Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 455

 

 

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Игэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, тоотод орших “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /*******/-д холбогдох гэрээний үүрэг 22,150,841 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, өмгөөлөгч Д.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, хариуцагчийн өмгөөлөгч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ “ ... хариуцагч Б.******* нь 2013 оны 12 дугаар сараас эхлэн нэхэмжлэгч “******* *******” ХХК-аар зуучлуулан Япон улсад зохион байгууллагддаг автомашины дуудлага худалдаанд интернетээр шууд оролцон 25 автомашин худалдан авсан байдаг. Тэрээр зээлээр худалдан авсан машинуудынхаа төлбөрүүдийг хэн хэд хуваан хуваан “машинуудын төлбөр” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлдэг байсан ба нэхэмжлэгч компанийн зүгээс хариуцагчийн хэлснээр шилжүүлэг бүрийн шилжүүлсэн мөнгөнүүдийг нь зээлээр худалдан авсан машинуудаас нь хувааж суутгадаг байсан. ******* нь “******* *******” ХХК-аас  2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 631,000 иений үнэтэй тоёота hiace V машиныг 189,300 иен буюу үнийн дүнгийн 30 хувийн урьдчилгаа төлж зээлээр худалдан авч үлдэгдэл 420,000 иенийг 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр, үлдэгдэл 21,700 иенийг 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлсэн 1,670,000 иенээс суутгуулж тухайн машины төлбөрийн тооцоог дуусгасан байдаг. Мөн 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 3,403,000 иений үнэтэй тоёота land cruiser автомашиныг 1,020,900 иен буюу үнийн дүнгийн 30 хувийн урьдчилгаа төлж зээлээр худалдан авч үлдэгдэл 1,544,500 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр, үлдэгдэл 820,500 иенийг 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр шилжүүлсэн 2,090,000 иенээс суутгуулж төлбөрийн тооцоог дуусгасан байдаг. Мөн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зээлээр худалдан авсан 781,500 иений үнэтэй тоёота kluger HV машины тооцооноос 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 103,800 иенийг хасуулсан байдаг. Өөрөөр хэлбэл 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1,670,000 иенийг 3 машины төлбөр тооцоонд хувааж хасуулж тооцуулсан гэсэн үг юм. Хариуцагчийн 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр шилжүүлсэн 2,090,000 иенийг тоёота landcruiser болон 2015 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зээлээр худалдаж авсан 3,898,500 иений үнэтэй Мерседес бенз машины 31 хувийн урьдчилгаанд 1,269,500 иенийг тооцож хассан, түүнчлэн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн 420,000 иен, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн 1,910,000 иенийг Мерседес бензийн үлдэгдэл тооцооноос хасуулсан ба үлдэгдэл 299,000 иен буюу 4,924,530 төгрөгийг одоог хүртэл төлж барагдуулаагүй тул төлүүлж өгнө үү. ... Хариуцагч Б.******* нь 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Япон улсад зохион байгуулагдсан автомашины дуудлага худалдаанд Монгол Улсаас 14 цаг 41 минут 27 секундэд 192.168.1.153 гэсэн IP хаягнаас интернетээр шууд оролцон 2004 оны Mitsubishi canter автомашинд 1,080,000 иен буюу хамгийн өндөр үнийг санал болгож, 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Япон улсад зохион байгуулагдсан автомашины дуудлага худалдаанд Монгол Улсаас 10 цаг 04 минут 53 секундэд 192.168.2.194 гэсэн IP хаягнаас интернетээр шууд оролцон 2003 оны Mitsubishi canter автомашинд 998,000 иен буюу хамгийн өндөр үнийг санал болгож, мөн өдөр 202.179.20.216 гэсэн IP хаягнаас шууд оролцон 2002 оны Mitsubishi canter автомашинд 947,000 иен буюу хамгийн өндөр үнийг санал болгож тус тус худалдах худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Тэрээр дуудлага худалдаанд өндөр үнэ хэлж авсан авсан дээрх гурван машиныг Монголоос захиалгатай хэмээн яаравчлуулан “******* Жапан” ХХК-аар үнийг нь шилжүүлүүлсэн боловч тухайн машинуудын урьдчилгаа 30 хувийг нэхэмжлэгч компанид төлнө гэсээр 7 сарын хугацаа ямар ч төлөлт хийгээгүй. Машиныг нэхэмжлэгч компанийн хяналтын талбайд орхиж компанийг хохироож сүүлдээ хариуцагч утсаа сольсон байсан тул компанийн зүгээс гэрээнээс татгалзан уг 3 машинуудыг эргүүлэн зарж мөнгөө гаргуулж авахаар дуудлага худалдаанд оруулсан боловч хариуцагчийн дуудлага худалдаанд оруулсан өндөр үнээр огт зарагдахгүй байсан тул хариуцагчийн үнэ хаялцуулан авсан өндөр үнээс 30-40 хувь бууруулан олон удаагийн дуудлага худалдааны зардал, татвар, шимтгэл төлж  2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 228,960 иений алдагдал, 10 дугаар сарын 30-ны өдөр 329,400 иений алдагдал, 12 дугаар сарын 03-ны өдөр 468,850 иений алдагдал нийт 1,072,710 иений буюу 17,226,311 төгрөгийн алдагдал хүлээж зарсан байдаг. Хэрэв хариуцагч үүргээ биелүүлсэн бол 17,226,311 төгрөг нь “******* *******” ХХК-ийн олох ёстой байсан орлого билээ. Иймд хариуцагч *******өөс Мерседес бенз машины үлдэгдэл төлбөр 299,000 иен буюу 4,924,530 төгрөг, гэрээнээс үүссэн гэм хорын хохирол 1,072,710 тен буюу 17,226,311 төгрөг нийт 22,150,841 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.  

 

Хариуцагч Б.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ ... ******* нь 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 420,000 иен, 4 дүгээр сарын 06-ны өдөр 1,670,000 иен, 2,090,000 иен, 04 сарын 30-ны өдөр 420,000 иен, 05 сарын 15-ны өдөр 1,910,000 иен нийт 6,510,000 иенийг нэхэмжлэгч “******* *******” ХХК-нд ХААН банкны гадаад гуйвуулгаар шилжүүлсэн, энэ талаар баримтыг гаргаж өгсөн. Иймд дээрх машины төлбөр шилжүүлсэн  баримтаар Мерседес бенз машины төлбөрийг бүрэн төлсөн нь тогтоогдож байгаа. ... Хоёр дахь шаардлагын хувьд хариуцагчыг 3 машин дуудлага худалдаагаар авсан, түүний мөнгийг төлөөгүйн улмаас алдагдалд оруулсан гэсэн шаардлагаа өөрсдөө нотолж, нотлох баримтыг гаргаж өгөх ёстой. Талуудын хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй, хариуцагчид нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн ямар нэгэн үүрэг үүсээгүй ба Мицүбиши кантер маркийн 3 машиныг харицагч нь нэхэмжлэгчээс худалдаж аваагүй болно. ... иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.   

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                      

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Б.*******өд холбогдуулан зээлээр худалдан авсан Мерседес бенз маркийн автомашины үлдэгдэл төлбөр 299,000 иен буюу 4,924,530 төгрөг, гэрээнээс үүссэн гэм хорын хохирол 1,072,710 иен буюу 17,226,311 төгрөг нийт 22,150,841 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөөгүй, Мицубиши кантер маркийн 3 автомашиныг дуудлага худалдаагаар худалдаж авсан боловч үнийг төлөлгүй хяналтын тайлбайд үлдээсэн, буцааж дуудлага худалдаагаар анх худалдан авсан үнээс 30-40 хувь хямд үнээр худалдан борлуулсантай холбоотойгоор учирсан хохирол гэж тодорхойлсон ба хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Мерседес бенз маркийн автомашины үнийг бүрэн төлж барагдуулсан, Мицубиши кантер маркийн 3 автомашиныг нэхэмжлэгчээс худалдаж аваагүй, энэ талаар ямар нэгэн гэрээ хэлэлцээр байгуулаагүй, төлбөр мөнгө төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргажээ.    

 

Нэхэмжлэгч “******* карс” ХХК нь “******* *******” ХХК-аас олгосон итгэмжлэлийн дагуу нэхэмжлэл гаргасан байх ба “******* *******” ХХК нь Япон улсад байрладаг ба компанийн үйл ажиллагааны гэрчилгээнд үйл ажиллагааны зорилгыг ... хуучин автомашин, автомашины сэлбэг хэрэгсэл худалдаа  экспорт, импорт болон худалдааны үйл ажиллагаа ... гэжээ.    

 

Нэхэмжлэгч нь 2013 оны 12 дугаар сараас эхлэн “******* *******” ХХК-иар зуучлуулан Япон улсад зохион байгууллагддаг автомашины дуудлага худалдаанд оролцож, автомашин худалдан авч байсан байна.

 

Хариуцагч Б.******* нь 2015 оны 03 дугаар сарын 21-ний өдөр худалдах худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгчээс “Мерседес бенз” маркийн автомашиныг 3,898,500 иенээр худалдан авч, үнийн дүнгийн тодорхой хэсгийг төлж машиныг гааль дээрээс хүлээж авсан талаараа маргаагүй байна. Үүнээс үзэхэд талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь худалдсан машины үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч татгалзалтайгаа холбогдуулж 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 420,000 иен, 04 дүгээр сарын 06-ны өдөр 1,670,000 иен, 2,090,000 иен, 04 сарын 30-ны өдөр 420,000 иен, 05 сарын 15-ны өдөр 1,910,000 иен нийт 6,510,000 иенийг нэхэмжлэгч “******* *******” ХХК-нд ХААН банкны гадаад гуйвуулгаар шилжүүлсэн 5 ширхэг баримтыг гаргаж өгсөн ба шилжүүлсэн төлбөрт “Мерседес бенз” маркийн автомашины төлбөр орсон гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын мэтгэлцэх зарчимд үндэслэгдэх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг болохыг тус тус заасан.

 

Нэхэмжлэгч нь дээрх баримтын дагуу хариуцагчаас нийт 6,510,000 иен хүлээж авсан талаар маргаагүй ба харин энэ шилжүүлсэн төлбөрөөс “Мерседес бенз” маркийн автомашины урьдчилгаа төлбөрөөс гадна бусад машинуудын үнийг суутган авч, тооцоо дуусгасан гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө.”, хуулийн 211.2-т “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч хүлээн зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно.” гэж заасан.

 

Хэдийгээр нэхэмжлэгч өмнө худалдаалж байсан автомашинуудын төлбөрүүдийг 2015 оны 03 дугаар сараас 05 дугаар сарын хугацаанд шилжүүлсэн 6,510,000 иенээс суутгаж байсан гэж тайлбарлаж байгаа боловч уг шилжүүлэгийн баримт дээр чухам ямар хэзээ худалдаж авсан, ямар маркийн автомашины үнэ, төлбөр гэж тодорхой заагаагүй ба гүйлгээний утгыг машинуудын төлбөр гэж тэмдэглэсэнээс өөрөөр тодорхой дурдаагүй тул 2015 оны 03 дугаар сарын 21-ний өдөр худалдан авсан “Мерседес бенз” маркийн автомашины төлбөрийг дээрх шилжүүлэгээр бүрэн гүйцэтгэсэн гэх хариуцагчийн татгалзлыг үгүйсгэх боломжгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар хариуцагчийг үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэж машинуудын төлбөр утгатайгаар шилжүүлсэн 6,510,000 иенээс “Мерседес бенз” маркийн автомашины төлбөр бүрэн төлөгдсөн, үүрэг дуусгавар болсон гэж үзэв.

 

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг өөрийн компаниар зуучлуулан Япон улсаас Мицубиши кантер маркийн 3 автомашиныг дуудлага худалдаагаар худалдах худалдан авах гэрээ байгуулсанаас хохирол учирсан гэх нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож, тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.” гэж зааснаар Мицубиши кантер маркийн 3 автомашинтай холбоотойгоор хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулж Мицубиши кантер маркийн 3 автомашины дуудлага худалдаа, засварын, зогсоолын зардал төлбөрийн баримт, нэхэмжлэх хуудас, мөнгөн шилжүүлэгчийн баримт, дуудлага худалдааны тооцооны баримт, зогсоолоос гаргасан машинуудын жагсаалт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн боловч дээрх зардал, төлбөрийг хариуцагч Б.******* хариуцах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Тодруулбал нэхэмжлэгчид хохирол учирсан болохыг үгүйсгэх боломжгүй ч худалдах, худалдах авах гэрээ хэн, хэний хооронд байгуулагдсан нь тодорхойгүй байхаас гадна дуудлага худалдааны үнэ, түүнтэй холбоотой төлбөрийн баримтаас үзэхэд хохирол, төлбөрийг хариуцагч Б.******* хариуцна гэж үзэх боломжгүй байна.    

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийг дээрх гурван автомашиныг худалдан авсанаа нотолж, урьдчилгаа төлбөр өгч байсан гэх боловч энэ нь баримтаар нотлогдохгүй байх ба хавтаст хэрэгт авагдсан хариуцагчаас гадаад мөнгөн гуйвуулгаар шилжүүлсэн төлбөрийн баримт дээр гүйлгээний утга дээр “автомашинуудын төлбөр” гэж тэмдэглэсэн зэргээс үзэхэд Мицубиши кантер маркийн 3 автомашины төлбөрт шилжүүлсэн гэж үзэх боломжгүй, энэ талаар хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч Б.*******өд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн зээлээр худалдан авсан Мерседес бенз маркийн автомашины үлдэгдэл төлбөр 299,000 иен буюу 4,924,530 төгрөг, гэрээнээс үүссэн гэм хорын хохирол 1,072,710 иен буюу 17,226,311 төгрөг нийт 22,150,841 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******өд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн зээлээр худалдан авсан Мерседес бенз маркийн автомашины үлдэгдэл төлбөр 299,000 иен буюу 4,924,530 төгрөг, гэрээнээс үүссэн гэм хорын хохирол 1,072,710 иен буюу 17,226,311 төгрөг нийт 22,150,841 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 268,701 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.ЛХАГВАСҮРЭН