Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2430

 

“Э ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/02957 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК,

Хариуцагч Э.О-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 26 716 203 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, талуудын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан 15/085 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн 15/085А тоот барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э ББСБ” ХХК нь Э.О-тэй 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 15/085 тоот зээлийн, 15/085А тоот барьцааны гэрээ байгуулж 20 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3,6 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 12 дугаар байрны 77 тоотод байршилтай 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц барьцаалсан. Зээлдэгч Э.О-ээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж, удаа дараа уулзаж, шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа болно.

Э.О- нь гэрээний хугацаанд үндсэн зээл 4 467 324 төгрөг, хүү 7 389 598 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 802 578 төгрөг, нийт 12 659 500 төгрөг төлсөн бөгөөд хамгийн сүүлчийн төлөлт 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хийгдсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 9.2.3, 9.2.4-т заасныг зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ Э.О- нь биелүүлээгүй тул түүнтэй байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу 15/085 тоот зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт үндсэн зээл 16 366 026 төгрөг, зээлийн хүү 5 260 253 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 052 051 төгрөг, нийт 22 678 329 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гаргасан байсан.

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний хугацаа дууссан бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар гэрээний үүрэгт үндсэн зээл 15 532 676 төгрөг, үндсэн хүү 9 319 606 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 863 921 төгрөг, нийт 26 716 203 төгрөг болгон нэмэгдүүлэн нэхэмжилсэн. Зээлийн гэрээний 4.3, 4.8-д заасны дагуу хариуцагчийн хамгийн сүүлд төлөлт хийсэн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны хүүг нэхэмжилж байна.

Иймд хариуцагч Э.О-ээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15 532 676 төгрөг, хүү 9 319 606 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 863 921 төгрөг, нийт 26 716 203 төгрөг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээгээр барьцаалсан барьцаа хөрөнгө Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 12 дугаар байрны 77 тоотод байршилтай 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан байх үед зээлийн гэрээг байгуулсан гэж үзэж байгаа тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл болох 15 532 676 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.

Э.О- нь зээл авснаас хойш нийтдээ 10 удаагийн төлөлтөөр 12 659 500 төгрөг төлсөн. Үүнээс зээлийн үндсэн төлбөрт 4 467 324 төгрөг, хүүд 7 389 798 төгрөг тус тус тооцсоныг зөвшөөрч байна. Харин 802 578 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд тооцсон байсан. Ер нь нэхэмжлэгчээс зээлийн төлбөр төлөхөөр үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү гээд суутган авдаг. Нэхэмжлэгч нь ББСБ-ын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байх үедээ зээл олгосон гэж үзэж байгаа тул зээлийн гэрээгээр авсан 20 000 000 төгрөгөөс 12 659 500 төгрөгийг хасч, үлдэх төлбөрийг төлөх байтал харин ч үндсэн зээлийн үлдэгдлийг төлөхийг зөвшөөрч байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 15 532 676 төгрөг төлөхийг зөвшөөрч, хүү, нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилсэн 11 183 527 төгрөгийг зөвшөөрөхгүй. Барьцааны гэрээний талаар маргах зүйлгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэл, түүний тайлбартаа: “Э ББСБ” ХХК болон Э.О- нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан №15/085 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн 15/085А тоот зээлийн барьцааны гэрээнүүд нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай 2002 оны хуульд заасанчлан Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон ББСБ-ын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээдтэй байгуулаагүй гэрээ гэж үзэж байна.

Хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан нь тогтоогдсон үед Э.О- зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхэд Э.О-ийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэхгүй байна. Иймд талуудын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан №15/085 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн №д15/085А тоот барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр буст тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Э.О- нь талуудын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан 15/085 тоот зээлийн, 15/085А барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр буст тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээнүүд нь Иргэний хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйл, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр бүлэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулиуд дээр үндэслэгдсэн бөгөөд харъяа нотариатын байгууллагаар баталгаажиж, бүртгэлийн эрх бүхий төрийн байгууллагад бүртгэгдсэн болно.

“Э ББСБ” ХХК нь 2011 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 1/217 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хавсралтын хамт Санхүүгийн зохицуулах хорооноос авсан. Тусгай зөвшөөрлийг болон хуулийн этгээдийн эрхийг түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон тухай эрх бүхий байгууллагын ямар нэгэн шийдвэр байхгүй. Хуулийн этгээдийн улсын бүргэлийн гэрчилгээнд зээлийн үйл ажиллагаа явуулах хугацааг заадаггүй ба хугацаагүй олгогддог.

Санхүүгийн зохицуулах хорооноос 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн тогтоолуудын хуулбар нь “Э ББСБ” ХХК-ийг өнөөдрийг хүртэл зээлийн үйл ажиллагаагаа явуулж буйг хангалтай нотолно. Хариуцагч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримталж талуудын байгуулсан гэрээг хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэж үзжээ. Гэтэл хариуцагчийн төлөөлөгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдлийг төлөхийг зөвшөөрсөн атлаа хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэх ойлгомжгүй тайлбар хийж байна. Түүнээс гадна барьцааны гэрээний талаар маргахгүй гэж байгааг гэрээг зөвшөөрч байна гэж үзэхээр байна.

Энэ нь нэг талдаа зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах байр суурьтай мэт, нөгөө талдаа тодорхой хэмжээний хүүг зөвшөөрнө гэж байгаа нь сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа мэтээр ойлгогдоод байна. Иймд хариуцагчийн талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Э.О-ээс үндсэн зээл 15 532 676 төгрөг, хүү 9 319 606 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 863 921 төгрөг, нийт 26 716 921 төгрөг гаргуулан “Э ББСБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.О- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд түүний өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204004362 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 12 дугаар байр, 77 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул “Э ББСБ” ХХК, Э.О- нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан №15/085 тоот зээлийн гэрээ, мөн өдөр байгуулагдсан №15/085А тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай хариуцагч Э.О-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Э.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 291 531 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 100 610 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 291 531 төгрөг, хариуцагч Э.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 273 000 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэт нэг талыг баримталж, хууль зөрчсөн. Зээл олгосон өдрийн байдлаар нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК нь зээл олгох тусгай зөвшөөрөлтэй байсан эсэх нотлох баримтыг гаргаагүй байхад шүүх зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн тусгай зөвшөөрлийн хугацааг 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 533 тоот тогтоолоор сунгагдсан гэж дүгнэсэн нь хэт нэг талыг баримталсан гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийн, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК нь хариуцагч Э.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26 716 203 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлээс үндсэн зээлийн үлдэгдэл 15 532 676 төгрөгийг төлөхийг хариуцагч зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөхгүй гэх татгалзлын үндэслэлээ зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан үедээ зээл олгосон тул хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж тайлбарлажээ.

Зохигчид 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 15/085 тоот зээлийн гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу зээлдүүлэгчээс 20 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн /хх 13/, зээлдэгч нь зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу тодорхой хэмжээгээр төлсөн, үндсэн зээлийн үлдэгдлийг төлөхийг зөвшөөрч байгаа зэргээс талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба шүүх зээлийн гэрээний 3.1.5, 3.1.6, 4.8-д заасныг үндэслэн хариуцагчаас үндсэн зээлд 15 532 676 төгрөг, хүү 9 319 606 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 863 921 төгрөг, нийт 26 716 203 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэг болон Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Түүнчлэн, хариуцагч Э.О- нь дээрх зээлийн барьцаанд мөн өдрийн 15/085А тоот барьцааны гэрээгээр өөрийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204004362 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 12 дугаар байрны 77 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалж, гэрээ Улсын бүртгэлд бүртгэгдсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 156.4 дэх хэсэгт заасанд нийцсэн, хүчин төгөлдөр гэж үзэх ба шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Хэрэгт “Э ББСБ” ХХК-д санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилээр олгосон Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 46 тоот тогтоол авагдсан, мөн тус хорооны 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 533 дугаар тогтоолоор банк бус санхүүгийн байгууллагуудын тусгай зөвшөөрлийг хугацаагүй болгож, энэ талаар өөрийн албан ёсны цахим хуудсаар нийтэд мэдээлсэн[1] байх бөгөөд зээлдүүлэгчийг эрх бүхий хуулийн этгээд гэж үзэх тул зээлдэгчийг тус байгууллагаас зээл хүссэнээр талуудын хооронд харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Иймд зээлийн гэрээ байгуулагдах үед “Э ББСБ” ХХК-ийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаар хүү шаардах эрхгүй гэх хариуцагчийн татгалзал, энэ үндэслэлээр гаргасан талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 15/085 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн 15/085А тоот барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр буст тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хугацаагүй болгосон нь нийтэд илэрхий үйл баримт тул нэхэмжлэгч нотлох баримт гаргаагүй байхад шүүх нэг талыг барьж дүгнэлт хийсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/02957 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ

 

 


[1] http://www.frc.mn/legal/detail?id=2847