Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 384

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, МСҮТ-ийн арын хашаа, 2-1 тоотод оршин суух Хувын отог овгийн Алтансувдын Уранчимэг /ЖЮ83040501/-ийн нэхэмжлэлтэй,

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р  баг, 113-р байрны 1 тоотод оршин суух Боржигон овгийн Энхсайханы Цэцэгжүгдэр /ЗЮ87062601/-т холбогдох 13034000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 9 сарын 5-ны өдөр хүлээн авч, 2017 оны 9  сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч А.Уранчимэг

Хариуцагч Э.Цэцэгжүгдэр

Нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч А.Уранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Э.Цэцэгжүгдэр нь нэхэмжлэгч А.Уранчимэг надаас 2015 оны 12 сард 9800000 төгрөг, 2016 оны 5 сарын 9-нд 2000000 төгрөг, 2016 оны 6 сарын 7-ны өдөр 14000000 төгрөг, нийт 25800000 төгрөгийг зээлсэн. Уг зээлсэн мөнгөнөөс өнөөдрийн байдлаар 16 сая төгрөг өгсөн. Үлдэгдэл 9800000 төгрөгийг өгөөгүй байгаа учраас тус нэхэмжлэлийг гаргасан. Тус 9800000 төгрөгийг би Хас банкнаас сарын 2.2 хувийн хүүтэйгээр нөхрийнхөө нэр дээр өөрөө хамтран зээлдэгчээр орж зээлж өгсөн мөнгө учраас 9800000 төгрөг дээр сарын 2.2 хувийн хүүг бодсон. Нийт 13034000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Э.Цэцэгжүгдэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2015 оны 12 сард 9800000 төгрөгийг авсан гээд байгаа. Би нэхэмжлэгчээс 9800000 төгрөгийг бэлнээр аваагүй. Баярцогт, Батболд, Уранчимэг нар хоорондоо орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулаад орон сууц авсан юм байна лээ. Баярцогтын өгөх ёстой байсан мөнгийг би Уранчимэгт өгсөн. Эхний мөнгийг 6 сарын 19-нд 6 сая төгрөгийг Цоглог худалдааны төвийн үүдэнд өгсөн. Үүний дараа 10 сард би 1500000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу нь хийсэн. 2300000 төгрөгийг өөрийнх нь ажил дээр аваачиж өгсөн. Надаас нэхэмжлэх ёсгүй мөнгийг нэхэмжлээд байна. Би нэхэмжлэгчээс ямарч мөнгө зээлээгүй. Энэ мөнгөн дээр ямар нэгэн байдлаар хүү тооцно гэж яриагүй. Гэхдээ би хүүг нь тооцоод Батболдын 119 гэсэн Хас банкны данс руу нь 300000 төгрөг хийсэн. Мөнгөө дандаа бэлнээр аваачиж өгч байсан нь миний алдаа болсон байна. 2016 оны 11 сард нэхэмжлэгч “хоёулаа тооцоогоо нийлүүлье” гээд намайг гэнэт ажил дээрээ дуудахаар нь очсон чинь надаас хүү нэхсэн. Тэгэхээр нь би хүүг чинь өгье, гэхдээ 8 хувиар өгмөөргүй байна. 5 хувь болгоё гэж хэлсэн. Гэхдээ энэ хүү зөвхөн 14 сая төгрөг дээр л яригдсан. 9800000 төгрөг нь дээр тухайн үед Баярцогттой гэрээ байгуулсан гэж надад хэлсэн. Нэхэмжлэгчээс би 16 сая төгрөг аваад 20,3 сая төгрөг болгож, хүүг нь 8 хувиар тооцож өгсөн. Нэхэмжлэгчээс би 9800000 төгрөгийг бэлнээр авч зээлээд хэрэглэчихсэн юм байхгүй. Хоёр хүний дундуур ороод Баярцогтын өгөх ёстой байсан мөнгийг нэхэмжлэгчид өгсөн юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан бүх баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч А.Уранчимэг нь Э.Цэцэгжүгдэрт холбогдуулан 13034000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч А.Уранчимэг “Би Б.Баярцогтоос 9800000 төгрөг авах ёстой байсныг Э.Цэцэгжүгдэр,  Б.Баярцогтын танд өгөх ёстой мөнгийг би танд өгөх боллоо гэхлээр нь зөвшөөрсөн. Энэ мөнгийг Э.Цэцэгжүгдэр надад өгсөн гэж тайлбартаа бичсэн байна билээ. Би ч уг мөнгийг авснаа хүлээн зөвшөөрч байна. Түүнээс гадна Э.Цэцэгжүгдэр надаас 16000000 төгрөг зээлж авсан. Түүнээс өгсөн мөнгийг нь хасаж тооцоход 9800000 төгрөг өгөх дутуу байгаа. Би Хас банкнаас 2,2 хувийн хүүтэй авсан зээлийн мөнгөнөөсөө Э.Цэцэгжүгдэрт зээлүүлсэн учир хүүг нь тооцож авна” гэж,

Хариуцагч Э.Цэцэгжүгдэр “Б.Баярцогт А.Уранчимэгт 9800000 төгрөг өгөх ёстой байсан юм билээ. Түүний орон сууцыг манай ээж худалдаж авсан учир А.Уранчимэгт өгөх ёстой байсан 9800000 төгрөгийг нь би өгье гэж хэлсэн болохоос бус би А.Уранчимэгээс зээлж авсан мөнгө биш. Энэ 9800000 төгрөгийг нь би А.Уранчимэгт өгчихсөн. Түүнээс гадна өөрийнхөө зээлж авсан 16000000 төгрөгийг 20300000 болгож өгсөн. Надад мөнгө өгсөн авсан талаар бичгийн баримт байхгүй ч гэсэн мөнгө бий болгосон эх үүсвэрээрээ А.Уранчимэгт мөнгө өгсөн гэдгээ нотолж чадна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

Зохигчид 16000000 төгрөгийг зээлүүлсэн, зээлсэн, мөн 9800000 төгрөг нь Б.Баярцогт гэх этгээдийн нэхэмжлэгч А.Уранчимэгт өгөх мөнгө байсан бөгөөд түүнийг Б.Баярцогтын өмнөөс хариуцагч Э.Цэцэгжүгдэр нь нэхэмжлэгч А.Уранчимэгт төлсөн, түүнийг А.Уранчимэг хүлээж авсан гэдэгтэй маргахгүй байна.

Хариуцагч Э.Цэцэгжүгдэр нь өөрийн зээлсэн 16000000 төгрөгийг 20300000 төгрөг болгож төлсөн гэж тайлбарлаж байх боловч үүнийгээ нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Хариуцагч нь өөрийн тайлбар татгалзлыг нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагчид 2017 оны 9 сарын 11–ний өдөр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх үүргийг тайлбарлан өгсөн /хх-ийн 11-12–рт/ тул түүнийг тайлбар татгалзлаа нотлох баримтыг шүүхэд ирүүлэх боломжоор хангасан гэж үзнэ. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагч нь, надад мөнгө өгсөн авсан талаар бичгийн баримт байхгүй ч гэсэн шаардлагатай бол мөнгө бий болгосон эх үүсвэрээрээ А.Уранчимэгт мөнгө өгсөн гэдгээ нотолж чадна, шинээр нотлох баримт бүрдүүлж өгье гэх хүсэлтийг гаргаж байх боловч хариуцагч нь шүүхийн хэлэлцүүлгийн өмнө талуудын хүсэлтийг шийдвэрлэх үед дээрхи хүсэлтийг гаргаагүй, шүүхийн хэлэлцүүлгийн явцад дээрх хүсэлтийг гаргаж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх нь нотлогдохгүй байх тул хариуцагчийн шинээр нотлох баримт гаргах тухай хүсэлтийг ханган шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзсэн болно.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас нийт 25800000 төгрөгийг авах ёстой байсан ба үүнээс 16000000 төгрөгийг авсан гэж тайлбарлаж байна. Хариуцагч нь энэхүү 25800000 төгрөгийг төлөх ёстой байсныг 30100000 төгрөг болгож төлсөн гэж байна. Өөрөөр хэлбэл талууд авах өгөх мөнгөн дүн дээр маргаагүй ба авсан өгсөн мөнгөн дүн дээр маргаж байгаа болно. Нэхэмжлэгч нь нийт 16000000 төгрөгийг хариуцагчаас авсан гэж хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хариуцагч нь 30100000 төгрөг өгсөн гэх өөрийн тайлбарыг нотлох үүрэгтэй. Хэрэгт цугларсан бичгийн баримтаар хариуцагч Э.Цэцэгжүгдэр нь нэхэмжлэгч А.Уранчимэгт 30100000 төгрөг өгсөн болох нь нотлогдохгүй байна. Иймд талуудын тайлбараас  хариуцагч нь нэхэмжлэгчид 25800000 төгрөг өгөх ёстойгоос 16000000 төгрөгийг төлж 9800000 төгрөгийг өгөөгүй байна гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч нь 9800000 төгрөгийг 1 сарын 2,2 хувийн хүү тооцож нийт 13040000 төгрөг нэхэмжилж байна. Гэвч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох боловч мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх ба хуулийн энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахаар байна. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ байгуулсан байх боловч хүү тооцох тухай гэрээг бичгээр байгуулаагүй учир нэхэмжлэгч нь хариуцагчаас хүү нэхэмжлэх эрхгүй байна. Иймд 9800000 төгрөгөнд тооцож нэхэмжилж буй хүү болох 3240000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй байна.

Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг талуудад хуваан хариуцуулахаар шийдвэрлээд  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Э.Цэцэгжүгдэрээс 9800000 /есөн сая найман зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Уранчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3234000 /гурван сая хоёр зуун гучин дөрвөн мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223855 /хоёр зуун хорин гурван мянга найман зуун тавин таван/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Цэцэгжүгдэрээс 171750 /нэг зуун далан нэгэн мянга долоон зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Уранчимэгт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ                            Д.УРАНЧИМЭГ