Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 608

 

 

 

        “М-15” СӨХ-ны нэхэмжлэлтэй

              захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т-О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, өмгөөлөгч Ч.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 557 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “М-15” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 557 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М-15” СӨХ-ны Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 30 дугаартай шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/50 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1 дүгээр хурлын тэмдэглэл бүхий шийдвэрийг үндэслэл болгон Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжаар иргэн Б.Б-д эзэмшүүлсэн 456 м.кв талбайгаас 200 м.кв талбай нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтын дагуу нийтийн эрх ашгийг зөрчиж байгаа болохыг тогтоолгож, иргэн Б.Б-ы 456 м.кв талбай бүхий газар эзэмшлээс 200 м.кв талбай эзэмшлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож ” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо: “1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 557 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт нэхэмжлэгч “М-15” СӨХ нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй субъект гэж үзэхдээ Сууц өмчлөгчийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтыг үндэслэл болгосон.

Сууц өмчлөгчийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид “холбоо” гэх/-ны эрх зүйн байдал нь Иргэний хуулийн 143 дугаар зүйл болон энэ хуулиар тодорхойлогдоно”, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д ““орчны газар” гэж тухайн орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газрыг” хэлнэ хэмээн заасан.

2014 оны хүртэл Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 50 мад зэрэгцэн байрлах 40 мянгатын 12, 13, 50 мын 15, 17 дугаар байруудын дунд 50 м сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулж байгаад 2014 оноос байр тус бүрт СӨХ ажиллаж эхэлсэн бөгөөд 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 83 дугаар захирамжаар 50 м СӨХ-д 8637 м.кв талбайг орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, автомашины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газарт зориулж 5 жилийн хугацаагаар олгосон.

Тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “М-15” СӨХ нь 50 м СӨХ-д байсан 50 мын 15, 17, 40 мянгатын 12, 13 дугаар байрны нийт оршин суугчид болон дүүргийн иргэдийн Хурлын Төлөөлөгч Ж.Ч, хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга С.Б, хорооны Засаг дарга С.Т нарыг урьж оролцуулан нийтийн хурлыг 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зарлан зохион байгуулж хуралдуулан иргэн Б.Б-ы хууль бус эзэмшлээс нийтийн эзэмшлийн талбайд байрлах хүүхдийн тоглоомын талбайг чөлөөлүүлэх асуудлаар захиргааны байгууллага болон захиргааны хэрэг маргаанд 40, 50 мын нийт оршин суугчдыг төлөөлөх эрхийг олгосон нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд нийцэж байгаа гэж үзэж байна.

Зарчмын хувьд 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 83 дугаар захирамжаар 50 м СӨХ-д олгосон 8637 м.кв талбайг хэн нэгэн этгээд хууль бусаар булаасан байхад 4 байр тус бүрт байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа СӨХ-ны залгамж чанарыг үгүйсгэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх шаардах эрхийг хязгаарлах үндэслэлгүй. Ийм хуулийн зохицуулалт байхгүй.

2. 557 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт “иргэн Б.Б-д эзэмшүүлсэн 456 м.кв талбай бүхий захиргааны акт нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байна” хэмээн дүгнэсэн.

Б.Б-ы газар эзэмших болсон үйл явцыг тодруулбал, 2005 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “М” ХХК болон ОСНААГ болон ДҮА төслийг хэрэгжүүлэгч нэгж нарын хооронд барилгын ажил гүйцэтгэх ба өмчлөх гэрээ байгуулагдсан байна.

Энэхүү гэрээгээр “М” ХХК нь өөрийн хөрөнгөөр захиалагчийн буюу ОСНААГ-ийн газар дээр 2-3 давхар барилгыг архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу подвалын хамт “УБЦТС” ХК-иас өгөгдсөн техникийн нөхцөлийн дагуу цахилгаан хангамжийн тоноглолын хамт барьж бэлэн болгох ОСНААГ болон ДҮА төслийг хэрэгжүүлэгч нэгж нь инженерийн шугам, сүлжээ, тоног төхөөрөмжийн угсралт, төвлөрсөн шугамд холбох ажлыг өөрийн хөрөнгөөр тус тус бие даан хийж гүйцэтгэх, барилга байгууламж баригдсаны дараа подвалын давхар болон инженерийн шугам, сүлжээ, ОСНААГ болон ДҮА төслийн хэрэгжүүлэгч нэгжийн өмчлөлд газар дээрх барилга байгууламж нь “М” ХХК-ийн өмчлөлд шилжинэ хэмээн заасан байна.

Гэрээний дагуу “М” ХХК нь цахилгаан хангамжийн дэд станц бүхий өөрийн өмчлөлийн “ОК ТӨВ” хэмээх үл хөдлөх хөрөнгийг Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 50 мын 15, 17 дугаар байр, 40 мянгатын 12, 13 дугаар байруудын дунд сүндэрлүүлсэн.

Ингээд “М” ХХК-ийн захирал Б.Б нь “ОК ТӨВ” ийн 64 м.кв газар эзэмшлийн асуудлаа шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасны дагуу Улаанбаатар хотын захирагчийн харьяа Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын хөрөнгийн эрхийн бүртгэлийн албанд 2006 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 99 дүгээр албан бичиг хүргэгдсэн байна.

Энэхүү “Гэрчилгээ авах тухай” албан бичигт “... Ус дулааны төвийн барилгын гүйцэтгэгч нь “М” ХХК бөгөөд техникийн давхаргын 54 м.кв манай байгууллага эзэмшиж байгаа тул үлдсэн хэсгийг “М” ХХК өмчлөхөд татгалзах зүйлгүй” гэсэн байдаг.

“М” ХХК-ийн захирал Б.Б 2011 онд өөрийн эзэмшлийн газраа 392 м.кв талбайгаар нэмэгдүүлж, олон нийтийн эзэмшлийн талбайтай давхцуулж хууль бусаар эзэмшигч болсон байдаг.

Тодруулбал, 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Газрын албаны дарга Ц.С-д газар эзэмшлээ 456,5 м.кв болгож нэмэгдүүлэх хүсэлт гаргасан байх бөгөөд тус хүсэлтэд 2006 онд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт дулаан дамжуулах төвийг өөрийн хөрөнгөөр барьж өгсөн, тухайн үед Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн албаны дарга Г.М-аар уг барилын гадаад талбайн тохижилтыг батлуулж, түүний дагуу нийт 456,5 м.кв талбайд тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн хэмээн эзэмшил газраа нэмэгдүүлсэн.

2009 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 83 дугаар захирамжаар “50 м” СӨХ-д 8637 м.кв талбайг орчны эдэлбэр газрын зориулалтаар буюу нийтийн эзэмшлийн зориулалтаар ашиглах зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгосон.

Гэтэл 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжаар 2007 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Б.Б-д эзэмшүүлсэн 64 м.кв талбайг түүний гаргасан хүсэлт болон ОСНААУГ-ийн 2011 оны 403 дугаар бичиг болон өөрийн гаргасан хүсэлтийн дагуу 392 м.кв талбайг нийтийн эзэмшлийн талбайтай давхцуулан эзэмшүүлсэн байна.

Гэхдээ хүүхдийн тоглоомын талбай буюу нийтийн эзэмшлийн газраас 152,42 м.кв талбайг давхардуулж эзэмшүүлсэн байдаг.

“М-15” СӨХ нь Б.Б-ы нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг маргаанд гуравдагч этгээдээр оролцож шүүх хурал 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр явагдаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 30 дугаартай шийдвэр гарч Нийслэлийн Засаг даргад газрын маргаан бүхий асуудлыг 6 сарын дотор хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгасан.

Тус шүүхийн шийдвэрийн дагуу “50 м” СӨХ-д байсан 50 мын 15, 17 дугаар, 40 мянгатын 12, 13 дугаар байрны нийт оршин суугчид болон дүүргийн иргэдийн Хурлын төлөөлөгч Ж.Ч, хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга С.Б, хорооны Засаг дарга С.Т нарыг урьж оролцуулсан, нийтийн хурлыг зохион байгуулж дээрх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг танилцуулсан бөгөөд тус хурлаас Нийслэлийн Засаг дарга С.А 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаар албан хүсэлтийг хүргүүлсэн.

Гэвч Нийслэлийн Засаг дарга саяхан ажлаа хүлээн авсан, ажлаа хүлээн авч байгаа гэх шалтгаанаар иргэдийн гаргасан уулзах хүсэлтийг хүлээн авалгүй энэхүү асуудлыг Газар зохион байгуулалтын алба руу шилжүүлсэн.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албаны дарга мөн л шинээр томилогдоод ажил хүлээн авч байгаа, газар эзэмшиж ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр хүлээгдэж байгаа, мэргэжилтэн нь өвчтэй байгаа, амралтаа авсан, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр захирамжийн төсөл Тамгын газар руу явчихсан байгаа, 08 дугаар сард захирамжийн төсөл ерөөсөө яваагүй гэх мэтээр асуудлыг хойшлуулсаар 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр газар зохион байгуулалтын албаны орлогч дарга М.Ш-аар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, ажиллах талаар бидэнд мэдэгдсэн.

Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга М.Ш нь манай иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийхдээ энэхүү газарт барилга барихгүй, зарж борлуулахгүй, түрээслэхгүй гэсэн албан бичиг авч ирж өг, тэгж байж асуудал цаашаа явна гэж иргэдийн Төлөөллийг үл ойшоож цаг хугацааг хойшлуулсаар 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байр зүйн хэмжилт хийгээд шүүхийн шийдвэрийн 6 сарын хугацаа дуусахтай зэрэгцүүлэн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 02-06/4329 дүгээр албан бичгээр хариу өгсөн.    

Уг албан бичигт “...тус ажлын хэсгээс маргаан бүхий газар дээр байр зүйн хэмжилт хийлгэсэн боловч “М-15” СӨХ болон иргэн Б.Б нар зөвшилцөлд хүрээгүй. Иймд тус шүүхийн шийдвэрийн дагуу ямар нэгэн эрх зүйн акт гарах боломжгүй байна” гэсэн нь шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч байгууллага шинэ акт гаргаагүйн улмаас Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1004 дүгээр захирамж, А/1002 дугаар захирамжийн “М-15” СӨХ-д холбогдох хэсэг тус тус хүчингүй болж, эрх зүйн сөрөг үр дагавар үүссэн байхад анхан шатны шүүх ямар шалтгаанаар бяцхан хүүхдүүдийн тоглоомын талбайг Б.Б-д булаан эзэмших боломжийг олгосон захиргааны байгууллагын эс үйлдэхүйн улмаас тус байрны оршин суугч, иргэдийн хүүхдүүдийн эрх ашиг хохироод байхад хохироогүй, хөндөөгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй хэмээн дүгнэлт хийж байгаа нь шударга бус байна.

 Тухайлбал, Б.Б тус газар эзэмших эрхийг анхнаасаа л хууль бусаар олж авсан нь илэрхий байхад захиргааны байгууллага, шүүх хууль бус үйлдлийг өөгшүүлж, Б.Б нь газар эзэмших гэрчилгээтэй, түүний сунгуулсан хэмээн хэзээ ч үл хөндөж болох захиргааны актыг эзэмших эрхтэй хэмээн хаацайлаад байгаад гомдолтой байна.

3. 30 дугаартай шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Харин нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлж захиргааны акт гаргаагүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйтэй холбогдуулан маргах эрх нь нээлттэй болох нь дурдсугай” гэж заасан.

Гэтэл нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтны хариуцагч гэнэ” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлж захиргааны акт гаргаагүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйтэй холбогдуулан удаа дараа анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлээгүй.

2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 02-06/4329 дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 30 дугаартай шийдвэрийн биелэлтийг хангуулах” нэхэмжлэл гаргасан.

Гэвч 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 8510 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Мөн үндэслэх хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтад заасны дагуу захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 02-06/4329 дүгээр албан бичиг нь эрх зүйн үр дагавар үүсгээгүй байхын зэрэгцээ, захирамжилсан шинжийг агуулаагүй, харин дээрх албан бичиг нь хариу хүргүүлсэн, зохион байгуулалтын шинжтэй баримт бичиг байна гэж үзсэн.

2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 803 дугаар тогтоолоор 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 8510 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:

Захиргааны байгууллага шүүхийн шийдвэрт заасан хэргийн нөхцөл байдлыг тодруулж, бусдад эерэг үйлчлэлтэй актыг хууль ёсоор гаргасан бол хэвээр үлдээх, хууль бус гэж үзвэл хүчингүй болгох шинэ акт заавал гаргах шаардлагатай.

Нэхэмжлэгч нь дээрх актыг гаргахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгосноор эрх нь бүрэн сэргэх эсэх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д заасан аль шийдвэрийг гаргуулах нь тодорхойгүй байх тул мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл агуулгыг тодруулж, бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, захиргааны хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэх шаардлагатай.

Нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 30 дугаар шийдвэрийн биелэлтийг хангуулах шаардлага нь дээрх шаардлагатай холбоотой бөгөөд тусдаа бие даасан шаардлага байх боломжгүй гэж үзсэн болно.

2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжаар иргэн Б.Б-д 456 м.кв газрыг хууль бусаар эзэмшүүлсэн болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 582 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 84 дүгээр захирамжаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 02-06/4329 дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоолгосноор “М-15” СӨХ-ны эрх нь хэрхэн сэргэх эсэх, үүнээс гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д заасан аль шийдвэрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг тодруулах шаардлагатай гэх үндэслэлээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох шийдвэрийг гаргасан.

Иймд 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаартай захирамжаар иргэн Б.Б-д 456 м.кв газрыг хууль бусаар эзэмшүүлсэн болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаартай захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай гаргасан.

2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 743 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэхээр шийдвэрлэсэн бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр болсон шүүх хурлын үеэр хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн дээр дурдсан 30 дугаар шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/50 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1 дүгээр хурлын тэмдэглэл бүхий шийдвэрийг анхлан мэдсэн болно.

Хэлэлцүүлгийн үед даргалагч Ерөнхий шүүгчийн зүгээс нэгэнт гарсан энэхүү ажлын хэсгийн шийдвэрийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх боломжтой эсэхийг биднээс асууж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхөөр хурлыг хойшлуулсан.

Улмаар 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 30 дугаартай шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/50 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1 дүгээр хурлын тэмдэглэл бүхий шийдвэрийг үндэслэл болгон Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаартай захирамжаар иргэн Б.Б-д эзэмшүүлсэн 456 м.кв талбайгаас 200 м.кв талбай нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтын дагуу нийтийн эрх ашгийг зөрчиж байгаа болохыг тогтоолгож, иргэн Б.Б-ы 456 м.кв талбай бүхий газар эзэмшлээс 200 м.кв талбайн эзэмшлийг хүчингүй болгуулах”-аар өөрчилсөн болно. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Маргааны үйл баримтаас үзвэл тус хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан  Б.Б нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан хариуцагчийн “2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1004, мөн өдрийн А/1002 дугаар захирамжийн “М-15” СӨХ-ны Б.Б-ы эзэмшиж байсан 456 м.кв газартай давхцаж буй 153 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 30 дугаар шийдвэрээр хариуцагч хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актуудын холбогдох хэсгийг 6 сарын хугацаанд  түдгэлзүүлжээ. 

Тус шүүхийн шийдвэрийн дагуу байрны оршин суугчид дүүргийн иргэдийн Хурлын төлөөлөгч, хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга, хорооны Засаг дарга  нарыг оролцуулсан нийтийн хурлыг зохион байгуулж дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүсэлтийг Нийслэлийн Засаг дарга С.А-д 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаар албан бичгээр[1] хүргүүлсэн байна.

Улмаар 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга М.Ш-аар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж,  2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байр зүйн хэмжилт хийснээр 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 02-06/4329 дүгээр албан бичгийг[2]  “М-15” СӨХ-д хүргүүлжээ.     

Уг албан бичигт “ ...ажлын хэсгээс маргаан бүхий газар дээр байр зүйн хэмжилт хийлгэсэн боловч “М-15” СӨХ болон иргэн Б.Б нар зөвшилцөлд хүрээгүй болно. Иймд тус шүүхийн шийдвэрийн дагуу ямар нэгэн эрх зүйн акт гарах боломжгүй байна...” гэснээр хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүйн улмаас Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/1004, А/1002 дугаар захирамжийн “М-15” СӨХ-д холбогдох хэсэг тус тус хүчингүй болжээ.

Б.Б-ы нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох хэрэгт “М-15” СӨХ-ны эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байна гэж үзээд гуравдагч этгээдээр татсан хирнээ хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тул маргаан бүхий актуудын холбогдох хэсэг тус тус хүчингүй болсон гэх үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 04-02/6008[3] албан бичгээр “... шүүхээс түдгэлзүүлсэн хугацаа дууссанаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/1004 захирамж, А/1002 дугаар захирамжийн “М-15” СӨХ-д холбогдох хэсэг хүчингүй болсон тул хүсэлтийг хянах боломжгүй...” гэх хариуг өгчээ.

 Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын захиргааны акт гаргаагүй эс үйлдэхүйтэй маргаагүй, ...маргах эрх нь нээлттэй, ... “М-15” СӨХ нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ... газар ашиглах хүсэлтээ гаргаж ... 2017 оны ... А/1002 дугаар захирамжаар ... 2531 м.кв газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн, .. энэ газар Б.Б-д эзэмшүүлсэн газартай давхцалтай тул “М-15” СӨХ-д уг газрыг ашиглуулах хууль зүйн боломжгүй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Учир нь нэхэмжлэгч 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 02-06/4329 дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 30 дугаартай шийдвэрийн биелэлтийг хангуулах” нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 8510 дугаар захирамжаар  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг үндэслэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 803 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэжээ. 

Уг тогтоолд “...Захиргааны байгууллага шүүхийн шийдвэрт заасан хэргийн нөхцөл байдлыг тодруулж, бусдад эерэг үйлчлэлтэй актыг хууль ёсоор гаргасан бол хэвээр үлдээх, хууль бус гэж үзвэл хүчингүй болгох шинэ акт заавал гаргах шаардлагатай, .... нэхэмжлэгч нь дээрх актыг гаргахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгосноор эрх нь бүрэн сэргэх эсэх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д заасан аль шийдвэрийг гаргуулах нь тодорхойгүй байх тул мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл агуулгыг тодруулж, бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, захиргааны хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэх шаардлагатай...” гэж дүгнэсэн.

Ийнхүү тогтоолд заасан ажиллагааг анхан шатны шүүх бүрэн гүйцэд хийлгүйгээр “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 30 дугаартай шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/50 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1 дүгээр хурлын тэмдэглэл бүхий шийдвэрийг үндэслэл болгон Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжаар иргэн Б.Б-д эзэмшүүлсэн 456 м.кв талбайгаас 200 м.кв талбай нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтын дагуу нийтийн эрх ашгийг зөрчиж байгаа болохыг тогтоолгож, иргэн Б.Б-ы 456 м.кв талбай бүхий газар эзэмшлээс 200 м.кв талбай эзэмшлийг хүчингүй болгуулах” гэх шаардлагаар хэргийг хэлэлцэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд анхан шатны шүүхээс гаргах шийдвэрийн төрлийг нэрлэн заасан бөгөөд 106.3.1-д захиргааны актыг хүчингүй болгох, 106.3.4-д захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах гэж ялгавартайгаар хуульчилсан.

Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар нэхэмжлэгч нь тухайн захиргааны байгууллагад уг асуудлаар урьдчилан хандсан, хариуцагчаас захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох боломжтой, харин хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд тухайн захиргааны акт нь хууль бус байхыг шаардана.

Өөрөөр хэлбэл, захиргааны актыг хүчингүй болгох, захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагуудын хувьд тавигдах урьдчилсан нөхцөл, нэхэмжлэлийн үндэслэлт байдалд тавигддаг шаардлага өөр өөр бөгөөд эрх зүйн үр дагавар өөр өөр байдаг.

Нэхэмжлэлийн шаардлагын агуулга болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан гомдол, тайлбар нь хоорондоо зөрүүтэй, тухайлбал, хариуцагчийг эрх хэмжээнийхээ хүрээнд дахин ямар нэгэн шинэ акт гаргахыг даалгах, эсхүл 2011 оны 582 дугаар захирамжаар иргэн Б.Б-д эзэмшүүлсэн 456 м.кв газраас 200 м.кв газрын эзэмшлийг хүчингүй болгуулахаар чухам аль үндэслэлээр маргаж байгаа нь тодорхойгүй байна.

Гэтэл анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах асуудлыг бүрэн тодруулалгүй, маргааны үйл баримтыг хэргийн бодит нөхцөл байдалд холбогдуулан тайлбарлалгүй шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д заасныг зөрчсөн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй  байна.

Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, хэргийг хянах боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг зөв тодорхойлуулсны үндсэн дээр маргааныг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3, 121.3.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр  сарын 03-ны өдрийн 557 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

 

 


[1] 1-р хавтаст хэргийн 32 дахь тал

[2] 1-р хавтаст хэргийн 25 дахь тал

[3] 1-р хавтаст хэргийн 107 дахь тал