. Энэ үндэслэл бүхий захиргааны актыг зөрчилд холбогдогч Ц.Саранцэцэг эс зөвшөөрч ямар ч үндэслэлгүй, нотлох баримтгүй, өөрийн таамаг төсөөллөө бичиж шүүхэд хандсаныг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүний бичсэн нэхэмжлэлд үнэн зүйл огт байхгүй түүний дурдсан зүйл нь нотлох баримтуудаар нотлогдохгүй, харин ч эсрэгээрээ няцаагдаж байна гэж үзэж байна. Иймд түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч Ц.Саранцэцэг нь Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилга, техникийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 0663842 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргасан бөгөөд шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 64 айлын орон сууцны 4-р байрны 4 тоот айлаас ус алдаж, тус байрны 1 тоот айлд хохирол учруулсан зөрчилд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилга, техникийн хяналтын улсын байцаагч 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 0663842 дугаартай шийтгэлийн хуудсаар[1] Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгож, 2.628.100 төгрөгийн хохирол, 275.000 төгрөгийн хөлс, нийт 2.903.100 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Гомдол гаргагч Ц.Саранцэцэг болон түүний өмгөөлөгч ...Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т ...оршин суугчдын болон цагдаагийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан акт үйлдэж, эзгүй байсан оршин суугчийн эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авна гэсэн заалт зөрчигдсөн. Ус алдсан шалтгааныг тогтоосон дүгнэлт, акт гараагүй, хохирсон гэх этгээдийн эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа хийгдээгүй, нотлох баримтаар хохирол тогтоогдсон эсэхэд гомдолтой байна. гэж маргажээ.

Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Орон сууцны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид эвдрэл, гэмтэл гарсан тухай бүр оршин суугч нь эрх бүхий мэргэжлийн байгууллагад нэн даруй мэдэгдэж засвар, үйлчилгээ хийх хүнийг саадгүй нэвтрүүлж, түүнд шаардлагатай туслалцаа үзүүлэх үүрэгтэй., 14.4-т Оршин суугч нь эзгүй үед сууцанд ус алдах, гал гарах зэрэг бусад оршин суугчдын аюулгүй байдал, эд хөрөнгөд хохирол учруулахуйц эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд зайлшгүй шаардлагатай гэж үзвэл тухайн сууцанд нэвтрэн орж эвдрэл, гэмтлийг арилгаж болох бөгөөд энэ тухай Сууц өмчлөгчдийн холбоо буюу оршин суугчдын болон цагдаагийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан акт үйлдэж эзгүй байсан оршин суугчийн эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авна. гэж тус тус зааснаас үзвэл оршин суугч нь эзгүй үед сууцанд ус алдсан тохиолдолд эрх бүхий этгээд болох Мэргэжлийн хяналтын газрын барилга, техникийн хяналтын улсын байцаагч бус мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д ...орон сууцны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар, ашиглалтын үйлчилгээг эрхлэн явуулах эрх бүхий хуулийн этгээд гэж заасан мэргэжлийн байгууллага тухайн сууцанд нэвтрэн орж эвдрэл, гэмтлийг арилгах бөгөөд хэрэв шаардлагатай гэж үзсэн тохиолдолд сууц өмчлөгчдийн холбоо буюу оршин суугчдын болон цагдаагийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан акт үйлдэж эзгүй байсан оршин суугчийн эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авахаар зохицуулсан байна.

Хэдийгээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2-т Зөрчил шалгах ажиллагаа нь ...эд хөрөнгийг битүүмжлэх ... ажиллагаанаас бүрдэнэ. гэж хуульчилсан боловч мөн хуулийн 4.6 дугаар зүйлийн 1-д Хураан авах эд хөрөнгө нь овор хэмжээ, эсхүл бусад шалтгаанаар зөрчлийн хэрэгт хадгалах боломжгүй бол байгаа газарт нь битүүмжилнэ., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно. гэж тус тус зааснаас үзвэл ус алдалтад өртөж хохирсон гэх гуравдагч этгээдийн орон сууц дахь эд хөрөнгийг битүүмжлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Тодруулбал, ус алдсан зөрчлийг шалган шийдвэрлэхэд хохирогчийн орон сууцанд байгаа эд зүйлийг хураан авах, түүнтэй холбогдуулан эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах бус харин бодит байдалтай танилцаж үзлэг хийх, мэдүүлэг авах, тэмдэглэл үйлдэх зэрэг зөрчил шалган шийдвэрлэх хуульд заасан бусад арга хэрэгслээр зөрчлийг шалган тогтоосон нь хуульд нийцжээ.

Иймд хариуцагч Мэргэжлийн хяналтын газрын барилга, техникийн хяналтын улсын байцаагчийг акт, дүгнэлт үйлдээгүй, эд хөрөнгийг битүүмжлээгүй гэж буруутгаж буй гомдол гаргагч, түүний өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Ус алдалтын улмаас үүссэн нөхцөл байдлыг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цагдаагийн хэсгийн дарга Д.Наран 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэрэл зургаар бэхжүүлсэн, мөн Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилга, техникийн хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаа нь харьяаллын дагуу шилжиж ирсэн зөрчлийн хэрэгт холбогдох прокурорын зөвшөөрөл[2], даалгавар[3]-ын дагуу 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ус алдсан байруудад үзлэг хийж, гэрэл зургаар баталгаажуулж, хохирлын үнэлгээг мэргэжлийн байгууллагаар гаргуулсан байх тул ус алдалтын шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоогоогүй, хохирлыг бодитой үнэлээгүй гэх нөхцөл үгүйсгэгдэж байна.

Учир нь хариуцагчаас ус алдалтын шалтгаан нөхцөлийг ус алдсан байх үед хангагч байгууллагын төлөөлөгч ирж дулааны шугамын хоолой цоорсон байсныг боож, ус алдалтыг тогтоосон. Орон сууц эзэмшигчийн дулааны шугамын хоолой цоорч ус алдсан гэж үзэж байгааг буруутгах боломжгүй бөгөөд ус алдалтын шалтгаан нөхцөл нь эрх бүхий этгээд болон шүүхээс асууж авсан гэрчүүдийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургаар нотлогдож байгаа болно.

Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т Орон сууц өмчлөгч нь дараахь үүрэг хүлээнэ гээд 148.2.1-д дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх, 148.2.2-т сууцны ... зориулалттай хэсгийг ашиглахдаа ... хууль тогтоомж, норм, стандартад заасан шаардлагыг сахин биелүүлэх, бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т Сууц өмчлөгч нь дараахь үүрэгтэй гээд 13.2.1-т Иргэний хуулийн 148.2 болон энэ хууль, холбооны дүрмийг сахин биелүүлэх, 13.2.5-д гэр бүлийн гишүүд, түүнчлэн өөрийнх нь сууцыг эзэмшиж байгаа этгээд бусдын сууцанд болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учруулбал уг хохирлыг өөрийн хөрөнгөөр арилгах гэж тус тус зааснаас үзвэл Ц.Саранцэцэг нь өөрийн орон сууцны ашиглалт, хамгаалалтад хяналт тавьж, бусдын сууцанд учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй байх тул түүний өмчлөлийн орон сууцны дулааны шугамын хоолой цоорч ус алдсан, доод айл болох Н.Зоригтын өмчлөлийн орон сууцанд хохирол учруулсан зөрчилд шийтгэлийн хуудас оногдуулсан эрх бүхий этгээдийн үйлдэл хуульд нийцсэн байх тул гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Гуравдагч этгээд Н.Зоригтоос шүүхэд бичгээр гаргасан гэрч асуулгах тухай хүсэлтийг шүүх хуралдаанд танилцуулж, гомдол гаргагчийн өмгөөлөгч, хариуцагчийн саналыг сонсон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасны дагуу гэрч асуулгах хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд тус захирамжид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4-т зааснаар гомдол гаргах эрхгүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2, 4.6 дугаар зүйлийн 1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 148.2.1, 148.2.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.5-д тус тус заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилга, техникийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 0663842 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА

 

 

 


[1] Хавтаст хэргийн 7-р хуудас

[2] Хавтаст хэргийн 161-р хуудас

[3] Хавтаст хэргийн 163-р хуудас