Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 1187

 

 

 

 

     

 

 2019           11             11                                          1187

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Долгормаа хөтлөн,

улсын яллагч Н.Уранбайгаль,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Отгонсүрэн,

иргэний нэхэмжлэгч М.Нарантуяа,

иргэний хариуцагч “...” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Насанбаяр,

шүүгдэгч Ч.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Чын Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Чын П, 1955 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “...” ХХК-д манаачаар ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

 

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч Ч.П нь 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 20 цаг 20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Эмээлт карьерийн замд “...” ХХК-ний эзэмшлийн “Shaan XI.F2000” маркийн ... УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 22. Механикжсан тээврийн хэрэгслийг чирэх:

- 22.2-т заасан “Хатуу буюу зөөлөн холбоогоор чирүүлэх тээврийн хэрэгслийг тухайн ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй хүн жолоодно. Харин цоройлгон ачих байдлаар чирүүлэх тээврийн хэрэгсэлд жолооч байхыг хориглоно.

-Мөн дүрмийн 22.3-т заасан “Хатуу холбоогоор чирэх, чирүүлэх тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай 4 метрээс илүүгүй байх бөгөөд чирүүлэх тээврийн хэрэгслийн жолооны механизм бүрэн ажиллагаатай байвал зохино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Хүрд” ХХК-ний эзэмшлийн “Dong Feng” маркийн ... УНМ улсын дугаартай ачааны автомашиныг жолоочгүй хатуу холбоогоор чирч явах үед уг чиргүүлийн хатуу холбоо тасарч, улмаар уг тээврийн хэрэгслийн ард явж байсан Н.Батхүрэлийн жолоодож явсан “Toyota Prius” маркийн ... УНЯ улсын дугаартай автомашиныг мөргөж, ослын улмаас уг автомашинд сууж явсан 1 настай, эрэгтэй Б.Маргад-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр,

-зорчигч М.Нарантуяагийн эрүүл мэндэд хөнгөн,

- “Toyota Prius” маркийн ... УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Н.Батхүрэлд нийт 2.840.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн гаргасан мэдүүлэг, тайлбарт:

 

Шүүгдэгч Ч.Паас: 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн орой би “Shaan XI.F2000” маркийн ... УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан юм. Талийгаач Ганхуягын машины мотор цохьчихсон, хээр хоносон гээд надаас “та машиныг маань чирээд хот руу дөхүүлээд өгөөч” гэж гуйсан. Би зөвшөөрөөд машиныг нь үзээд, арын холбоосоо шалгаад машиныг нь чирсэн. Тэгээд засмалтай нийлдэг зам өөд өгсөөд явж байтал гэнэт л суларчихсан. Арын толиндоо хартал талийгаач Ганхуягийн машин ухарч байхаар нь би буугаарай миний дүү, хурдан юм ивээрэй гэсэн. Ганхуяг буугаад гүйсэн боловч амжаагүй. Тэгээд Батхүрэлийн машиныг зүүн урд талаар нь мөргөчихсөн. Ганхуягийн машин нь зүүн урд жалга руу ороод зогссон. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлын мөнгийг надаар машинаа чирүүлсэн Ганхуяг төлсөн байсан гэв.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Отгонсүрэнгээс:

             Манай ой таван сартай хүүхэд тархиндаа гэмтэл авч, эгэмнийх нь яс хугарсан. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр хүндэвтэр гэмтэл гэж гарсан. Нөхөр бид хоёрт талийгаач Ганхуяг 1.800.000 төгрөгийг өгсөн. Тухайн мөнгөөр хүүхдээ сувилалд явуулж, гэмтлийн эмнэлэг, хувийн эмнэлэгт үзүүлж, 1.800.000 төгрөг нь хүүхдийн эмчилгээнд бүрэн зарцуулагдаж  дууссан. Мөн эмнэлэгт байхад манай хүүхдэд эмчилгээний зардал гэж 70.000 төгрөг өгөөд, эмнэлгээс гарахад 300.000 төгрөг өгсөн. Тухайн мөнгөөр нь хүүхдийнхээ эмчилгээнд зарцуулж дууссан. Нийт 2.170.000 төгрөгийг талийгаач Ганхуягаас авсан. Ч.П гэдэг хүнийг хэрэг гарч байхад ч хараагүй. Талийгаач Ганхуягтай  харьцаж байсан. Одоо гомдол санал, нэхэмжлэл байхгүй гэв.

 

            Иргэний нэхэмжлэгч М.Нарантуяагаас: Миний мөр гэмтэж, тархи хөдөлсөн, гуяндаа хөнгөн гэмтэл авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

            Иргэний хариуцагч “...” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Насанбаяраас: Ч.Пын жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь манай байгууллагын эзэмшлийн машин юм. Тухайн үед байгууллагын ажлыг гүйцэтгэж хайрга буулгах гээд явж байсан. Ч.Пын жолоодон явсан манай байгууллагын автомашинд эвдрэл байхгүй. Мөн манай байгууллагын зүгээс хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол барагдуулсан зүйлгүй. Учир нь Ч.Паар машинаа чирүүлсэн талийгаач Ганхуягийн байгууллагаас бүх хохирлыг барагдуулсан. Хохирол, төлбөр манайхаас нэхвэл төлнө. Манай байгууллага Ч.Паас машинтай холбогдуулан нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Цагдаагийн ерөнхий газар, мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн “...Машины осол, нэг хүн ухаангүй гэсэн дуудлагыг 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 20 цаг 41 минут 06 секундэд хүлээн авсан тухай...” лавлагаа (хавтаст хэргийн 18 дугаар тал),

 

2. 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 4-11 дүгээр тал),

 

 

3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Отгонсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2019 оны 7 дугаар сарын 07-нд 20 цагийн орчим нөхөр Батхүрэлийн жолоодон явсан ... УНЯ улсын дугаартай “Тоёота Приус” 20 маркийн автомашины урд сууж, хүү Маргад-Эрдэнийг тэвэрчихсэн явж байтал өмнөөс яах ийхийн зуургүй дөрвөлжин хар юм ороод ирсэн. Батхүрэл автомашинаа баруун гар тал руу дарсан. Нөгөө автомашин ирж, манай автомашины зүүн талын урд тал руу мөргөж, зогсолгүй цааш ухарч зорчих хэсгийн баруун талын шороон жалга руу ороод зогссон. Би шокын байдалд орж хэсэг ухаан алдсан байсан. Нэг сэрсэн чинь түргэн тусламжийн эмч ирсэн, миний биеийн байдлыг үзэж байсан. Эмч намайг болон хүү Маргад-Эрдэнэ, нөхрийн дүү Нарантуяа нарыг эмнэлэг рүү авч явсан. Ослын улмаас хүү Маргад-Эрдэнийн баруун эгэмний яс хугарсан, толгойдоо гэмтэл авсан. Би хүүгийнхээ эмчилгээнд өөрөөсөө 500.000 төгрөг зарцуулсан. Жолооч миний хүүгийн эмчилгээнд 70.000 төгрөгийн эм тариа, мөн эмнэлгээс гарсны дараа 300.000 төгрөг дансаар өгсөн. Хүүгийн биеийн байдал сайжирч байна. Гэхдээ баруун гар унжуу, хамарнаас нь байнга цус гарсан байдалтай, шөнө унтахдаа зовиуртай байна. Гомдолтой байна. Цаашид бодит хохирлоо хуулийн дагуу нэхэмжлэх болно. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар тал),

 

- /Хохирогч Б.Маргад-Эрдэнэ/ Гэмтэл согог судлалын компьютер томографи болон өвчний түүхийн баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 64-71 дүгээр тал),

 

4. Иргэний нэхэмжлэгч М.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2019 оны 7 дугаар сарын 07-ны орой 20 цагийн орчим авга ах Батхүрэлийн автомашинтай, түүний гэр бүлийн хүн Отгонсүрэн, ахын хүү Маргад-Эрдэнэ нарын хамт Сонгинохайрхан дүүргийн Баруун туруу орохоор карьерын шороон замаар явж байтал автомашины өмнө маш их тоос босож ирсэн. Тэр үед ах хурдаа багасгасан. Тэгтэл урдаас том ачааны автомашин ухраад ирсэн. Ах хараад автомашинаа шууд баруун гар тал руу дарж унтраах үед нөгөө автомашин ирж мөргөсөн. Осол болсны дараа бэр эгч маш их шоконд орж, ах эхнэрээсээ хүүхдээ авсан. Удалгүй түргэн туламж ирээд бэр эгч болон хүүхдийн биеийн байдал, мөн намайг үзээд эмнэлэг рүү авч явсан. Ослын улмаас миний тархи хөдөлсөн, хүзүү, мөр, гуяндаа гэмтэл авсан. Би эмчилгээнд өөрөөсөө 500.000 төгрөг зарцуулсан. Эмчилгээний төлбөрөө барагдуулж авбал гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дугаар тал),

 

5. Иргэний нэхэмжлэгч Н.Батхүрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...”Тоёота Приус” 20 маркийн ... УНЯ улсын дугаартай автомашин миний эзэмшлийнх, “Нэт капитал банк”-нд лизингийн гэрээтэй, сар бүр 550.000 төгрөг төлдөг. Автомашиныг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсад гаалиар орж ирэхэд нь 14.500.000 төгрөгөөр худалдан авсан. Би автомашины эвдрэл хохирлын үнэлгээг “Хас үнэлгээ” ХХК-иар хийлгүүлсэн, нийт 2.800.000 төгрөг болсон. Хохирлоо барагдуулж аваагүй байгаа. Гэхдээ буруутай жолооч миний автомашиныг засварын газарт янзлуулахаар өгсөн, одоо засварын газарт засагдаж байгаа. Миний автомашин бүрэн янзлагдах юм бол гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар тал),

-“Хас үнэлгээ” ХХК-ний “...Toyota Prius 20 маркийн ... УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг 2.840.000 төгрөгөөр тогтоосон” тайлан, гэрэл зураг (хавтаст хэргийн 84-85 дугаар тал),

-... УНЯ улсын дугаартай Toyota Prius маркийн автомашины эзэмшигчээр “Нет Капитал Лизинг” ХХК бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, иргэний нэхэмжлэгч Н.Батхүрэлийн жолооны үнэмлэх (хавтаст хэргийн 36 дугаар тал),

 

6. Иргэний хариуцагч “...” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Насанбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... Shaan XI.F2000 маркийн ачааны ... УНМ улсын дугаартай автомашин нь “...” ХХК-ний эзэмшлийнх. 2019 оны 7 дугаар сарын 07-ны орой ... УНМ улсын дугаартай Shaan XI.F2000 маркийн ачааны автомашиныг “...” ХХК-ний жолооч Ч.П нь барилгын компанид хайрга буулгаж өгөхөөр явж байсан юм. Осол болсны дараа Ч.Паас сонсоход зам дээр эвдэрсэн том ачааны автомашиныг жолоочгүй холбоогоор чирч өгч байх үед хатуу холбоо нь гагнаасаар тасарч, жолоочгүй чирэгдэж явсан автомашин хойш ухарч хойно явж байсан суудлын автомашиныг мөргөж осол гаргасан тухай ярьж байсан. Хохирогч нарт учирсан бодит хохирлыг манай автомашины араас чирэгдэж явсан автомашины жолооч Б.Ганхуяг бүрэн төлж барагдуулсан. Мөн хохирогч нар нь бүгд гомдол саналгүй талаар хүсэлт гаргаж хэрэгт хавсаргуулсан гэж Ч.П хэлсэн. Ослын улмаас манай автомашинд эвдрэл учраагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дугаар тал),

 

7. Иргэний хариуцагч “Хүрд” ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бат-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Dong Feng ... УНМ улсын дугаартай ачааны автомашин “Хүрд” ХК-ний эзэмшлийнх юм. 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр уг автомашиныг манай ажилтан Б.Ганхуяг хайрга ачихаар жолоодон явсан. Тэгээд хайрга ачаад хот руу явах замд нь автомашины мотор цохиж, хээр нэг хоноод, маргааш өдөр нь ажил дээрээс хатуу холбоо авчирч автомашиндаа холбочихоод замын жолооч гуйж хатуу холбоогоор автомашинаа чирүүлээд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн замд явж байх үед нь чирэгдэж явсан автомашин жолоочгүй ухарч очоод мөргөсөн байсан. Манай компанийн зүгээс хохирогч болон эвдэрсэн автомашины эвдрэл, хохирлыг бүрэн төлж барагдуулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дугаар тал),

- ... УНМ улсын дугаартай Dong Feng маркийн автомашины эзэмшигчээр “Хүрд” ХК бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн гэрчилгээ (хавтаст хэргийн 124 дүгээр тал),

 

8. Гэрч Б.Ганхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр өгсөн “... Би 2019 оны 7 дугаар сарын 06-ны шөнө 23 цагийн орчим “Хүрд” ХК-ний эзэмшлийн Dong Feng маркийн ... УНМ улсын дугаартай ачааны автомашиныг жолоодон “Их дэлгэр” ХХК-ний карьераас 05-ын 12 куб хайрга ачиж, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн карьерын шороон замд явж байтал автомашины мотор цохисон. Тэгээд би автомашинаа харж хоноод 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр мотороо янзлахаар задалсан боловч болохгүй байхаар нь ажил руугаа очиж, машинаа чирүүлэхээр компаниас хатуу холбоо авчирсан. Хатуу холбоог автомашиндаа угсраад чирэх автомашин хайгаад байж байтал зүс таних П ах өөрийнхөө ачааны автомашинтай явж байсан. П ах миний автомашиныг чирч явахыг зөвшөөрч, хатуу холбоог машиныхаа хойд талд холбож, өөрийн автомашины порховоо сайтар шалгаж байсан. Тэгээд автомашиныг чирээд 4-5 км шороон замаар явж байгаад өгсүүр өөд төв зам руу орохын үед би толинд хартал хойд талд Тоёота Приус маркийн автомашин явж байгаа харагдахаар нь гараараа түр зогсож байх талаар дохио өгөөд өгсөж явж байтал автомашины хойд талд чирэгдэж явсан миний автомашин ухарч байгааг толиндоо хараад шууд П ахын машинаас үсэрч буугаад дугуйн доор нь юм ивэхээр оролдсон боловч чадаагүй. Мөн Тоёота Приус маркийн автомашины жолоочийг холд гэж хашхирсан боловч холдож амжилгүй миний автомашин жолоочгүй ухарч очоод Тоёота Приус маркийн зүүн урд талыг мөргөж, зорчих хэсгийн баруун талын жалга руу орж зогссон. Би шууд Тоёота Приус маркийн автомашин дээр очтол жолооч болон 2 эмэгтэй, нэг бага насны хүүхэд байсан. Би хохирогч нараас биеийн байдлыг нь асуутал миний автомашиныг мөргөчихлөө гэж хэлж байсан. Удалгүй нэг эмэгтэй хүн нь  ухаан алдчихлаа гэж байсан. Түргэн тусламж ирэх үед ухаан алдсан эмэгтэй сэргэсэн. Эмч биеийн байдлыг нь үзэж, зорчигч 2 эмэгтэй болон бага насны хүүхдийг эмнэлэг рүү авч явсан. Би автомашин дээрээ очиж холбоог шалгаж үзтэл хатуу холбоо битүү гогцоо гагнаасаараа тасарсан байсан. Харин чирч явсан автомашины порховонд битүү гартай колцой нь үлдсэн байсан. Тэгээд мөн цагдаад дуудлага өгөөд удалгүй цагдаагийн алба хаагч нар ирж, хэргийн газрын үзлэг хэмжилт хийсэн. Үзэгдэх орчин чөлөөтэй, байгалийн гэрэлтэй, автомашины хөдөлгөөн урдаас болон хойноос байхгүй, харин чирэгдэж явсан автомашины хойд талд Тоёота Приус маркийн автомашин явж байгаа харагдаж байсан. Зам шороо тоостой байсан. Би ажил дээрээс хатуу холбоо авчирахдаа хойд болон урд гогцоо, гагнуур зэргийг сайтар шалгаж авсан. Осол болсны дараа хатуу холбоог хартал дотроо цавтай байсан учраас гогцоо нь гагнаасаараа тасарсан байсан. Хохирогч нарын эмчилгээний төлбөр болон Тоёота Приус 20 маркийн автомашины эвдрэл хохирлын үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг би бүрэн төлж барагдуулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дүгээр тал),

 

9. Шүүгдэгч Ч.Пын мөрдөн шалгах ажиллагаанд:

-гэрчээр 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр өгсөн:

“... Би 2019 оны 7 дугаар сарын 07-ны орой 20 цаг 20 минутын үед “...” ХХК-ний нэр дээр байдаг, гэхдээ өөрийн эзэмшлийн ... УНМ улсын дугаартай Shaan XI.F2000 маркийн ачааны автомашиныг жолоодон “Дэлгэр мөрөн” компанийн хашаанаас 05-ын 18 куб хайрга ачаад Согинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Эмээлтийн карьерын шороон замаар явж байтал таньдаг жолооч Ганхуяг замд автомашиных нь мотор цохиод 1 хоносон, дахиад 2 дахиа хонох гэж байна гэхээр нь би түүнд туслахаар түүний эвдэрсэн “Dong Feng” маркийн ... УНМ улсын дугаартай хайрга ачсан ачааны автомашиныг хатуу холбоогоор чирч, ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй карьерын шороон замаар ойролцоогоор 5 км орчим явсан. Замд явж байх үед Ганхуяг байнга цонхоор цээжээ гаргаж ард яваа автомашинуудыг тойроод гар гэж гараараа дохиод, шороон замаар дээш өгстөл тас хийх чимээ гарсан. Юу болов гээд хоёр талынхаа толинд хартал чирэгдэж явсан жолоочгүй автомашины хатуу холбоо тасарч хойш ухарч байгаа харагдсан. Тэр үед би шууд зогсоод, Ганхуяг миний автомашинаас үсэрч буугаад, өнхөрч байгаа автомашины доор юм ивэхээр гүйх үед Тоёота Приус 20 маркийн автомашин ард явж таарсан. Тэгээд Ганхуяг нөгөө жолоочийг холд гэж байгаа харагдсан. Гэвч нөгөө жолооч холдож амжилгүй өнхөрч байсан автомашин хойд талаараа Тоёота Приус 20 маркийн автомашины зүүн гар талын урд хэсгийг мөргөж, улмаар ертөнцийн зүгээр баруун талын жалга руу өнхөрч ороод зогссон. Тэгээд би буугаад очтол Тоёота Приус 20 маркийн автомашин дотор урд суудалд хүүхэд тэвэрсэн эмэгтэй, хойд суудалд бас нэг эмэгтэй, мөн жолооч нь гэж нэг залуу байсан. Бид уулзаж хүмүүсийн биеийн байдлыг асуухад бүгд гайгүй байна гэж байсан. Тэгээд байж байтал нэг эмэгтэй нь зүрх муутай гэж ярихаар нь түргэн тусламж дуудахгүй бол болохгүй гэж бодоод шууд түргэн тусламж дуудсан. Удалгүй түргэн тусламж ирж хүүхэд болон 2  эмэгтэй зорчигчийг авч явсан. Мөн цагдаагийн алба хаагч нар ирээд жолооч нарыг байлцуулан хэргийн газрын үзлэг хэмжилт хийсэн. Үзэгдэх орчин чөлөөтэй, байгалийн гэрэлтэй, автомашины хөдөлгөөн урдаас болон хойноос байхгүй, зам шороо тоостой байсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. Би эвдэрсэн ачааны автомашиныг чирэхдээ хатуу холбоог нь шалгаж үзсэн. Тэр үед гаднаас мэдэгдэх зүйлгүй бүрэн бүтэн, гагнуур нь салсан зүйлгүй байсан. Би өөрийнхөө автомашинд холбосон лоомыг хүртэл шалгаж үзээд боосон. Чирэгдэж явсан автомашины хатуу холбоо миний автомашины пороховтой холбодог гогцооны араар их биетэйгээ хатуу холбоогоор гагнасан гагнаас нь тасарсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 104-105 дугаар тал),

 яллагдагчаар өгсөн “... Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч нарын эмчилгээ болон Тоёота Приус 20 маркийн ... УНЯ улсын дугаартай автомашины үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг төлөөгүй. Харин намайг чирээд өг гэж гуйсан Dong Feng ... УНМ улсын дугаартай ачааны автомашины жолооч, талийгаач Б.Ганхуяг төлж барагдуулсан. Б.Ганхуяг нь 2019 оны 9 дүгээр сарын 03-ны шөнө гэртээ амарч байхдаа орон дотроо зүрх нь хаагдаж нас барсан гэж хамт ажилладаг найз нөхөд нь надад хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 102 дугаар тал),

 

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8714 дугаартай дүгнэлтэд:

            -2019 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн гавал, цээж, аарцгийн рентген /CD-1ш/-р: ...баруун эгэм ясны хэлбэр алдагдсан /хугарал/.

            Дүгнэлт:

-Б.Маргад-Эрдэнийн биед баруун эгэм ясны хугарал гэмтэл тогтоогдлоо, гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаагаанд үүссэн байх боломжтой, гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч М.Аригуунтөгс/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 63 дугаар тал),

 

            11.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 8454 дугаартай дүгнэлтэд:

            Хэсэг газрын үзлэгт: Зүүн мөрний хөдөлгөөн бага зэрэг хязгаарлагдмал, хөдөлгөхөд бага зэрэг эмзэглэлтэй. Зүүн гуяны дотор дунд хэсэгт 3х3 см бүдэг хөх өнгийн цус хуралттай.

            Дүгнэлт:

-М.Нарантуяагийн биед тархи доргилт, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, зүүн

гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо, гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч Н.Энхцолмон/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 59 дүгээр тал),

 

            12. Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 349 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

- ... УНМ улсын дугаартай Shaan XI.F2000 маркийн ачааны автомашины жолооч Чын П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хорин хоёр. “Механикжсан тээврийн хэрэгслийг чирэх”:

            22.2-т “хатуу буюу зөөлөн холбоогоор чирүүлэх тээврийн хэрэгслийг тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй хүн жолоодно. Харин цоройлгон ачих байдлаар чирүүлэх тээврийн хэрэгсэлд жолооч байхыг хориглоно.

22.3-т “хатуу холбоогоор чирэх, чирүүлэх тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай 4м-ээс илүүгүй байх бөгөөд чирүүлэх тээврийн хэрэгслийн жолооны механизм бүрэн ажиллагаатай байвал зохино гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.           

            -... УНЯ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашины жолооч Нансалын Батхүрэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

            -Зам тээврийн осол гарсан газар нь замын тэмдэг, тэмдэглэгээ байхгүй байна. /Шинжээч Н.Шинэбаатар/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 88-89 дүгээр тал),

 

13. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Отгонсүрэн, иргэний нэхэмжлэгч Н.Батхүрэл нарын бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 129-130 дугаар тал),

 

14. Шүүгдэгч Ч.Пын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 100 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 115 дугаар тал), Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 103 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 106 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ч.Пт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “...Шүүгдэгч Ч.П нь 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 20 цаг 20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Эмээлт карьерийн замд “...” ХХК-ний эзэмшлийн “Shaan XI.F2000” маркийн ... УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 22.2, 22.3-т тус тус заасныг зөрчсөний улмаас “Хүрд” ХК-ний эзэмшлийн “Dong Feng” маркийн ... УНМ улсын дугаартай ачааны автомашиныг жолоочгүй хатуу холбоогоор чирч явах үед уг чиргүүлийн хатуу холбоо тасарч, улмаар уг тээврийн хэрэгслийн ард явж байсан Н.Батхүрэлийн жолоодож явсан “Toyota Prius” маркийн ... УНЯ улсын дугаартай автомашиныг мөргөж, ослын улмаас Б.Маргад-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч М.Нарантуяагийн эрүүл мэндэд хөнгөн, “Toyota Prius” маркийн ... УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Н.Батхүрэлд нийт 2.840.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлт гаргасан ба шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.П нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.Пын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Ч.П нь 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 20 цаг 20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Эмээлт карьерийн замд “...” ХХК-ний эзэмшлийн “Shaan XI.F2000” маркийн ... УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 22. “Механикжсан тээврийн хэрэгслийг чирэх”:

-22.2-т заасан “Хатуу буюу зөөлөн холбоогоор чирүүлэх тээврийн хэрэгслийг тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй хүн жолоодно. Харин цоройлгон ачих байдлаар чирүүлэх тээврийн хэрэгсэлд жолооч байхыг хориглоно.

-22.3-т заасан “Хатуу холбоогоор чирэх, чирүүлэх тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай 4 метрээс илүүгүй байх бөгөөд чирүүлэх тээврийн хэрэгслийн жолооны механизм бүрэн ажиллагаатай байвал зохино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Хүрд” ХК-ний эзэмшлийн “Dong Feng” маркийн ... УНМ улсын дугаартай ачааны автомашиныг жолоочгүй хатуу холбоогоор чирч явах үед уг чиргүүлийн хатуу холбоо тасарч, улмаар уг тээврийн хэрэгслийн ард явж байсан иргэн Н.Батхүрэлийн жолоодож явсан “Toyota Prius” маркийн ... УНЯ улсын дугаартай автомашиныг мөргөж, ослын улмаас уг автомашинд сууж явсан 1 настай, эрэгтэй Б.Маргад-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

-мөн зорчигч М.Нарантуяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол,

- “Toyota Prius” маркийн ... УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Н.Батхүрэлд нийт 2.840.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт нь:

 

-Цагдаагийн ерөнхий газар, мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн лавлагаа (хавтаст хэргийн 18 дугаар тал),

-Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 4-11 дүгээр тал),

-гэрч Б.Ганхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...П ах миний автомашиныг чирч явахыг зөвшөөрч, хатуу холбоог машиныхаа хойд талд холбож, өөрийн автомашины порховоо сайтар шалгаж байсан. ...автомашиныг чирээд 4-5 км шороон замаар явж байгаад өгсүүр өөд төв зам руу орохын үед ...миний автомашин ухарч байгааг толиндоо харсан. ...миний автомашин жолоочгүй ухарч очоод Тоёота Приус маркийн зүүн урд талыг мөргөсөн. ...Осол болсны дараа хатуу холбоог хартал дотроо цавтай байсан учраас гогцоо нь гагнаасаараа тасарсан байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дүгээр тал),

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Отгонсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...нөхөр Батхүрэл автомашинаа баруун гар тал руу дарсан. Тэр үед нөгөө автомашин ирж, манай автомашины зүүн талын урд тал руу мөргөсөн. ...Ослын улмаас хүү Маргад-Эрдэнийн баруун эгэмний яс хугарч, толгойдоо гэмтэл авсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар тал), мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),

-иргэний нэхэмжлэгч М.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Батхүрэлийн автомашинтай, түүний гэр бүлийн хүн Отгонсүрэн, ахын хүү Маргад-Эрдэнэ нарын хамт Сонгинохайрхан дүүргийн Баруун туруу орохоор карьерын шороон замаар явж байтал автомашины өмнө маш их тоос босож ирсэн. ...Тэгтэл урдаас том ачааны автомашин ухраад ирсэн. Ах хараад автомашинаа шууд баруун гар тал руу дарж унтраах үед нөгөө автомашин ирж мөргөсөн. ...Ослын улмаас миний тархи хөдөлсөн, хүзүү, мөр болон зүүн хөлийн гуяндаа гэмтэл авсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дугаар тал), шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),

-иргэний нэхэмжлэгч Н.Батхүрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар тал),

-иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Dong Feng ... УНМ улсын дугаартай ачааны автомашин “Хүрд” ХК-ний эзэмшлийнх ба, 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр уг автомашиныг манай ажилтан Б.Ганхуяг хайрга ачаад хот руу явах замд нь автомашины мотор цохиж, ...хатуу холбоо авчирч автомашиндаа холбоод замын жолооч гуйж хатуу холбоогоор автомашинаа чирүүлээд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн замд явж байх үед нь чирэгдэж явсан автомашин жолоочгүй ухарч очоод мөргөсөн байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дугаар тал),

-шүүгдэгч Ч.Пын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 102 дугаар тал),  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8714, 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 8454 дугаартай дүгнэлтүүд (хавтаст хэргийн 59, 63 дугаар тал),

            -тээврийн цагдаагийн албаны 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 349 дугаартай шинжээчийн дүгнэлт  (хавтаст хэргийн 88-89 дүгээр тал),

хохирогч Б.Маргад-Эрдэнийн өвчний түүхийн баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 64-71 дүгээр тал), “Хас үнэлгээ” ХХК-ний тайлан (хавтаст хэргийн 84-85 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд энэхүү зам тээврийн осол хэргийн улмаас бага насны хохирогч Б.Маргад-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ч.Пыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан ба, энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох бөгөөд хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн гэм хорыг энэ гэмт хэргийн хор уршигт тооцно.

Мөн “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Маргад-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч М.Нарантуяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Toyota Prius 20 маркийн ... УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохиролд иргэний нэхэмжлэгч Н.Батхүрэлд 2.840.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Тухайн хэрэг үйл явдал болсон өдөр иргэний хариуцагч “Хүрд” ХК-ний эзэмшлийн Dong Feng маркийн ... УНМ улсын дугаартай автомашиныг шүүгдэгч Ч..Паар чирүүлсэн жолооч Б.Ганхуяг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Отгонсүрэнд 2.150.000 төгрөг нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч Н.Батхүрэлийн Toyota Prius 20 маркийн ... УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг засварын газарт өгч засуулж өгсөн, иргэний нэхэмжлэгч М.Нарантуяа нь нэхэмжлэх зүйлгүй, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Отгонсүрэн, иргэний нэхэмжлэгч Н.Батхүрэл нар “цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” талаар нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтыг (хавтаст хэргийн 129 дүгээр тал) бичгээр ирүүлсэн тул шүүгдэгч Ч.П, иргэний хариуцагчи “...” ХХК, “Хүрд” ХК нь тус тус энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Ч.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг  гаргасан, шүүгдэгч Ч.П нь өмгөөлөлдөө улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, хохиролд болгоомжгүйгээр хандсан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Ч.П нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, урьд ял шийтгэлгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ч.П нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг түүний сард 400.000 төгрөгийн цалин хөлс авдаг болон бусад орлого олох боломж зэргийг харгалзан тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.П нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

4.Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний болон жолооны бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Чын Пыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Пыг 1600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.600.000  (нэг сая зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Пт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

           

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Пт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний болон жолооны бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор шүүгдэгч Ч.П, иргэний хариуцагч “Хүрд” ХК, “...” ХХК нь бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ч.Пт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл мөн хуулийн 11.9 дүээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Пт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА