Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00482

 

 “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/02957 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2430 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.О-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 26 716 203 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн талуудын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан 15/085 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн 15/085А тоот барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Э” ХХК нь Э.О-тэй 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 15/085 тоот зээлийн, 15/085А тоот барьцааны гэрээ байгуулж 20 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3,6 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 12 дугаар байрны 77 тоотод байршилтай 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц барьцаалсан. Зээлдэгч Э.О-ээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж, удаа дараа уулзаж, шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа болно.

Э.О- нь гэрээний хугацаанд үндсэн зээл 4 467 324 төгрөг, хүү 7 389 598 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 802 578 төгрөг, нийт 12 659 500 төгрөг төлсөн бөгөөд хамгийн сүүлчийн төлөлт 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хийгдсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 9.2.3, 9.2.4-т заасныг зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ Э.О- нь биелүүлээгүй тул түүнтэй байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу 15/085 тоот зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт үндсэн зээл 16 366 026 төгрөг, зээлийн хүү 5 260 253 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 052 051 төгрөг, нийт 22 678 329 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гаргасан байсан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний хугацаа дууссан бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар гэрээний үүрэгт үндсэн зээл 15 532 676 төгрөг, үндсэн хүү 9 319 606 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 863 921 төгрөг, нийт 26 716 203 төгрөг болгон нэмэгдүүлэн нэхэмжилсэн. Зээлийн гэрээний 4.3, 4.8-д заасны дагуу хариуцагчийн хамгийн сүүлд төлөлт хийсэн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны хүүг нэхэмжилж байна.

Иймд хариуцагч Э.О-ээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15 532 676 төгрөг, хүү 9 319 606 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 863 921 төгрөг, нийт 26 716 203 төгрөг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээгээр барьцаалсан барьцаа хөрөнгө Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 12 дугаар байрны 77 тоотод байршилтай 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч “Э” ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан байх үед зээлийн гэрээг байгуулсан гэж үзэж байгаа тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл болох 15 532 676 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.

Э.О- нь зээл авснаас хойш нийтдээ 10 удаагийн төлөлтөөр 12 659 500 төгрөг төлсөн. Үүнээс зээлийн үндсэн төлбөрт 4 467 324 төгрөг, хүүд 7 389 798 төгрөг тус тус тооцсоныг зөвшөөрч байна. Харин 802 578 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд тооцсон байсан. Ер нь нэхэмжлэгчээс зээлийн төлбөр төлөхөөр үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү гээд суутган авдаг. Нэхэмжлэгч нь ББСБ-ын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байх үедээ зээл олгосон гэж үзэж байгаа тул зээлийн гэрээгээр авсан 20 000 000 төгрөгөөс 12 659 500 төгрөгийг хасч, үлдэх төлбөрийг төлөх байтал харин ч үндсэн зээлийн үлдэгдлийг төлөхийг зөвшөөрч байгаа болно. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 15 532 676 төгрөг төлөхийг зөвшөөрч, хүү, нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилсэн 11 183 527 төгрөгийг зөвшөөрөхгүй. Барьцааны гэрээний талаар маргах зүйлгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“Э” ХХК болон Э.О- нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан №15/085 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн 15/085А тоот зээлийн барьцааны гэрээнүүд нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай 2002 оны хуульд заасанчлан Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон ББСБ-ын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээдтэй байгуулаагүй гэрээ гэж үзэж байна.

Хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан нь тогтоогдсон үед Э.О- зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхэд Э.О-ийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэхгүй байна. 

Иймд талуудын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан №15/085 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн №д15/085А тоот барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр буст тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч Э.О- нь талуудын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан 15/085 тоот зээлийн, 15/085А барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр буст тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээнүүд нь Иргэний хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйл, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр бүлэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулиуд дээр үндэслэгдсэн бөгөөд харъяа нотариатын байгууллагаар баталгаажиж, бүртгэлийн эрх бүхий төрийн байгууллагад бүртгэгдсэн болно. “Э” ХХК нь 2011 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 1/217 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хавсралтын хамт Санхүүгийн зохицуулах хорооноос авсан. Тусгай зөвшөөрлийг болон хуулийн этгээдийн эрхийг түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон тухай эрх бүхий байгууллагын ямар нэгэн шийдвэр байхгүй. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд зээлийн үйл ажиллагаа явуулах хугацааг заадаггүй ба хугацаагүй олгогддог.

Санхүүгийн зохицуулах хорооноос 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн тогтоолуудын хуулбар нь “Э” ХХК-ийг өнөөдрийг хүртэл зээлийн үйл ажиллагаагаа явуулж буйг хангалттай нотолно. Хариуцагч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримталж талуудын байгуулсан гэрээг хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэж үзжээ. Гэтэл хариуцагчийн төлөөлөгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдлийг төлөхийг зөвшөөрсөн атлаа хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэх ойлгомжгүй тайлбар хийж байна. Түүнээс гадна барьцааны гэрээний талаар маргахгүй гэж байгааг гэрээг зөвшөөрч байна гэж үзэхээр байна.

Энэ нь нэг талдаа зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах байр суурьтай мэт, нөгөө талдаа тодорхой хэмжээний хүүг зөвшөөрнө гэж байгаа нь сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа мэтээр ойлгогдоод байна. 

Иймд хариуцагчийн талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/02957 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Э.О-ээс үндсэн зээл 15 532 676 төгрөг, хүү 9 319 606 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 863 921 төгрөг, нийт 26 716 921 төгрөг гаргуулан “Э” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.О- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд түүний өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204004362 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 12 дугаар байр, 77 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул “Э” ХХК, Э.О- нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан №15/085 тоот зээлийн гэрээ, мөн өдөр байгуулагдсан №15/085А тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай хариуцагч Э.О-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Э.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 291 531 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 100 610 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 291 531 төгрөг, хариуцагч Э.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 273 000 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2430 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/02957 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасанчлан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэнгүй гэж үзэж гомдолтой байна.

...Уг гэрээг байгуулагдах үед “Э” ХХК-ийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байсан гэдгийг болон эсвэл тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдсан байсан гэдгийг “Э” ХХК-ийн зүгээс нотлох баримт гаргаж үндэслэл бүхий няцааж мэтгэлцээгүй юм.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тодорхой нотлох баримт, тогтоол шийдвэр дурдаж чадаагүй бөгөөд тодорхой бус тайлбар гаргасан нь тэмдэглэлд тусгагдсан байгаа.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг зөв хэрэглэснээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах байдлаар шийдвэрт өөрчлөлт оруулж, хууль зөрчсөн гэрээ байгуулагдсаны үр дагаварт зээлдэгч Э.О-ээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулан төлүүлэхгүйгээр зээлийн үлдэгдэл төлбөрт 15 532 676 төгрөгийг гаргуулан төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зээлийн гэрээний харилцаанаас үүссэн зохигчийн хоорондох эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Э.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26 716 203 төгрөг гаргуулах, барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Э.О- нь нэхэмжлэлээс 15 532 676 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг татгалзсанаас гадна зээлийн болон барьцааны гэрээг банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан үед байгуулсан тул хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Зохигч нь 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 20 000 000 төгрөгийн, сарын 3,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлийн гэрээ, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулжээ.

Дээрх хоёр гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 156 дугаар зүйлийн 156.2.-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурласан бөгөөд хуульд нийцсэн байна.

Зээлийн гэрээний үүрэгт хариуцагчийн төлсөн төлбөрийн хэмжээний талаар талууд маргаагүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, талуудын байгуулсан гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэр, магадлалд тодорхой тусгасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/02957 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2430 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 291 531 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН