Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 321

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Б.Баярмаа,

улсын яллагч М.Мөнхзул,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ц.Амар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Буянзаяа нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ____дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ дугаарын регистртэй, Д.Б.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 44 зах дээр 68-58 УБП улсын дугаартай киа пронтер маркийн автомашинаар ухрах үедээ Т.Бийг мөргөж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ:

“...2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 44-ийн зах дээр вагонд палк ачих гэж өглөө 09 цагийн үед ирэхэд вагоны хаалга хаалттай байсан. Бид хэд хаалгаа онгойлгочихоод палкаа вагонд оруулж ачих гээд ухрахдаа би толиндоо харахад дээр нэг хүн гараад суучихсан байсан 2 талынхаа толинд харахад хүн харагдахгүй байхаар нь ухартал хүмүүс орилолдоод байхаар нь машинаа урагшлуулаад буугаад хартал талийгаач урдаас элгээ дарчихсан гараад ирсэн тэгэхээр нь би түшиж аваад түргэн дуудуулсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О мэдүүлэхдээ:

“...Би маш их гомдолтой байна. 2-оос 13 насны 4 нялх хүүхэдтэй би өөрийн гэсэн амьдрах газаргүй айлын хашаанд байдаг, хүүхдээ хараад гэртээ байдаг ажилгүй, хүүхдүүд аавыгаа нэхээд хэцүү байна. Ирээдүйд хүүхдүүдээ яахаа мэдэхгүй байна. 4 хүүхдийг 18 нас хүртэл яаж тэжээх үү гэдэг том асуудал байна. Мөнгөн дүнгээр нэхэмжлэх зүйлээ бичээд хэрэгт хавсаргасан байгаа мөн 4 хүүхдээ нас биед хүртэл өсгөх тэтгэмж авмаар байна..” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Бы өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 28-ны өглөө би гэртээ байж байхад миний төрсөн ах Д нь надруу яриад ачааны ажил байна 44-н зах дээр вагон ачих хэрэгтэй байна гэхээр нь би Сонсголонгийн шинэ модны зах орж өөрийн эзэмшлийн 68-58 УБП улсын дугаартай пронтер маркийн автомашинаар 70 ширхэг палк ачсан юм. Манай ах Д хянгант зах дээр хөрөө араам ажиллуулдаг мод зардаг учраас ахын ажилд явж өгч байсан. 44-н зах дээр өглөө 08:00 цаг өнгөрч байхад очсон юм. Тэгээд очоод ах руу яриад хүлээж авах нь хүн ч алга буулгах грушик байхгүй байна шүү дээ хүмүүстээ хэлээрэй гэтэл гурван ачигч залуу ирсэн. Уг гурван залууг өмнө нь зүс харж байсан таньдаг залуучууд байсан. Тэр дундаас Б-ийг би сайн таньдаг байсан. Ах ярихдаа вагоных нь тоог нь хэлсэн бөгөөд уг вагон руу нь би очиж зогссон байсан. Вагоны хаалгыг онгойлгох гэтэл төмөр утсаар мушгиад орхисон байсан тул тэрийг нь алхаар цохиж байгаад гаргаж хаалгыг нь онгойлгосон. Тэгээд машинаа бага зэрэг ухраагаад тавьсан байсан газар нь арай хол байсан тул ухарч дөхөж зогсох гээд машиндаа суугаад ухрах гээд голын толь болон хоёр талынхаа толиндоо хартал тэвшин дээр нэг ачигч нь гарчихсан харагдаж байсан, 2 талын толинд бол хүн харагдаагүй консон дээр гишгээд машинаа ухраатал хүмүүс хөөе хөөе наана чинь хүн байна гэж орилох чимээ гарахаар нь би хүн хавчуулагдах шиг боллоо гэж ойлгоод машинаасаа буугаад хойшоо хартал талийгаач Б- элгэн дээрээ гараа барьчихсан урагшаа хоёр алхаад газар суучихаар нь би очоод барьж авахад “Билгээ хөгшөөн үхлээ” гээд байсан. Тэгэхээр нь би хөдөлж болохгүй шүү гээд хамарных нь голд дарвал ухаан алддаггүй гээд тэнд байсан хүмүүсээр түргэн дуудуулсан. Түргэн ирж үзээд бүтэн амьсгалж байна гээд нэр хаягаа хэлээд түргэн аваад ГССҮТ-рүү аваад явсан. Би Д ахыг дуудсан байсан тул Д ах ирээд 103 машинд суугаад Б-тэй хамт явсан. Д ах цагдаа ирэх байх чи машин дээрээ байж байна шүү гэж хэлээд явсан. Тэгээд хэсэг байж байгаад Б-тэй хамт ирсэн ачигч нар болох нэрийг нь мэдэхгүй залуучууд зүгээр зогсож байхаар ачих уу гэхээр нь машинаа хөдөлгөж болохгүй байх гэж хэсэг бодож байгаад машинаа ухраагаад моднуудыг аччихсан. Ачиж дуусгаад машинаа тэнд нь орхиод эмнэлэг рүү явсан. Эмнэлэг дээр очоод удалгүй Д ах хагалгаанд орлоо хагалгаагаа дийлсэнгүй ээ нас барчихлаа гэсэн.

Надад сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-н 39-40, 104-105/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оын өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 28-ны өглөө би охиноо сургуульдаа өгчихөөд 08 цагт гэртээ ирээд цай хоол хийгээд манай нөхөр Б- нь 09 цагт ажилдаа явлаа гээд гараад явсан. Би 11:30 цагаас охиноо сургуулиас нь аваад 12 цагт гэртээ ирээд байж байтал удалгүй утас дуугараад Б-ийн эгчийнх нь хүүхэд Эрка надруу яриад “ах сая зах дээр мод буулгаж байгаад гэмтээд гэмтлийн эмнэлэгт оччихлоо” гэхээр нь би гэрээсээ шууд гараад ГССҮТ-рүү такси бариад очиход эгч Пүрэвдулам ирчихсэн байсан. Эгчтэй дөнгөж уулзаад байж байтал Б- нас барчихлаа гэж байсан. Талийгаачийн ажил явдалд гарсан зардлыг нэхэмжилнэ баримт нь байгаа. Мөн одоо хүүхдүүдээ хэрхэн яаж өсгөж тэжээнэ дээ гэж бодож байна. Би өөрийн төрсөн эгчийнхээ хашаанд амьдардаг бөгөөд манай талийгаач нөхөр нэг байртай болчихоод тусдаа амьдарвал зүгээр байнаа гэж хэлж ажиллаж амьдардаг байсан. Гэхдээ одоо юу ч байсан эцгийн хайрыг орлохгүй учраас нэг гэр оронтой болчихмоор байна гэж л хэлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-н 74/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Э-ийн өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр манай нагац ахыг гэртээ байхад нь палк вагонд ачуулахаар Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах гурвалжингийн гүүрний 44-н вагонд палк ачихаар явсан байсан. Над руу 10 цаг 50 минутын үед Д гэж хүн 91000013 дугаараас залгаад Б- палк ачих гэж байгаад бэртчихлээ яаралтай хагалгаанд орох гэж байна гээд дуудсан. Би гэмтлийн эмнэлэг дээр 11 цаг 30 минутанд ирэхэд ГССҮТ-н 2 давхарт дусал залгуулаад хэвтэж байсан. Эмч нь хэвлий хэсгээрээ гэмтсэн цус их алдсан байна. Яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай биеийн байдал нь хүнд байна гэсэн. Би гарын үсэг зураад хагалгаанд оруулсан. 13 цаг 50 минутанд эмч нар дуудсан. Тэгээд шаардлагатай эмчилгээ хагалгаа хийлээ. Цээж, хэвлийгээр бүртгэлттэй байна. 2 литр цус алдсан. Элэг нь хоёр хуваагдсан байгаа зүрх нь дийлэхгүй нас барсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 11-12/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Б-ийн өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 10 цагийн орчим Батжаргал, Б- нарын хамт Баянгол дүүргийн 4-р хороо 44-н зах дээр Вагоноос палк ачих гэж байгаад жолооч Б-тай хамт Вагоны хаалгыг онгойлгооод би машин руу очиж хувцсаа сольж байхад хүмүүс орлилдохоор нь юу болов гээд харахад Б- вагон, ачааны машин хоёрын завсар хавчуулагдсан байсан. Тэгээд жолооч Б- машинаа урагшлуулахад Б- цааш алхаад газарт унасан. Уг ачааны машин асаалттай байж байгаад арааг мултлаад карданаа буулгахад машин нь арагшаа өнхөрсөн. Тэр үед Б- вагон, ачааны машин хоёрын голд байсан...” гэх мэдүүлэг /хх-н 16-17/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Х.Б-ын өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 28-ны өглөө 09 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гараад Баянгол дүүргийн 4-р хорооны 44-н модны зах дээр 10 цаг гэж ирсэн. Б- манай гэрийн хашаанд амьдардаг юм. Б- бид хоёр 08 цаг өнгөрч байхад уулзаад Б-тай бид гурав хамт 44-н барилгын зах дээр ирсэн. Ирэхэд портертой жолооч Б- машинтайгаа ирээд 70 ширхэг палк ачаад ирсэн байсан. Б-, Б- хоёр хоосон вагоны хаалгыг төмөр утсаар уясан байсныг нь татсан. Б- машиндаа суугаад би ачаан дээр нь гараад модон дээр сууж байсан. Б- тухайн үед вагон машины завсраар вагон руу гарах гэж байсан юм шиг байсан. Би өндөр модон дээр машины толгой руу хараад сууж байсан болохоор Б-ийг машин вагон хоёрын голд байхыг хараагүй машин ухарсан тэнд байсан хүмүүс орилолдоод байсан би тэр үед Б-ийг хавчигдсаныг мэдсэн. Тэгээд жолооч машинаа урагшлуулаад Б- машинаасаа буугаад Б- цаанаас ирээд хөдөлгөж болохгүй гээд 103 дуудаад ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 18-19/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Дгийн өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 28-ны өмнөх өдөр нь би өөрийн төрсөн дүү Б- руу утсаар яриад маргааш чи вагон руу мод ачна шүү өглөө Сонсголон захаас ачаад 44 дээр аваачиж өгнө шүү гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь Б- надруу яриад би модоо ачаад оччихсон хүлээж байнаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүлээж бай ачих хүмүүс очноо гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа чимээгүй байхаар нь хүмүүс нь ирчихсэн ачиж байгаа юм байх гэж бодоод байж байтал надруу Т /99093417/ эмэгтэй яриад дүү чинь мод ачих гэж ухарч байгаад хүн гэмтээчих шиг боллоо та очих хэрэгтэй байхаа гэхээр нь би шууд 44 дээр яваад очсон. Тэгтэл талийгаач Б- машин вагон 2-ын хооронд хэвтчихсэн Б- толгойг нь түшээд сууж байсан. ...Эмч нар ар гэрээс нь хүн байна уу хүнд хагалгаанд орох юм байна гээд гарын үсэг зуруулж байсан Дарьжав эгчийн дүү нар ирцгээж байсан. Хагалгаанд ороод гайгүй байхаа гээд байж байтал ар гэрээс нь хүмүүс дуудаад хагалгаа даахгүй нас барчихлаа гэсэн...” гэх мэдүүлэг /хх-н 20-21/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Дын өгсөн:

“...09 сарын 28-ны өдөр би Баянхонгор аймагт Шаргуулжуутын сувилалд байж байхад манай хүүхэд О надруу яриад талийгаачийг Т гэж дууддаг бөгөөд Т ах аваарт орчихсон юм шиг байна гэж 11 цагийн үед хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн охин Эрдэнэцэнгэл рүү утсаар яриад энэ талаар хэлсэн. Эрдэнэцэнгэл эмнэлэг дээр очоод хагалгаанд яаралтай орох хэрэгтэй гэж байна гэж хэлсэн. Намайг яаралтай хүрээд ир гэж хэлэхээр нь би тэр өдөртөө автобусанд суугаад замдаа явж байхдаа нас барчихсан гэдгийг нь хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 22-23/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Пын өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 11 цагийн үед манай төрсөн дүү Отгонжаргал надруу утсаар яриад талийгаачийг Т гэж дууддаг бөгөөд Т нас барчихсан гээд байнаа би эмнэлэг явмаар байнаа таксины мөнгө явуулаач гэхээр нь би заза би 10-р хороололд байна чи эмнэлэг дээр хүрээд ир мөнгийг нь өгье гээд эмнэлэг дээр уулзсан. Дотор яваад ороход Т нас барчихсан байсан ба тусгаарлах өрөөнд орчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-н 24-25/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Тийн өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр манай найз Л /99056988/ надруу яриад 44-н ачиж буулгах зах дээр вагон тавигдсан байгаа найз Замын-Үүд рүү 10х10 хэмжээтэй прүсс мод билүү палк гэлүү / сайн санахгүй байна / модыг ачиж явуулах гэсэн юмаа грушик олоод өгөөч гээд надад хэлсэн. Л өөрөө Улаанбаатар хотод байсан бөгөөд ажилтай явж байсан тул ирээгүй юм. Би таньдаг ах болох Жагаа /91886183/ руу залгаад нэг вагон ачих гэж байгаа юм байна та ачих уу гэж асуухад үнэ ханш нь хэд юм бэ гэхээр нь би 300.000 төгрөг гэж байгаа юм байна гэхэд тэгье гэсэн. Би тэгээд 11 цагийн үед вагон дээр очсон. Өмнө нь уг вагоныг Замын-Үүд рүү бараа материал зөөхөөр захиалга авсан байдаг юм байна лээ. Вагоны тэнд зогсож байсан хүмүүсээр вагоныг нь буулгуулсан. Б- өөрөө машинтайгаа модоо ачаад ирчихсэн байсан. Б-ы ах Дг өмнө нь таньдаг байсан. Жагаа ах тухайн үед мод ачна гээд өөрөөсөө гадна 2 хүнтэй хамт ирчихсэн байсан. Манай нөхөр Б надтай хамт байсан тул тэнд нь би үлдээгээд өөрөө хүүхдээ авахаар гэрлүүгээ явж байтал Б над руу яриад энд хүн хавчуулагдчихлаа түргэн дуудчихсан гэхээр нь би яваад очтол түргэний машин ирчихсэн Б- нөгөө хавчуулагдсан хүний толгойг өвдгөн дээрээ тавьчихсан сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 108-109/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2153 тоот:

1. Талийгаач Т.Бийн биед цээж хэвлийн хавсарсан гэмтэл: цээж хэвлийн дарагдал, элэгний баруун дэлбэнгийн задрал, хальсан доорх цус хуралт, хэвлийн хөндийн цус алдалт /2000 мл/, хоёр талын олон хавирганы шууд бус хугарал, баруун бөөрний өөхлөг, чацархайн цус хуралт, хэвлийн урд хана, нуруу, хүзүүний ар, хоёр бугалганы зулгаралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлээр буюу хүнд зүйлд цээж хэвлий цохигдох, дарагдах үед үүснэ.

3. Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байсан ба эмнэлгийн тусламж авч мэс засал, шингэн, цус сэлбэх эмчилгээ хоёр цагийн турш хийгдсэн тул согтолтын зэрэг хэрэг болсон үеийнхээс багасна.  

4. Шинжилгээгээр бөөрний тэвшинцэрийн архаг үрэвсэл, гол судасны хатуурал-атерокальциноз 5-р зэрэг өвчтэй байсан ба эдгээр өвчин нь үхэлд хүрээгүй.

5. Талийгаач нь элэгний бяцралын улмаас хэвлий хөндийд их хэмжээгээр цочмог цус алдаж нас баржээ.

6 ГССҮТ-д хийгдсэн онош, эмчилгээ хугацаандаа, зөв, зохих ёсоор хийгджээ...” гэх мэдүүлэг /хх-н 29-30/,

 

Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 35 тоот:

1. 68-58 УБП улсын дугаартай KIA FRONTIER маркийн автомашины жолооч Данзандармаагийн Б-ы гаргасан үйлдлийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хүрээнд зам тээврийн осол гэж үзэх боломжгүй байна. /Өөрөөр хэлбэл МУ-ын ЗХД-ийн 1.4-т Энэ дүрэмд байгаа дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно... “Зам тээврийн осол” зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал” “Зам” - тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, таримал зүлэг, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна;” гэсэн байдаг тул хавтаст хэрэгт авагдсан баримтаар зам тээврийн осол гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна./

2. Шинжилгээгээр хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно гэх дүгнэлт /хх-н 82-83/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 402 тоот:

1. Д.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. Д.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Д.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Д.Б нь хэрэг хариуцах чадвартай байна.

5. Д.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байсан байна гэх дүгнэлт /хх-н 128-129/,

 

           - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 3-5/,

           - Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 6-10/,

           - Хохирлын баримтууд /хх-н 89-97/,

           - Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-н 123/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 41, 60/

            - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 54/

            - Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 117/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 44 зах дээр 68-58 УБП улсын дугаартай киа пронтер маркийн автомашинаар ухрах үедээ буюу болгоомжгүй үйлдлийн улмаас Т.Бийг мөргөж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Д.Бы “...2018 оны 9 дүгээр сарын 28-ны өглөө ... 44-н зах дээр өглөө 08:00 цаг өнгөрч байхад очсон юм. ... машинаа бага зэрэг ухраагаад тавьсан байсан газар нь арай хол байсан тул ухарч дөхөж зогсох гээд машиндаа суугаад ухрах гээд голын толь болон хоёр талынхаа толиндоо хартал тэвшин дээр нэг ачигч нь гарчихсан харагдаж байсан, 2 талын толинд бол хүн харагдаагүй консон дээр гишгээд машинаа ухраатал хүмүүс хөөе хөөе наана чинь хүн байна гэж орилох чимээ гарахаар нь би хүн хавчуулагдах шиг боллоо гэж ойлгоод машинаасаа буугаад хойшоо хартал талийгаач Б- элгэн дээрээ гараа барьчихсан урагшаа хоёр алхаад газар суучихаар нь би очоод барьж авахад “Билгээ хөгшөөн үхлээ” гээд байсан. ... Эмнэлэг дээр очоод удалгүй Д ах хагалгаанд орлоо хагалгаагаа дийлсэнгүй ээ нас барчихлаа гэсэн...” гэх мэдүүлэг,

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оын “...2018 оны 9 дүгээр сарын 28-ны өглөө би охиноо сургуульдаа өгчихөөд 08 цагт гэртээ ирээд цай хоол хийгээд манай нөхөр Б- нь 09 цагт ажилдаа явлаа гээд гараад явсан. Би 11:30 цагаас охиноо сургуулиас нь аваад 12 цагт гэртээ ирээд байж байтал удалгүй утас дуугараад Б-ийн эгчийнх нь хүүхэд Эрка надруу яриад “ах сая зах дээр мод буулгаж байгаад гэмтээд гэмтлийн эмнэлэгт оччихлоо” гэхээр нь би гэрээсээ шууд гараад ГССҮТ-рүү такси бариад очиход эгч Пүрэвдулам ирчихсэн байсан. Эгчтэй дөнгөж уулзаад байж байтал Б- нас барчихлаа гэж байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Э-ийн “...2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ... 10 цаг 50 минутын үед Д гэж хүн 91000013 дугаараас залгаад Б- палк ачих гэж байгаад бэртчихлээ яаралтай хагалгаанд орох гэж байна гээд дуудсан. ... 13 цаг 50 минутанд эмч нар ... шаардлагатай эмчилгээ хагалгаа хийлээ. Цээж, хэвлийгээр бүртгэлттэй байна. 2 литр цус алдсан. Элэг нь хоёр хуваагдсан байгаа зүрх нь дийлэхгүй нас барсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Б-ийн “...2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 10 цагийн орчим Батжаргал, Б- нарын хамт Баянгол дүүргийн 4-р хороо 44-н зах дээр Вагоноос палк ачих гэж байгаад жолооч Б-тай хамт Вагоны хаалгыг онгойлгооод би машин руу очиж хувцсаа сольж байхад хүмүүс орлилдохоор нь юу болов гээд харахад Б- вагон, ачааны машин хоёрын завсар хавчуулагдсан байсан. Тэгээд жолооч Б- машинаа урагшлуулахад Б- цааш алхаад газарт унасан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Х.Б-ын “...2018 оны 9 дүгээр сарын 28-ны өглөө ... 44-н барилгын зах дээр ирсэн. Ирэхэд портертой жолооч Б- машинтайгаа ирээд 70 ширхэг палк ачаад ирсэн байсан. Б-, Б- хоёр хоосон вагоны хаалгыг төмөр утсаар уясан байсныг нь татсан. Б- машиндаа суугаад би ачаан дээр нь гараад модон дээр сууж байсан. Б- тухайн үед вагон машины завсараар вагон руу гарах гэж байсан юм шиг байсан. Би өндөр модон дээр машины толгой руу хараад сууж байсан болохоор Б-ийг машин вагон хоёрын голд байхыг хараагүй машин ухарсан тэнд байсан хүмүүс орилолдоод байсан би тэр үед Б-ийг хавчигдсаныг мэдсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Дгийн “...надруу Т /99093417/ эмэгтэй яриад дүү чинь мод ачих гэж ухарч байгаад хүн гэмтээчих шиг боллоо та очих хэрэгтэй байхаа гэхээр нь би шууд 44 дээр яваад очсон. Тэгтэл талийгаач Б- машин вагон 2-ын хооронд хэвтчихсэн Б- толгойг нь түшээд сууж байсан. ... Хагалгаанд ороод гайгүй байхаа гээд байж байтал ар гэрээс нь хүмүүс дуудаад хагалгаа даахгүй нас барчихлаа гэсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Т.Дын “...09 сарын 28-ны өдөр ...манай хүүхэд О надруу яриад талийгаачийг Т гэж дууддаг бөгөөд Т ах аваарт орчихсон юм шиг байна гэж 11 цагийн үед хэлсэн... Намайг яаралтай хүрээд ир гэж хэлэхээр нь би тэр өдөртөө автобусанд суугаад замдаа явж байхдаа нас барчихсан гэдгийг нь хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Пын “...2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 11 цагийн үед манай төрсөн дүү Отгонжаргал надруу утсаар яриад талийгаачийг Т гэж дууддаг бөгөөд Т нас барчихсан гээд байнаа би эмнэлэг явмаар байнаа таксины мөнгө явуулаач гэхээр нь би заза би 10-р хороололд байна чи эмнэлэг дээр хүрээд ир мөнгийг нь өгье гээд эмнэлэг дээр уулзсан. Дотор яваад ороход Т нас барчихсан байсан ба тусгаарлах өрөөнд орчихсон байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч М.Тийн “...2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ... Б над руу яриад энд хүн хавчуулагдчихлаа түргэн дуудчихсан гэхээр нь би яваад очтол түргэний машин ирчихсэн Б- нөгөө хавчуулагдсан хүний толгойг өвдгөн дээрээ тавьчихсан сууж байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2153 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Д.Быг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оын өмгөөлөгч Б.Буянзаяа нь хэргийг урьдчилан хэлэлцүүлэгт буцаах хүсэлт гаргасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Талууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулахгүй байж болно.” гэж заасны дагуу шүүхээс 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамж гарсан бөгөөд 2019 оны 4-р сарын 15-ны өдөр гаргасан өмгөөлөгчийн хүсэлтийг хангах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохироосон... байх тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж шүүхээс үзлээ.

 

Хохирлын талаар

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улсаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг....” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах, гэмт хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 508 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Хавтаст хэрэгт хохирлын 1.310.210 төгрөгийн баримт /хх-н 89-97/ авагдсан байх бөгөөд хавтаст хэргийн 123, 124-р талд 4.250.000 төгрөг, мөн гурил будаа, хонины мах, ногоо, портер нүүрс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгсөн гэх баримт авагдсан байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О нь 2-13 насны 4 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж болох 10,000,000 төгрөг, насанд хүрсэн хүүхдийн сургалтын төлбөрт 6,000,000 төгрөг тус тус нэхэмжилсэн боловч Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3.”Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна.” гэж заасан байдаг тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 2-13 насны 4 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж болох 10,000,000 төгрөг, насанд хүрсэн хүүхдийн сургалтын төлбөрт 6,000,000 төгрөгийг тооцоолох боломжгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О нь эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Д.Бд 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан ба гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа шүүгдэгчийн хувийн байдал, хохирлыг төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар оршин суух газар, ажил, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршиг буюу үр дагаврыг арилгах үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Д.Бд оршин суух газар, ажил, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Бд тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ