Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 808

 

 

 

 

 

     2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2016/00808

                        Улаанбаатар хот

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сансармаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:Уотерпойнт резиденс 4-р давхар 32 Куанан гудамж, Тай хо дүүрэг, Ханой Вьетнам хаягт оршин суух, /пасспортын дугаар:12DD33611/, Франц улсын иргэн Алексис Луис Роланд /De Mecquenem Alexis Louis Roland Marie/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, ШЦХ 3-17 тоотод оршин суух, /РД:ИЭ83102271/ Боржигон овогтой Баясгалангийн Баянсангийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 46Б байрны 1 тоотод оршин суух, /РД: ЕЭ81102364/ Буурал овогтой Содномдоржийн Мөнхзулд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага:Гэрээний үүрэгт 234,000 ам.доллар буюу 469,827,540 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Орхон, хариуцагч С.Мөнхзул, хариуцагчийн өмгөөлөгч Б.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Тайванжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянсан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 46Б байрны 01 тоот 179 м.квадрат талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн 2206014849 дугаартай гурван өрөө байрыг 322,200 мянган ам.доллараар худалдан борлуулахаар харилцан тохиролцож 2012/09/45Б-1 тоот худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулсан. Миний бие Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 46Б байрны 01 тоот 179 м.квадрат талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн 2206014849 дугаартай гурван өрөө байрны гэрээ байгуулахад хариуцагч талд хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн билээ. Хариуцагч 2012/09/45Б-1 тоот гэрээний дагуу байрыг хүлээн авсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 46Б байрны 01 тоот байранд амьдарч байрыг ашиглаж байгаа бөгөөд 2012/09/45Б-1 тоот гэрээний 2.2.1-д заасан хуваарийн дагуу байрны үлдэгдэл төлбөрийг 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөх үүргийг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл байрны үлдэгдэл төлбөрийг төлөлгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой зөрчиж байна. Нэхэмжлэгч нь байрны үлдэгдэл төлбөрийг төлөхийг хариуцагчаас шаардсан боловч хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлбөрийг төлөлгүй өнөөдрийг хүрч байна. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж хариуцагчаас 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 156,040 ам.доллар алданги 78,020 ам.доллар нийт 234,000 ам.доллар буюу 469,827,540 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Орхон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 46Б байрны 01 тоот 179 м.квадрат талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн 2206014849 дугаартай гурван өрөө байрыг 322,200 ам.доллараар С.Мөнхзултай харилцан тохиролцоод худалдах, худалдан авах гэрээ байгуулан байрыг хариуцагчид хүлээлгэн өгсөн. Тухайн байранд С.Мөнхзул нь 3 жил гаруй хугацаанд амьдарч байна. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1 дэх хэсэгт заасан төлбөр төлөх хуваарийн дагуу хийх үүрэгтэй байсан боловч төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй. Байр хүйтэн, чанаргүй байр худалдсан гэж мэтгэлцэж байгаа боловч энэ талаараа гэрээнээс татгалзах болон ямар нэг гомдол гаргаж байгаагүй. Иймд төлбөрийг Монгол банкны нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцон 234,000 ам.доллар буюу 469,827,540 төгрөгийг хариуцагч С.Мөнхзулаас гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч С.Мөнхзул шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“С.Мөнхзул миний бие нь 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Дэ Мэкунэм Алексис Луис Роландын өмч болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 46Б байрны 1 тоот 179 м.квадрат талбай бүхий өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2206014849 дугаарын гэрчилгээтэй 4 өрөө байр, автомашины дулаан зогсоолыг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж танилцсан Б.Баянсантай 1 м.квадратыг 1800 доллараар буюу тухайн өдрийн долларын ханш 1462 төгрөг, нийт 471,056,400 төгрөгөөр бодож төлбөрийн нөхцлийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцон худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг 46Б байрны 1 тоот байрыг үзэж худалдан авах үе нь зуны халуун дулаан улирал байсан учраас тухайн байрны хана, цонхны дулаан хадгалалт, чанар ямар байгааг мэдэх боломжгүй учраас Б.Баянсангаас өвөлдөө хэр дулаан бэ, байр авахад орчин нөхцлөөс гадна хамгийн гол нь өвөлдөө дулаан байвал болох нь тэр шүү дээ, хүйтэн байр ч хэцүү шүү дээ гэхэд Б.Баянсан “ямар ч асуудалгүй, янзын дулаахан” гэж хэлсэнд нь итгээд л худалдаж авахаар болсон. Гэтэл огт хүн амьдарч байгаагүй шинэ гэсэн байрны том өрөөний паркетан шал бөмбийж, хуурч бүх өрөөний цонхнууд болон хананы завсраар салхи сийгдэг. Үүний улмаас бүх цонх, цонхны ойролцоох хананууд хөлдөж мөстөн мөөгөнцөрддөг. 2 өрөөний 2 нойлын өрөө огт ашиглагддаггүй хүйтэн, амьдрах өрөөнүүд маш хүйтэн, байнга дулаан зузаан хувцас өмсч гэртээ байдаг. Өвлийн саруудад өрөөнүүдэд байнга халаагч тен тавьдгаас болж цахилгааны мөнгө өндөр гардаг, тав тухгүй байгаа тухайгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянсанд удаа дараа хэлж шаардахад үл хайхран чанаргүй, эрхийн доголдолтойгоо нууж худалдсан байрандаа ямар ч засвар үйлчилгээ хийх талаар санаа тавьж санаачлага гаргахгүй байсан учраас үлдэгдэл төлбөрөө өгье гэхээс наймаагаа буцаая гэсэн байр суурьтай байсаар өдийг хүрсэн Б.Баянсанг хүлээж ирсэн. Өвлийн саруудад дулаахан өвөлжихийн тулд тус байрны бүх цонхнуудыг шинээр сольж хана давхарлах, халаагч радиаторуудыг солих зэрэг бүтэн засвар үйлчилгээ хийх шаардлага гараад байгаа билээ. Б.Баянсанг шүүхэд өгөхөөр л ийм зовлон тоочиж байгаа юм биш шүү. Энэ байранд орсон цагаасаа л байр хүйтэн байгаа талаар холбогдох газруудад гомдол санал тавьсаар өдийг хүрч байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянсангийн нэхэмжилж байгаа 469,827,340 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед м.квадратыг нь 1800 доллар гээд тухайн үеийн ханш байна гэж тохиролцоод 471,056,400 төгрөгөөр худалдаж авсан билээ. Алданги хүү тооцож байгааг нь ямар ч боломжгүй зүйл гэж үзэж байна. Учир нь Алексис Луис Роландын эзэмшилд байдаг гэх Хөх тэнгэр хотхоны 46Б-1, 46Б-2, 46Б-2-14 тоот байруудыг миний мэдэхээр бүтэн 3 жил зар тавиад, одоог хүртэл зарж чадахгүй байгаа билээ. Эзэмшигчийн бүх байрууд нь зарагдаад энэ 1 тоот байрыг нь хүн авах гээд байхад нь иргэн С.Мөнхзул би дотор нь байгаад суллаж өгөхгүй байсан бол бизнесийн эрсдэл энэ тэр гээд алданги тооцоход эрс эсэргүүцэх аргагүй юм. Чанарын шаардлага хангахгүй, амьдрахад бэрх хүйтэн ийм байр өгчихөөд засч янзалж өгье гэхийн оронд хүү алданги нэхэж байгаа нь дэндүү хүн чанаргүй үйлдэл биш гэж үү. Нэхэмжлэгчийн эзэмшлийн 46Б-2 тоот, 46Б-2-14 тоот байруудыг м.квадратыг нь 2,350,000 төгрөгөөр зарах гээд худалдагдахгүй байгаа шалтгаан нь барилга чанаргүй, хүйтэн байдагтай холбоотой юм. Одоо зарж байгаа м.квадратын үнэ 2,350,000 төгрөг нь долларт шилжүүлэхэд 1152 доллар болж байгаа нь тухайн үед м.квадратыг 1800 доллараар худалдан авсантай харьцуулж үзэхэд ямар ч алданги тооцох үндэслэлгүй харагдаж байна. Нэхэмжлэгч намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлбөр төлөлгүй өнөөдрийг хүрч байна гэсэн нь үнэнд үл нийцэж байна. Хүйтэн, чанаргүй байр өгсөн нь хариуцагч миний хүндэтгэн үзэх үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байгаагийн гол шалтгаан юм. Нэхэмжлэгч чанарын шаардлага хангасан чанартай байр худалдсан бол миний хувьд төлбөрийг ямар ч маргаангүйгээр төлөх байсан. Нэхэмжлэгчийн буруугаас болж би болон миний гэр бүлийнхэн хүйтэн, сэрүүний улиралуудад хохирч бага насны хүүхдүүд маань даарснаас болж хоолой нь өвдөх, ханиад томуу хүрэх тав тухгүй байж хохирч байна. Иймд нэхэмжлэгчтэй хийсэн гэрээг цуцалж, чанаргүй салхи сэнгэнэсэн байрыг нэхэмжлэгчийн талд өгч иргэн миний нэхэмжлэгч Дэ Мэкунэм Луис Роландад байрны төлбөрт өгсөн 166,160 ам.долларыг буцаан авч өгнө үү” гэжээ.

           Шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж байна. Би 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 46Б байрны 1 тоот 179 м2 талбай бүхий байрыг худалдан авсан. Гэрээний дагуу тухайн өдрийн ханшаар тооцож эзэн нь Хонгконг хотод байгаа учраас доллароор шилжүүлж хийсэн. Байрыг худалдан авснаас хойш гэрээний дагуу 166,160 ам.долларыг төлсөн. 2013 оны 11 дүгээр сард тухайн худалдан авсан байр маш  хүйтэн, цонх нь цантаад мөөгөнцөрдөхөөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянсан руу утсаар ярихад манайх дулаалгын материал оруулж ирдэг, ханаа будаад янзалчих тэгээд болно гэж хэлсэн. Би удаа дараа байрны дулааны асуудлаар СӨХ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянсанд хэлэхэд  өмнөөс зөвхөн төлбөрөө нэхэмжилж байсан. 3 жилийн хугацаанд манай гэр бүлийнхэн доороосоо даарч бөөр өвдөж эмнэлэгт хэвтэж байсан. Би Алексис Луйс Роландтай ярихыг хүссэн боловч холбоо бариулаагүй. 2014 оны 11 дүгээр сард Улсын мэргэжлийн хяналтын газарт манай нөхөр н.Саруул гомдол гаргасан боловч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын газарт шалгах үүргийг өгсөөр байгаад хавар болж дулаан болсон. Миний бие Улсын мэргэжлийн хяналтын газарт хандан удаа дараа хүсэлт гаргасан бололовч хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй, өвлийг хүлээхээс өөр аргагүй гэсэн хариу өгсөн. Ингээд шүүхээс  надад холбогдуулан нэхэмжлэл гаргасан байсны дараа Мэргэжлийн хяналтын газарт хандан өмнө тухайн байрны халаалттай холбоотой асуудлаар мэргэжлийн газарт иргэн н.Саруул, С.Мөнхзул нар хандаж байсан эсэх талаарх нотлох баримтыг гаргуулахыг хүсэхэд иргэд хоорондын эд хөрөнгийн маргаантай холбоотой учир шүүхээс бичиг ав гэсэн. Шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан учир нь уг хэргийг Баянгол дүүрэгт нэхэмжлэл гаргасан байсан бөгөөд хариуцагчийн харъяа дүүргийн шүүхэд нэхэмжлэлийг гаргана гэсэн үндэслэлээр Хан-Уул дүүргийн шүүхэд ирээд анхны шүүх хурал болж байна. Өмнө нь Б.Золзаяа өмгөөлөгч зам тээврийн осолд орчихоод нэг удаа хойшлуулж байсан. Гэрээний дагуу тухайн үеийн ханшаар тооцож төлбөрийг төлж болно. Харин алданги төлж чадахгүй. Миний худалдан авсан байрнаас гадна Алексис Луйс Роландийн эзэмшлийн гурван байр нь гурвуулаа зарагдаагүй хүмүүс ирж үзээд хүйтэн муу баригдсан байр гэсэн шалтгаанаар хандаж байсан. 2013 онд м.квадратыг нь 1800 доллароор худалдан авч байсан. Одоо 1м.квадрат 1000 ам.доллар болж хямдарсан. Би байрны үндсэн төлбөр дээр маргахгүй. 2013 оны долларын ханш, одоогийн долларын ханшны хооронд маш их зөрөө байна. Орон сууц худалдан авсан үлдэгдэл төлбөрт 156,040 ам.долларыг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа боловч санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалж одоо төлөх боломжгүй байгаа, мөн энэ байр хүйтэн, чанаргүй, нэхэмжлэгч надад хүйтэн, чанаргүй байр худалдсан, харин алдангийг эс зөвшөөрч байна. Гэрээ байгуулах үеийн ханшаар алдангийг тооцох ёстой, гэхдээ энэ байр хүйтэн, чанаргүй тул алдангийг төлөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

        Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, тэдгээрт холбогдох бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Алексис Луис Роландийн /De Mecquenem Alexis Louis Roland Marie/ итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянсан нь хариуцагч С.Мөнхзулд холбогдуулан гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 156,040 ам.доллар, алданги 78,020 ам.доллар нийт 234,000 ам.доллар буюу 469,827,540 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

         Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар шаардах эрхтэй ба нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч нь “...хариуцагч уг байранд 3 жил амьдарсан. Байр хүйтэн, чанаргүй байр худалдсан гэж мэтгэлцэж байгаа ч энэ талаараа гэрээнээс татгалзах болон ямар нэг гомдол гаргаж байгаагүй иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон, харин хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...орон сууц худалдан авсан үлдэгдэл төлбөрт 156,040 ам.долларыг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа боловч санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалж одоо төлөх боломжгүй байгаа, мөн энэ байр хүйтэн, чанаргүй ...нэхэмжлэгч хүйтэн, чанаргүй байр надад худалдсан, харин алдангийг эс зөвшөөрч “гэрээ байгуулах үеийн ханшаар алдангийг тооцох ёстой, гэхдээ энэ байр хүйтэн, чанаргүй тул алдангийг төлөхгүй” гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2013 оны 7-р сарын 10-ны өдөр “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж, Алексис Луис Роланд /De Mecquenem Alexis Louis Roland Marie/ нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсан тойруу 46Б байрны 1 тоотод байрлах 179 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нийт 322,000 ам.доллараар С.Мөнхзулд худалдахаар харилцан тохиролцжээ.  /хэргийн 8-10-р хуудас/

 

         Зохигч 2015 оны 7-р сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан талаар маргаангүй, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан шаардлагыг хангасан байх тул Алексис Луис Роланд, /De Mecquenem Alexis Louis Roland Marie/ С.Мөнхзул нарын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

         Гэрээний дагуу орон сууцны төлбөрийн 322,000 ам.доллараас 166,160 долларыг төлсөн, үлдэгдэл төлбөр 156,040 ам.доллар төлөгдөөгүй байгаа талаар талууд маргаагүй.

 

Талуудын байгуулсан худалдах худалдан авах гэрээний 2.2.1-д 2013 оны 9 дүгээр сарын 01-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байх бөгөөд хариуцагч нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж зааснаар гэрээнд тохиролцсон хугацааны дотор төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч “... энэ байр хүйтэн, чанаргүй байр худалдсан, харин алдангийг эс зөвшөөрч... гэрээ байгуулах үеийн ханшаар алдангийг тооцох ёстой... алдангийг төлөхгүй” гэж тайлбарласан. Гэвч хариуцагч нь алдангийг төлөхгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Хариуцагч нь уг байр хүйтэн, чанаргүй гэж мэтгэлцэж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй баримт, татгалзах үндэслэл түүнтэй холбоотой баримтаа шүүхэд ирүүлээгүй, хариуцагчийн нотлох баримтаар ирүүлсэн фото зураг нь уг маргаан бүхий байрны зураг мөн эсэх, түүнчлэн уг фото зургаар байр хүйтэн, чанаргүй гэдэг нь нотлогдохгүй байна гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж зааснаар талууд гэрээ байгуулахдаа алдангийг 0.5 хувиар тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгч гэрээний дагуу алданги тооцож нэхэмжилснийг буруутгах боломжгүй байна.

 

Иймд хариуцагч С.Мөнхзулаас үлдэгдэл төлбөр 156,040 ам.доллар, алданги 78,020 ам.доллар нийт 234,000 ам.доллар буюу 469,827,540 төгрөг гаргуулах Алексис Луис Роланд, /De Mecquenem Alexis Louis Roland Marie/-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкны ханшаар тооцсон (1  ам доллар 2,007.81*234,000 ам.доллар =496,827,540 төгрөг) болно. /хх 11 дүгээр тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                           ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч С.Мөнхзулаас 234,000 ам.доллар буюу 469,827,540 төгрөгийг гаргуулан Алексис Луис Роланд /De Mecquenem Alexis Louis Roland Marie/-д олгосугай.

 

         2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 2,507,100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Мөнхзулаас 2,507,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Алексис Луис Роланд /De Mecquenem Alexis Louis Roland Marie/-д олгосугай.

 

     3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.САНСАРМАА