Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2021/0369

 

 

 

 

 

 

2021 оны  01 сарын 13 өдөр                 Дугаар                                     Улаанбаатар хот

   2021        05             31                                  128/ШШ2021/0369

                                                                             

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч Д.Халиуна нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М15 СӨХ

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Гуравдагч

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/******* дугаар шийдвэрийн дагуу захиргааны актыг гаргахгүй байгаа Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн ******* тоот албан бичиг, Нийслэлийн засаг даргын Тамгын газрын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ******* албан бичгийг /эс үйлдэхүй/ тус тус захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу хууль бус болохыг тогтоолгох, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч талд эерэг үйлчлэл бүхий Нийслэлийн Засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Бын гаргасан 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1004, А/1002 дугаар захирамж хүчингүй болж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул шаардагдах захиргааны акт гаргахыг даалгахшаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, Т.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, түүний өмгөөлөгч Ч.М, иргэдийн төлөөлөгч Д.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, Т.Т нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...2005 оны 3 дугаар 25-ны өдөр М ХХК нь өөрийн хөрөнгөөр захиалагч, төслийг хэрэгжүүлэгч нарын хооронд барилгын ажил гүйцэтгэх ба өмчлөх гэрээ байгуулагдсан байна. Энэхүү гэрээгээр М ХХК нь өөрийн хөрөнгөөр захиалагчийн газар дээрх 2-3 давхар барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу подволын хамт УБЦТС ХК-иас өгөгдсөн техникийн нөхцөлийн дагуу цахилгаан хангамжийн тоноглолын хамт барьж бэлэн болгох төслийг хэрэгжүүлэгч нэгж нь инженерийн шугам сүлжээ тоног төхөөрөмжийн угсралт төвлөрсөн шугамд холбох ажлыг өөрийн хөрөнгөөр тус тус бие дааж гүйцэтгэх, барилга байгууламж баригдсаны дараа подволын давхар болон инженерийн шугам сүлжээ ОСНААГ болон ДҮА төслийг хэрэгжүүлэгч нэгж нь инженерийн шугам сүлжээ төлөвлөлтийн угсралт төвлөрсөн шугамд холбох ажлыг өөрийн хөрөнгөөр тус тус бие даан хийж гүйцэтгэх, барилга байгууламж баригдсаны дараа подволын давхар болон инженерийн шугам сүлжээ ОСНААГ болон ДҮА төслийг хэрэгжүүлэгч нэгжийн өмчлөлд газар дээрх барилга байгууламж нь М ХХК-ийн өмчлөлд шилжинэ хэмээн заасан байна. Уг гэрээний дагуу М ХХК нь цахилгаан хангамжийн дэд станц бүхий өөрийн өмчлөлийн ОК ТӨВ хэмээх үл хөдлөх хөрөнгийг Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 50 мянгатын 15,17 байр 40 мянгатын 12,13 байруудын дунд сүндэрлүүлсэн.

Ингээд М ХХК-ийн захирал Б.Б нь Ок төв-ийн 64 м.кв газар эзэмшлийн асуудлаа шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасны дагуу Улаанбаатар хотын захирагчийн харьяа орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас Газрын харилцаа зураг зүйн газрын хөрөнгийн эрхийн бүртгэлийн албанд 2006 оны 3 дугаар 30-ны өдөр 99 дүгээр албан бичиг хүргэгдсэн байна. Энэхүү гэрчилгээ авах албан бичигт ...Ус дулааны төвийн барилгын гүйцэтгэгч нь М ХХК бөгөөд техникийн давхрын 54 м.кв  манай байгууллага эзэмшиж байгаа тул үлдсэн хэсгийг М ХХК өмчлөхөд татгалзах зүйлгүй... гэсэн байдаг.

Тодруулбал 2011 оны 6 дугаар 15-ны өдөр Нийслэлийн Газрын албаны даргад газар эзэмшлээ 456.5 м.кв болгож нэмэгдүүлэх хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтэд 2006 онд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт дулаан дамжуулах төвийг өөрийн хөрөнгөөр барьж өгсөн тухайн үед Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Г.Маар уг барилгын гадаад талбайн тохижилтыг батлуулж түүний дагуу нийт 456.5 м.кв талбайд тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн хэмээн эзэмшил газраа нэмэгдүүлсэн.

Нийслэлийн Засаг даргын 2009 оны 3 дугаар 01-ний өдрийн 83 дугаар захирамжаар Т м СӨХ-д 8637 м.кв талбайг орчны эдэлбэр газрын буюу нийтийн эзэмшлийн зориулалтаар ашиглах зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгосон. Гэтэл 2011 оны 8 дугаар 02-ны өдрийн 582 дугаар захирамжаар 2007 оны 4 дүгээр 20-ны өдөр иргэн Б.Бд эзэмшүүлсэн 64 м.кв түүний гаргасан хүсэлт, ОСНААУГ-ийн 2011 оны 403 дугаар албан бичиг болон өөрийн гаргасан хүсэлтийн дагуу 392 м.кв талбайг нийтийн эзэмшлийн талбайтай давхцуулан эзэмшүүлсэн байна. Ингэхдээ хүүхдийн тоглоомын талбай буюу нийтийн эзэмшлийн газраас 152.42 м.кв талбайг давхардуулж эзэмшүүлсэн.

Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2/1475 дугаар албан бичгээр И г ХХК-ийн Т м СӨХ-ны нэгж талбарын байршлын зураг дахь солбицол бүхий 2529.54 м.кв талбайтай байршлын хувьд 154.42 м.кв талбайгаар давхцалтай байна.

Засгийн газрын тухай хуулийн 31, 33 дугаар зүйлд дагуу иргэн Б.Б нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 50 мянгатын 15,17 дугаар байрны хойно, 40 мянгатын 12,13 байруудын дунд байрлах нийтийн эзэмшлийн 392 м.кв талбайг эзэмших ямар ч эрх үүсээгүй, тухайн газрыг иргэн Б.Б дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар эзэмшүүлээгүй байна.

Иймд Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо 50 мянгатын 15,17 дугаар байрны хойно, 40 мянгатын 12,13 дугаар байрны урд байрлах нийтийн эзэмшлийн 392 м.кв хүүхдийн тоглоомын талбайг тохижуулах боломжийг оршин суугчдад олгож нийтийн эзэмшлийн талбайг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:

“...Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 128/ШШ2019/******* дугаар шийдвэрээр иргэн Б.Бы нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргад холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн. М15 сууц өмчлөгчдийн холбоо нь уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байсан.

Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Бд нийслэлийн Засаг даргын 2011 оны 582 дугаар захирамжаар газрын талбайг нэмэгдүүлэн олгосон талаар шүүхийн шийдвэрт ... Б.Бы нийслэлийн газрын албанд гаргасан хүсэлт, орон сууц нийтийн удирдах газрын 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 403 дугаар албан бичгийг үндэслэн Нийслэлийн засаг даргын 2011 оны 582 дугаар захирамжаар газрын талбайг нэмэгдүүлж, эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуульд заасан журмын дагуу үйл ажиллагаа гэж үзэх боломжтой гэж дүгнэсэн.

М15 сууц өмчлөгчдийн холбоо нь тус захирамжийг 2017 оны 9 дүгээр сард анх мэдсэн ба захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д энэ хуулийн 14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 128/ШШ2019/******* дугаар шийдвэрээр маргаан бүхий актуудын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ гомдол маргааныг хянан шийдвэрлэх дүгнэлт санал боловсруулах ажлын хэсэг томилогдсон. М15 сууц өмчлөгчдийн холбоо болон иргэн Б.Б нар зөвшилцөлд хүрээгүй тул ажлын хэсгээс эрх зүйн акт гаргах боломжгүй тухай дүгнэлт гарсан. Захиргааны акт шинээр гаргах 6 сарын хугацаа дуусч маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2017 оны А/1002А/1004 дүгээр захирамжууд хүчингүй болж, нийслэлийн Засаг даргын 2011 оны 582 дугаар захирамж хүчин төгөлдөр болсон байна.” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд тус нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах дараах үндэслэлтэй болно.

Нэг. М15 СӨХ нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болох тухайд: М15 СӨХ-оос нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа Т м СӨХ-д орон сууцны орчны газрын зориулалтаар эзэмшүүлсэн 8637 мкв газартай давхцаж буй 152.42 мкв талбайн эзэмшлийг хүчингүй болгуулах гэжээ.

Т м СӨХ нь Чингэлтэй дүүргийн 3-р хороо, 40, 50 мянгатад байрлах 40 мянгатын 12, 13 дугаар байр, 50 мянгатын 15,17 дугаар байруудын дунд 2014 оныг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байсан.

            Тус сууц өмчлөгчдийн холбоонд Нийслэлийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 83 дугаар захирамжаар 8637 мкв газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийг олгосон.

М15 СӨХ нь 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Бүх гишүүдийн хурал хийн байгуулагдаж, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шинээр үүсгэн байгуулагдсан сууц өмчлөгчдийн холбоо бөгөөд Т м СӨХ-ны эрхийг залгамжлан аваагүй болох нь Б.Бы нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой нотлогддог.

Нийслэлийн Газрын албаны 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 02-******* дугаар албан бичгээр Т м СӨХ-ны 8637 мкв газрыг М15 СӨХ болон Дөчин мянгат 13 СӨХ-д хувааж ашиглуулах шийдвэр гараагүй...” гэсэн баримтыг ирүүлсэн. Түүнчлэн Т м СӨХ нь татан буугдсан бөгөөд газар ашиглах эрхийг сунгасан талаар баримт байхгүй тул тус 8637 мкв газар ашиглах эрх одоо аль нэгэн СӨХ, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгогдоогүй билээ.

Иймд нэхэмжлэгч М15 СӨХ нь Т м СӨХ-ны 8637 мкв газартай холбоотойгоор нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд бөгөөд энэ асуудлаар шаардлага эрх М15 СӨХ-д байхгүй юм.

Хоёр: Маргаж буй 152.42 мкв талбайтай холбоотойгоор шүүхээс шийдсэн хүчин төгөлдөр шийдвэрийн тухайд: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1004 дугаартай захирамжаар Б.Бы эзэмшлийн 456 мкв газрын хэмжээг 153 мкв газраар багасган 303 мкв болгож, А/1002 дугаартай захирамжаар Б.Бы эзэмшил газраас хассан 153 мкв газрыг М15 СӨХ-д нэмж эзэмшүүлсэн байдаг. Тус захирамжийг эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаартай шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон болно.

Тус шүүхийн шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1004, А/1002 дугаартай захирамжийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Шийдвэрт хэргийн оролцогчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд түдгэлзүүлсэн 6 сарын хугацаанд ямар нэгэн байдлаар дахин шинэ акт Нийслэлийн Засаг даргаас гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу дээрх маргаан бүхий актууд хүчингүй болж Б.Б нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаартай захирамжийн дагуу 456 мкв газрыг эзэмшиж байгаа болно.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1004 дугаартай захирамжийн үндэслэл нь одоо нэхэмжлэгч нарын маргаж буй үндэслэл буюу нийтийн зориулалттай орон сууцны хорооллын байшингуудын дундах талбайд газар нэмж эзэмшүүлсэн нь оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх буюу нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн байх гэсэн үндэслэл заасан.

Ийнхүү одоо маргаж буй үндэслэл болон дээрх шийдвэрээр шийдвэрлэсэн хэргийн маргасан үндэслэлүүд нь ижил юм. Түүнчлэн маргаж буй 152.42 мкв буюу 153 мкв газар эзэмших эрхтэй холбоотой асуудлыг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт шийдвэрлэгдсэн асуудал юм.

...Иймд М15 СӨХ-ны гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж бодож байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М*******15 СӨХ нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг дарга нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/******* дугаар шийдвэрийн дагуу захиргааны актыг гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах” гэж тодруулсан.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д зааснаар Сууц өмчлөгчдийн холбоо нь нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд нэхэмжлэгч М15 СӨХ нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд байна.

Нийслэлийн Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 326 дугаар[1] захирамжаар гуравдагч этгээд Б.Бд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд 64 м.кв газрыг эзэмшүүлж, 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар[2] захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлж 456 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/463 дугаар[3] захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан.

Мөн нийслэлийн Засаг даргын 2009 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 83 дугаар[4] захирамжаар Т м СӨХ-д Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах 8637 м.кв газрыг орон сууцны орчны газрын зориулалтаар ашиглуулсан байна.

Т м СӨХ-ны ашиглалтын газрыг тухайн сууц өмчлөгчдийн холбооноос орон сууц бүрээр салгаж СӨХ байгуулах зорилгоор Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны 15 дугаар байрны оршин суугчдын 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн бүх гишүүдийн хурлын шийдвэр, өргөдөл зэргийг үндэслэн М15 СӨХ-ийг[5] 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газарт бүртгүүлжээ.

  М15 СӨХ нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн газрын албанд газар ашиглах хүсэлтээ гаргаж, дээрх хүсэлтийн дагуу нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1002 дугаар захирамжаар М*******15 СӨХ-д Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд орон сууцны орчны газрын зориулалтаар 2531 м.кв газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн нь Б.Бы эзэмшил газартай давхцалтай болох нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн ******* дүгээр[6] албан бичгээр ирүүлсэн мэдээллийн сангийн зургаар тогтоогдож байна.

Мөн тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/******* дугаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн А/1002 дугаар захирамжаар М*******15 СӨХ-д ашиглуулахаар олгосон 2531 м.кв газар нь Б.Бд нийслэлийн Засаг даргын 2017 оны А/463 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газартай 153 м.кв газраар давхцаж байгаа нь ...тогтоогдож байгааг дүгнэжээ.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн А/1002 дугаар[7] захирамжаар М*******15 СӨХ-д орон сууцны орчны газрын зориулалтаар 2531 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж, нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн А/1004 дүгээр[8] захирамжаар “…Б.Б нь 2 жил газраа ашиглаагүй, нийтийн орон сууцын талбайтай давхацсан” гэх үндэслэлээр Б.Бы эзэмшиж байгаа 456 м.кв газрын талбайн хэмжээг 303 м.кв болгон өөрчилж эзэмшүүлсэн.

Б.Б нь уг шийдвэрийг эс зөвшөөрч, тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/******* дугаар шүүхийн шийдвэрээр “... хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж, дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/1004 дүгээр захирамж,  А/1002 дугаар захирамжийн М*******15 СӨХ-д холбогдох хэсгийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч байгууллага шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/1004 дүгээр захирамж, А/1002 дугаар захирамжийн М*******15 СӨХ-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох”-оор шийдвэрлэжээ.

Дээрх шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаанд хариуцагч нийслэлийн Засаг даргаас хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин захиргааны акт гаргаагүйгээс нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1004 дүгээр захирамж, А/1002 дугаар захирамжийн М*******15 СӨХ-д холбогдох хэсэг хүчингүй болсноор М15 СӨХ-ийн ашиглалтад байсан газрын хэмжээ 153 м.кв багасч, гуравдагч этгээд Б.Бы эзэмшил газрын хэмжээ нэмэгдэж 456 м.кв болсон байна.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 02-06/1790 дүгээр[9] албан бичгээр М15 СӨХ-д ...2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/******* дугаар шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр хүлээгдэж байгаа талаар мэдэгдсэн боловч тус газрын 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дүгээр[10] албан бичгээр ... ажлын хэсгээс маргаан бүхий газарт байр зүйн хэмжилт хийлгэсэн боловч М15 СӨХ болон иргэн Б.Б нар зөвшилцөлд хүрээгүй. Иймд тус шүүхийн шийдвэрийн дагуу ямар нэгэн эрх зүйн акт гаргах боломжгүй талаар мэдэгджээ.

Түүнчлэн Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/50 дугаар[11] тушаалаар М15 СӨХ-ийн гомдлын дагуу Б.Бы эзэмших буй газрын маргааныг хянан шийдвэрлэх ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тус ажлын хэсгийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн[12] хуралдаанаас маргаан бүхий газарт байр зүйн хэмжилт хийлгэсэн боловч үндсэн барилгын суурь нь 200 м.кв байх тул танай хүсэлтийн дагуу шийдвэрлэх боломжгүй тухай мэдэгдсэн боловч М15 СӨХ, Б.Б нар зөвшилцөлд хүрээгүй тул ямар нэг эрх зүйн акт гаргах боломжгүй гэж үзсэн нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна. 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна гэж тус тус заажээ.

Гэтэл гуравдагч этгээд Б.Бд нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар[13] захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлж 456 м.кв газрыг эзэмшүүлсэн нь Т м СӨХ-ны ашиглаж байсан газартай давхацсан бөгөөд уг газраас 13 дугаар байранд хамаарах хэсгийг ашиглах эрхтэй нэхэмжлэгч М15 СӨХ-ийн ашиглаж байгаа газартай давхцалтай нь тогтоогдсон гэж үзэн уг маргаантай асуудлыг дахин шийдвэрлүүлэхээр Б.Бд газар эзэмшүүлсэн 2011 оны 582 дугаар захирамжийг түдгэлзүүлсэн шүүхийн шийдвэрийн дагуу нийслэлийн Засаг даргаас дахин шинэ акт гаргаагүй нь М15 СӨХ-ийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг даргаас тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/******* дугаар шүүхийн шийдвэрийн дагуу шинээр акт гарган маргааныг эцэслэн шийдвэрлээгүйгээс нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1004 дүгээр захирамж, А/1002 дугаар захирамжийн М15 СӨХ-д холбогдох хэсэг буюу 153 м.кв газар ашиглах эрх хүчингүй болж, М15 СӨХ-ийн ашиглах газар буюу сууц өмчлөгчдийн нийтийн эзэмшлийн талбайн хэмжээ эрх уг хэмжээгээр багасчээ.

Газрын тухай хуулийн  33 дугаар зүйлийн 33.1-д Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараах журмыг баримтлан шийдвэрлэнэ, 33.1.1-д энэ хуулийн 29.1-д заасан ... газрыг эзэмшүүлэх шийдвэрийг ... тухайн шатны Засаг дарга гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч М15 СӨХ болон гуравдагч этгээд Б.Б нарын газрын маргааныг эцэслэн шийдвэрлээгүй нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,  маргаан бүхий газрын асуудлыг шийдвэрлэхийг нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 10.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1-д энэ хуулийн 29.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М*******15 СӨХ-ны Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/******* дугаартай шийдвэрийн дагуу захиргааны акт гаргаагүй нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, маргаан бүхий газрын асуудлыг шийдвэрлэхийг нийслэлийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.АДЪЯАСҮРЭН

                                       ШҮҮГЧ                                     Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                                       ШҮҮГЧ                                     Д.ХАЛИУНА

 

 

 

[1] 2-р хавтасны 145 дахь тал

[2] 1-р хавтасны 26 дахь тал

[3] 2-р хавтасны 93 дахь тал

[4] 1-р хавтасны 30 дахь тал

[5] 1-р хавтасны 31 дэх тал

[6] 2-р хавтасны 72 дахь тал

[7] 2-р хавтасны 150 дахь тал

[8] 2-р хавтасны 153 дахь тал

 

[9] 1-р хавтасны 51 дэх тал

[10] 1-р хавтасны 52 дахь тал

[11] 1-р хавтасны 205 дахь тал

[12] 1-р хавтасны 213 дахь тал

[13] 1-р хавтасны 26 дахь тал