Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 270

 

Э.Энхтайванд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор  А.Оюунгэрэл,

хохирогч Б.Булганцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ж.Энхжаргал, Д.Эрдэнэцэцэг,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоол,

Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаар магадлалтай, 201421010029 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.Энхтайван, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ж.Энхжаргал нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв. 

Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бурдууд овогт Эрдэнэбилэгийн Энхтайван нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх Э.Энхтайваныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Энхтайван, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хохирогч Б.Булганцэцэг нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ж.Энхжаргал, Д.Эрдэнэцэцэг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Энхтайван, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна. Шийтгэх тогтоол, магадлалд дурдсан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад нь аль нэгийг нь авч үгүйсгэсэн үндэслэл заагаагүй нь “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

1. Шийтгэх тогтоол, магадлалд “...Р.Батсүх нь бусдад зодуулсны улмаас хэвлийгээр өвдөнө, аюулхай өвдөнө, гэсэн зовиурын улмаас эмч болон эмнэлгийн тусламж авах явцдаа 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нарийн гэдэсний цооролт, чацархайд цус хуралт гэх хүнд гэмтлийн улмаас нас барсан гэдгийг нотолсон...” гэж шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэжээ. Гэтэл хохирогч Р.Батсүхэд амь нас аврагдах боломжтой хүнд гэмтэл учирсан, эмч нарын буруутай үйлдлийн улмаас цаг хугацаа алдаж бие нь хүндэрсэн түүнд хагалгаа хийж хэвлийг нээж үзэхэд хэвлий дүүрэн шингэнтэй, ходоод гэдэсний агууламжтай байсан бөгөөд идээт үрэвсэл нь гэдэсний гогцоонд тарж идээт өнгөртэй наалдаж шархлаа үүсэж салгах явцад нас барсан байдаг. Булган сумын эмнэлгийн мэс заслын гэмтлийн эмч А.Шинэжил нь Р.Батсүх илэрхий зовиур шаналгаатай, хэвлийн нэлэнхүйдээ цочрол эмзэглэлтэй байхад гэрт нь буцааж 2014 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө эмчилгээ хийгээгүй, хурдан хугацаанд оношлуулах, Б.Батбаатарт мэдэгдэж Ховдоос нарийн мэргэжлийн эмч нар ирж хагалгаа хийх боломжит хугацааг алдсан. ЭХО-ны эмч С.Мөнхзул нь нарийн мэргэжлийн рентгений эмч байтал хохирогчийн хэвлийд 1 цагийн дотор хэвлийд шингэн хуримтлагддаг гэж буруу оношилсон, эмнэлгийн дарга Б.Батбаатар нь хохирогч Р.Батсүхийг хугацаа алдуулж хүнд гэмтэлтэй хүнийг Ховд аймаг руу явуулах биш хагалгаа хийх эмч нарыг дуудсан бол хагалгаа хийж амь насыг аврах бүрэн боломжтой байжээ.

Ховд аймгийн Булган сумын эмч А.Шинэжил нь гэмтэл, мэс заслын мэргэшсэн эмч бөгөөд эмнэлэгтээ хагалгаа хийх бүрэн боломжтой хагалгаа хийдэг тасагтай, зохих эмчилгээ хийгээгүй байж нөхөж истори нээж үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдлээ зориудаар нуун далдалсан нь илэрхий байна. Булган суманд ажиллаж буй эмч нар бүгд нарийн мэргэжлийн хагалгаа хийх бүрэн боломжтой. Ховд аймгаас Булган сум 500 км зайтай тул нарийн мэргэжлийн эмч нарын баг ажилладаг. Тухайн үед Р.Батсүхэд хагалгаа хийх боломжтой байсан эсэхийг Эрүүл мэндийн яам болон БОЭТ-өөс тодруулах байтал Ховдод ирж үзээгүй, мэдэхгүй Шүүхийн шинжилгээний шинжээч нараас тодруулж анхнаасаа зориудаар дээрх эмч нарын талд үйлчилж хэтэрхий нэг талыг барьсан, гүйцэд биш мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдсэнийг анхаарсангүй. Дээрх нэр бүхий эмч нар нь эмч эмнэлгийн ажилтнууд үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, 2 шөнө 3 өдрийн хугацаа алдсан үйлдлүүд нь хохирогч Б.Булганцэцэг, гэрч Б.Баярцэцэг, А.Баттулга, Б.Батбаатар, А.Шинэжил, С.Мөнхзул, Г.Шижир, н.Цэрэнбадам, шинжээч Д.Тогтох, О.Болороо нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Хэрэв цаг хугацаа алдалгүй яаралтай мэс засал хийсэн тохиолдолд талийгаачийн амь насыг аврах боломжит хугацаа хангалттай байжээ. Гэтэл хоёр шатны шүүх эмч нарын илэрхий буруутай үйлдлийн улмаас хохирогчийн амь насыг аврах боломжтой байсан байхад 955, 1111 дүгээр шинжээчийн дүгнэлтүүд болон эргэлзээтэй нотлох баримтуудыг үндэслэж Э.Энхтайваныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 85 дугаар зүйлийн 85.4 дэх хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтийг  мөрдөн байцаагч, прокурор, шүүх заавал баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлээ заагаад мөрдөн байцаалтад буцаах боломжтой байжээ. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлд заасны дагуу эмч А.Шинэжил, С.Мөнхзул, Б.Батбаатар нар өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй, Эрүүл мэндийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь хэсэгт заасан үүргээ гүйцэтгээгүй эсэхийг шалгуулахаар мөрдөн байцаалтад буцааж өгөхийг хүсч байна.

2. Шийтгэх тогтоол болон магадлалд “...шүүгдэгч Э.Энхтайван нь талийгаач Р.Батсүхийн үхэл буюу хор уршгийг зориудаар хүсээгүй боловч хэвлий орчимд нэг удаа өшиглөсөн идэвхтэй үйлдлийг зориуд хийсэн байна. Энэ тохиолдолд түүнийг гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ” гэжээ. Гэтэл Э.Энхтайван нь талийгаач Р.Батсүхийн биений хэвлий эсхүл бүсэлхий тал руу өшиглөсөн эсэхийг нарийвчлан тогтоогоогүй байна. Мөн шүүгдэгч Э.Энхтайваны сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, гэрч Д.Соёлмаа, Э.Энхсайхан, Б.Булганцэцэг, Л.Цэндоо, С.Амгалантуяа нарын мэдүүлгээс үзэхэд талийгаач Р.Батсүхийн явсан замын маршрутыг сайтар тогтоох шаардлагатай байсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр гэрч Э.Энхсайханы хийсэн бичлэгийг шинжлэн судалсан. Бичлэгээс үзэхэд талийгаач Р.Батсүх нь ойр орчимдоо агсам согтуу тавьж, юм шидэж байгаа дүр зураг харагддаг. Гэмтэл авсан даруйдаа дээрх идэвхтэй үйлдэл, хөдөлгөөн хийгээд байсан нь эргэлзээ төрүүлж байна. Мөн хоёр шатны шүүх нь хор уршиг хүсээгүй үйлдсэнийг шууд биш санаатай үйлдэл гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27 дугаар зүйлд “Гэмт хэрэг болгоомжгүй үйлдэх нь хөнгөмсөгөөр найдах, эсхүл хайхрамжгүй хандсан байхыг хэлнэ” гэжээ. Э.Энхтайван нь дээрх хор уршгийг мэдэлгүй үйлдсэн бол хайхрамжгүй хандсан гэж үзэх хуулийн зохицуулалтыг санаатай үйлдэл гэж хоёр шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн байх магадлалыг анхаарч үзсэнгүй. Учир нь талийгаач Р.Батсүхийн үхэл Э.Энхтайваны үйлдэл хоёрын шалтгаант холбоог нарийвчлан тогтоогоогүй байхад дээрх үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийг яаж үйлдсэн, бусад байдал, шинж чанарт нөлөөлөх нөхцөлүүд” нотлогдон тогтоогдоогүй байхад мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох үүргээ биелүүлээгүй байна. Мөн Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шинжилгээний албаны 81 дүгээр дүгнэлтэд:

 -хохирогч Р.Батсүхийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн бүтцийн шинжилгээгээр биед нь гэмтэл учирсан байна. Р.Батсүхийн цогцост нарийн гэдэсний цооролт, чацархайд цус хуралт, хүзүүний ар хэсгийн гадаргууд зулгаралт, зүүн далны хэсгийн гадаргууд зулгаралт, зүүн гарын тохойн дотор хэсгийн гадаргууд зулгаралт, зүүн гарын тохойн гадна хэсгийн гадаргууд зулгаралт, баруун гарын тохойн гадна хэсгийн гадаргууд олон тооны жижиг зулгаралтууд, зүүн өвдөгний урд хэсгийн гадаргууд олон тооны жижиг зулгаралтууд, гэмтэл тогтоогдлоо. Хохирогч Р.Батсүхийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хохирогч Р.Батсүхийн чацархай хэсгийн цус хуралт нь хагалгааны явцад нарийн гэдэсний цоорсон хэсгийг оёх үед үүсэх боломжтой тул мэс заслын эмчээс тодруулна уу? хохирогч Р.Батсүхийн цогцост учирсан дээрх зулгаралтууд гэмтлүүд нь Хууль зүй, Дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2010 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д ... гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан “түр” гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлд тогтоолын тодорхойлох хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн газар, цаг, арга, гэмт хэргийн шалтгаан нөхцөл... тодорхойлно” гэх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна. Учир нь ялтан Э.Энхтайван нь хаана гэмт хэрэг үйлдсэн, цаг, арга, шалтгаан нөхцлийг заагаагүй байна. Гэтэл Э.Энхтайванд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтыг явуулахдаа тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулсан, хэргийн нэг талыг барьж гүйцэд биш хийсэн байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн ба уг шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэнд гомдолтой байна. 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1 дүгээр “хэргийг мөрдөн байцаалтад буцаах тухай” шүүхийн тогтоол нь хүчин төгөлдөр бөгөөд уг тогтоолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэг, хохирогч Р Батсүхийн биед олон тооны жижиг зулгаралт гэмтлүүд хэдийд ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг нарийвчлан тогтоохоос гадна хохирогчийн маршрутыг шалгахаар заасан боловч дээрх ажиллагаа огт хийгдээгүй байна.

Иймд шүүгдэгч Э.Энхтайванд холбогдох хэрэгт шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэг талыг барьсан, гүйцэд биш хийсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Э.Энхтайван, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Э.Энхтайваны эрх хууль ёсны ашиг сонирхлыг хохироож, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн тайлбарлаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэдэг үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хянуулахаар гомдол гаргаж байна. Шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш дутуу хийсэн, хэргийн нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотлолгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Э.Энхтайванд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж байгаа нь бодит байдалд нийцээгүй, шударга бус шийтгэл боллоо гэж үзэж байна.

 1. Э.Энхтайван нь Р.Батсүхийг зодож санаатай алсан гэх үйлдэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй, хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүд бодит байдлаас зөрүүтэй, гэрчүүдийн өгч байгаа мэдүүлгүүд үйл явц бичигдсэн эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан плашинд авагдсан үйл явцаас зөрүүтэй байдаг. Гэрч С.Амгалантуяагийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд хоорондоо эрс зөрүүтэй байхад шийтгэх тогтоол, магадлалд гэрч С.Амгалантуяа, Б.Баярцэцэг нарын мэдүүлэг болон дүрс бичлэгийг хэрхэн үнэлсэн нь ойлгомжгүй, үнэлсэн үгүйсгэсэн үндэслэлээ заалгүй орхигдуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

2. Э.Энхтайван хохирогчийн хаана нь ямар байдлаар өшиглөснийг нарийвчлан тогтоогоогүй, хохирогч нь Э.Энхтайванаар өшиглүүлсэн гэснээс хойш /С.Амгалантуяагийн мэдүүлгээр/ хашаан дотор ажил хийж байсан хүмүүстэй маргалдаж, өвдсөн шинжгүй явж байсан баримт, эд мөрийн баримтаар тооцон хэрэгт хавсаргасан бичлэгт тодорхой бичигдсэн байх ба хохирогч ирсэн даруйдаа Э.Энхтайванаар өшиглүүлж гэмтэл авсан гэдэг нь үгүйсгэгддэг.

3. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар хохирогч Р.Батсүх нь Э.Энхтайваныг хэл амаар доромжилж агсам тавьж байгаад гэртээ орсон. Дараа нь гэрээсээ орж гараад яваад байсан шөнийн 22 цагийн үед хэвлийгээр өвдөж байна гэсэн зовиуртай Булган сумын сум дундын эмнэлэгт очиж үзүүлсэн ба тухайн өдрийн 12 цаг хүртэл оношлогоо шинжилгээ хийлгэж байгаад 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагийн үед эмнэлгийн машинаар Ховд аймаг руу явсан. 2014 оны 6 дугаар сарын 28-ны шөнийн 02 цагийн үед Ховд аймгийн БОЭТ-д очсон. Мөн өдрийнхөө өглөө 09 цаг 10 минутын үед хагалгаанд орсон боловч нас барсан байдаг. Хохирогчийн амь насаа алдсан явдалд эмч болон эмнэлгийн ажилтны өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй үйлдэл байгаа эсэхийг шалгалгүй орхигдуулсан.

4. Э.Энхтайваны үйлдэл хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг нарийвчлан шалгаж тогтоогоогүй, Э.Энхтайван нь хохирогчийг өшиглөсөн гэдэг нь нотлогдоогүй байхад Э.Энхтайванд ял оногдуулж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Таны 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдөр гаргасан 1111 дугаартай дүгнэлтэд дурдагдсан нарийн гэдэсний цооролт, чацархайд цус хуралт зэрэг гэмтэл нь амь хохирогчийн ард зогсож байсан хүн хажуу талаар нь нэг удаа бүсэлхий хэсэгт нь өшиглөхөд үүсэх боломжтой юу гэсэн мөрдөн байцаагчийн асуултад шинжээч Ц.Ганболд, О.Болороо, Д.Долгормаа, А.Амгаланболд нар “бүсэлхий хэсэгт өшиглөхөд дээрх гэмтэл үүсэхгүй” гэж мэдүүлсээр байхад шүүх шүүгдэгч Э.Энхтайван нь амь хохирогч Р.Батсүхтэй маргалдаж 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 17 цагийн үед хэвлий тус газар нь өшиглөх идэвхтэй үйлдэл хийснээр Р.Батсүх нь бусдад зодуулж, хэвлийгээр өвдөнө, аюулхай дээр өвдөнө гэсэн зовиураар эмч болон эмнэлгийн тусламж авах явцдаа 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нарийн гэдэсний цооролт, чацархайд цус хуралт гэх хүнд гэмтлийн улмаас нас барсан. Тодруулбал шүүгдэгчийн идэвхтэй үйлдэл нь хохирогч нас барсанд шалтгаант холбоотой байна гэж Э.Энхтайванд ял оногдуулж байгаа нь шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна.

5. Хохирогч Р.Батсүхийн биед гэдэсний цооролт гэмтлээс гадна маш олон тооны /шарх, шалбархай/ гэмтлүүд үүссэн байдаг бөгөөд энэ гэмтлүүд нь хэдийд ямар хүчин зүйлийн улмаас учирсан болохыг нарийвчлан тогтоогоогүй, мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийсэн байдаг. Э.Энхтайванд холбогдох хэргийг сум дундын 26 дугаар шүүх 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 01 дүгээр тогтоолоор хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан. Мөрдөн байцаалтад буцаасан тогтоолд: Э.Энхтайванд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдлыг /гэмт хэргийг яаж үйлдсэн болон бусад байдал/ бүрэн зөв тодорхойлж, нотолбол зохих асуудлуудыг эргэлзээгүй, хангалттай тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч Р.Батсүхийн биед олон тооны жижиг зулгаралт, гэмтлүүд авсан болох нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 34 тоот дүгнэлтийн 1, 4 дүгээр заалтаар тогтоогдож байна. Энэ гэмтлүүдийг хэдийд ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг нарийвчлан тогтоож, хохирогч Р.Батсүхийн маршрутыг шалгаж тогтоох шаардлагатай. Мөн Э.Энхтайван Р.Батсүхийн араас бүсэлхий хэсэгт өшиглөсөн болох нь гэрч С.Амгалантуяагийн мэдүүлгээр тогтоогдож байх ба талийгаачийн араас бүсэлхий хэсэгт өшиглөхөд нарийн гэдэсний цооролт, чацархайд цус хуралт гэмтэл үүсэх боломжтой эсэхийг шинжээч эмч нарыг байцааж тогтоох, өөрөөр хэлбэл хохирогчийн үхэл Э.Энхтайваны үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа эсэх, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг тогтоогоогүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6 дахь хэсгийг зөрчсөн гэсэн заалтуудыг мөрдөн байцаалтаар шалгаж тогтоолгүй орхигдуулсан байхад хэргийг шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.2.3 дахь хэсгийг ноцтой зөрчиж мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж байна. Э.Энхтайван нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн эсэх нь мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд нотлогдоогүй байхад ял оногдуулж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хянан үзэж, бодит байдалд нийцсэн шударга шийдвэр гаргаж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд: Э.Энхтайваны хэрэгт би мөрдөн байцаалтын шатнаас эхэлж оролцож байна. 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тус хэрэг анхан шатны шүүх хуралдаанаар 2 удаа давж заалдах шатны шүүхээр 1 удаа тус тус хэлэлцэгдсэн. Миний хяналтын шатны шүүхэд гаргаж байгаа гомдлын гол үндэслэл нь хохирогчийн явсан маршрутыг тогтоолгохыг хүсч байгаа юм. Шүүхийн шийтгэх тогтоол нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байх бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны явцад өгсөн гэрч С.Амгалантуяагийн мэдүүлэг нь үнэн зөв эсэхийг тогтоогоогүй гэж үзэж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал хяналтын шатны шүүх хуралдаанд: Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд: Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэсэн өмгөөлөгч нарын саналыг дэмжиж байна. Миний хувьд ч мөн адил дээрх өмгөөлөгч нартай санал нэг байна гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд: Э.Энхтайванд холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих зүйлүүдийг шалгаагүй байна. Хэрэгт Ховд аймгийн Булган сум дахь сум дундын эмнэлгийн статусыг тодорхой болгосон баримт авагдаагүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Э.Энхтайванд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах саналтай байна гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94, 95 дугаар зүйлд “нотлох баримтыг шалгах, үнэлэх” талаар журамлан зохицуулж, 319 дүгээр зүйлийн 319.1.3 дахь хэсэгт: онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй бол заримыг авч бусдыг үгүйсгэсэн үндэслэлээ шүүх дүгнэлтдээ тайлбарлаж байхаар зааж, мөн хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт: “...шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр ...нөлөөлж болохуйцаар энэ хуулийн шаардлагыг зөрчсөн бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ” гэжээ.

Э.Энхтайванд холбогдох хүнийг санаатай алсан гэх хэрэгт хохирогчийн үхлийн шалтгааны талаарх нотлох баримтууд тухайлбал шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний дүгнэлтүүд болон шинжээчдийн тайлбар, мэдүүлгүүд онцгой ач холбогдолтой юм.

Хэрэгт авагдсан шинжээчийн 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 34 тоот, 2014 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн 955 тоот, 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 1111 тоот гурван дүгнэлт хоорондоо зөрүүтэй байхад шүүх 34 тоот дүгнэлтийг үгүйсгэж, 955, 1111 тоот дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгохдоо хууль зүйн дүгнэлт хийгээгүй, тэдгээрийг шүүх хэрхэн үнэлсэн нь ойлгомжгүй байна.  

Түүнчлэн шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон 2014 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн 955 дугаар дүгнэлт, 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 1111 дүгээр дүгнэлтийн аль алинд нь хохирогчид учирсан гэмтэл нэг удаагийн өшиглөлтийн улмаас үүсч болох бөгөөд эмч нарын буруутай ажиллагаа, эмчилгээ оношилгоог цаг алдаж хийсэн гэх байдал тогтоогдохгүй гэсэн байх боловч шинжээч С.Одончимэг, Ж.Ганцэнгэл, Н.Туяа, А.Амгаланболд, Ч.Эрдэмболор, Д.Долгормаа, О.Болор /хх 118-133/ нар байцаалтад “энэ тохиолдолд яаралтай мэс засал хийх заалттай байсан бөгөөд эмч нарын алдааны талаар мэдэх зүйлгүй” гэж, Ц.Ганболд, А.Амгаланболд, О.Болор, Ч.Эрдэмболор нар /хх 238, 239, 241/ “нэг удаа өшиглөхөд хохирогчид ийм гэмтэл үүсэхгүй” гэж гаргасан дүгнэлтээсээ өөрөөр мэдүүлсэн байхад дээрх нотлох баримтуудын ноцтой зөрүүг шүүх хэрхэн үнэлсэн талаар шийтгэх тогтоолд дурдаагүй байна.

Мөн хохирогч Р.Батсүхийн нарийн гэдэс цоорсон гэмтэл Э.Энхтайваны үйлдлээс учирсан эсэх, уг гэмтлийн улмаас хохирогч нас барсан эсэх, эмч, эмнэлгийн ажилтан нар хохирогчид цаг тухайд нь стандартад заасан тусламжийг үзүүлсэн эсэх талаарх нотлох баримт харилцан зөрүүтэй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Э.Энхтайванд холбогдох хэргийг дээр дурдсан үндэслэлээр мөрдөн байцаалтад буцааж хохирогч Р.Батсүхийн гэмтлийн шалтгаан, үр дагаварын талаарх шинжээчийн дүгнэлт болон дүгнэлт гаргасан шинжээчдийн мэдүүлгийн хоорондын зөрүүг арилгах, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын эмнэлгийн эмч нар сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний багцад заагдсан стандарт, удирдамжийн дагуу эмнэлгийн тусламжийг хохирогчид үзүүлсэн эсэх, тухайн эмнэлгийн албан ёсны бүтэц, үйл ажиллагааны стандартаар хохирогчид үзлэг, үйлчилгээг бүрэн үзүүлэх боломжтой байсан эсэх, шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангагдсан эсэх талаар тодорхой тайлбар бүхий шинжээчийн дүгнэлт гаргуулах нь хэрэгт чухал ач холбогдолтой гэж үзнэ.

Шинжээч болон мэргэжилтэн нь зөвхөн хохирогчид үзүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээнд Монгол Улсын стандарт мөрдөгдсөн эсэх талаар дүгнэлт гаргах бөгөөд  стандарт зөрчигдсөн бол шалтгаан, гэм буруугийн асуудлыг мөрдөн байцаалтаар тогтооно.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Э.Энхтайванд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Э.Энхтайванд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газарт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол шүүгдэгч Э.Энхтайванд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

                           ДАРГАЛАГЧ

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Т.УРАНЦЭЦЭГ

                           ШҮҮГЧ                                                                 Ч.ХОСБАЯР