Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2388

 

 

Б.Б-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2017/02089 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Б-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч “О” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээнээс учирсан хохиролд 48 000 000 төгрөг гаргуулж, нурж унасан блок, цементийг ачиж цэвэрлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э,

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О” ХХК-ийн захирал Ч.Э-тай 2014 оны 6 сард танилцаж, хашаа хийлгэх тухай ярилцаж тохиролцоод газрыг хамт очиж үзсэн. Тэрээр тус газрын гуравны нэг нь намагтай байна гэж хэлсэн. Намагтай газар 50 см-ээс доош гүн ухаад, элс асгасны дараа хайрга хийж бетон цутгадаг гэж надад тайлбарласан. Мөн өмнө нь барьж байсан гээд хашааны маш олон гэрэл зураг үзүүлсэн. Төсөв буюу ажил гүйцэтгэх гэрээний зардал 32 000 000 төгрөг гэдгийг хариуцагч О ХХК-ийн захирал н.Э надад санал болгосон. Яагаад ийм өндөр үнэтэй байгаа юм бэ гэхэд танайх намагтай газар хашаа бариулж байгаа болохоор үнэтэй байгаа гэж хэлсэн. Үнэнээ хэлсэн болохоор нь надад итгэл төрсөн. Бусад газрууд 25 000 000 төгрөгөөр хашааг барих саналыг ирүүлж байсан боловч энэ компанийг мэргэжлийн компани, бусад компанийн огт хэлж байгаагүй салхи нэвтрүүлэлт, газраа гүн ухаж суулгах талаар тайлбарлаж байсан болохоор илүү өндөр үнэ санал болгосон хэдий ч мэргэжлийн түвшинд чанартай хийх байх гэж итгэсэн. Ингээд 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчооны хажууд 1 га газарт блокон хашааг 1 сар 4 хоногийн хугацаанд барьж гүйцэтгүүлэх, ажлын хөлсөнд 32 000 000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Хариуцагч компани хашаа барьж өгсөн. 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ажил хийгдэж дууссан хэмээн үлдэгдэл мөнгийг бүрэн авсан боловч ажлаа хүлээлгэж өгөлгүй алга болсон. Хашааг барьж дууссаны дараа буюу 8 сард хашааны блокыг 9 үеэр өрөх байсаныг зарим газар 8 үе өрсөн байсан, мөн блокон хашааны хамгийн дээд үеийн блокны онгорхой нүхнүүдийг шавардаж битүүлэх ёстой байсныг огт битүүлээгүй орхисон зэрэг дутуу ажлуудаа хийж гүйцээхийг утсаар удаа дараа шаардсан. 2014 оны 8 дугаар сард барьж дууссан гэх хашаа нь мөн оныхоо 12 сард нурсан. Хашаа нь эхнээсээ нурж эхэлмэгц н.Э захиралтай ярихад очиж үзнэ гэсэн боловч ирж үзээгүй. Иймд гэрээг цуцалж, хохиролд гэрээний үндсэн төлбөр 32 000 000 төгрөг, алданги 16 000 000 төгрөг, нийт 48 000 000 төгрөг гаргуулж, нурж унасан блок, цементийг ачиж цэвэрлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 1 га газарт хашаа бариулахаар тохиролцсон. Үүнд маргалдах зүйл байхгүй. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д зааснаар ажлын хөлсийг бүрэн аваад гүйцэтгэсэн ажлаа дуусгасан. Нэхэмжлэгч ажлын үр дүнг хүлээж аваагүй байхдаа ажлын хөлсийг бүрэн төлсөн. Энэ нь нэхэмжлэгч ажлын үр дүнг хүлээж авсан гэж үзэх бөгөөд, хариуцагчид төлбөр төлсөн байдал зэргээр нотлогдож байна. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-д зааснаар 12 сарын дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй. Нэхэмжлэгч Төв аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гомдлын шаардлага гаргах хугацаа дууссанаас хойш гомдлын шаардлага гаргасан байдаг. Нэхэмжлэгч ажлын үр дүнг хүлээлгэж өгөхийг удаа дараа шаардсан гэж байгаа боловч тийм зүйл ерөөсөө байдаггүй. Хариуцагчийг гэнэт Тахарын албанаас эрэн сурвалжилсан. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-д зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.5-д зааснаар хугацаанд хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол хүлээн авсанд тооцно гэж заасан байдаг. Нэхэмжлэгч ажлын үр дүнг хүлээж авсан. Ашиглалт, газрын төлөв байдлын хувьд блокон хашааг барихад тохиромжтой бус газар байсан. Энэ талаар хариуцагч компанийн захирал хашаа бариулахад нь сануулж хэлсэн. Хашааны газрын талаар гэрээнд тохиролцсон зүйл байдаггүй. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-д зааснаар гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан О ХХК-иас 48 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, нурж унасан блок, цементийг ачиж талбайг чөлөөлөхийг хариуцагч О ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О ХХК-иас 397 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн. Захиалагчаас үр дүнг хүлээн авах талаар ямар нэг санаачилга гаргаагүй, өөрөөр хэлбэл захиалагч эс үйлдэхгүй гаргаж ажлын үр дүнг хүлээн авах үүргээ биелүүлээгүй. Шүүх шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохдоо хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд уг газар нь хөлдөж овойх, гэсэж суух, хөрсний усны түвшин дээр байгаа газрын гадаргын тогтоц нь дов сондуул их хэмжээтэй үүссэн, тэр хэсгээр хашаа их хэмжээтэй нурсан байдалтай, уг талбайд хоёр төрлийн хөрс тархсан бөгөөд энэ хөрс нь хоёулаа хүчтэй овойлт үүсгэх шинж чанартай гэж дүгнэснийг харгалзаж үзээгүй. Гүйцэтгэгч газрын төлөв байдлын талаар мэдэж байсан, блокон хашаа барихад тохиромжгүй талаар захиалагчид мэдэгдэж байсан гэж үзээд гүйцэтгэгчийг үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлгүй. Гүйцэтгэгч захиалагчид ямар нэгэн барилга, байшин барьж өгөөгүй бөгөөд хэдийгээр блокон хашаа нь газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс боловч түүнийг барилга, байшин гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл нь 400 метр блокон хашааг бариулахаар тохиролцсон бөгөөд гүйцэтгэгч 400 метр блокон хашаа барьсаны 100 метр хашаа нь ашиглах боломжгүй, нурсан байсныг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, захиалагч 300 метр хашааг цаашид ямар нэгэн засвар үйлчилгээ шаардагдахгүйгээр ашиглах боломжтой. Мөн шинжээчийн дүгнэлт бодитой гарсан эсэхэд эргэлзэж байгаа. Шинжээчийн дүгнэлтэд хоёр өөр хорооны нутаг дэвсгэр хамрагдсан байж болох нөхцөл байдал үүссэн, газар, түүнтэй холбоотой маргаан шийдвэрлэж байгаа атал тухайн газрын кадастрын зураг хэрэгт хавсаргагдаагүйгээс шинжээч нар төөрөлдсөн, хоёр өөр байршилд ажилласан байж болох нөхцөл байдал үүссэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас өмгөөлөгч авах, өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн боловч уг хүсэлтийг хэлэлцэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцүүлэн үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй тул өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

            Нэхэмжлэгч Б.Б хариуцагч “О” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээнээс учирсан хохиролд 32 000 000 төгрөг, алдангид 16 000 000 төгрөг гаргуулах, нурж унасан блок, цементийг ачиж цэвэрлэхийг хариуцагчид даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 22-ын товчооны орчим 1 га газарт блокон хашаа барих гэрээ байгуулсан байх ба уг гэрээний дагуу хариуцагч “О” ХХК нь 1 га газарт блокоор хашаа барих ажлыг 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхэлж, 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дотор хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч Б.Б нь гэрээний үнэ болох 32 000 000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Талууд ажлын үр дүн болох блокон хашаа барих ажил, ажлын хөлс болон хугацааны талаар харилцан тохиролцсон, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл болсон гэрээг бичгээр байгуулсан тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл хийсэн гэж үзнэ.                                                                       /хх4-5 дахь тал/

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн байна.

 

Зохигчид ажлын үр дүнг 1 сар 4 хоногийн дотор буюу 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн дотор хүлээлгэж өгөхөөр тохиролцсон, ажлын үр дүн болох блокон хашааг бүрэн барьж дуусгасан талаар маргаагүй, харин ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хүлээн авсан эсэх, ажлын үр дүн чанаргүй доголдолтой эсэх, ажлын доголдол хэдийд илэрсэн, гомдлын шаардлага гаргах хугацааг алдсан эсэх талаар маргажээ.

 

Хариуцагч блокон хашааг барьж дуусгаад 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээлгэн өгсөн гэх тайлбарыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүйгээс гадна хийж гүйцэтгүүлсэн ажлын үр дүн доголдолтой байсан гэж тайлбарласнаас үзвэл Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1 дэх хэсэгт заасны дагуу захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцох үндэслэлтэй.

 

Гэрээний 4.2-т заасан хашаа барих газрын талаарх мэдээлэлийг  захиалагч  ажил гүйцэтгэгчид өгсөн болох нь нэхэмжлэгчийн “хашаа барих газар намагтай байсан учраас гэрээний үнийг өндөр тогтоосон” гэх тайлбар, хариуцагчийн “ажил эхлүүлэхийн өмнө захиалагчид газрын онцлогийн талаар намаг балчигтай, тогтворгүй газарт блокон хашаа барихад тохиромжгүй талаар мэдэгдэж байсан” гэх тайлбараар тогтоогджээ.

 

Хариуцагчийн ажлын гүйцэтгэл чанаргүй доголдолтой байснаас талуудын хооронд маргаан үүссэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс зохигчдын хүсэлтээр хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн болон газрын төлөв байдлын талаар дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон байна.

 

Хариуцагч нь ажил гүйцэтгэгчийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс түүний барьсан блокон хашаа чанарын шаардлага хангаагүй болох нь шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогджээ.                                                                           /хх-105-107, 111-134 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч уг ажлын доголдол 2014 оны 12 дугаар сард газар хөлдөж блокон хашаа нурсан гэж тайлбарласаныг хариуцагч  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар үгүйсгэсэнгүй.

 

Талууд гэрээний 4.3-т гүйцэтгэсэн ажил доголдолтой бол 12 сарын дотор гомдол гаргахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.2 дахь хэсэгт заасан  баталгаат хугацаа тогтоосон гэж үзэх тул нэхэмжлэгчийг гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэхь хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

Хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн чанарын шаардлага хангахгүй,  захиалагчийн хувьд илт хохиролтой цаашид ашиглах боломжгүй ноцтой зөрчил тул Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1 дэхь хэсэгт заасан нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй нөхцөл байдал бий болсон гэж үзнэ.

 

Урт хугацааны гэрээнд ажил гүйцэтгэх гэрээ хамаарах тул нэхэмжлэгч нь хариуцагчаас төлсөн ажлын хөлс 32 000 000 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 221.5 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээг цуцалж, гэрээнээс учирсан хохиролд 32 000 000 төгрөг гаргуулах, нурж унасан блок, цементийг ачиж цэвэрлэхийг хариуцагчид даалгахыг шаардах эрхтэй талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцласнаар ажил гүйцэтгэх гэрээгээр алданги тооцохоор тохирсон гэрээний нэмэлт үүрэг мөн адил цуцлагдах тул нэхэмжлэгчийн алдангид 16 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэхь хэсгийг давхар баримталсан нь буруу тул хасч шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2017/02089 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “О” ХХК-иас 32 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож, нурж унасан блок, цементийг ачиж талбайг чөлөөлөхийг хариуцагч “О” ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 16 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “397 950” гэснийг “317 950” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-с давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

 

 

                             ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ