Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/00723

 

М.Б-, К.Т- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 567 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 212/МА2017/00136 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч М.Б-, К.Т- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл багийн дунд сургуульд холбогдох,

М.Б-ы Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй нь тэнцэх хэмжээний олговорт 20 994 090 төгрөг гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэхийг хариуцагчид даалгах,

К.Т-ийн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч К.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базар, хариуцагчийн өмгөөлөгч Я.Съезд, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч М.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хөх хөтөл багийн дунд сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгчээр 1990 оноос одоо хүртэл хориод жил ажиллаж байгаа юм. Гэтэл Улаанхус сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн захирал хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 49 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухайн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, сургуулийн дотоод журмын 6.4.10, хөдөлмөрийн гэрээний 1.10 дахь заалтыг тус тус үндэслэн хүүхдийн тоог илүү гаргаж, төрөөс хууль бус санхүүжилт авах боломж бүрдүүлж хөдөлмөрийн сахилгыг зөрчсөн гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Намайг сургуулийн захирал 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 33 дугаартай тушаал гаргаж дотуур байрны хүмүүжүүлэгчийн ажлаас чөлөөлж, 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гаргасан тушаал нь агуулгын хувьд буруу болж дахиж намайг ажилд авсан. Би сургуулийн үдийн цай хөтөлбөрийг гэрээ хийж авч хариуцаж байтал захирал 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өөр хүнд хариуцуулсан. Би сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгчийн ажилтай холбоотой зөрчил гаргаагүй байхад өөр холбогдолгүй зүйлийг үндэслэж гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3-т сахилгын зөрчил илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэлийг ногдуулна гэсэн заалтыг зөрчсөн. Учир нь намайг үдийн цайны хөтөлбөртэй холбоотой зөрчил гаргасан гэж энэхүү ажлыг авчихаад дотуур байрны хүмүүжүүлэгчийн ажилд ямар ч холбогдолгүй зүйлийг үндэслэж ажлаас чөлөөлсөн явдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн агуулгатай зөрчилдсөн. Хөх хөтөл багийн дунд сургуулийн захирлын 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 49 тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн тул ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин буюу 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговорт 20 994 090 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл дунд сургуулийн санхүүгээс гаргуулах, М.Б- миний 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацаа буюу 36 сард ноогдох нийгмийн даатгалын шимтгэл 2 994 009 төгрөгийг аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд нөхөн шилжүүлэхийг ажил олгогчид даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч К.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2011 оноос дуу хөгжмийн багш, бага ангийн багш, дотуур байрны багшаар ажиллаж байсан. Захирал К.Салтанат 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, Бага, дунд боловсролын тухай хуулийн 20.1.2, 2013 оны 03 дугаар сард байгуулсан миний хөдөлмөрийн гэрээний 1.3 дахь заалтуудыг үндэслэн 57 тоот тушаалаар миний хөдөлмөрийн гэрээг цуцлан миний оронд өөрийн хүргэн ах нь болох ямар ч мэргэжилгүй М.Б-ыг авч ажиллуулж байна. Миний хөдөлмөрийн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтүүд гэсэн хэсэгт сургуулийн захирал Ш.Молданияз 2014-2015 оны хичээлийн жилээс бүр орон тоогоор ажиллана гэж 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тэмдэглэл хийсэн байгаа. Би түр ажилтан биш. Надтай анх хөдөлмөрийн гэрээг сургуулийн захирал Ш.Молданияз байгуулахдаа эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа М.Б-ыг эргэн ирэх хүртэл ажиллана гэж хугацааг буруу бичсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах тухай долоон заалт дотор эрүүгийн хэргийн учир шалгагдаж байгаа хүнийг эргэн ирэх хүртэл ажил, албан тушаалыг нь хэвээр хадгална гэсэн заалт байхгүй. Тиймээс хамаатны хүнээ багшийн ажилд эргүүлэн авахын тулд намайг үндэслэлгүй ажлаас халсан гэж үзэж байна.

Иймд намайг Улаанхус сумын Хөх хөтөл багийн ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч К.Т-ийн ажиллаж байгаа орон тоо нь тус сургуулийн дотуур байрны багш буюу хүмүүжүүлэгчийн орон тоо юм. Тухайн орон тоонд анх М.Б- ажиллаж байсан. М.Б-ыг тус сургуулийн үдийн цай хөтөлбөрөөс 12 506 800 төгрөгийг хувьдаа завшсан гэж тус аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэгт сэжиглэн шалгах болсон тул тус сургуулийн захирлын тушаалаар ажлаас чөлөөлсөн. М.Б-ыг ажлаас чөлөөлөх үед сургуулийн захиргаа тухайн орон тоонд К.Т-тэй түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан тус сургуулийн дотуур байрны багшаар томилсон. М.Б- нарт холбогдох эрүүгийн 201304000251 дугаартай хэргийг шийдвэрлэж, 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 21 дугаартай цагаатгах тогтоол гарсан. Давж заалдах шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 4 дугаартай магадлалаар гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэж дүгнэсэн нь хуулийн хүчин төгөлдөр байна. Нэгэнт М.Б-ыг анх үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болсон эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон учраас М.Б-ы хүсэлтийг үндэслэн түүнийг өмнө эрхэлж байсан ажил буюу дотуур байрны багшаар 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилсон. Түүнчлэн М.Б-д холбогдох эрүүгийн хэрэг нь 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр анхан шатны шүүхээр хэлэлцэгдэн түүнийг ажлаас түр чөлөөлөх үндэслэл болсон өмч хөрөнгийг идэж ашигласан гэх гэмт хэрэг нь хэрэгсэхгүй болсон тул М.Б-ыг өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилох хууль зүйн үндэслэл бүрдсэн. Иймд М.Б-ыг өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч Х.Тилеубектэй анх ажил олгогчоос 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацааг орон дахь хүн эргэж ирэх хүртэл гэж тусгасан байна. Үүнийг Х.Тилеубек зөвшөөрч тухайн үед гарын үсэг зурж байжээ. Энэ нь Х.Тилеубекийг өмнө ажиллаж байсан М.Б-ы асуудал шийдвэрлэх хүртэл хугацаагаар тухайн ажилд томилогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлийг бий болгож байна. Тус сургуулийн дотуур байрны багшаар олон жил ажиллаж байсан М.Б-ыг буруутгасан, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй тул ажил олгогчийн төлөөлөл миний бие ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч К.Т-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 567 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5-д заасныг баримтлан М.Б-ы Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоож, 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин болох 20 094 000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Жантекей харажан овогт Карменханы Тилеубекийг Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 212/МА2017/00136 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 567 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1,46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан М.Б-ыг Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн санхүүгээс М.Б-ы ажилгүй байсан 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй нь тэнцэх хэмжээний олговорт 17 637 804 /арван долоон сая зургаан зуун гучин долоон мянга, найман зуун дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэн, энэ тухай ажилтны нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл багийн дунд сургуульд үүрэг болгосугай. 1.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан Жантекей-харажан овогт Карменханы Тилеубекийг Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.” гэж, 2 дахь заалтын “70 200 төгрөг” гэснийг “316 339 (70200+246139) төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоос зарим хэсгийг хүлээн авч, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурджээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Тус хэргийг хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн тогтоолын 4 дэх хэсэгт дүгнэсэн ёсоор нэхэмжлэгч М.Б- нь “би ажилдаа орсон учир ажилгүй байсан цалингаа л нэхэмжилж байна” хэмээн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан юм. Иймд давж заалдах шатны шүүх түүнийг ажилд эгүүлэн томилох тухай шийдвэр гаргасан нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй хэрэг байна. Түүнчлэн, хариуцагчийн зүгээс түүнийг ажилд авсан буюу ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн юм. Иймд нэхэмжлэгч М.Б- болон хариуцагч нарын хооронд ажилд эгүүлэн тогтоох эсэх асуудлаар маргаан байхгүй тул шүүх тус шаардлагыг шийдвэрлэх үндэслэлгүй юм. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж шийдвэрлэх асуудал л яригдах боломжтой юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах билээ. Иймд нэхэмжлэгч М.Б-ы зүгээс энэ талаар маргаагүй, нэхэмжлэлийг шаардлагын үндэслэлээ болгоогүй байхад давж заалдах шатны шүүхийн зүгээс тус байдлыг магадлалын үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй юм.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгөхийг хүсч байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч К.Т- нь урьд тус сургуулийн дотуур байрны багш, хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан М.Б- нь ажилд эргэн томилогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөх ёстой. Нэхэмжлэгч К.Т-тэй анх ажил олгогчоос 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-т “Хөдөлмөрийн гэрээний хугацаа хугацаатай, хугацаагүй, орон дахь хүн эргэж ирэх хүртэл” гэж дурджээ. Уг хөдөлмөрийн гэрээг ажилтан К.Т- тухайн үед хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурснаар хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээ болжээ. Ингэхээр хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон хууль зүйн нөхцөл байдал нь К.Т-ийг өмнө тус сургуулийн дотуур байрны багшаар ажиллаж байсан М.Б- нь хуучин ажилдаа эргэн орох хүртэл тухайн ажилд түр хугацаагаар томилогдсон болохыг нотлож байна.

М.Б-, К.Т- нарын нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхэд иргэний хавтаст хэрэгт цугларсан Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолын утга агуулгыг бодитой судлаагүй, зөвхөн нэхэмжлэгч К.Т-ийн эрх ашиг, түүнийг ажилд авсан Улаанхус сумын Хөх хөтөл дунд сургуулийн захирал асан, өмнөх шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Ш.Молданиязын эргэлзээтэй буюу К.Т-т ашигтай шийдвэр гаргах үүднээс урьдчилан бэлтгэсэн мэдүүлгийг үндэслэсэн явдалд гомдолтой байна.

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл дунд сургуулийн дотуур байр нь олон жилийн турш дотуур байрны багш буюу хүмүүжүүлэгчийн 4 орон тоотой ажиллаж ирсэн нь 2013 оны 01 дүгээр сарын 01-нээс одоо хүртэл тухайн ажлын байранд дотуур байрны багш-хүмүүжүүлэгчийн ажлыг хашиж байгаа М.Б-, Ш.Турсын, Х.Маншук, Ж.Амангельд нартай удаа дараа ажил олгогчийн байгуулсан хөдөлмөрийн хугацаагүй гэрээнүүд, Төрийн албан хаагчийн анкет, ажил олгогчоос нэр бүхий ажилтан нарыг дотуур байрны багш-хүмүүжүүлэгчийн ажилд томилсон тушаалууд, Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын тодорхойлолт, Баян-Өлгий аймгийн дотуур байрын ажиллагсдын 2014, 2015 оны төсвүүд, Улаанхус сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын  12-ны өдрийн “Ажил, албан тушаалын жагсаалт буюу орон тоог батлах тухай” 77 дугаар тушаал  зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна. Харин К.Т- нь 5 дахь орон тоонд ажиллаж байна гэдгийг нотлож чадаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд К.Т- нь М.Б-ы оронд тус сургуульд дотуур байрны багш, хүмүүжүүлэгчийн ажлыг эрхэлж байсан нь нотлогдсон байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын хууль зүйн үндсийг хянан үзээд нэхэмжлэгч К.Т-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан уг маргааныг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч М.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 20 094 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах тухай шаардлагыг тавьжээ.

Нэхэмжлэгч К.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн дотуур байрны багшийн орон тоонд эгүүлэн тогтоолгохыг хүсчээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл багийн дунд сургууль М.Б-ы нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч К.Т-ийн нэхэмжлэлийг татгалзсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч М.Б-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч М.Тилеубекийн нэхэмжлэлийг хангасан бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч М.Б- болон М.Тилеубекийн хэн алины нэхэмжлэлийг хангасан байна.

Нэхэмжлэгч М.Б- нь Улаанхус сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн дотуур байрны багшаар ажиллаж байгаад тус сургуулийн захирлын 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 49 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгджээ. Ажил олгогч тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан зохицуулалтыг баримталж, М.Б-ыг “хүүхдийн тоог илүү гаргаж, төрөөс хууль бус санхүүжилт авах боломж бүрдүүлсэн хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон” гэх үндэслэл заасан байна. М.Б-ыг ажлаас халах үндэслэлийн талаар ажил олгогч тайлбарлахдаа “К.Салтанаттай төрөл садан учраас бүлэглэн мөнгө завшсан” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн ажил олгогчийг нэхэмжлэгч М.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах тухай зохицуулалтыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ. Түүнчлэн, М.Б-д холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр эрх бүхий байгууллагаас хэрэгсэхгүй болгосон байна. Өөр үндэслэлээр М.Б- ял шийтгүүлсэн явдал энэ хэрэгт хамааралгүй болно. Нэхэмжлэгч М.Б-ыг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоосон, улмаар ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлал Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцжээ.

Нэхэмжлэгч К.Т- нь Улаанхус сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн дотуур байрны багшаар түр хугацаагаар ажиллаж байгаад ажил олгогчийн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 54 дүгээр тушаалаар үндсэн ажилтнаар томилогджээ. Сургуулийн захирал 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 57 дугаар тушаалаар “орон дахь хүн нь эргэн ирсэн” үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ.

Давж заалдах шатны шүүх сургуулийн дотуур байрны багшийн орон тоо, эдгээр албан тушаалд ажилтан томилогдсон байдал, нэхэмжлэгч М.Б- дотуур байрны хүмүүжүүлэгч багш, нэхэмжлэгч К.Т- дотуур байрны багшийн ажлыг хийж байсан байдал зэргийг харгалзан К.Т-ийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангасан байх боловч энэ нь бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Хариуцагч Улаанхус сумын Хөх хөтөл багийн дунд сургууль нь К.Т-ийг дотуур байрны багшийн 4 орон тооны аль нэгт бус харин М.Б-ы ажиллаж байсан, халагдсаны улмаас суларсан орон тоонд эхлээд түр хугацаагаар, дараа нь үндсэн ажилтнаар ажиллуулсан болохоо тодорхой тайлбарласнаас гадна нэхэмжлэгч К.Т- ч өөрөө С.Бахытжаны ажиллаж байсан багшийн орон тоон дээр ажилласан болохоо тайлбарлан тодорхойлжээ. Ажил олгогч, ажилтан хоёр ямар орон тоон дээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан талаар маргаагүй байхад шүүх зохигчийн маргаагүй асуудлаар хэргийн нөхцөл байдлаас өөрөөр дүгнэлт хийсэн нь алдаатай болжээ. Улмаар ажлын нэг орон тоонд эгүүлэн тогтоолгох тухай хоёр нэхэмжлэгчийн шаардлагын аль алиныг нь хангасан нь учир дутагдалтай болсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд ажил олгогч түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгөх ёстой байна. Энэ утгаар ажил олгогч нь М.Б-ыг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний 58 дугаар тушаалаар урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 51 дүгээр тушаалаар К.Т-ийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй болно.  

Ажил олгогч М.Б-ы нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалаар ажилд нь эгүүлэн томилсон боловч нэг орон тоон дээр хоёр нэхэмжлэгч эгүүлэн тогтоогдох ёстой гэж маргасан учир шүүх тухайн ажилд эгүүлэн тогтоогдож, ажиллаж байгаа М.Б-ы ажилд эгүүлэн тогтоогдох нэхэмжлэлийг хянан шийдвэрлэжээ.

Харин Улаанхус сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн дотуур байранд багшийн ажлын сул орон тоо байгаа бол ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар К.Т-ийг ажлаар хангах боломжоо шүүхийн бус журмаар хэрэгжүүлэх нь К.Т-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй юм.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, нэхэмжлэгч К.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзэж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 212/МА2017/00136 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан Жантекей-харажан овогт Каремханы Тилеубекийг Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоосугай” гэснийг “1.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай Жантекей-харажан овогт Каремханы Тилеубекийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн 2 дахь заалтад оруулсан өөрчлөлтийг хүчингүй болгож, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч К.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН