Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 222

 

А.Уранцэцэг, Б.Болормаа, Б.Болоржин, Б.Танхил, Б.Цэцэн нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2016/00885 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Уранцэцэг, Б.Болормаа, Б.Болоржин, Б.Танхил, Б.Цэцэн нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Наранчимэг, Ч.Отгонцэцэг нарт холбогдох

 

Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, ашиглалтын зардал болон байр түрээслэсний хохиролд 19 496 573 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Д.Наранчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Шүрэнчулуун,

Хариуцагч Д.Наранчимэг, Ч.Отгонцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Уранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч З.Шүрэнцэцэг, О.Сайнгэрэл нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Уранцэцэг нь 2-14 насны хүүдүүдийнхээ хууль ёсны эд хөрөнгийг нэхэмжилж байгаа. Б.Уранцэцэг нь түүний өөрийн болон нөхөр Ч.Батболд, Б.Болоржин, Б.Болормаа, Б.Танхил, Б.Цэцэн нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид хотхон 19 дүгээр байр 11 тоот орон сууцандаа амьдарч чадахгүй байгаа тул чөлөөлүүлж өгөхийг шаардаж байна. Нэхэмжлэгчийн нөхөр Ч.Батболд нас барснаас хойш талийгаачийн ээж Д.Наранчимэг, түүний дүү Ч.Отгонцэцэг нар нь уг байранд хүчээр орж, хууль ёсны өмчлөгчөөр суусан. Уг байрыг чөлөөлөхийг удаа дараа шаардсан боловч байрыг чөлөөлөөгүй. Иймд хууль бус эзэмшигчээс албадан чөлөөлүүлж, мөн 2015 оны 01 дүгээр сараас хойш 2016 оны 9 дүгээр cap хүртэл дулаан, бусад ашиглалтын зардал 1 812 273 төгрөг, орон сууц хөлслөн сууснаас н.Одонтунгалаг, н.Энхбат нартай байрны түрээсийн гэрээ байгуулсан түрээсийн зардал 16 790 000 төгрөг, 19 496 573 төгрөгийг хариуцагч нараас шаардан нэхэмжилж байна. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч нараас шаардаж байгаа. Өөрийн өмчлөлийн орон сууцандаа амьдарч чадахгүй байгаагаас болж өөрт учирсан хохирлоо нэхэмжилж байгаа. Энэ бол гэм хорын хохирол биш өөрийн өмчлөлийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардахтай холбоотойгоор өөрт учирсан хохирлоо нэхэмжилж байгаа гэжээ.

 

Хариуцагч Ч.Отгонцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ээж бид хоёрын буруугаас болж Б.Уранцэцэг гэрээсээ яваагүй. Ах маань амьд сэрүүн байхдаа ээж болон намайг гэртээ амьдруулсан. Миний ах Б.Уранцэцэгийн ах дүү нарт алуулсан гэдэг нь прокурор дээр хянагдаж байгаа. Миний ээж ач нараа санаад уулзуулаач гэж зөндөө хэлсэн. Б.Уранцэцэг өөрөө л явсан. Б.Уранцэцэг хадам ээжтэйгээ хамт амьдарч болохгүй гэх ямар ч нөхцөл байхгүй. Энэ хэрэг шийдэгдэх хүртэл ээж бид 2 ахын байранд байна. Бид байх хугацааныхаа зардлыг төлөөд л явж байгаа. Нэхэмжлэгч заавал ийм өндөр дүнтэй байр түрээслэх шаардлага байсан үгүйг нь мэдэхгүй байна. Гэртээ амьдрахад нь бид саад болоогүй. Харин нэхэмжлэгчээс өөрийн аавынхаа төрийн дээд шагналыг нэхэж авмаар байна. Мөн эрүүгийн хэргийг нь татаж хэрэгт авмаар байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсгийг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион Оргил Махатма Гандигийн гудамжны 19 дүгээр байрны 11 тоот Ү2206012894 дугаартай гэрчилгээтэй орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч Д.Наранчимэг, Ч.Отгончимэг нарт даалгаж, ашиглалтын зардал болон хохиролд 19 496 573 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 111 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шааардлагаа нэмэгдүүлсэн хэмжээнд төлөх хойшлуулсан 247 358 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Наранчимэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Дээрхи шийдвэр нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр бүлэгт заасанчлан шийдвэр, түүнийг гаргахтай холбогдолтой заалт нэг бүрийг мөрдлөг болгож, шүүхийн шийдвэрт тавигдах үндсэн шаардлага болох хууль ёсны, үндэслэл бүхий байх зарчмыг зөрчлөө.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчмуудын нэг нь талуудын тэгш эрхийн зарчим байдаг тул хэргийн оролцогчид эрх эдлэх, үүрэг хүлээх зарчмыг тэгш эдэлнэ гэсэн зарчмыг тус зөрчиж Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион оргил Махатма Гандигийн гудамжны 19 дүгээр байрны 11 тоот Ү2206012894 дугаартай гэрчилгээтэй орон сууцыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг шийдэхдээ хариуцагч Д.Наранчимэг намайг оролцуулахгүйгээр миний эрхийг хязргаарлаж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Миний хүү Ч.Батболд нь амьд сэрүүн байхдаа эхнэр хүүхэд хаяад явсан тул намайг болон охин Ч.Отгонцэцэг нарыг өөрийн биеэр авч ирж гэртээ хамт амьдарч байсан юм. Гэтэл 2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өөрийнхөө удирдан ажиллуулж байсан компани дээрээ бусдын гарт үрэгдэж нас барснаас хойш 1 жил 11 cap гаруй хугацаа өнгөрлөө.

Хүүгийнхээ хүн амины хэрэгт А.Уранцэцэг болон түүний ах дүү хань хамсаатныг сэжиглэдэг бөгөөд дээрх хэрэг нь мөрдөн байцаалтын ажиллагаанд байгаа болно. Одоо биеийн байдал маш хүнд байгаа тул өөрийн отгон охин Ч.Отгонцэцэгээр асруулж хамт байхаас өөр аргагүй байдалд хүрээд байна .

Иймд дээрхи байдлуудыг үндэслэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2016/00885 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Хариуцагч Д.Наранчимэг, Ч.Отгонцэцэг, Ч.Гаригсансар нарт холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, ашиглалтын зардал болон байр түрээслэсний хохиролд 19 496 573 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг А.Уранцэцэг, Б.Болормаа, Б.Болоржин, Б.Танхил, Б.Цэцэн нар гаргажээ.

 

Шүүх хариуцагч Д.Наранчимэг, Ч.Отгонцэцэг, Ч.Гаригсансар нарт холбогдуулан 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШЗ2016/13101 дүгээр шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байх боловч нэхэмжлэгч А.Уранцэцэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч Ч.Гаригсансарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлт гаргасныг шийдвэрлээгүй байна.

 

Хариуцагч Д.Наранчимэгээс өөрийн талийгаач хүү Ч.Батболдын хөрөнгөөс 1 000 000 000 төгрөг нэхэмжлэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн хувиар төлөөлөн оролцох итгэмжлэлийг Ч.Сувданцэцэгт олгосныг нэхэмжлэгч хариуцагчийг төлөөлүүлэх гэж итгэмжлэлийг өөрчлүүлэх хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд гаргасныг хариуцагч Д.Наранчимэг нь эс зөвшөөрч, Ч.Сувданцэцэгийг төлөөлүүлж хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаас мөн оны 9 дүгээр сарын 20-ны өдөр татгалзжээ. /хэргийн 59, 82 дугаар тал/

 

Гэтэл шүүх хариуцагч Д.Наранчимэгт холбогдох нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогч бус Ч.Сувданцэцэгт 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гардуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-д заасныг зөрчжээ. /хэргийн 49 дүгээр тал/

 

Мөн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрхийнх нь дагуу хариуцагч Д.Наранчимэгт хэрэгт цугларсан нотлох баримтыг, бусад оролцогч нарт 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс хойш цугларсан нотлох баримтуудыг тус тус танилцуулаагүй нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэргийн оролцогчийг эрх тэгш, мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

/хэргийн 50 дугаар тал/

 

Түүнчлэн хариуцагч Ч.Отгонцэцэгийн Цагдаагийн онц хүнд гэмт хэрэгтээ тэмцэх 2 дугаар хэлтсээс Эрүүгийн хэргээс нотлох баримт гаргуулах, тус дүүргийн шүүхэд Д.Наранчимэгийн нэхэмжлэлтэй А.Уранцэцэгт холбогдох 1 000 000 000 төгрөгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг уг хэрэгтээ нэгтгэх, хүүхдэд ДНК-ийн шинжилгээ хийлгэх зэрэг хүсэлтүүдийг 2016 оны 10 дугаар сарын 01, 04, 05-ны өдөр тус тус гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.9, 68 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийдвэрлээгүй байна. /хэргийн 92-95 дугаар тал/

 

Харин хариуцагч Д.Наранчимэгт шүүх 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны товыг мөн оны 9 дүгээр сарын 23-ны өдөр мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд биечлэн ирж оролцох боломжгүй талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул түүнийг байлцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь эрхийг зөрчсөн гэж үзэхгүй тул энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

 

Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд дээрх зөрчлүүдийг арилгаж, хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2016/00885 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Наранчимэгээс төлсөн 70 200 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.ИЧИНХОРЛОО                                                  

                                                      ШҮҮГЧИД                           Н.БАТЗОРИГ

 

                                                                                                  С.ЭНХТӨР