Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 686

 

 

 

 

 

 

 

 

 

                                                 Д.Б-д холбогдох эрүүгийн

                                                                        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Мөнхзул,

шүүгдэгч Д.Б-ы өмгөөлөгч Ц.Амар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ын өмгөөлөгч Б.Буянзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Б-д холбогдох эрүүгийн 1805050630154 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Чонос овгийн Д.Б-, 19.. оны .. дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт .......... дүүргийн .. дугаар хороо, ....... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ....../;

Д.Б- нь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 44 зах дээр 68-58 УБП улсын дугаартай “Киа пронтер” маркийн автомашинаар ухрах үедээ Т.Б-г мөргөж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Чонос овгийн Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Б-д оршин суух газар, ажил, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Б-д тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг мэдэгдэж, Д.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 865 дугаартай “Шүүхийн шийдвэрийг залруулах тухай” шүүгчийн захирамжаар тус шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 421 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Б-д оршин суух газар, ажил, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэсүгэй” гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т зааснаар шүүгдэгч Д.Б-д оршин суух газар, ажил, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэсүгэй гэж залруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ын өмгөөлөгч Д.Буянзаяа гаргасан давж заалдах гомдолдоо: “... Шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анхан шатны шүүх хуралд болохын өмнөх өдөр миний үйлчлүүлэгч Б.О- нь төлбөрийн чадваргүй өмгөөлөгч авч чадаагүй ,өмнөх шүүх хурлыг өмгөөлөгчтэй оролцоно гэж хойшлуулсан талаар учир байдлаа ярихад миний бие гэрээ байгуулан үнэ төлбөргүй хохирогчийн эрх, ашгийг хамгаалахаар шүүхэд оролцогч болсон билээ.

Бэлэгсайханд холбогдох шүүх хурал 2019 оны 04 сарын 16 өдөр болохоор товлогдоход өмнөх өдөр буюу 15-нд хэргийн материалтай танилцахад нотолбол зохих, шалгах зайлшгүй шаардлагатай асуудлуудыг тодруулаагүй хэргийг бодитоор шийдэхэд хүндрэлтэй байх гэдэг үүднээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт бичгээр гаргаж 16-ны шүүх хуралд өгөхөд хүлээж авахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн билээ.

Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй нь дараах ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоогүйгээс харагдаж байна.

                 Төмөр замын харьяа ачих буулгах воган, 44 модны зах хооронд ачаа ачиж буулгах хооронд ямар харилцаа байдаг талаар тодруулаагүй, 44-р воган руу ачаа ачихад цоожтой байхад нь Бэлэгсайхан бууж онгойлгосон гэдгийг шүүх хурлын тэмдэглэлд тодорхой тусгасан байгаа воганы хаалгыг онгойлгож ачих эрх, үүрэг Бэлэгсайханд байгаа эсэх болон тэр хэсгийг хариуцсан ажилтан ямар этгээд байгаа талаар ажил үүргээ биелүүлээгүй ажилтны талаарх хариуцлага огт дурдагдаагүй, Вагон руу ачаа ачих буулгах, зах хариуцсан ажилтан болон мэргэжлийн хүмүүсийг шалгаагүй, нотолбол зохих асуудлыг орхигдуулсан. Бэлэгсайхан мэдүүлэхдээ 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө 08:00 цаг өнгөрч байхад 44-н зах дээр очоод хүлээж авах хүн, буулгах хүн алга гэж хөрөө арам ажилуулдаг ах Даваадаа утсаар хэлэхэд 3 ачигч залуу хэсэг хугацааны дараа ирсэн гэсэн байгаа зөвхөн эндээс үзэхэд осол болсон хэсгийн цагийг тодорхой дурдаагүй байна. Учир нь талийгаачийн эхнэр Б.О- нь 2018 оны 09 сарын 28-ны өдрийн 09 цагт ажилдаа явлаа гэж гарсан гэх мэдүүлэг, гэрч Х.Батжаргалын/нэг хашаанд/ 09 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гараад 10 цаг өнгөрч байхад очсон байх нь энэ хооронд зөвхөн шинжээчийн дүгнэлтэд гэмтлийн эмнэлэгт өвчний түүх нээсэн цаг 11: 30 минутад дурдсан /өвчний түүх нээх нь гэмтлийн эмнэлгийн хувьд багагүй хугацаа алддаг/ энэ хооронд архи согтууруулах зүйл хэрэглэх боломжгүй байгаа яг ууж байсан талаар ямар ч гэрчийн мэдүүлгээр тогтоогдохгүй, уусан байх гэдэг таамагт талийгаачийг шинжээч эмчийн дүгнэлтэд хагалгааны явцад согтуурлын зэрэг буурсан байх хөнгөн зэргайн согтолттой гэдэг тайлбараас цаашгүй дүгнэлт байгаа болно. Энэ бүх нотлох баримтыг хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр оруулж нэмэлт шалгах ажиллагааг явуулах шаардлагатай байхад анхан шатны шүүх хангалтгүй баримтад үндэслэн шийдвэрлэсэн. Мод ачих 44 анги болон Мод ачихыг захиалсан “Сод Мөнх Ундраа" ХХК-ны хооронд гэрээ, хэлцэл байгаа эсэх талаар мөрдөгч асуусан талаар хэрэгт авагдсан хэдий ч энэ талаар цаашид шалгаагүй гэрээ, хэлцэл хавтаст хэрэгт дурдагдаагүй. Аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгааг ч гэсэн өгдөггүй юмаа гэхэд хэргийн материалд хавсаргаагүйгээс үзэхэд хэргийн бодит байдлаас зайлсхийсэн байна.

Дээрх үйлдлээс захиалагч гүйцэтгэгч гэрээндээ юу гэж тусгаснаас мөн үйлдвэрлэлийн осол мөн биш талаар шалгаж уг асуудлаар харьяа мэргэжлийн хяналтьн байгууллагад мэдэгдэх ёстой байсан ч тэгээгүй. Захиалагч болон гүйцэтгэгчийг тогтоогоогүй байна.

Учир нь гэмт хэрэг үйлдэгдэх, нөхцөл шалтгааныг бурэн судалж тогтоогүй нь нотлох баримтуудаас тодорхой байна.

Үйлдвэрлэлийн осол хурц, хордлого судлан бүртгэх дүрмийн 3.2-т “Хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээгээр ажил, үүрэг гүйцэтгэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч болон хувиараа хөдөлмөр эрхлэгч хоршоо, нөхөрлөлийн гишүүн хөдөлмөр эрхлэх явцад үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн тохиолдолд тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулсан (Засаг даргын Тамгын газраас нэг, ажил олгогч болон ажилтны төлөөллөөс тус бүр хоёр хүний бүрэлдэхүүнтэй) комисс тухайн гарсан осол, хордлогыг судлан бүртгэж, акт тогтооно” гэж заасан байгаа билээ. Гэтэл хүн нас барсан ослыг аж ахуйн нэгж байгууллага нь судалж тогтоосон талаарх нотлох баримт хавтас хэрэгт дурдагдаагүй байгаа болно. Шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар дурдахад ажил олгогч биш гэж дурдсан яг энэ талаар дээрх дүрэмд тодорхой заасан байгааг авч үзнэ үү.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйл “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” 1. Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Хэлцэл гэдэг нь “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлнэ.

Талийгаач Б нь 10 гаруй жил модны зах дээр ачиж буулгах ажлыг хийсэн байгааг эхнэр болон тэр хавийн хүмүүс гэрчлэх боломжтой. Тэр талаар түүний эхнэр “ажил ихтэй байхдаа өдөртөө 100,000 төгрөг муу үедээ 10-20,000 төгрөгийг гэртээ авч ирдэг” гэж ярьж байсан. Хохирол 10 сая төгрөг тооцуулах, 4 хүүхдээ насанд хүртэл амьжиргаа,асаргааны зардлыг гаргуулах талаар дурдсан байгаа болно. Хохирогч Б.О- нь гэрчийн мэдүүлгийг өмгөөлөгчгүй өгсөн байх ба шүух хуралдаанд ханилсан ханиа алдсан хүн юу ярих, мэдүүлэх үгээ тодорхой хэлж ярьж чадахгүй гомдолтой гэх үгийг хэлж байгаа нь сэтгэл санааны асар их дарамт, шаналалд орсон байхтай холбоотой.

Воганы хаалга нээх, өндрөөс ачих буулгах болон батлагдсан аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа байгаа эсэх талаар осол болсон газарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг шалгаагүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйл “Машин механизм, тоног төхөөрөмжид тавигдах шаардлага”, 10 дугаар зүйлд заасан “өргөх зөөх тээвэрлэх механизм”-д тавих шаардлага зэргийг хангасан байна уу уг хуулийг биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон эсэх талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлт байхгүй байгааг зайлшгүй шалгах шаардлагатай байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн  нөхцөл байдлыг тогтоолгүйгээр /Тухайлбал төмөр замаар ачаа тээвэрлэх явцад дурын жолооч дур мэдэн ачаа тээвэрлэж хэрэг гарах боломж нөхцөлөөр хэн хангасан/ шийдвэрлэсэн мөн хууль, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдэд хариуцлага хүлээлгээгүй, болгоомжгүй үйлдлээр зөвхөн Бэлэгсайханд 1 жилийн тэнсэн харгалзах хөнгөрүүлсэн ял оноосон нь хэргийг үнэн зөв бодитоор тогтоогүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн эрх ашгийг хамгаалж нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулж хохирогчийн гомдлыг барагдуулж өгнө үү” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гомдолтой байна. Би ажил төрөл хийдэггүй бөгөөд 3 наснаас 20 насны 5 хүүхэдтэй. Хүүхдүүд маань том болно. Цаашдаа яаж амьдрахаа мэдэхгүй хэцүү байна. Хичнээн санамсар, болгоомжгүй байдлаас болж хүний амь нас хохироосон ч гэсэн шүүгдэгчид нэг жилийн тэнсэн өгсөн. Шүүгдэгч цаашид надад туслах ч юм уу, үгүй ч юм уу мэдэхгүй байна. Хүүхдүүдээ яаж тэжээхээ ч мэдэхгүй байна. ...” гэв.

Шүүгдэгч Д.Б-ы өмгөөлөгч Ц.Амар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.Б- нь үйлдсэн гэмт хэргийн талаараа анхнаасаа үнэн зөв мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Энэ талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан байгаа. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсэн. Үүнтэй холбоотойгоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа хохирогчийн ар гэрт өөрийн хувийн зүгээс 500.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Яагаад гэхээр шүүх хуралд Б.О- хэлэхдээ уг таван хүүхэд талийгаачийн нэрээр овоглогдоогүй. Эхээрээ овоглодог гэсэн. Тэтгэмж тогтоолгохтой холбоотойгоор шүүхээр шийдвэр гаргуулахад зардал мөнгө хэрэгтэй гэдэг тайлбар хэлж байсан. Энэ үйл ажиллагаанд нь тус нэмэр болох зорилгоор мөн шүүхээр хүлээлгэсэн үүргийг биелүүлэх зорилгоор 500.000 төгрөгийг шилжүүлсэн. 500.000 төгрөг өгсөн гэх баримтыг гаргаж өгч байна. Шүүгдэгч Д.Б- нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй. Хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаа тогтоосон актыг мөн гаргаж өгч байна. Шүүгдэгч Д.Б-ы хувийн байдалтай нь холбоотой нийт 3 хуудас баримтыг гаргаж өгч байна. ...” гэв.

Прокурор М.Мөнхзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Давж заалдах гомдолд нотолбол зохих ажиллагаа дутуу хийгдсэн гэж 6 зүйл дурдсан байна. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд холбогдох гэрчүүдийг ямар байдлаар, яаж ажиллаж байсан, тухайн үед ямар үйл баримт болсон талаар тодорхой тодруулсан байдаг. Батжаргал, Туяацэцэг, Даваа гэх тухайн үед байсан гэрч нарыг асуухад “бид бүгд хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ах Даваа утасдаад “мод ачаа өг” гэхэд нь бид нар очоод ачдаг. Бид нар ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, нийгмийн даатгал төлдөггүй. Ам хэлцэл, тохиролцоогоор ажлаа хийдэг” гэдэг. Энэ талаар анхан шатны шүүхийн тэмдэглэлд тусгагдсан байгаа. Үйлдвэрлэлийн осол байсан үгүйг тогтоогоогүй, иргэний хариуцагчийн асуудал, хохирол төлбөрийн асуудал яригдах байсан гэж байна. Шүүгдэгч Д.Б-, амь хохирогч хоёрын хооронд ямар нэгэн байдлаар гэрээ байгуулсан зүйл байхгүй. Тухайн өдөр ажлаа хийгээд хөдөлмөрийнхөө хөлсийг авдаг байсан. Иймд үйлдвэрлэлийн ослын дүгнэлт гаргуулаагүй. Болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэж зүйлчилж шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ын өмгөөлөгч Б.Буянзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж байгаа боловч тухайн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Д.Б- нь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 44 зах дээр 68-58 УБП улсын дугаартай “Киа пронтер” маркийн автомашинаар ухрах үедээ Т.Баттөмөрийг мөргөж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ын “...Удалгүй утас дугараад Баттөмөрийн эгчийнх нь хүүхэд Эрка над руу яриад “ах сая зах дээр мод буулгаж байгаад гэмтээд гэмтлийн эмнэлэг оччихлоо” гэхээр нь би гэрээсээ шууд гараад ГССҮТ-рүү такси бариад очиход эгч Пүрэвдулам ирчихсэн байсан. Эгчтэй дөнгөж уулзаад байж байтал Баттөмөр нас барчихлаа гэж хэлж байсан...” /хх-74/,

Гэрч М.Т-н “...Баяраа над руу яриад энд хүн хавчуулагдчихлаа, түргэн дуудчихсан гэхээр нь би яваад очтол түргэний машин ирчихсэн Бэлэгсайхан нөгөө хавчуулагдсан хүний толгойг өвдгөн дээрээ тавьчихсан сууж байсан. Удалгүй түргэний машин нөгөө гэмтсэн хүнийг аваад эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг /хх-109/,

Гэрч Б.Б-н “... би машин руу очиж хувцасаа сольж байхад хүмүүс орилолдохоор нь юу болов гээд харахад Б вагон, ачааны машин хоёрын завсар хавчуулагдсан байсан. Тэгээд жолооч Б машинаа урагшлуулахад Баттөмөр цааш алхаад газар унасан...” /хх-16/,

Гэрч Х.Б-н “...Б машиндаа суугаад би ачаан дээр нь гараад модон дээр сууж байсан. Б тухайн үед вагон, машины завсараар вагон руу гарах гэж байсан юм шиг байсан. Би өндөр модон дээр машины толгой руу хараад сууж байсан болохоор Б-г машин вагон хоёрын голд байхыг хараагүй. Машин ухарсан, тэнд байсан хүмүүс орилолдоод байсан. Тэр үед Баттөмөр хавчигдсаныг мэдсэн...”  /хх-180/,

Гэрч Д.Д-н “...Тэгээд талийгаач Б машин, вагон хоёрын хооронд хэвтчихсэн, Б толгойг нь түшээд сууж байсан...Хагалгаанд ороод гайгүй байхаа гээд байж байтал ар гэрээс нь хүмүүс дуудаад хагалгаа даахгүй нас барчихлаа...” /хх-21/ гэсэн мэдүүлгүүд болон,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 2153 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн “...Талийгаач Б-н биед цээж хэвлийн хавсарсан гэмтэл, цээж хэвлийн дарагдал, элэгний баруун дэлбэнгийн задрал, хальсан доор цус хуралт, хэвлийн хөндийн цус алдалт /200мл/, хоёр талын олон хавирганы шууд бус хугарал, баруун бөөрний өөхлөг, чацархайн цус хуралт, хэвлийн урд хана, нуруу, хүзүүний ар, хоёр бугалганы зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлээр буюу хүнд зүйлд цээж хэвлий цохигдох, дарагдах үед үүснэ. Талийгаач нь элэгний бяцралын улмаас хэвлийн хөндийд их хэмжээгээр цочмог цус алдаж нас баржээ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-30/ зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах” тухай давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар энэ хэргийн талаар нотолбол зохих зүйлийг бүрэн шалгаж тодруулснаас гадна тухайн гэмт хэрэг нь шүүгдэгч Д.Б-ы өөрийн болгоомжгүй үйлдлээс шууд шалтгаалсан, түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул өмгөөлөгчийн гомдолд дурьдсанаар воганы хаалга нээх, өндрөөс ачаа ачих буулгах талаарх ямар нэгэн аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа байсан эсэхийг шалгаж тогтоох ажиллагаа нэмж хийлгэх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.

 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ын өмгөөлөгч Б.Буянзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

                                    ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ