Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/00434

 

В-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01871 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2244 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн В- /Wang Wendusu/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 153 702 385 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Б-гийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Базарсад, хариуцагч Б.Б-, хариуцагчийн өмгөөлөгч В.Мөнхбат, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Б- нь БНХАУ-аас төмөр замын моторын поршень худалдан авах зорилгоор В- надаас 63 500 ам.доллар зээлэх хүсэлт тавьсан. Миний бие Б.Б- болон түүний нөхөртэй олон жил бизнесийн түншүүд байсны хувьд Б.Б-д итгэж 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээг БНХАУ-ын Бээжин хотод байгуулан 63 500 ам.долларыг хүүгүйгээр 2 сарын хугацаатай зээлсэн бөгөөд мөнгийг гэрээ байгуулсан өдөр Б.Б-д хүлээлгэн өгсөн. Б.Б- нь 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр В- надад баталгаа бичиг гарган өгсөн бөгөөд тус баталгаа бичигт “2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсан 63 500 ам.долларыг 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төлнө” гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөн. Миний бие удаа дараа Б.Б-д хандан зээлсэн 63 500 ам.долларыг төлж барагдуулахыг мэдэгдэж байсан бөгөөд Б.Б- нь удахгүй төлнө, төлөх гэж байна гэсээр өнөөдрийг хүртэл төлөлгүй намайг хохироож байна. 63 500 ам.долларыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны албан ёсны ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш болох 2420,51 төгрөгөөр тооцож 153 702 385 төгрөг төлөх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу 63 500 ам.доллар буюу нийт 153 702 385 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт буруутай этгээд Б.Б-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д ажиллаж байх хугацаандаа Малайз улсын Tenaga National Berhard компанид томилолтоор 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 05-ны өдрүүдэд ажиллаад буцах замдаа Бээжин хотод сурдаг хүү Д.Галмандахтайгаа уулзах зорилгоор 2 хоносон. Тухайн үед манай нөхөр Д.Дашцэрэн над руу утасдаж Сүхбуянгаас зээлсэн мөнгөө авах гэтэл Хятад Улсын иргэн В-гийн компанийн дансанд саатсан, нааш нь шилжүүлэхгүй байна гэсэн. Иймд чи тэр В-тэй уулзаж тэдний компаниас Монгол руу шилжүүлсэн боловч буцаж орсон, саатсан мөнгөний учрыг олоод гадаад гуйвуулга дээр нь ямар нэг алдаа байна уу үз гэсэн. Би тэр шалтгаанаар В-гийн оффист очиход тэрээр би мөнгийг нь эхлээд шилжүүлсэн боловч буцаад орсон, одоо харин танай нөхрийн найз Сүхбуянгаас авлагатай тэрэндээ энэ мөнгийг суутгалаа гэж хэлсэн. Энэ тухай буцаад нөхөртөө хэлэхэд манай нөхөр Сүхбуян В-тэй яриад ойлголцсон гэж байна. Ер нь бол наад мөнгө чинь Улаанбаатар төмөр зам компанитай байгуулсан гэрээний дагуу В-гийн компани руу шилжсэн мөнгө, тэр хоёрын бизнесийг хийхдээ бизнес нь ашигтай, гэрээ нь хийгдсэн байгаа, харин бараа нийлүүлэхэд урьдчилсан санхүүжилт шаардлагатай гээд надаас мөнгө зээлээд гэрээний үүргээ биелүүлж бараагаа бүрэн нийлүүлчихсэн. Тийм учраас наад мөнгө чинь надаас зээлсэн мөнгөнийхөө тодорхой хэсгийг буцааж өгч байгаа, манайх Сүхбуянгаас авах авлага бүрэн аваагүй, дахиад ч мөнгө авах ёстой гэдгийг В-д сайн тайлбарлаад яаралтай шилжүүлэх арга хэмжээ аваадах гэсэн. Би энэ талаар В-тэй ярилцахад тэд энэ байдлыг хүлээн зөвшөөрч байсан. Гэхдээ Сүхбуянгаас мөнгө авахад тусална гэсэн баталгаа өгвөл шилжүүлье гэсэн. Бид ярьж ойлголцсон, миний Бээжинд байх хугацаа богино, хувийн ажлуудаа амжуулах шаардлагатай байсан учир би ярилцаж ойлголцоод Сүхбуянд хэлж авлагаа авахад чинь тусална гэсэн баталгаа бичиж өг гэсэн шаардлагын дагуу бичиж өгсөн. Тухайн үед бид харилцан ойлголцож, тэр дансанд байршсан мөнгө нь өмнөх авлагатай холбоогүй тухайн үед хийсэн бизнесийн мөнгө гэдгийг хүлээн зөвшөөрөлцсөн, хүн ёсоор хандаж Сүхбуянгаас авлагаа авахад нь дэмжлэг болж хэлж өгнө гэсэн баталгаа өгч байна гэж ойлгоод В- ч мөнгөө шилжүүлэх болоод үлдсэн. Энэ үед би В-гээс ямар ч мөнгө бэлнээр аваагүй, мөн мөнгө шилжүүлэхэд нь ч оролцоогүй. Тухайн үед би ямар ч зээлийн гэрээ байгуулаагүй, нэг ч доллар, нэг ч төгрөг бэлнээр аваагүй. В- нь зээлийн гэрээ, мөнгө авсан баримтыг хуурамчаар үйлдсэн байна. Би төрийн байгууллагад ажилладаг, эрдэм судлалын ажил эрхэлдэг, ямар ч бизнес эрхэлж үзээгүй, гадаадын болон дотоодын ямар ч иргэнээс мөнгө зээлж байгаагүй байтал ийм зээлийн гэрээ, мөнгө авсан баримт хуурамчаар үйлдсэн байгаад гомдолтой байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01871 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-т заасныг баримтлан зээлийн гэрээний үүрэгт 153 702 385 төгрөг гаргуулах тухай В- /Wang Wendusu/-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 926 00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2244 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01871 дүгээр шийдвэрийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-гаас 63 500 ам.доллар буюу 153 702 385 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн В- /Wang Wendusu/-д олгосугай” гэж, 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж” гэж, “үлдээж” гэсний дараа “хариуцагч Б.Б-гаас 926 500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн В- /Wang Wendusu/-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 926 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдэл болсон.

Миний бие нэхэмжлэгч В-гээс ямар нэгэн бараа тухайлбал нэхэмжпэлд дурдсан төмөр замын моторын поршин худалдан аваагүй, ямар нэгэн зээлийн гэрээ хэлэлцээр хийж байгаагүй учраас бидний хооронд зээл өгөх авах эрх зүйн харилцаа үүсээгүй, В-гээс нэхэмжлэлд дурдсан 63 500 ам.долларыг огт хүлээж аваагүйтэй холбоотой юм.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заалтаас харахад бараа эсхүл мөнгийг шилжүүлж өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохоор байна. Нэгэнт уг мөнгийг түүнээс хүлээж аваагүй учраас мөнгө төлүүлэхээр шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх В-гээс ямар ч мөнгө аваагүй гэж тайлбарлаж байх боловч хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдоогүй хэмээжээ. Зүй нь бол намайг мөнгө аваагүй талаараа баримт гаргаж ир хэмээн буруутгахын оронд нэхэмжлэгч В-г л мөнгө хүлээлгэж өгсөн болохоо баримтаар нотол гэж шаардмаар санагдах юм. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээ, зээлийн гэрээний дагуу мөнгө өгсөн, авсан баримт гэх баримтуудыг зэргийг хуурамчаар үйлдэн түүнийхээ хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэн нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн учраас эдгээр баримтууд болон түүнд зурсан гарын үсгийг шинжлүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсгийн “...бичмэл нотлох баримтын хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй” гэсэн заалтын дагуу нэхэмжлэгчээс баримтын эх хувийг шаардсан боловч эх хувь нь байхгүй гэдгээ нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Ингэснээр нэхэмжлэгчийн үйлдсэн хуурамч нотлох баримтуудыг үнэлэх боломжгүйд хүрсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх эдгээр нотлох баримтыг “баталгаа” гэх баримттай харьцуулан үнэлж магадлалынхаа үндэслэл болгосон нь нотлох баримтыг үнэлэх талаарх хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн үйлдэл болно. Мөн давж заалдах шатны шүүх дээрх хуурамч нотлох баримтуудыг харьцуулан үнэлсэнээр зогсохгүй “баталгаа” гэх баримтад тусгагдсан мэдээлэлтэй агуулгын хувьд адил байна гэсэн илэрхий үндэслэлгүй худал дүгнэлт хийсэн. Учир нь “баталгаа” гэх баримтад “бараа авсан мөнгийг төлөх” талаар дурдсан байдаг бол зээлийн гэрээ, зээлийн гэрээний дагуу мөнгө өгсөн, авсан баримтад “ам.доллар бэлнээр өгсөн” мэтээр дурдсан байдаг.

Миний бие “баталгаа” гэх баримтад гарын үсэг зурсан хэдий боловч түүнээс ямар нэгэн бараа, мөнгө огт аваагүй байхад мөнгө төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь хууль болоод шударга ёсонд нийцэхгүй байна. Харин анхан шатны шүүх “хэрэгт цугларсан нотлох баримт болох зээлийн гэрээ, мөнгө хүлээн авсан баримт, баталгаа нь хэргийн бодит үнэнийг эргэлзээгүй үнэн зөв талаас нь нотолж чадахгүй байна” гэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн шударга шийдвэр юм.

Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн 2244 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 183/ШШ2017/01871 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч В- хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ зээлийн гэрээний үүрэгт 63 500 ам.доллар буюу нийт 153 702 385 төгрөг гаргуулахаар шаарджээ. Хариуцагч Б.Б- шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсан байна.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлд 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн гэрээний дагуу мөнгө өгсөн, авсан баримт, баталгаа бичиг гэх гурван баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар баримтыг шүүхэд гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг татгалзсан тайлбартаа зээлийн гэрээ байгуулаагүй, мөнгө хүлээж аваагүй, баталгаа бичиг гэх баримтад бусдаас авлага авахад тус болох зорилгоор гарын үсэг зурсан гэж тайлбарласан байна. Зээлийн гэрээ болон мөнгө хүлээн авсан гэх баримтуудыг нэхэмжлэгч хуурамчаар үйлдсэн гэж үзэж, шинжээч томилуулахыг хүссэн ба шүүх түүний хүсэлтийг хангаж, криминалистикийн шинжилгээ хийлгэхээр шинжээч томилжээ \хх-ийн 51-52 дугаар тал\.

Харин нэхэмжлэгч дээрх баримтын зөвхөн хуулбар хувийг шүүхэд гаргаж өгсөн тул шинжээч хуулбар баримтаар гарын үсгийн шинжилгээ хийх боломжгүй болохоо шүүхэд мэдэгдсэн байна.

Анхан шатны шүүх шинжээч томилоход түдгэлзүүлсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дараахь журмыг зөрчсөн байх тул шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэх боломжгүй байна.

1.Анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 183\Ш32017\06849 дүгээр захирамжаар шинжээчээр томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтэс нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10\3539 дугаартай албан бичгээр шинжлүүлэх гэж буй баримтыг эх хувиар ирүүлэхийг хүссэн ба 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 10\3647 дугаартай албан бичгээр дээрх үндэслэлээр материалыг буцаажээ \хх-ийн 69-72 дугаар тал\.

Шүүхээс томилогдсон шинжээч шинжлэгдэх баримтыг Шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.2.-т заасан “шинжилгээний объект нь эх хувь буюу биет байдлаар, эсхүл шинжилгээний шаардлага хангахуйц бусад хэлбэртэй байх” шаардлагыг хангахгүй байгаа талаар шүүхэд мэдэгдсэн байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан ажиллагааг явуулаагүй байна. Энэ зүйлд зааснаар хэргийн оролцогч нь бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх ёстой ба хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй байна. Шүүх нэхэмжлэгчээс баримтын эх хаана байгаа талаар асууж, нэхэмжлэгч тэдгээрийг олохгүй байгаа гэж хариулсанаас өөрөөр нотлох баримтын эх хувийг шаардан авах ажиллагаа хийгдээгүй байна \хх-ийн 65 дугаар тал\.  

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.-т зааснаар шүүх зохигч аль нэг талын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримтыг албадан гаргуулж болдог байна. Шинжээч томилсон шүүгчийн захирамжийн талаарх гомдлыг хэлэлцсэн шүүх хуралдаанд хариуцагч “би зээлийн гэрээ байгуулаагүй учраас эх хувийг авч ирж шинжлүүл” гэж тайлбарласан ба шүүх баримтын эх хувийг нэхэмжлэгчээс албадан гаргуулах хүсэлттэй эсэхийг тодруулах, эрхийг нь эдлүүлэх арга хэмжээ аваагүй нь учир дутагдалтай болжээ.

Ийнхүү шүүх хуульд заасан журмын дагуу хийвэл зохих ажиллагааг хийгээгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасан нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг дутуу гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.

2.Анхан шатны шүүх шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 183\Ш32017\08851 дугаартай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн ба уг захирамжид “гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй” гэж заасан атлаа уг хугацаа дуусаагүй байхад хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн байна \хх-ийн 87 дугаар тал\. Улмаар шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1.-д заасан шаардлагыг зөрчжээ.

3.Хэргийн оролцогч нарт 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр болох шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан боловч шүүх хуралдааны товыг тогтоосон шүүгчийн захирамж гараагүй байна \хх-ийн 89 дүгээр тал\.

  Хэрэг  хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох үүрэгтэй.

4.Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 11-ний өдөр хүртэл хугацаанд ОХУ-д аялах болсон талаар шүүхэд мэдэгдэж, шүүх хуралдааныг хойшлуулах талаар хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхихдоо “хариуцагч Б.Б-д өнөөдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаантайгаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй” гэж үндэслэжээ \хх-ийн 99 дүгээр тал\. Гэтэл хариуцагч нь өөрийн болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гадаад паспортын Алтанбулаг боомтоор 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гарсан тэмдэглэгээ бүхий хуудасны хуулбар, 09 дүгээр сарын 05-12-ны өдрийн хооронд ОХУ-д байх тухай шилжилт хөдөлгөөний хуудас \миграционная карта\ зэргийг ирүүлсэн байна.

Шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахгүй орхисноор шүүх хуралдаанд оролцох хариуцагчийн эрхийг хязгаарлажээ.

Хариуцагч нь 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өөрийн нөхөр Д.Дашцэрэнг томилсон байх ба тэрээр нэхэмжлэгч болон хариуцагчийн хэн алины тайлбарласнаар \хх-ийн 29, 65 дугаар тал\ зохигчийн хоорондох мөнгөний асуудлыг хариуцагч Б.Б-гаас илүү сайн мэдэх хүн байна. Шүүх хэргийг агуулгаар нь хэлэлцэж, хянан шийдвэрлэх ажиллагаанд түүнийг оролцуулах нь хэргийн үйл баримтыг тодорхой болгоход ач холбогдолтой байсан гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн, 168.1.3.-т зааснаар хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн, 168.1.7.-д зааснаар энэ хуулийн 38.6-д заасан нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг шүүх дутуу гүйцэтгэж хэргийг хянан шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.3.-т заасан шаардлагыг зөрчсөн байна.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01871 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2244 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 926 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН