Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2019/00326

 

 

 

 

 

 

 

 

 

 

В-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/02856 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: В-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Бд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 153 702 385 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, хариуцагчийн өмгөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчтай 2014.06.06-ны өдөр зээлийн гэрээг БНХАУ-ын Бээжин хотод байгуулан 63 500 ам.долларыг хүүгүй 2 сарын хугацаатай зээлсэн, мөнгийг гэрээ байгуулсан өдрөө Б.Бд өгсөн. Б.Баясгапан нь 2014.06.06-ны өдөр Вд өгсөн баталгаа бичигт 2014.06.06-ны өдөр хүлээн авсан 63 500 ам.долларыг 2014.08.06-ны өдөр төлнө гэсэн ч төлөөгүй. Хариуцагчийн зээлсэн 63 500 ам.долларыг нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2 420.51 төгрөгөөр тооцож 153 702 385 төгрөгийг гаргуулж өгнө үү. Бгийн бичсэн гэрээн дээр нэхэмжлэгч гарын үсэг зурсан бөгөөд хятадууд заавал баталгаа бичиг хийлгэдэг учраас Бтай баталгаа бичиг хийсэн. Хариуцагч нь Т.Бд мөнгө өгсөн гэж тайлбарласан ч , тайлбараа нотлоогүй. 63 975 ам.доллар нь Оросоос орж ирсэн панерийн мөнгө бөгөөд 63 500 ам.доллартай огт хамааралгүй гэж нэхэмжлэгч тайлбарладаг. Хариуцагч тал төмөр замтай гэрээ хийсэн гэх боловч гэрээгээ гаргаагүй. Өмнөх хуралдаанууд дээр Сгийн мөнгийг 2014.06.06-ны өдөр шилжүүлсэн гэж хэлсэн. Өгсөн баримтаар 2014.06.18-ны өдрийн баримт байна. Тэгэхээр Т.Б гэдэг хүн рүү 63 975 ам.доллар панерийн мөнгө шилжсэн асуудал яригдсан бөгөөд өөрөө үүнийгээ тайлбарлах байх. Зээлийн гэрээн дээр төмөр замын моторын порш худалдан авахтай холбоотой 63 500 ам.доллар гэж байгаа бөгөөд мөнгө өгсөн авсан баримт дээр 63 500 ам.доллар гэж мөн байгаа. Зээлийн гэрээн дээр “Бараа авахад зориулж” гэсэн байдаг. Баталгаа гаргаж өгөх нь гэсэн баримтад “бараа авсан мөнгийг 2014.08.06-ны өдөр Вд өгнө” гэж бичсэн байдаг. Б.Б нь мөнгийг Вд өгнө гэснээс Сд өгнө гэсэн зүйлгүй. Б нь баталгаан дээр гарын үсэг зурсан гэдэг гэжээ

 

Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Д нь С-гаас шаардахад Хятад улсын иргэн В-гийн компанийн дансанд саатсан гэсэн тул Втэй ярилцахад Сд хэлж авлагаа авахад чинь тусална гэсэн баталгаа бичиж өг гэсэн шаардлагын дагуу бичиж өгсөн. Энэ үед Вгээс мөнгө бэлнээр аваагүй, зээлийн гэрээ байгуулаагүй. Гэтэл Хятад улсын иргэн В нь зээлийн гэрээ, мөнгө авсан баримтыг хуурамчаар үйлдсэн. Нэхэмжлэгч талын яриад байгаа 63 500 ам.доллар нь порштой хамаагүй. Зээлийн гэрээ,огноо, мөнгөний хэмжээ агуулгын хувьд адилхан зүйл огт байхгүй. Нэхэмжлэгчийн бичсэн тайлбараар Сгаас мөнгө авах ёстой гээд Т.Бд шилжүүлэх мөнгийг шилжүүлэхгүй гацаасан гэсэн тайлбарыг өгч байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Б.Бгаас 63 500 ам доллар буюу 153 702 385 төгрөг /нэг зуун тавин гурван сая долоон зуун хоёр мянга гурван зуун наян тав/ гаргуулж нэхэмжлэгч Вд /W/ олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 926 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-гаас улсын тэмдэгийн хураамжид 926 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Вд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хуурамч нотлох баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч зээлийн гэрээ, зээлийн гэрээний дагуу мөнгө өгсөн, авсан баримт зэргийг хуурамчаар үйлдсэн. Дээрх баримтуудын үнэн зөвийг гэрчилсэн нотариатчийн мэдүүлэг, эдгээр баримтуудыг үнэн зөв биш эргэлзээтэй гэдгийн үндэслэл болно. Мөн нэхэмжлэгчээс баримтын эх хувийг шаардахад гаргаж өгөөгүй нь дээрх баримтуудыг эргэлзээгүй үнэн зөв гэж үнэлэх боломжгүйд хүргэж байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосонд гомдолтой байна. Хариуцагч баталгаа гаргаж өгөх нь гэсэн баримтад гарын үсэг зурсан нь нэхэмжлэгчийн тулгалт шахалтаас болсон гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатын шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч В /W/ нь хариуцагч Б.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 153 702 385 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч “уг мөнгийг аваад н.Бд шилжүүлсэн” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нь 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Б.Бтай зээлийн гэрээ байгуулж 63 500 ам долларыг бэлнээр хүлээлгэн өгсөн. Уг мөнгийг хариуцагч 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр буцаан төлөх үүрэг хүлээсэн боловч үүргээ гүйцэтгээгүй гэж тайлбарлаж, зээлийн гэрээ, зээлийн гэрээгээр мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн баримт баталгаа гаргасан баримтуудыг ирүүлжээ. Уг бичмэл баримтууд, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг хариуцагч эргэлзээгүй баримтаар няцааж чадаагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Нэгэнт хариуцагч нь нэхэмжлэгчээс 63 500 ам.доллагыг шилжүүлэн авсан, “нэхэмжлэгчийн бусдын өмнө төлөх үүргийг зуучилж барагдуулсан” гэх хариуцагчийн тайлбар эргэлзээгүй нотлох баримтаар нотлогдоогүй нөхцөлд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар өмчлөлдөө шилжүүлэн авсан 63 500 ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч 63 500 ам.долларыг нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкнаас зарласан ам.долларын төгрөгтэй харьцах албан ёсны ханшаар тооцож, 153 702 385 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасан. Гэрч Т.Б, Г.С нар нь тухайн хэргийн үйл баримтыг шууд нотлохгүй байх ба “гэрчийн мэдүүлэг нь өөр баримтаар давхар нотлогдоогүй, зээлийн гэрээ, гэрээний дагуу мөнгө хүлээлцсэн баримтыг хуурамч, хууль бусаар цуглуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй” гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/02856 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 926 500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЭНХТӨР

 

                               ШҮҮГЧИД                                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                     Ш.ОЮУНХАНД