Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00459

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2017/02089 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2388 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “О” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээнээс учирсан хохиролд 48 000 000 төгрөг гаргуулж, нурж унасан блок, цементийг ачиж цэвэрлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогтбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхбаяр, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“О” ХХК-ийн захирал Ч.Энхмандахтай 2014 оны 6 сард танилцаж, хашаа хийлгэх тухай ярилцаж тохиролцоод газрыг хамт очиж үзсэн. Тэрээр тус газрын гуравны нэг нь намагтай байна гэж хэлсэн. Намагтай газар 50 см-ээс доош гүн ухаад, элс асгасны дараа хайрга хийж бетон цутгадаг гэж надад тайлбарласан. Мөн өмнө нь барьж байсан гээд хашааны маш олон гэрэл зураг үзүүлсэн. Төсөв буюу ажил гүйцэтгэх гэрээний зардал 32 000 000 төгрөг гэдгийг хариуцагч “О” ХХК-ийн захирал н.Энхмандах надад санал болгосон. Яагаад ийм өндөр үнэтэй байгаа юм бэ гэхэд танайх намагтай газар хашаа бариулж байгаа болохоор үнэтэй байгаа гэж хэлсэн. Үнэнээ хэлсэн болохоор нь надад итгэл төрсөн. Бусад газрууд 25 000 000 төгрөгөөр хашааг барих саналыг ирүүлж байсан боловч энэ компанийг мэргэжлийн компани, бусад компанийн огт хэлж байгаагүй салхи нэвтрүүлэлт, газраа гүн ухаж суулгах талаар тайлбарлаж байсан болохоор илүү өндөр үнэ санал болгосон хэдий ч мэргэжлийн түвшинд чанартай хийх байх гэж итгэсэн.

Ингээд 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчооны хажууд 1 га газарт блокон хашааг 1 сар 4 хоногийн хугацаанд барьж гүйцэтгүүлэх, ажлын хөлсөнд 32 000 000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Хариуцагч компани хашаа барьж өгсөн. 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ажил хийгдэж дууссан хэмээн үлдэгдэл мөнгийг бүрэн авсан боловч ажлаа хүлээлгэж өгөлгүй алга болсон. Хашааг барьж дууссаны дараа буюу 8 сард хашааны блокыг 9 үеэр өрөх байсныг зарим газар 8 үе өрсөн байсан, мөн блокон хашааны хамгийн дээд үеийн блокны онгорхой нүхнүүдийг шавардаж битүүлэх ёстой байсныг огт битүүлээгүй орхисон зэрэг дутуу ажлуудаа хийж гүйцээхийг утсаар удаа дараа шаардсан. 2014 оны 08 дугаар сард барьж дууссан гэх хашаа нь мөн оныхоо 12 сард нурсан. Хашаа нь эхнээсээ нурж эхэлмэгц н.Энхмандах захиралтай ярихад очиж үзнэ гэсэн боловч ирж үзээгүй.

Иймд гэрээг цуцалж, хохиролд гэрээний үндсэн төлбөр 32 000 000 төгрөг, алданги 16 000 000 төгрөг, нийт 48 000 000 төгрөг гаргуулж, нурж унасан блок, цементийг ачиж цэвэрлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Талууд 1 га газарт хашаа бариулахаар тохиролцсон. Үүнд маргалдах зүйл байхгүй. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д зааснаар ажлын хөлсийг бүрэн аваад гүйцэтгэсэн ажлаа дуусгасан. Нэхэмжлэгч ажлын үр дүнг хүлээж аваагүй байхдаа ажлын хөлсийг бүрэн төлсөн. Энэ нь нэхэмжлэгч ажлын үр дүнг хүлээж авсан гэж үзэх бөгөөд, хариуцагчид төлбөр төлсөн байдал зэргээр нотлогдож байна. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар 12 сарын дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй. Нэхэмжлэгч Төв аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гомдлын шаардлага гаргах хугацаа дууссанаас хойш гомдлын шаардлага гаргасан байдаг. Нэхэмжлэгч ажлын үр дүнг хүлээлгэж өгөхийг удаа дараа шаардсан гэж байгаа боловч тийм зүйл ерөөсөө байдаггүй.

Хариуцагчийг гэнэт Тахарын албанаас эрэн сурвалжилсан. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.5-д зааснаар хугацаанд хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол хүлээн авсанд тооцно гэж заасан байдаг. Нэхэмжлэгч ажлын үр дүнг хүлээж авсан. Ашиглалт, газрын төлөв байдлын хувьд блокон хашааг барихад тохиромжтой бус газар байсан. Энэ талаар хариуцагч компанийн захирал хашаа бариулахад нь сануулж хэлсэн. Хашааны газрын талаар гэрээнд тохиролцсон зүйл байдаггүй. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2017/02089 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан “О” ХХК-иас 48 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, нурж унасан блок, цементийг ачиж талбайг чөлөөлөхийг хариуцагч “О” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “О” ХХК-иас 397 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2388 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2017/02089 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “О” ХХК-иас 32 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож, нурж унасан блок, цементийг ачиж талбайг чөлөөлөхийг хариуцагч “О” ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 16 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “397 950” гэснийг “317 950” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөрөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт “нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн бол үүрэг гүйцэтгүүлэгч хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй”, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт “хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал гэрээнд зааснаар анз төлөх”-өөр хуульчилсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр ажил гүйцэтгэгч буюу хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн болох нь тогтоогдсон ба үүрэг гүйцэтгүүлэгч тал учирсан хохирлоо арилгуулах тухай шаардлагыг анзын хамтаар төлүүлэхээр гаргасан. Энэхүү хуулийн зохицуулалт нь гэрээний тэгш эрхийн зарчимд тулгуурласан ба гэрээнд тусгайлан тохиролцсон тохиолдолд үйлчлэх учиртай гэж үзэж байна.

Нөгөө талаас Иргэний хуулийн 219.1, 227 дугаар зүйлээс гарч буй хохирлыг арилгуулах тухай шаардлагыг мөн хуулийн 355.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэрээ цуцлагдсан тохиолдолд нэхэмжлэгч тал анз шаардах эрхээ алдахгүй, үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн анз төлөх үүргээсээ чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлгүй гэж ойлгож байна. Нэхэмжлэгч тал өнөөг хүртэл хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас төлөвлөсөн үйл ажиллагаагаа хэрэгжүүлж чадаагүй, эрэн сурвалжлуулах хүсэлт гарган хариуцагчийг олж тогтоох зэрэгт ихээхэн цаг хугацаа алдаж хохирсоор ирснийг дурдах нь зүйтэй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь заалтыг үндэслэн давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсэг буюу нэхэмжлэлийн шаардлагаас 16 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 184/ШШ2017/02089 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Нэхэмжлэгч мөн адил нэхэмжлэлийн шаардпагаа өөрөө нотлох үүрэгтэй ба нэхэмжлэгч уг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байхад хэт нэг талыг барьж, доголдол илэрсэн талаар зөвхөн амаар тайлбар хийснийг шүүх үндэслэж шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлын үр дүнг 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан байх бөгөөд хүлээн авснаас хойш даруй 1 жил 2 cap 11 хоног өнгөрсөн дараа гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэж хариуцагчид холбогдуулан Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 11 дүнээр сарын 10-ны өдөр хандсан байх тул нэхэмжлэгчийг гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдлын талаар гомдлын шаардлага гаргах эрхгүй гэж үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Б.Б- хариуцагч “О” ХХК-д холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, ажлын хөлсөд шилжүүлсэн мөнгөө алдангийн хамт буцаан авах, нурж унасан блок, цементийг ачиж цэвэрлүүлэх шаардлагыг тусгажээ. Хариуцагч “О” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж нэхэмжлэлээс татгалзсан байна.

Зохигч 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 22 дугаар товчооны орчим 1 га газарт блокон хашаа барих гэрээ байгуулсан ба шүүх уг гэрээгээр талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв болжээ.

Гэрээний дагуу хариуцагч “О” ХХК нь 1 га газарт 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн дотор блокоор хашаа барих, нэхэмжлэгч 32 000 000 төгрөг ажлын хөлсөд төлөх үүрэг тус тус хүлээсэн байна.

 

Хариуцагч “О” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангаагүй болох нь шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдсон ба давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, магадлалдаа тодорхой тусгасан байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй ба давж заалдах шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосныг буруутгах боломжгүй байна.

Зохигчийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд ажил гүйцэтгэгч үүргээ хугацаанд гүйцэтгээгүй бол алданги тооцох тохиролцоог гэрээ цуцалснаас учрах хохирлын талаарх тохиролцоо гэж үзээгүй давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1., 232.6.-д заасан зохицуулалтад нийцжээ.

Нэхэмжлэгч Б.Б- Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.3.-т заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул магадлалыг нэхэмжлэгч болон хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2388 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237 950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 317 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН