Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 32

 

 

 

 

 

 

  2020             1              7                                          2020/ДШМ/32

 

           Т.Төрбатад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Агар,

хохирогч Т.Энхтүвшин,

шүүгдэгч Т.Төрбатын өмгөөлөгч Х.Гантулга,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

                                                                                                    

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 644 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Төрбат, түүний өмгөөлөгч Х.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Төрбатад холбогдох 19030 0781 0364 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Онход овгийн Толягийн Төрбат, 1981 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 11 дүгээр байрны 16 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 35 дугаар байрны 43 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ШЕ81120713/,

 

Т.Төрбат нь 2019 оны 7 дугаар сарын 2-ны шөнө 23 цаг 20 минутын үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Морингийн замд “Toyota Voxy” маркийн 98-09 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэж,

“Тээврийн хэрэгслийн ... харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, ... үед жолооч талын шил алчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэж,

мөн дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж,

12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөнөөс явган зорчигч Т.Энхтүвшинг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Т.Төрбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Онход овгийн Толягийн Төрбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан” гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Т.Төрбатад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Төрбатад оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Төрбатад мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд Т.Төрбат нь хохирогч Т.Энхтүвшинд 709.000 /долоон зуун есөн мянга/ төгрөг нөхөн төлснийг тэмдэглэж, түүний нэхэмжлэлээс өмгөөллийн үйлчилгээний зардалд нэхэмжилсэн 1.000.000 /нэг сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Энхтүвшин нь цаашид гарах эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого зэрэг шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдаж ирсэн Т.Төрбатын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 355717 дугаартай жолооны үнэмлэх баримтыг түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх бичиг баримтын хамт Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг дурдаж, энэ хэргийн улмаас Т.Төрбат нь цагдан хоригдоогүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Т.Төрбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Төрбат гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2019 оны 7 дугаар сарын 2-ны шөнө 23 цаг 10 минутын үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн замд 9809 УБХ улсын дугаартай Toyota Voxy загварын автомашинтай харанхуй гэрэлтүүлэггүй замд явж байхад урдаас том оврын 2 автомашин ирж байсан тул би өөрийн унаж явсан автомашиныхаа их гэрлийг шилжүүлэн ойрын гэрэл дээрээ тавин зөрөх үед зорчих хэсэг дээр гэнэт хүн гарч ирж мөргүүлэн зам тээврийн осол болсон.

Миний бие тухайн ослоос болж иргэн Т.Энхтүвшинг мөргөж, хүнд гэмтэл учруулсандаа маш их харамсаж, гэмшиж байгаа. Би тухайн хэргийн хохирол гомдлыг бүрэн барагдуулж байгаа. Миний бие эхнэр болон 2 настай, 7 настай охидууд болон 5 настай хүүгийн хамт ам бүл тавуулаа амьдардаг. Эхнэр Я.Сүхгэрэл ажил хийдэг бөгөөд би тогтмол хүүхдүүдээ асарч, сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгч, авдаг.

Иймд дээрх байдлыг минь харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Т.Төрбатын өмгөөлөгч Х.Гантулга гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт гаргаж өгөх саналтай байна. Миний үйлчлүүлэгч Т.Төрбат нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Гурван хүүхдийнх нь төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний лавлагаа, эхнэр нь “Говь” хувьцаат компанид тогоочоор ажилладаг, ажлын газрын тодорхойлолт, хүүхдүүдийнх нь сургууль, цэцэрлэгт хүмүүжиж байгаа баримт, мөн анхан шатны шүүх хуралдааны дараа хохирогчид өвчтэй байсан хугацааны цалин олговорт тооцож 500.000 төгрөгийг ар гэрт нь өгсөн баримтыг гаргаж өгч байна. Т.Төрбат гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргадаггүй. Миний үйлчлүүлэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн ангиллын болгоомжгүй хэлбэрийн гэмт хэрэг анх удаа үйлдсэн. Сайн дураараа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хохирогчид учирсан шууд хохирол болох эмчилгээний зардал, эм тариа, бусад зардлыг анхан шатны шүүх хуралдаанаас өмнө төлсөн. Анхан шатны шүүх хуралдааны дараа 500.000 төгрөгийг ар гэр нь боломжоороо өгсөн. Цаашид гарах сувиллын төлбөрийг төлнө гэдгээ илэрхийлсэн. 7 дугаар сарын 2-ны өдрийн орой том оврын ачааны машинтай зөрснөөс гэрлийн гялбаанд орж, гэрлээ ойр дээр нь тавьж, хурдаа сааруулсан боловч явган зорчигч зам дээр гарч ирсэн. Явган зорчигчийн хувьд, явган хүний гармаар гараагүй, хохирогчоос авсан цуснаас 2,1 промиль согтолтын зэрэг илэрсэн байдаг. Т.Төрбатын хувьд согтууруулах ундаа хэрэглээгүй. Осол болсны дараа шүүгдэгч Т.Төрбат нь өөрийн 99980899 дугаартай гар утсаар 23 цаг 14 минутад цагдаа болон эмнэлэгт дуудлага өгч, тухайн осол болсон газрыг биечлэн хамгаалж, цагдаагийн бүрэлдэхүүн иртэл зогсож байгаад хохирогчийг түргэн тусламжийн машинд суулган явуулсан байдал тогтоогддог. Тэгэхээр миний үйлчлүүлэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, хохирогчийн эмчилгээний зардалд тус дэм болох юм сан гэсэн байдлаар хандаж ирсэн. Урьд нь  ямар нэгэн зөрчил, гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Эхнэр, 2, 4, 7 насны 3 хүүхдийн хамт амьдардаг. А.Төрбат нь, эхнэр нь ажилтай учир, хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгч, авдаг. Хүүхдүүдийнхээ хичээл номыг нь давтуулдаг, асран хамгаалдаг. Эдгээр хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг хэрэглэж өгнө үү” гэв.

Хохирогч Т.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Одоо биеийн байдал гайгүй, хөл өвдөж байгаа тул сувилалд явна. Т.Төрбатын бага насны 3 хүүхдийг бодож байна, ял шийтгэлийг хөнгөрүүлэхэд татгалзахгүй” гэв.

Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 644 дугаартай шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй. Харин тухайн осол гарах үед хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн буюу явган хүний гарц гарамгүй газраар зам хөндлөн гарч яваад тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн байдаг.  Давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд ял шийтгэлийг хөнгөрүүлэхэд татгалзахгүй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Т.Төрбатад холбогдох хэрэгт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Т.Төрбат нь 2019 оны 7 дугаар сарын 2-ны шөнө 23 цаг 20 минутын үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Морингийн замд “Toyota Voxy” маркийн 98-09 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэж,

“Тээврийн хэрэгслийн ... харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, ... үед жолооч талын шил алчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэж,

мөн дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж,

12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөнөөс явган зорчигч Т.Энхтүвшинг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Т.Энхтүвшингийн “Би 2019 оны 7 дугаар сарын 2-ны орой Нисэх орж найзтайгаа уулзаад мөнгө асуучихаад гэр лүүгээ харих гээд Нисэхийн зам дагуу байдаг дэлгүүрээс 100 грамм Хараа гэдэг нэртэй архи аваад, уугаад замын урд талаас хойшоо зам хөндлөн гарч байсан. Тэгээд нэг мэдсэн чинь 2 хоногийн дараа Гэмтлийн эмнэлэгт сэрсэн, хажууд манай эхнэр байсан. Би эхнэрээс юу болсон талаар асуутал чи машинд мөргүүлж зам тээврийн осолд орсон гэж хэлсэн. ...” /хх 22-24/,

иргэний хариуцагч М.Цэрэндоржийн “Би 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдөр дүү Т.Төрбатын гэрийнхэнтэй хамт салхинд гараад, архи уугаад муудчихсан байсан. Дүү Төрбатыг эрүүл байгаа юм чинь машин жолоодоод явчих гээд машинаа бариулаад гэр лүүгээ явсан. Би машинд унтаад явж байсан. Тэгтэл Төрбат намайг сэрээгээд сая явж байгаад хүн мөргөчихлөө гэж хэлсэн.” /хх 37-38/,

гэрч Я.Сүхгэрэлийн “...тухайн үед өөдөөс хоёр том машин ирж байсан. Тэр хоёр машины гэрэл нүд рүү их гялбаж байсан бөгөөд хоёр машин хажуугаар зөрөөд өнгөртөл машины урд нэг хүн гэнэт гараад ирсэн. Тэгээд нөгөө хүнийг мөргөөд газарт унагасан. Манай нөхөр машинаа зогсоогоод, бид нар машинаасаа буугаад нөгөө хүнийг хажуунаас нь харсан. Тэгтэл цаашаа хараад хэвтчихсэн байсан.” /хх 41-43/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Шинжилгээнд ирүүлсэн “Энхтүвшин” гэсэн хаягтай цуснаас 2.1 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2.1 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээнд цусны хэмжээ хүрэлцээгүй тул шинжилгээ хийх боломжгүй.” гэсэн 3934 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 60/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Т.Энхтүвшингийн биед цээжний зөөлөн эдийн няцрал, баруун талд 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирга суганы дунд шугамаар, зүүн талд 9-р хавирга суганы дунд шугамаарх хугарал, баруун плеврийн хөндий дэх хий хуралдалт /600 мл/, зүүн шуу ясны ил хугарал, нүүрэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн 8838 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 55/, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянзүрх  техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /71-76/, мөрдөгчийн магадлагаа /хх 123-124/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Төрбатыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх, Т.Төрбатын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, түүний гэм бурууд тохирсон байна.

Харин давж заалдах шатны шүүх хуралдаанд, шүүгдэгч Т.Төрбатын өмгөөлөгч Х.Гантулгын гаргаж өгсөн баримтуудаар шүүгдэгч Т.Төрбатын эхнэр Я.Сүхгэрэл нь “Говь” ХК-д ажилладаг бөгөөд Т.Төрбат нь 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдөр төрсөн 7 настай С.Мөнхгэрэл, 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр төрсөн 4 настай Т.Хангай,  2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн 2 настай Т.Хулан нарыг асран хамгаалдаг, мөн 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр хохирогч Т.Энхтүвшинд эмчилгээний зардалд 500.000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэжээ.

Шүүгдэгч Т.Төрбат болон түүний өмгөөлөгч Х.Гантулга нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь:

Шүүгдэгч Т.Төрбат нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч Т.Энхтүвшингийн тус шүүх хуралдаанд гаргасан “...нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, бага насны хүүхдүүдтэй байдлыг харгалзан ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн хүсэлт болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлуудыг тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах боломжтой гэж үзэв.

Энэ нь шүүгдэгч Т.Төрбатыг нийгэмшүүлэх, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгахад ач холбогдолтой гэж үзнэ.

Шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ, хохирогч Т.Энхтүвшинг цаашид гарах эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого зэргийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг заахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн нь буруу байх тул зохих өөрчлөлтийг оруулах нь  зүйтэй.  

Иймд магадлалд дурдсан дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд нэмэлт заалт болон  зохих өөрчлөлтүүдийг тус тус оруулах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 644 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

 

 “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Т.Төрбатын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсугай” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Төрбатын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн үеэс хугацааг тоолсугай” гэсэн тус тус нэмэлт заалтууд оруулсугай. 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3  дахь хэсэгт зааснаар ...” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ...” гэж өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч Т.Төрбат нь 67 /жаран долоо/ хоног цагдан хоригдсон, хохирогч Т.Энхтүвшинд эмчилгээний төлбөрт 500000 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдсугай.

5. Т.Төрбатыг нэн даруй суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

 

                                 ШҮҮГЧ                                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                                 ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ