Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 262

 

 

 

 

 

 

2020              3               5                                        2020/ДШМ/262

 

 

Ч.П-д холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

шүүгдэгч Ч.П-, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1187 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.П-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ч.П-д холбогдох эрүүгийн 1903008030433 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Ч.П, 19... оны 12 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн ............ суманд төрсөн, ......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл ............ хамт ............... дүүргийн .... хороо, ................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........................./;

Ч.П- нь 2019 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 20 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Эмээлт, карьерийн замд “Эх дэлгэр мөрөн” ХХК-ийн эзэмшлийн “Shaan XI.F2000” маркийн 07-64 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 22- Механикжсан тээврийн хэрэгслийг чирэх: 22.2-т заасан “”Хатуу болон зөөлөн холбоогоор чирүүлэх тээврийн хэрэгслийг тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй хүн жолоодно. Харин цоройлгон ачих байдлаар чирүүлэх тээврийн хэрэгсэлд жолооч байхыг хориглоно, мөн дүрмийн 22.3-т заасан “Хатуу холбоогоор чирэх, чирүүлэх тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай 4 метрээс илүүгүй байх бөгөөд чирүүлэх тээврийн хэрэгслийн жолооны механизм бүрэн ажиллагаатай байвал зохино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Хүрд” ХХК-ийн “Dong Feng” маркийн 99-04 УНМ улсын дугаартай автомашиныг жолоочгүй хатуу холбоогоор чирч явах үед уг чиргүүлийн хатуу холбоо тасарч, улмаар уг тээврийн хэрэгслийн ард явж байсан Н.Батхүрэлийн жолоодож явсан “Toyota Prius” маркийн 92-51 УНЯ улсын дугаартай автомашиныг мөргөж, ослын улмаас уг автомашинд сууж явсан 1 настай, эрэгтэй Б.М- эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч М.Нарантуяагийн эрүүл мэндэд хөнгөн, “Toyota Prius” маркийн 92-51 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Н.Батхүрэлд нийт 2.840.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ч.П-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.П-ыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.П-ыг 1600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.П-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.П- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.П-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний болон жолооны бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор шүүгдэгч Ч.П-, иргэний хариуцагч “Хүрд” ХК, “Эх дэлгэр мөрөн” ХХК нь бусдад төлөх төлбөргүйг тус тус дурьдаж, Ч.П-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.П- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие уг торгуулийн ялыг хүлээн зөвшөөрөхгүй ба бусад мэргэшил нэгт хүнд тусалснаараа буруутан болж шийтгэл хүлээсэндээ маш их харамсаж байна. Хууль, эрх зүйн мэдлэг дутуугаас болж гэм буруутайд тооцогдсонд маш их эргэлзээ бүхий байгаа тул хэргийн үйл баримтыг нягтлан шалгаж, үнэн зөвөөр хэргийг шийдвэрлэж өгнө үү. Торгуулийг багасгаж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Ч.П-ын өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. Учир нь шүүгдэгч Ч.П- нь эрх зүйн мэдлэг дутуу, торгуулийн ялыг хугацаатай оногдуулсан ч гэсэн тэтгэврийн насны хөгшинд өндөр байна гэдэг үүднээс надад хандсан. Уг шийтгэх тогтоолд Ч.П-ыг гэм буруутайд тооцож, Замын хөдөлгөөний дүрмийн 22 дугаар зүйл 22.2 дахь хэсэг, мөн дүрмийн 22 дугаар зүйлийн 22.3 дах хэсэгт зааснаар гэм бүруутай байна гэж үзсэн. Тухайн чирэгдэж байсан тээврийн хэрэгслийн мотор цохисноос болоод чирэгдэж байсан тээврийн хэрэгсэл ажиллах ямар ч бололцоогүй болсон. Тухайн жолооч Ч.П- “та надад туслаад өгөөч“ гэж гуйсан байсан. Ч.П-ыг буруутгаад байгаа үндэслэл нь хатуу холбоо 4 метрээс илүүгүй байна гэдгийг зөрчсөн гэж үзсэн. Тухайн холбоос 2,5 метрийн урттай, А хэлбэрийн хатуу холбоос байдаг. Тэгэхээр Замын хөдөлгөөний дүрмийн 22 дугаар зүйл 22.3 дахь хэсэгт заагдсан үйл баримт хууль зүйн үндэслэлтэй гэдэг дээр эргэлзээтэй байна. Шүүгдэгч Ч.П- машиныг чирээд явж байхад чирэгдэж байсан тээврийн хэрэгслийн А холбоос үзүүр хэсгээрээ гагнаасаараа тасарсан ийм үйл баримт болсон. Иймд үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 22 дугаар зүйл 22.2 дахь хэсэгт заасан цоройлгохоос бусад тохиолдолд чирэгдэж яваа тээврийн хэрэгслийн жолооч заавал байлцана гэсэн шаардлагатай байдаг. Зөөлөн холбоогоо чирж явахад жолоочийг заавал байлцуулах шаардлага байдаг. Хатуу холбоогоор чирэгдэж яваа мотор цохисон тээврийн хэрэгсэл бол чиргүүлийн нэгэн адил ангилалд ордог. Түүнчлэн Замын хөдөлгөөний дүрмийн 22 дугаар зүйл 22.5 дахь хэсэг механикжсан тээврийн хэрэгслийг чирэхэд хүн тээвэрлэхийг хориглоно гэсэн заалттай. Нэгэнт уг автомашин нь чанарын шаардлага хангахгүй болсон болохоор хатуу холбоогоор чирэх зайлшгүй шаардлагатай байгаа тул жолооч байх шаардлагатай эсэх нь хуулиар зохицуулагдсан зүйл байдаггүй. Уг хэргийн үйл баримтаас харахад 10 дугаар сарын 4-ний өдөр яллагдагчаар, 10 дугаар сарын 9-ний өдөр шинжээч Шинэбаатарын шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Тухайн гэмт хэрэгт учирсан нөхцөл байдлаар чирэгдэж явсан тээврийн хэрэгслийн жолооч 9 дүгээр сарын 3-ны өдөр бурхан болсон. Түүнээс хойш гэрчээр асууж явж байгаад 10 дугаар сарын 4-ний өдөр гэнэт яллагдагчаар татаад эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Прокурорын тогтоолд Б.М- гэх хүүхдэд хүндэвтэр гэмтэл учирсан үйл баримтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгт заасан нөхцөл байдал харагдаж байна гэдгээр Эрүүгийн хэрэг үүсэж шалгасан байдаг. Шүүгдэгч Ч.П-ын цаг хугацаанд эзэмшиж явсан тээврийн хэрэгсэл түүнд тавигдах бусад шаардлагуудаар иргэний буруутай үйл ажиллагаа харагдахгүй байгаа юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд зааснаар хэргийн үйл баримтыг тал бүрээс нь судалж, хэргийг үнэн зөв шийдэж өгнө үү. Хэрвээ шүүх тухайн нөхцөл байдалд гэм буруутай байна гэж үзвэл эрүүгийн хариуцлагын нөхцөл байдалд шүүгдэгч өөрийгөө анхнаасаа эрх зүйн мэдлэггүй болохоор “би буруутай юм байна” гэж ойлгож гэм буруугаа зөвшөөрөөд явсан байсан. Үүнд шүүх бүрэлдэхүүн анализ хийж шийдвэрлэж өгнө үү. Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчлийн хэмжээ, гэм хор учирсан асуудлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэж болно гэж тухайн мөрдөгч үзэж байсан юм билээ. Шинжээчийн дүгнэлтэд хэдийгээр ганцхан Н.Батхүрэлд холбогдох буюу “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгслийн арын суудалд сууж явсан 1 нас 5 сартай Б.М- биед гэмтэл учирсан үйл баримт нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Эдгээр үйл баримтууд эргэлзээтэй байгаа учраас бага насны хүүхдийг зориулалтын суудал дээр суулгах, хэрвээ зориулалтын суудал байхгүй бол насан хүрсэн хүн хойд талын суудал дээр өвөр дээрээ авч сууж болно гэсэн журамууд байгаа. Тэгэхээр адилхан эргэлзээ бүхий үйл баримтууд байгаа болохоор шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалтыг шүүх бүрэлдэхүүн анхаарч шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тухайн жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо нэн түрүүнд аюулгүй байдлаа хангаж замын хөдөлгөөнд оролцох үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй. Тодруулбал механикжсан тээврийн хэрэгслийг хатуу холбоосоор чирэх үед чиргүүлийнхээ аюулгүй байдлыг хангаж, тухайн чиргүүлийн бүрэн бүтэн байдал, найдвартай холбож чирэх асуудлыг шалгаж хөдөлгөөнд оролцох ёстой. Тухайн жолооч тээврийн хэрэгслийг чирэх тохиолдолд хатуу, зөөлөн холбоос хамаагүй тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг харж байж тээврийн хэрэгслийг чирнэ. Чирэх тохиолдолд чирэгдэж яваа тээврийн хэрэгслийн жолоочийг өөрийнх нь машинд суулгаж чирэх байтал Ч.П- нь тухайн жолоочийг өөрийнхөө хажууд суулгаад хөдөлгөөнд оролцсон нь зам тээврийн гэмт хэрэг гарах нөхцөл болсон. Жолоочгүй тээврийн хэрэгслийг чирнэ гэдэг нь байж болохгүй асуудал. Учир нь тухайн жолооч нь тоормосгүй нэг хэсэг зогссон гэж хэлдэг. Тухайн тээврийн хэрэгслийн мотор нь цохисон байдаг боловч тээврийн хэрэгслийн эд анги хэвийн ажиллагаатай байдаг. Хэрвээ жолооч чирүүлж байгаа тээврийн хэрэгслийн ард суугаад Ч.П- чирч байгаа тохиолдолд жолооч хүрдээ ийш тийш нь хөдөлгөж арын машинд хүрэхгүй байх боломж байсан. Уг хэргийн хувьд хамгийн гол нь жолоочгүй тээврийн хэрэгсэл чирсэн нь буруу юм.  Ард чирч явсан машинд сууж байсан хүүхэд хүндэвтэр гэмтэл авсан боловч олон хүн байсан бол жолоочгүй машин ухарч янз бүрийн асуудал олох байсан. Жолооч өөрөө замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж гагнаас нь бүрэн бүтэн байна уу “чи юун гагнаас аваад ирэв ээ, танай байгууллагын гагнаас юм уу” гэдгийг асууж тодруулж сайн харж, мөн жолоочийг өөрийнхөө жолооны ард суулгах талаар шаардлага тавиагүй хөдөлгөөнд оролцсоноос тухайн осол гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, харин ч бага ял оногдуулсан. Улсын яллагчийн зүгээс 700.000 төгрөгийн санал тавьсан боловч шүүхээс 1.600.000 төгрөгийн шийтгэл оногдуулсан. Хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт шүүгдэгч талаас төлбөр өгөөгүй байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Ч.П-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Ч.П- нь 2019 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 20 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлт, карьерийн замд “Эх дэлгэр мөрөн” ХХК-ийн эзэмшлийн “Shaan XI.F2000” маркийн 07-64 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “Механикжсан тээврийн хэрэгслийг чирэх” заалтын 22.2-т заасан “”Хатуу болон зөөлөн холбоогоор чирүүлэх тээврийн хэрэгслийг тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй хүн жолоодно. Харин цоройлгон ачих байдлаар чирүүлэх тээврийн хэрэгсэлд жолооч байхыг хориглоно, мөн дүрмийн 22.3-т заасан “Хатуу холбоогоор чирэх, чирүүлэх тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай 4 метрээс илүүгүй байх бөгөөд чирүүлэх тээврийн хэрэгслийн жолооны механизм бүрэн ажиллагаатай байвал зохино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Хүрд” ХХК-ийн “Dong Feng” маркийн 99-04 УНМ улсын дугаартай автомашиныг жолоочгүй хатуу холбоогоор чирч явах үед уг чиргүүлийн хатуу холбоо тасарч, улмаар түүний ард нь явж байсан иргэний нэхэмжлэгч Н.Батхүрэлийн жолоодож явсан “Toyota Prius” маркийн 92-51 УНЯ улсын дугаартай автомашиныг мөргөж, ослын улмаас уг автомашинд сууж явсан 1 настай эрэгтэй хохирогч Б.М- эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч М.Нарантуяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Toyota Prius” маркийн 92-51 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Н.Батхүрэлд нийт 2.840.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Гэмт хэрэг гарсан байдлыг бэхжүүлэн авсан Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг /хх 3-10/

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Отгонсүрэнгийн “... Би 2019 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 20 цагийн орчим нөхөр Батхүрэлийн жолоодон явсан 92-51 УНЯ улсын дугаартай “Тоёота Приус” 20 маркийн автомашины урд сууж, хүү М- тэвэрчихсэн явж байтал өмнөөс яах ийхийн зуургүй дөрвөлжин хар юм ороод ирсэн. Батхүрэл автомашинаа баруун гар тал руу дарсан. Нөгөө автомашин ирж, манай автомашины зүүн талын урд тал руу мөргөж, зогсолгүй цааш ухарч зорчих хэсгийн баруун талын шороон жалга руу ороод зогссон. Би шокын байдалд орж хэсэг ухаан алдсан байсан. Нэг сэрсэн чинь түргэн тусламжийн эмч ирсэн, миний биеийн байдлыг үзэж байсан. Эмч намайг болон хүү Маргад-Эрдэнэ, нөхрийн дүү Нарантуяа нарыг эмнэлэг рүү авч явсан. ослын улмаас хүү Маргад-Эрдэний баруун эгэмний яс хугарсан, толгойдоо гэмтэл авсан. Би хүүгийнхээ эмчилгээнд өөрөөсөө 500.000 төгрөг зарцуулсан. Жолооч миний хүүгийн эмчилгээнд 70.000 төгрөгийг эм тариа, мөн эмнэлгээс гарсны дараа 300.000 төгрөг дансаар өгсөн. ...Гэхдээ баруун гар унжуу, хамарнаас нь байнга цус гарсан байдалтай, шөнө унтахдаа зовиуртай байна. Гомдолтой байна. Цаашид бодит хохирлоо хуулийн дагуу нэхэмжлэх болно...” /хх 21-22/,

Иргэний нэхэмжлэгч М.Нарантуяагийн “... Тэгтэл урдаас том ачааны автомашин ухраад ирсэн. Ах хараад автомашинаа шууд баруун гар тал руу дарж, унтраах үед нөгөө автомашин ирж мөргөсөн. ...ослын улмаас миний тархи хөдөлсөн, хүзүү, мөр, гуяндаа гэмтэл авсан. Би эмчилгээнд өөрөөсөө 500.000 төгрөг зарцуулсан. Эмчилгээний төлбөрөө барагдуулж авбал гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” /хх 26-27/,

Иргэний нэхэмжлэгч Н.Батхүрэлийн  “... би өөрийн эзэмшлийн “Тоёота Приүс” 20 маркийн 92-51 УНЯ улсын дугаартай автомашинд эвдрэл хохирлын үнэлгээг “Хас Үнэлгээ” ХХК-аар хийлгэсэн. Үнэлгээгээр нийт 2.800.000 төгрөг болсон ... би хохирлоо барагдуулж аваагүй. Гэхдээ буруутай жолооч миний автомашиныг засварын газарт янзлуулахаар өгсөн байгаа. Одоо засварын газарт засагдаж байгаа. Миний автомашин засвараас бүрэн янзлагдаад гарах юм бол гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” / хх 28/,

Иргэний хариуцагч Э.Бат-Эрдэнийн “... DONG FENG 99-04 УНМ улсын дугаартай ачааны автомашиныг манай ажилтан Б.Ганхуяг хайрга ачихаар унаж явсан юм. Тэгээд хайргаа ачаад хотруу явах замд нь автомашины мотор цохиж хээр хоносон юм. Маргааш өдөр нь ажил дээрээс хатуу холбоо авчирч, автомашиндаа холбочихоод замын жолооч гуйж, хатуу холбоогоор автомашинаа чирүүлээд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн замд явж байх үед нь чирэгдэж явсан автомашины хатуу холбоо гагнаасаараа тасарч, хойноо явж байсан автомашиныг жолоочгүй ухарч очоод мөргөсөн байсан. Манай компанийн зүгээс хохирогч болон эвдэрсэн автомашины эвдрэл хохирлыг бүрэн төлж барагдуулсан ...” /хх 47/

Шүүгдэгч Ч.П-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн орой би “SHAAN XI.F2000” маркийн 07-64 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан юм. Талийгаач Ганхуягийн машины мотор цохьчихсон, хээр хоносон гээд надаас “та машиныг маань чирээд хот руу дөхүүлээд өгөөч” гэж гуйсан. Би зөвшөөрөөд машиныг нь үзээд, арын холбоосоо шалгаад машиныг нь чирсэн. Тэгээд засмалтай нийлдэг зам өөд өгсөөд явж байтал гэнэт л суларчихсан. Арын толиндоо хартал талийгаач Ганхуягийн машин ухарч байхаар нь би “буугаарай миний дүү, хурдан юм ивээрэй” гэсэн. Ганхуяг буугаад гүйсэн боловч амжаагүй. Тэгээд Батхүрэлийн машиныг зүүн урд талаар нь мөргөчихсөн. Ганхуягийн машин нь зүүн урд жалга руу ороод зогссон. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлын мөнгийг надаар машинаа чирүүлсэн Ганхуяг төлсөн байсан ...  /хх- 188 /

Ч.П-ын яллагдагчаар  өгсөн “ ... Би хохирогч нарын эмчилгээ болон “Тоёота Приүс 20” маркийн 92-51 УНЯ улсын дугаартай автомашины үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг төлөөгүй. Харин намайг чирээд өг гэж гуйсан Dong Feng 99-04 УНМ улсын дугаартай ачааны автомашины жолооч, талийгаач Б.Ганхуяг төлж барагдуулсан...”  /хх 101-102/ гэх мэдүүлгүүд,

“Хас Үнэлгээ” ХХК-ний “... Toyota Prius 20 маркийн 92-51 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг 2.840.000 төгрөгөөр тогтоосон” үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 84-85/,

92-51 УНЯ улсын дугаартай Toyota Prius 20 маркийн автомашины эзэмшигчээр “Нет Капитал Лизинг” ХХК бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, иргэний нэхэмжлэгч Н.Батхүрэлийн жолооны үнэмлэхийн лавлагаа /хх 34-36/,

2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 349 дугаартай Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт /хх 88-89/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 8454 дугаартай шинжээч эмчийн “ ...М.Нарантуяагийн биед тархи доргилт, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй ...” гэх дүгнэлт /50/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8714 дугаартай дүгнэлтийн “... Б.М- биед баруун эгэм ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэх хэсэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.П-ыг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээс гадна тухайн зүйл хэсэгт зааснаар 1600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд нь тохирчээ.

Шүүгдэгч Ч.П- “...Миний уг бие мэргэжил нэгт нөхөртөө тусалснаараа буруутан болж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт “торгуулийн ялыг багасгаж өгнө үү” гэсэн тайлбарыг хийлээ.

Анхан шатны шүүхийн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн дүгнэлт, шийдвэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасантай нийцсэн байх тул шүүгдэгч Ч.П-ын торгуулийн ялыг багасгах талаарх гомдол үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Ч.П- нь хэдийгээр бусдад тусалж “Эх дэлгэр мөрөн” ХХК-ийн эзэмшлийн “Shaan XI.2000” маркийн 07-64 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон “Хүрд” ХХК-ийн “Dong Feng” маркийн 99-04 УНМ улсын дугаартай замын хөдөлгөөнд оролцох боломжгүй тээврийн хэрэгслийг чирч явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 22.2-т заасан “”Хатуу болон зөөлөн холбоогоор чирүүлэх тээврийн хэрэгслийг тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй хүн жолоодно. Харин цоройлгон ачих байдлаар чирүүлэх тээврийн хэрэгсэлд жолооч байхыг хориглоно, мөн дүрмийн 22.3-т заасан “Хатуу холбоогоор чирэх, чирүүлэх тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай 4 метрээс илүүгүй байх бөгөөд чирүүлэх тээврийн хэрэгслийн жолооны механизм бүрэн ажиллагаатай байвал зохино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсоноос гадна шүүгдэгч Ч.П- тухайн үйлдлийнхээ үр дагаврыг бүрэн хариуцах үүрэг бүхий замын хөдөлгөөнд оролцогч субъект юм. Иймээс шүүгдэгч Ч.П-ын “эрүүгийн хариуцлагаас хүлээх үүргийг хөнгөрүүлэх”-ийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1187 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.П-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                                    Н.БАТСАЙХАН

            ШҮҮГЧ                                                                                                Б.ЗОРИГ