Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2016/00885

 

           2016 оны 10 сарын 06 өдөр

      Дугаар 183/ШШ2016/00885

            Улаанбаатар хот

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид хотхон 19 дүгээр байр 11 тоотод оршин суух, Боржигин овогтой Алтанхүүгийн Уранцэцэг /РД:ТЖ74102001/,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид хотхон 19 дүгээр байр 11 тоотод оршин суух, Батболдын Болормаа /РД:УШ99060142/,

 Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид хотхон 19 дүгээр байр 11 тоотод оршин суух, Чоймболынхон овогтой Батболдын Болоржин /РД:УО04292700/,

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид хотхон 19 дүгээр байр 11 тоотод оршин суух, Чоймболынхон овогтой Батболдын Танхил /РД:УЖ10312222/,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид хотхон 19 дүгээр байр 11 тоотод оршин суух, Чоймболынхон овогтой Батболдын Цэцэн /РД:УЖ12230806/ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 56/2 дугаар байрны 15 тоотод бүртгэлтэй боловч, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид хотхон 19 дүгээр байр 11 тоотод оршин суух, Садо овогтой Дашын Наранчимэг /РД:ТВ39012222/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Шинэ тосгон 1 дүгээр гудамж 3 тоотод бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид хотхон 19 дүгээр байр 11 тоотод оршин суух, Ном аривжих овогтой Чоймболын Отгонцэцэг /РД:ТВ74041626/ нарт холбогдох

 

Орон сууцыг хууль бус эзэмшигчээс албадан чөлөөлүүлж, ашиглалтын зардал болон байр түрээслэсэний хохиролд 19.496.573 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сайнгэрэл, З.Шүрэнцэцэг хариуцагч Ч.Отгонцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Шүрэнцэцэг нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Уранцэцэг нь 2-14 насны хүүдүүдийнхээ хууль ёсны эд хөрөнгийг нэхэмжилж байгаа. Б.Уранцэцэг нь түүний өөрийн болон нөхөр Ч.Батболд, Б.Болоржин, Б.Болормаа, Б.Танхил, Б.Цэцэн нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид хотхон 19 дүгээр байр 11 тоот орон сууцандаа амьдарч чадахгүй байгаа тул чөлөөлүүлж өгөхийг гаардаж байгаа. Нэхэмжлэгчийн нөхөр Батболд нас барьснаас хойш талийгаачийн ээж Д.Наранчимэг, түүний дүү Ч.Отгонцэцэг нар нь уг байранд хүчээр орж, хууль ёсны өмчлөгчөөр суусан. Уг байрын чөлөөлөхийг удаа дараа шаардсан боловч байрыг чөлөөлөөгүй. Иймд хууль бус эзэмшигчээс албадан чөлөөлүүлж, мөн 2015 оны 1 дүгээр сараас хойш 2016 оны 9 дүгээр сар хүртэл дулаан, бусад ашиглалтын зардал 1.812.273 төгрөг, орон сууц хөлслөн суусанаас Одонтунгалаг, Энхбат нартай байрны түрээсийн гэрээ байгуулсан түрээсийн зардал 16.790.000 төгрөг, нийт 19.496.573 төгргөгийг хариуцагч нараас шаардан нэхэмжилж байна гэв. 

 

Хариуцагч Ч.Отгонцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ээж бид хоёрын буруугаас болж Б.Уранцэцэг гэрээсээ яваагүй. Ах маань амьд сэрүүн байхдаа ээж болон намайг гэртээ амьдруулсан. Миний ах Б.Уранцэцэгийн ах дүү нарт алуулсан гэдэг нь прокурор дээр хянагдаж байгаа. Миний ээж ач нараа санаад уулзуулаач гэж зөндөө хэлсэн. Уранцэцэг өөрөө л явсан. Хадам ээж, бэр хоёр таарамжтай байвал мэдээж сайн. Энэ хэргээс болоод миний ээжийн бие их муу байгаа. Уранцэцэг хадам ээжтэйгээ хамт амьдарч болохгүй гэх ямар ч нөхцөл байхгүй. Энэ хэрэг шийдэгдэх хүртэл ээж бид 2 ахын байранд байна. Бид байх хугацааныхаа зардлыг төлөөд л явж байгаа. Хэрэв төлөөгүй бол ус, цахилгаанаар хангахгүй байна. Нэхэмжлэгч заавал ийм өндөр дүнтэй байр түрээслэх шаардлага байсан үгүйг нь мэдэхгүй байна. Гэртээ амьдрахад нь бид саад болоогүй. Харин нэхэмжлэгчээс өөрийн аавийнхаа төрийн дээд шагналыг нэхэж авмаар байна. Мөн эрүүгийн хэргийг нь татаж хэрэгт авмаар байна гэв.

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сайнгэрэл нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч нараас шаардаж байгаа. Өөрийн өмчлөлийн орон сууцандаа амьдарч чадахгүй байгаагаас болж өөрт учирсан хохирлоо нэхэмжилж байгаа. Энэ бол гэм хорын хохирол биш өөрийн өмчлөлийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардахтай холбоотойгоор өөрт учирсан хохирлоо нэхэмжилж байгаа гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг  бүрчлэн шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч А.Уранцэцэг, Б.Болормаа, Б.Болоржин, Б.Танхил Б.Цэцэн нар нь хариуцагч Д.Наранчимэг, Ч.Отгонцэцэг нарт холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшилээс албадан чөлөөлүүлж,ашиглалтын зардал болон байр түрээслэсэнээс учирсан хохиролд 19.496.573 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нар хариуцагч Д.Наранчимэг, Ч.Отгонцэцэг нарыг өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Стадион Оргил Махатма Гандигийн гудамжны 19 дүгээр байрны 11 тоот байрнаас албадан чөлөөлүүлж, ашиглалтын зардал болон байр түрээслэсэнээс учирсан хохиролд 19.496.573 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

Харин хариуцагч Ч.Отгончимэг хэлэхдээ “....бид нарын буруугаас болж Б.Уранцэцэг гэрээсээ яваагүй. Ах маань амьд сэрүүн байхдаа ээж болон намайг гэртээ амьдруулсан. Миний ах Б.Уранцэцэгийн ах дүү нарт алуулсан гэдэг нь прокурор дээр хянагдаж байгаа. Энэ хэргийг шийдэх хүртэл байрнаас гарахгүй. Уранцэцэг хадам ээжтэйгээ хамт амьдрах боломжтой. Бид ашиглалтын зардлаа Уранцэцэгт биш өөрсдөө зохих газар нь төлнө. Байр түрээслэсэн гэдгийг нь хүлээн зөвшөөрөхгүй.” гэж маргажээ.

Хариуцагч шүүх хуралдааны хэлэлцүүлэх шатанд тайлбартаа шүүхэд нэхэмжлэгч А.Уранцэцэгийн бага хүүхэд нь талийгаач нөхөр Ч.Батболдын хүүхэд мөн эсэх талаар ДНК-ийн шинжилгээ хийлгүүлэн, эрүүгийн хэргээс шүүгчийн захирамж болон баримт гаргуулах талаар хүсэлт гаргаж байгаагаар тайлбар гаргаж байгааг шүүх нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй хүсэлт байх тул хүсэлтийг хүлээн авахаас татгалзсаныг дурьдах нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч нар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион Оргил Махатма Гандигийн гудамжны 19 дүгээр байрны 11 тоот байрны хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч А.Уранцэцэгийн талийгаач нөхөр Ч.Батболд, нэхэмжлэгч А.Уранцэцэг өөрөөболон тэдний дундаас төрсөн хүүхдүүд болох Б.Болормаа, Б.Болоржин нар бүртгэлтэй байгаа тул бидний өмчлөлийн байрнаас хариуцагч нар гарахгүй байгаа тул дээрхи орон сууцнаас хариуцагч нарыг албадан чөлөөлж өгөхийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2 дахь хэсэгт “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.” гэж заасны дагуу шаардах эрхтэй байна.

 

Учир нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион Оргил Махатма Гандигийн гудамжны 19 дүгээр байрны 11 тоот Ү2206012894 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч А.Уранцэцэгийн талийгаач нөхөр Ч.Батболд, нэхэмжлэгч А.Уранцэцэг болон тэдний хүүхдүүд болох Б.Болормаа, Б.Болоржин нар бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хх16/, гэрлэлтийн баталгаа /хх18,32/, Б.Болормаа, Б.Болоржин, Б.Танхил, Б.Цэцэн нарын төрсний гэрчилгээ /хх19-22/, Ч.Батболдын нас барсны гэрчилгээ /хх23/, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.

Хэдийгээр дээрхи байрны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ Б.Танхил, Б.Цэцэн нарын нэр дээр бүртгэлгүй байгаа ч Б.Танхил нь 2010 оны 11 дүгээр сарын 22-нд Ч.Батболд А.Уранцэцэг нарын дундаас төрсөн 6 настай, Б.Цэцэн нь 2012 оны 3 дугаар сарын 08-нд Ч.Батболд А.Уранцэцэг нарын дундаас төрсөн 4 настай болох нь хэрэгт авагдсан төрсний гэрчилгээ /хх21-22/ болон тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт “ Насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны иргэн өөрийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлоо шүүхэд хамгаалах эрхтэй.”, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “ Шүүх энэ хуулийн 24.2-т заасан иргэнд хамаарагдах хэрэгт түүний эцэг, эх, харгалзан дэмжигчийг татан оролцуулах үүрэгтэй. Харин насанд хүрээгүй иргэнтэй холбоотой хэргийг Иргэний хуулийн 16.3-т заасан үндэслэлээр хянан шийдвэрлэхдээ түүний эцэг, эх, харгалзан дэмжигчийг оролцуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу дээрхи өмчлөлийн байрыг хариуцагч нар эзэмшиж, ашиглаж байгаа нь насанд хүрээгүй Б.Танхил, Б.Цэцэн нарын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөж байна гэж түүний эх А.Уранцэцэг нь шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна.

Харин хариуцагч Ч.Отгончимэг, Д.Наранчимэг нар нь нэхэмжлэгч А.Уранцэцэгийн талийгаач нөхөр болох Ч.Батболд нь хариуцагч Д.Наранчимэгийн төрсөн хүү, хариуцагч Ч.Отгончимэгийн төрсөн ах бөгөөд нэхэмжлэгчийн ах дүү нарын дунд сэжигтэйгээр амь насаа алдсан тул маргаж буй Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион Оргил Махатма Гандигийн гудамжны 19 дүгээр байрны 11 тоот байрнаас чөлөөлж өгөхгүй гэсэн үндэслэлээр татгалзаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан “ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх;” үүрэгтэйн хувьд хариуцагч нар татгалзлаа нотолсон баримтыг хэрэгт хавсаргаагүй буюу хэрэгт авагдсан хариуцагч нарын тайлбар /хх52-53, 81, 91-94/, хариуцагч Д.Наранчимэг Ч.Батболдын хөрөнгөнөөс 1.000.000 төгрөг гаргуулах хэрэгт олгогдсон итгэмжлэл /хх45/, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /хх16/, Ч.Батболдын нас барсны гэрчилгээ /хх23/, хариуцагч нарын иргэний үнэмлэхний хуулбар, хариуцагч Д.Наранчимэгийн өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай өргөдөл /хх54-57,88-90/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас /хх80/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Харин нэхэмжлэгч нар нэхэмжлэгч нарын орон сууцыг хариуцагч нар хууль бус эзэмшсэнээс тогтмол зардал болох ус, дулааны төлбөр 1.812.273  төгрөг, гараж ашиглалтын зардал 894.300 төгрөг, түрээсийн байр түрээслэсэн гэх 16.790.000 төгрөг, нийт 19.496.573 төгрөгийг шаардсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “ Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ.”гэж заасны дагуу мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно. ” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч өөрөө эхэлж нотлож байж хариуцагч татгалзлаа нотлох үүрэгтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж шүүхэд ирүүлсэн Түрээсийн гэрээ /хх66-67/, Хөлслөх, хөлслүүлэх гэрээ /хх68/, Голомт болон Худалдаа Хөгжлийн банкны орлогын ордер /хх69-75/, Интернет, СӨХ, конторын төлбөрийн баримт /хх76-78/, хариуцагчийн “....нэхэмжлэгчийг гэртээ амьдрахад нь бидний зүгээс ямар ч саад учруулаагүй. Харин ч хадам ээж, бэр, ач нартайгаа хамт байхыг миний ээж хүсэж байхад Уранцэцэг өөрөө л хамт амьдрахгүй гээд яваад өгсөн. Бид өөрсдийнхөө хэрэглэсэн ашиглалтын зардлаа тухайн СӨХ, конторт нь төлнө.” гэх тайлбар болон ашиглалтын зардлыг нэхэмжлэгч төлсөн гэх баримт болон дээрхи төлбөрүүдийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй бөгөөд нэхэмжлэгч нарыг өөрийн өмчлөлийн байрандаа амьдрахад нь хариуцагч нар саад учруулсанаас нэхэмжлэгч байр түрээслэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хохирлыг шаардах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгийг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион Оргил Махатма Гандигийн гудамжны 19 дүгээр байрны 11 тоот Ү2206012894 дугаартай орон сууцыг хариуцагч Д.Наранчимэг, Ч.Отгончимэг нар чөлөөлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох ашиглалтын зардал болон хохиролд 19.496.573 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                                                                                                             ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсгийг тус тус баримтлан Хан-Уулдүүргийн 1 дүгээр хороо, Стадион Оргил Махатма Гандигийн гудамжны 19 дүгээр байрны 11 тоотҮ2206012894 дугаартай гэрчилгээтэй орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч Д.Наранчимэг, Ч.Отгончимэг нарт даалгаж, ашиглалтын зардал болон хохиролд 19.496.573 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 111.000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шааардлагаа нэмэгдүүлсэн хэмжээнд төлөх хойшлуулсан 247.358 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Б.АРИУНХИШИГ