Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 644

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугааар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Т-ийн Т-ад холбогдох эрүүгийн 19030 0781 0364 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч С.Оюунжаргал /томилолтоор/, хохирогч Т.Э, хохирогчийн өмгөөлөгч Ж.Баасанжав, шүүгдэгч Т.Т, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, иргэний хариуцагч М.Ц нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улааанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2-р 40 мянгат гудамжны 11 дүгээр байрны 16 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 35 дугаар байрны 43 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, О овогт Т-ийн Т /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Т.Т нь 2019 оны 7 сарын 02-ны шөнө 23 цаг 20 минутын үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Морингийн замд “Toyota Voxy” маркийн ххххулсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний тухай дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах:,

Тээврийн хэрэгслийн ... харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, ... үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”,

мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”,

12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч Т.Э-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.  

 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

                                         

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Т-ын өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад холбогдсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо шүүхэд нэмж ярих зүйл байхгүй. Би хохирол, эмчилгээний зардалд хохирогч Э гуайд 709.000 төгрөг нөхөн төлсөн. Тухайн осол болох үед хохирогчийн зам хөндлөн гарч байгааг хараагүй. Миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн ойрын гэрэл нь стандартын шаардлага хангахгүй байгаа гэдгийг мэдээгүй. Би машинаа асаагаад машинаа тойрч харахад гэрэл нь хангалттай тусаж байсан.

Би анх гэм буруугийн талаар маргаж байсан, одоо маргахгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би ирээдүйд гарах эмчилгээний зардлыг төлнө. Би 1-7 насны 3 хүүхэдтэй, манай эхнэр ганцаараа ажил хийдэг. Би хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь зөөдөг тул ажил хийх боломжгүй байгаа. Би хүүхдүүдийнхээ нэрийг шүүх хуралдаанд дурдмааргүй байсан болохоор төрсний гэрчилгээг нь гаргаж өгөөгүй. Надад яллах дүгнэлт танилцуулсан прокурор уг гэмт хэрэг нь зөвхөн хорих ялтай гэхээр нь цочирдоод яллах дүгнэлттэй санал нийлэхгүй байна гэж хэлсэн. Би хохирогчийн ажилгүй байсан үеийн цалин болон өмгөөллийн хөлсийг төлж чадахгүй. Харин цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтыг үндэслэн төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Э-гийн өгсөн:

“...Би осол гарахад юу болсон талаар мэдээгүй, эмнэлэгт сэрсэн. Би 2 тасаг дамжиж эмчлүүлсэн. Байгууллагаас намайг ажилдаа ор гэсэн тул хөнгөн ажлын акттайгаар одоо ажлаа хийж байгаа. Тэнгэр муудахаар бие өвддөг, бугуй, мөр, ташааны толгой хэсгээр  өвддөг. Миний зүүн гарын шуу хавдсан. Би зүүн гараар бичдэг боловч хэрэг гарсан өдрөөс хойш үзэг барьж чадахгүй байгаад саяханаас үзэг барьж юм бичдэг болж байна.

Удаан суухад миний зүүн ташаа өвддөг. Би шүүгдэгч Т.Т-аас нийт 2.831.414 төгрөг нэхэмжилж байгаа ба үүнээс шүүгдэгч 709.000 төгрөгийг төлсөн тул эмчилгээний зардалд нийт гарсан зардал нь 2.131.481 төгрөг болж байгаа. Намайг цээж хөндийн тасагт эмчлүүлж байхад шүүгдэгч 209.000 төгрөг өгсөн байсан. Өнөөдөр 500.000 төгрөг хүлээлгэн өгсөн.

Би “Гранд мед” эмнэлэгт үзүүлсэн шинжилгээний баримтыг шинээр гаргаж өгсөн. Би байгууллагын журмаар “Гранд мед” эмнэлэгт багц шинжилгээнд ороход миний зүүн нүдэнд эмчилгээ хийлгэ гэсэн, ядарсан үед зүүн талын нүд бүрэлзээд байдаг болсон. Ядарсан үед зүүн талын нүд бүрэлздэг. Эмч “нүдээ эмчлүүлж байгаад ир, дараа нь хагалгаа хийлгэх шаардлагатай. Нэг нүд 3.0 сая төгрөг, 2 нүдийг 5.0 сая төгрөгөөр эмчилдэг гэж хэлсэн.

Би цаашид эмчилгээ хийлгэх ба Гэмтлийн эмнэлэгт үзүүлж байгаад ямар эмчилгээ хийлгэх шаардлагатай талаар мэдээлэл авах юм. Одоогоор миний ташаа, өвдөг өвдөж байгаа. Би хөнгөн ажлын актаар ажиллаж байгаа ба хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоогоогүй. Би Иргэний Нисэхийн ерөнхий газрын холбооны ажиглалтын албанд манаач, сахиулын ажил хийдэг.

Миний сарын цалин 600.000 төгрөг ба үр дүн, удаан жил, илүү цагийн хөлс нэмэгдээд нийт 1.200.000-1.300.000 төгрөг болдог. Би 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр осолд орсон. Осолд өртөх үед би ээлжийн амралттай байсан ба 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ажилдаа орох ёстой байсан. Манай дарга эмчтэй уулзаад хөнгөн ажлын актаар ажил хийхийг зөвшөөрсөн. Би 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ажилдаа орсон. Би 20 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд эмнэлгээс гараад шууд ажилдаа орсон. Би мэдүүлэг өгөхдөө гарын үсгээ баруун гараараа дармалдаж гарын үсэг зурсан. Би осолд орсоноос хойш ширээнийхээ ард сууж байдаг болсон, өөр хүнд ажил хийх боломжгүй байгаа. Би 8 цаг ээлжинд гараад 16 цаг амардаг.

Би ажилгүй байсан хугацааны 1.200.000 төгрөгийн цалин, мөн өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 1.0 сая төгрөг нэхэмжилж байгаа 2.131.464 төгрөгийн дүнд орж байгаа. Нийт зардал 2.831.414 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс шүүгдэгч 709.000 төгрөг төлсөн тул одоо 2.131.464 төгрөгийг бодит хохирлоор нэхэмжилж байна. Уг үнийн дүнд ажилгүй байсан цалингаа оруулж тооцсон. Зарим эмчилгээний баримтыг хавтаст хэрэгт хавсаргаагүй. Өмгөөллийн хөлс болох 1.000.000 төгрөг нэхэмжилнэ.

Би хэрэг гарсан өдөр 100 граммын Хараа нэртэй архи уусан байсан. Би найзаасаа мөнгө асуухаар очсон ба гэртээ буцаж явахдаа 2.000 төгрөгөөр 100 граммын архи худалдаж авсан. Шинжээчийн дүгнэлтээр намайг гарцгүй газраар гарсан гэж дүрэм зөрчсөн гэж байгаа боловч тухайн осол болсон газраас Биокомбинат хүртэл явган хүний гарц байдаггүй. Надад хохирол төлбөрийг төлж барагдуулсан тохиолдолд гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг,

 

3. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч М.Ц-ийн өгсөн:

“...Миний машин 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр оношлогоонд орж байсан. Машинаа оношлогоонд оруулахад машин эхэлж асахад гэрэл нь бүдэг байсан. Гэрлээ асаагаад удах тусам гэрэл нь тодордог. Сүүлийн үеийн машинууд ийм цесна гэрэлтэй болсон. Машинаа оношлогоонд оруулахдаа гэрлээ асааж байгаад дахин оношлуулах хүсэлтэй байна гэтэл дахин оношлогоо хийхгүй гэсэн. Миний машинд 1.000.000 төгрөгийн хохирол учирсан. Би тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй. Би өөрөө өр зээл ихтэй болохоор хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлөхгүй, төлөх чадваргүй. Би Чингис Хаан олон улсын нисэх буудлын аврах гал унтраах ангид жолооч ажилтай.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19030 0781 0364 дугаартай хэргээс:

 

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 03-05х, 06-12х/,

 

2. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэн шалгахад 0% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглээгүй болохыг тогтоосон тэмдэглэл баримт /хэргийн 13х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Э-гийн хохирогчоор өгсөн:

“...Би 2019 оны 7 сарын 02-ны орой Нисэх орж найзтайгаа уулзаж мөнгө асуугаад Нисэхийн зам дагуу байдаг дэлгүүрээс 100 граммын Хараа нэртэй архи аваад, гэртээ харих гээд замдаа уунгаа алхаад явж байсан. Тэгээд замын урд талаас хойшоогоо зам хөндлөн гарч байсан, нэг мэдэхэд 2 хоногийн дараа Гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Хажууд манай эхнэр байхаар нь юу болсон талаар асуухад “чи машинд мөргүүлж, зам тээврийн осолд орсон” гэж хэлсэн. Би осол болсон өдрөөс хойш нийт 20 хоног Гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Өөр ослын талаар мэдэх зүйл байхгүй, санах юм байхгүй.

Би намайг мөргөсөн автомашины жолоочийг танихгүй, ослоос болж миний нүүрэнд 16 оёдол тавигдсан. Зүүн гар шуу хэсгээр хугарсан, 6 хавирга цуурсан, 2 өвдөг, 2 ташаа, 2 тохой хэсгээр зулгарсан байсан. Би тэр автомашины гэрлийг л харж амжсан, өөр зүйл хараагүй.

Миний зам хөндлөн гарч байсан газрын ойр орчимд явган хүний гарц байхгүй, би тэр газраар олон жил явж байгаа. Би тухайн үед зам хөндлөн гарахдаа машин ирж байгааг хараагүй, нэг машины гэрэл зайтай ирж байх шиг байсан. Надад одоогийн байдлаар жолооч нь эмчилгээний зардалд 200.000 төгрөг өгсөн, үлдэгдэл мөнгө 2.000.000 төгрөг нэхэмжилнэ.

Надад хохирлын баримт байгаа, эмчилгээний зардлын 640.000 төгрөгийн баримт байна. Мөн өмгөөлөгчийн хөлсөнд  төлсөн 1.000.000 төгрөг нэхэмжилнэ. Миний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, олон хоног эмнэлэгт хэвтэн хагалгаанд орж, ажил хийх чадваргүй болгосонд маш их гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24х/,

 

4. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Э-гийн хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан эмчилгээ, үйлчилгээний зардлын баримтууд /хэргийн 29-34х/,

 

5. Хохирогч Т.Эгийн ГССҮТөвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээтэй холбоотой баримтууд /хэргийн 99-114х/,

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Ц-ийн иргэний хариуцагчаар өгсөн:

“...Би 2019 оны 7 сарын 02-ны өдөр дүү Т-ын гэрийнхэнтэй хамт салхинд гараад, архи уугаад муудчихсан байсан. Тэгээд дүү Т-ыг “эрүүл байгаа юм чинь машин жолоодоод явчих” гээд машинаа бариулаад гэр лүүгээ явсан. Би машинд явж байхдаа унтаад явж байсан ба Т- намайг сэрээгээд “сая явж байгаад хүн мөргөчихлөө” гэхээр нь би машинаас буугаад “эмнэлэг, цагдаад дуудлага өг” гэж хэлээд Т-ын эхнэрийн хамт гэр лүүгээ яваад өгсөн.

Toyota Voxy маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн автомашин байгаа юм. Т.Т нь миний хуурай дүү байгаа юм, бид хоёр нэг газар олон жил амьдарсан. Ослын улмаас миний автомашины урд салхины шил зүүн доод буланд хагарсан, зүүн талын их гэрэл хагарсан, зүүн талын крыло бага зэрэг хонхойсон байсан. Өөр эвдрэл гэмтэл байхгүй. Надад жолооч Т.Таас нэхэмжлэх зүйл байхгүй.

Би бусдад учирсан хохирлыг барагдуулах боломжгүй, би өр зээл ихтэй учир мөнгөний боломжгүй юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 38х/,

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Я.Сийн гэрчээр өгсөн:

“...Би 2019 оны 7 сарын 02-ны орой 23 цагийн орчимд нөхөр, таньдаг ахтай хамт Биогоос Нисэх рүү гэртээ харих гээд Морингийн даваа өнгөрөөд явж байхад тухайн үед өөдөөс 2 том машин ирж байсан. Тэр 2 машины гэрэл нүд рүү гялбаж байсан ба хажуугаар зөрөөд өнгөртөл машины урд нэг хүн гэнэт гараад ирсэн. Тэгээд нөгөө хүнийг мөргөөд газар унагасан ба манай нөхөр машинаа зогсоогоод, машинаасаа бууж нөгөө хүнийг хажуунаас нь харахад цаашаа хараад хэвтсэн байдалтай байсан. Тэгээд нөхөр Т.Т шууд 103 болон 102-т дуудлага өгсөн. Манай нөхөр тухайн өдөр архи, согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан ба машин жолоодоод явж байсан. Би жолоочийн хажууд буюу урд талын суудал дээр сууж явсан. Автомашин дотор жолоочтой нийлээд 4 том хүн, 2 хүүхэд байсан. Осол болох үед автомашин хэдэн км/цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна.

Тухайн зам осол гарсан газрын ойр орчимд гэрэлтүүлэг байхгүй, зам таг харанхуй байсан. Би зам руу хүн орж ирж байхыг хараагүй, өөдөөс ирж явсан автомашины гэрэл гялбаад машинтай зөрөөд өнгөрөх үед машины урд гэнэт хүн гараад ирсэн. Замын хөдөлгөөн сийрэг, замын ойр орчимд ямар нэгэн гэрэлтүүлэг байхгүй, үзэгдэх орчин муу харанхуй байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 42-43х/,

 

8. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8838 дугаартай:

1. Т.Э”гийн биед цээжний зөөлөн эдийн няцрал, баруун талд 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирга суганы дунд шугамаар, зүүн талд 9-р хавирга суганы дунд шугамаар хугарал, баруун плеврийн хөндий дэх хий хуралдалт /600 мл/, зүүн шуу ясны ил хугарал, нүүрэнд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 55х/,

 

9. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн шинжилгээний 3934 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн “Э” гэсэн хаягтай цуснаас 2.1 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2.1 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээнд цусны хэмжээ хүрэлцээгүй тул шинжилгээ хийх боломжгүй.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 60-61х/,

 

10. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн шинжилгээний 3935 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн Т.Э-гийн гэх цус нь АВО системээр В/III/ бүлгийн харъяалалтай байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 62-63х/,

 

11. Баянзүрх дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 41269 тоот:

1. Уг автомашиныг Швед Улсад үйлдвэрлэгдсэн EWJ94060 маркийн тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд урд болон хойд тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний хэмжээ хэвийн, зүүн их гэрлийн тусгалын эрчим ойр, хол баруун ойрын тусгал дээр тохиргоо алдагдсан стандартын шаардлага хангахгүй байна. Автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 0 мм/м буюу тохиргоо хэвийн байна. Өнгө үзэмж ерөнхий байдал иж бүрдлийн хувьд: Зүүн их гэрэл хагарч чихэгдсэн, урд шил зүүн талдаа 30*50 см-ийн хэмжээтэй талбайд хагарч цөмөрсөн зэрэг гэмтлүүдтэй.

2. Зүүн их гэрэл хагарч чихэгдсэн, урд шил зүүн талдаа 30*50 см-ийн хэмжээтэй талбайд хагарч цөмөрсөн зэрэг гэмтлүүдтэй. Зүүн их гэрэл хагарч чихэгдсэн, баруун гэрлийн ойрын тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй эвдрэл, гэмтэлтэй байна.

3. Зүүн их гэрлийн ойр болон холын гэрлийн чадал стандартын шаардлага хангахгүй, их гэрэл хагарч чихэгдсэн, урд шил зүүн талдаа 30*50 см-ийн хэмжээтэй талбайд хагарч цөмөрсөн зэрэг эвдрэл, гэмтлүүд нь осол хэрэг гарах үед үүссэн байх боломжтой.

Баруун гэрлийн ойрын тусгал тохиргоо алдагдсан байгаа гэмтэл нь хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй ба уг гэмтэл нь жолоочид тухайн зам орчны гэрэлтүүлгийн байдлаас хамаарч үзэгдэх орчин хязгаарлагдах байдлаар нөлөөлнө.

4. Тоормосны систем шингэн дамжуулгатай, ABS тоормосны системтэй байна. Тоормосны систем хэвийн ажиллагаатай, тоног төхөөрөмжөөр хэмжилт хийхэд урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ стандартын шаардлага хангаж байна.

5. Тоормосны систем нь шингэн дамжуулгатай, ABS тоормосны системүүдийн үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэх үед тухайн замын гадаргуугийн байдал, автомашины хурд зэргээс хамаарч тоормосны мөр үүсэх боломжтой.

6. Уг тээврийн хэрэгслийн спидометр хэвийн ажиллаж байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, техникийн дүгнэлтийн хуудас /хэргийн 71-77х/,

 

12. Тээврийн Цагдаагийн албаны мөрдөгчийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 295 тоот:

1. Toyota Voxy маркийн ххххулсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Т овогтой Т- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ:

а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.

12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.

12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Т.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна.

7. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.” гэсэн магадлагаа баримт /хэргийн 123-124х/,

 

13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Т.Т-ын яллагдагчаар өгсөн:

“...Би 2019 оны 7 сарын 02-ны орой 23 цаг 20 минутын үед ах Ц-ийн машиныг жолоодоод харих гээд Морингоос нисэх рүү явж байсан. Тэгтэл өөдөөс том оврын 2 автомашин ирж явсан ба тэр хоёр машины гэрэл их тод байсан. Тухайн үед эсрэг урсгал харагдахгүй, мөн өөдөөс ирж явсан хоёр тээврийн хэрэгсэл миний хажуугаар зөрж өнгөрөхөд ертөнцийн зүгээр замын хойд талаас буюу миний зүүн гар талаас нэг хүн хоёр гараа өргөсөн байдалтай гэнэт гарч ирээд машины урдуур ороод ирсэн.

Тухайн үед зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж амжаагүй, явган зорчигч харагдаад шууд мөргөсөн. Тэгээд би машинаа зогсоогоод машинаасаа бууж, нөгөө хүн дээр очиход хөдлөхгүй газарт хэвтэж байсан. Ам, шанаанаас нь цус гарч байсан. Тэгээд би шууд 103 болон 102-т дуудлага өгөөд, машинаа ослын газраас хөдөлгөхгүйгээр ослын гурвалжин машины ар талд байрлуулж, тухайн хүнийг цагдаа, эмнэлгийн хүмүүс ирэхээс өмнө зам дээр хамгаалж зогссон. Тэгэхэд удалгүй дүүргээс замын цагдаа ирсэн, араас нь эмнэлгийн машинтай эмч ирээд нөгөө хүнийг үзээд “муу байна, яаралтай машин руу оруулж, үзлэг хийе” гэсэн. ...Удалгүй эмнэлгийн машин хөдлөөд явсан, араас нь замын цагдаагаас бүрэлдэхүүн ирж ослын газарт үзлэг хэмжилт хийсэн.

Тухайн үед зам ямар ч гэрэлтүүлэггүй, хуурай, маш харанхуй, үзэгдэлт муу байсан. Би 2004 онд жолооч болсон. Бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна. Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан.

Миний жолоодож явсан автомашин бол ах Ц-ийн эзэмшлийн автомашин байгаа. Машин дотор нийт 6 хүн явж байсан юм. Би ойролцоогоор 45 орчим км/цагийн хурдтай явж байсан байх, явган зорчигчийг зорчих хэсэг дээр явж байхыг хараагүй, тулж ирэхэд нь харсан. Явган зорчигч зам хөндлөн гарахдаа явган хүний гарц, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 87-88х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Я.С /хэргийн 45х/, гэрч Т.Т /хэргийн 48х/ нарын мэдүүлэг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 116х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 117х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 120х/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эх сурвалж нь тодорхой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, шүүх эмнэлгийн болон мөрдөгчийн магадлагаа, техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжилтэн, шинжээчид гаргасан байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

Түүнчлэн тухайн хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд бүрэн хийгдэж хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Т-ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.  

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Т.Т нь 2019 оны 7 сарын 02-ны шөнө 23 цаг 20 минутын үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Морингийн замд “Toyota Voxy” маркийн ххххулсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний тухай дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ:

а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ... харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, ... үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”,

мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”,

12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч Т.Эг мөргөж, эрүүл мэндэд нь “...цээжний зөөлөн эдийн няцрал, баруун талд 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирга суганы дунд шугамаар, зүүн талд 9-р хавирга суганы дунд шугамаар хугарал, баруун плеврийн хөндий дэх хий хуралдалт /600 мл/, зүүн шуу ясны ил хугарал, нүүрэнд шарх” гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Зам тээврийн осол гаргах үед шүүгдэгчийн жолоодон явсан “Toyota Voxy” маркийн ххххулсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “...зүүн их гэрлийн тусгалын эрчим ойр, хол баруун ойрын тусгал дээр тохиргоо алдагдсан стандартын шаардлага хангахгүй, ..зүүн их гэрлийн ойр болон холын гэрлийн чадал стандартын шаардлагын хангахгүй, баруун гэрлийн ойрын тусгал тохиргоо алдагдсан...” зэргээр стандартын шаардлага хангаагүй, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож, улмаар үзэгдэлт хангалтгүй,  харанхуй нөхцөлд /зам орчны гэрэлтүүлэг муу/ жолооч өөрийн үзэгдэх хүрээний дотор тээврийн хэрэгслийг зогсоох боломжит хурдыг сонгон яваагүйгээс зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг харсан даруйдаа тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авалгүй мөргөсөн зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас хохирогчийн эрүүл  мэндэд “...цээжний зөөлөн эдийн няцрал, баруун талд 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирга суганы дунд шугамаар, зүүн талд 9-р хавирга суганы дунд шугамаар хугарал, баруун плеврийн хөндий дэх хий хуралдалт /600 мл/, зүүн шуу ясны ил хугарал, нүүрэнд шарх” гэмтэл бүхий хүнд хохирол учирсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Түүнчлэн тухайн зам тээврийн осол гарахад хохирогч буюу явган зорчигч Т.Э нь “явган зорчигч явган хүний гару буюу гарамаар зам хөндлөн гарах, хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн сайн харагдах, хайс хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн” Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 дугаар зүйлд заасан зохицуулалтыг зөрчсөн зохих буруутай болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Т-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, үндэслэл бүхий байна.

 

Хэргийн шүүгдэгч Т.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.   

 

Иймт шүүгдэгч Т.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

 

Тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Т.Эгийн эрүүл мэндэд учирсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “хүнд гэмтэл” нь гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохиролд тооцогдох бөгөөд ийнхүү эрүүл мэндэд нь хохирол учирснаас хөдөлмөрийн чадвар алдаж дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд нь хохирол учирсантай холбоотой гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах, эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэгт хохирогчоос зарцуулсан зардал төлбөр зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг болох юм.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан байна. 

 

Хохирогчийн хувьд ажилгүй байсан хугацааны цалин, тэтгэмжийн зөрүү, өмгөөллийн үйлчилгээ авсны хөлс болон эмчилгээний зардал зэрэгт тооцон нийт 2.831.414 төгрөгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх гомдлын шаардлага гаргаснаас шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 709.000 төгрөгийг нөхөн төлснөөс үлдсэн өмгөөллийн үйлчилгээний зардалд 1.0 сая төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 1.200.000 төгрөгийг  тус тус нэхэмжилсэн.

 

Шүүх, хохирогч Т.Э-гээс хэрэгт гаргасан хохирол, хор уршгийг нэхэмжлэхтэй холбоотой хэргийн 29-34 дүгээр талд авагдсан баримтуудыг нэг бүрчлэн судлан дүгнэхэд эмчилгээ, эм тарианы болон асаргаа сувилгааны зардалд нийт гарсан баримттай зардлын дүн 611.564 төгрөг болж байх ба бөгөөд шүүгдэгч Т.Т-аас хохирогчид эмчилгээний зардал төлбөрт нийт 709.000 /долоон зуун есөн мянга/ төгрөг нөхөн төлсөн тул эмчилгээ үйлчилгээний баримттай гарсан хохирол төлбөр нөхөн төлөгдсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Харин хохирогчоос өмгөөллийн үйлчилгээний зардалд нэхэмижлсэн 1.0 сая  төгрөгийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн. Учир нь: Хохирогч Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч, хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө /өөрөөр хэлбэл өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын хооронд Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан/ төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг  болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орж тооцогдохгүй юм. 

 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж заасан ба өмгөөлөгч авах эсэх нь хохирогчийн эрхийн асуудал бөгөөд энэ хэргийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй нөхцөл шаардлагад хамаарахгүй тул өмгөөллийн зардал нэхэмжилсэн шаардлагыг шүүх хангах эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно. 

Хохирогч зам тээврийн осол хэргийн улмаас биедээ гэмтэл авч эмчилгээ, үйлчилгээ хийлгэсэн талаар хэрэгт эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээс ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн шаардлагын тухайд осол бэртлийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хугацаанд буюу хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацаанд ажил олгогч болон тэтгэмжийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны тэтгэмжийг тооцон авсан эсэх талаархи хэрэгт магадлагаа баримт гаргаж өгөөгүй тул /хэргийн 150х/ ажил олгогчийн цалингийн тодорхойлолт баримтыг үндэслэн шүүх дутуу авсан цалин, тэтгэмжийн зөрүү, ажилгүй байсан гэх хугацааны цалин хөдөлмөрийн хөлсийг тооцон гаргах боломжгүй юм.

 

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан түүний сүүлийн бүтэн ажилласан гурван сарын хөдөлмөрийн хөлснөөс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан хувь хэмжээгээр бодож, ажлын өдрөөр тооцон олгох бөгөөд хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааг мэргэжлийн эмнэлгийн байгууллагын эмчилгээний чанарын хяналтын комисс, уг комисс байхгүй бол ерөнхий эмч, эрхлэгч, их эмч тогтооно гэж хуульчилсан байна.   

Иймд хохирогч Т.Эгийн ажилгүй байсан хугацааны цалин тэтгэмж нэхэмжилсэн шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого зэрэг шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Т.Т нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 116-р талд авагдсан урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа Эрүүгийн хуулийн “хөнгөн” ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Шүүх, шүүгдэгч Т.Тад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийг хэрэгт авагдсан баримтын үндсэн дээр нөхөн төлсөн байдлыг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх, мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт баримт бүхий хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг харгалзан, шүүгдэгч Т.Тад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 08 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу Т.Т-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй. 

 

Хэрэгт хураагдсан Т.Т-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хххх дугаартай үнэмлэх баримтыг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулах зорилгод нийцүүлэн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэв.   

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт шийдвэрлэх  эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьда нь зүйтэй.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон    

 

                                                        ТОГТООХ нь:

 

1. О овогт Т-ийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан” гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоосугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Т.Т-ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 08 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Т-ад оногдуулсан 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Тад мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай. 

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд Т.Т нь хохирогч Т.Эд 709.000 /долоон зуун есөн мянга/ төгрөг нөхөн төлснийг тэмдэглэж, түүний нэхэмжлэлээс өмгөөллийн үйлчилгээний зардалд нэхэмжилсэн 1.000.000 /нэг сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Э нь цаашид гарах эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого зэрэг шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдаж ирсэн Т.Т-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хххх дугаартай жолооны үнэмлэх баримтыг түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх бичиг баримтын хамт Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Арайд үүрэг болгосугай.

 

8. Энэ хэргийн улмаас Т.Т нь цагдан хоригдоогүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Т.Т-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, иргэний хариуцагч нь шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт тус тус давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай.

 

11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Т-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.БАЗАРХАНД