Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 09

 

*******ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, шүүгч *******, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч ******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 139/ШШ2016/00230 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д  хариуцагдах,

1482280 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч *******ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,  нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие ******* овогтой *******тай харилцан тохиролцоод манай дэлгүүрт 2014 оны 11 сарын 22-ны өдрөөс 2015 оны 06 сарын 07-ны өдрийг хүртэл хугацаагаар худалдагчаар ажиллуулсан болно. Энэ хугацаанд 1482280 төгрөгийн дутагдал гаргасан. 1482280 төгрөгийн дутагдал гаргаснаас нь хойш тооцоогоо нийлж, хохирлоо барагдуулах талаар удаа дараа хэлсэн боловч ирэхгүй шалтаг шалтгаан тоочоод 1 жил боллоо. Иймд *******гаас 1482280 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******ын гуйлтаар 2014 оны 11 сарын 22-ны өдрөөс 2015 оны 6 сарын 7-ны өдрийг хүртэл худалдагчаар ажилласан болно. Энэ хугацаанд дэлгүүрийн орлогыг өдөр тутам өөрт нь тушаадаг байсан. Анх 7394510 төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн гэсэн боловч миний тооцоогоор 7159710 төгрөг болсон. Ингээд анх бараа хүлээн авсан зөрүү гэхэд л 234800 төгрөг гарлаа гэсэн чинь яваандаа болох байлгүй та буруу бодсон байлгүй гэсэн. Тооллого болохоор надаас дутдаг байсан гэсэн. Ажлаа хүлээлгэн өгье гэж 1 бус удаа хэлсэн. Надад хэлэхдээ манайх энэ дэлгүүрийг худалдаж авсан гээд сүүлдээ худалдаж авсан хүнтэйгээ наймаа тохироогүй гээд бараагаа татан буулгасан. Тооцоо хийх болохоор ын эхнэр бид хоёр зөрдөг. болохоор би энэ ажлыг 30 гаран жил хийж байна гээд тооны машинд маш хурдан хийдэг. Би удаан хийдэг. Ингээд тооцоо нийлж чадалгүй хоёр сар болсон. /6, 7 сар/ 2015 оны 8 сарын 15-наас харвалтын улмаас хэвтэрт орсон дүүгээ өөр дээрээ авч асарч байгаад сая 6 сарын 26-нд дахин харвалт өгч ухаангүй байсаар 7 сарын 4-нд нас барсан. Ийм амьдралын гачигдлаар завгүй асаргааны хүнтэй байсан учир дахин тооцоо нийлж чадсангүй. Саяхан 7 сарын 1-нд утсаар ярилцах гэсэн боловч согтуу байсан учир ярилцаж чадсангүй. Би өвөл 2 сард тай уулзаад би дүүгээ харж байна, зав муутай байна дүүгээ нэг тийш болгохоор тооцоо хийнэ гэж хэлсэн боловч намайг шүүхэд өгсөн байна. Би тай дахин сайн тооцоо хийж байж л энэ нэхэмжлэлийн мөнгийг шийднэ. Тооллого хийгээд дутсан гэж байсан боловч хэдэн төгрөгийн дутагдал гарсныг мэдээгүй. Албан ёсоор бараа хүлээлцдэггүй байсан. Зарим падан дээр бичсэн бараа дутуу ирэх үе байсан гэжээ.

 

Анхан шатны шүүх:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар *******ын нэхэмжлэлтэй хариуцагч *******д холбогдох 1482280 / нэг сая дөрвөн зуун наян хоёр мянга хоёр зуун наян/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38630 /гучин найман мянга зургаан зуун гуч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: ... Шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт: худалдагч ******* нь өөрийн ажиллах газар, ажлын үргэлжлэх хугацааг өөрөө тогтоодоггүй, ажил олгогчийн гаргасан зохион байгуулалтын дагуу  ажилладаг байсан нь зохигчийн тайлбараар нотлогдож байх тул зохигчийн хооронд хөлсөөр ажиллах гэрээ биш хөдөлмөрийн эрх зүйн харилцаагаар зохицуулагдах ажил үүссэн байсан байна. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд  ажил олгогч, ажилтан хоёрын хооронд  хөдөлмөрийн гэрээ байгуулагдах бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулсанаараа ажилтны эрх, ашгийг хамгаалахаас гадна  хөдөлмөрийн гэрээнд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын асуудлыг тусгасан байсан бол ажилтнаас ажил олгогчид учруулсан хохирлыг гаргуулах эрх зүйн орчин бүрддэг. Иймд Хөдөлмөрийн сайдын 1991 оны 216 дугаар тогтоолд зааснаар хариуцагч *******гаас дэлгүүрийн бараа дутагдуулсны хохирол болох ... төгрөгийг  гаргуулах үндэслэлгүй болно гэж дүгнэсэн байна.

Нэхэмжлэгч ******* нь худалдагчаар ажиллаж байсан *******гаас бараа дутаасны төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба талуудын хэн аль нь гүйцэтгэсэн ажил үйлчилгээтэй холбоотой гэрээний харилцаан дээр маргаж мэтгэлцдэггүй. Харин хариуцагч нь бараа дутагдуулсны төлбөрийг хүлээн зөвшөөрдөггүй ба үүнийгээ бараагаа дутуу хүлээлгэж өгдөг, тооллогыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн тайлбар гаргадаг юм. Гэтэл шүүх талуудын хооронд заавал хөдөлмөрийн гэрээ ба эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдсанаар хохирол төлөгдөх үндэслэлтэй хэмээн ойлгомжгүй  дүгнэлт хийсэн байх ба энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйл “Гэрээний чөлөөт байдал”, 189.1 дэх заалт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан заалтыг болон нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байна. 

Мөн шүүх шийдвэртээ хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн үндэслэлийг заахдаа  “Хөдөлмөрийн сайд”-ын 216 дугаар тогтоолыг үндэслэл болгосон нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “”Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтад нийцэхгүй гэж үзэж байгаа бөгөөд шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарч чадаагүй байна. Учир нь Сайдын тогтоол нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болсон хэмээн дүгнэсэн атлаа Тогтоох хэсэгтээ Иргэний хуулийн 359 дүгээр зүйл буюу  Хөлсөөр ажиллах гэрээний  заалтыг удирдлага болгон маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хуулийг буруу  тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүхийн 2016 оны 8 сарын 17-ны өдрийн 230 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр  анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчих, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Шүүхээс хэргийг хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо шийдвэрийн үндэслэх хэсэгт зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг ойлгомжтой тодорхойлоогүй, өөрөөр хэлбэл “ зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээ биш хөдөлмөрийн эрх зүйн харилцаагаар зохицуулагдах ажил үүссэн байна” / хэргийн 200 дугаар хуудас, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт / гэж дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт маргааныг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтыг хөлсөөр ажиллах гэрээ буюу Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 гэсэн зүйл ангийг баримталсан нь ойлгомжгүй бөгөөд шүүхийн дүгнэлт шийдэл зөрүүтэй, энэ нь “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгтэй нийцээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт  хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгааг заах шаардлагыг хуульчилсан. Гэтэл шүүх шийдвэртээ хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтанд огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь хуулийн дээрх заалт шаардлагад нийцээгүй байна.

Хэргийн 184-197 дугаар хуудсанд авагдсан 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагч талаас 10 хуудас бүхий зарлагын падааны баримтуудыг шинээр гаргаж өгч байгаа талаар танилцуулагдсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д зааснаар хэргийн оролцогч нар нь нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүрэгтэй, харин шүүх хуралдаан дээр хэрэгт авагдаагүй, хэргийн оролцогч нарын танилцаагүй нотлох баримтыг шинээр гаргаж өгч буй нь “шинэ нотлох баримт бүрдүүлэх хүсэлт” гэж ойлгогдоно. Шүүхийн хүлээн авсан гэх дээрх нотлох баримтыг шүүх хуралдаан дээр шинжлэн судалж хэргийг шийдвэрлэсэн байдал шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан боловч хариуцагч талаас шинэ нотлох баримт гаргаж буй хүсэлтийг шүүх хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Энэ нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт “...хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг... даруй шийдвэрлэнэ.”, 105.2 дахь хэсэгт “...нотлох баримтыг...шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно” гэж заасныг шүүх биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

Мөн нэхэмжлэгчээс ирүүлсэн хэргийн нотлох баримтуудыг шүүх хуралдаан болох өдөр буюу 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хариуцагчид танилцуулжээ. / хэргийн 172 дугаар хуудас /

Дээрх үндэслэлүүдээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг эсрэг талд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжит хугацаанд танилцуулаагүй нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан эсрэг талын шаардлага, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг оролцогчийн мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх болон хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхийг шүүхээс зөрчсөн гэж үзнэ.

Анхан шатны шүүхийн хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зөрчлийг  давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй, уг зөрчлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэл болж байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг  хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул хэрэгт цугларсан нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, маргааны үйл баримтанд дүгнэлт хийгээгүй болно.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

        1.Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 139/ШШ2016/00230 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, *******ын нэхэмжлэлтэй, *******д хариуцагдах 1482280 төгрөг  гаргуулах тухай хэргийг Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр  буцаасугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч *******аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  38630 /гучин найман мянга зургаан зуун гучин/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

   3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ                          Т.БЯМБАЖАВ

           ШҮҮГЧИД                          Н.НАСАНЖАРГАЛ

                                                    Ц.ОТГОНЦЭЦЭГ