Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 1996

 

**ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/00808 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч **ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.**д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 234 000 ам.доллар буюу 469 827 540 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.**

Хариуцагч: С.**

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны ** байрны ** 179 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн ** дугаарт бүртгэлтэй гурван өрөө орон сууцыг 322 200 мянган ам.доллараар худалдан борлуулахаар харилцан тохиролцож 2012/09/45Б-** худалдах, худалдан авах гэрээг байгуулан орон сууцыг хариуцагч талд хүлээлгэн өгсөн. Хариуцагч нь  гэрээний 2.2.1-д заасан хуваарийн дагуу байрны үлдэгдэл төлбөрийг 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөх үүргийг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл байрны үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна.

Иймд хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөр 156 040 ам.доллар, алдангид 78 020 ам.доллар, нийт 234 000 ам.доллар буюу 469 827 540 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Дэ Мэкунэм Алексисийн өмч болох  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны ** байрны ** 179 м.кв талбай бүхий өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ** дугаарын гэрчилгээтэй 4 өрөө орон сууц, автомашины дулаан зогсоолыг 471 056 400 төгрөгөөр тооцож төлбөрийн нөхцлийг хэсэгчлэн төлөхөөр түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянсантай тохиролцон худалдах, худалдан авах гэрээ байгуулан авсан.

Уг орон сууцыг худалдан авахдаа чанар байдлын талаар асуухад асуудалгүй гэж хэлсэнд нь итгээд худалдаж авахаар болсон. Гэтэл эд хөрөнгийн доголдолтой байсан ба удаа дараа итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянсанд хэлж шаардахад санаа тавьж санаачилга гаргахгүй байсан учраас наймаагаа буцаая гэсэн байр суурьтай байсаар өдийг хүрсэн.

Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 469 827 340 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед м.квадратыг нь 1 800 ам.доллар гээд тухайн үеийн ханш байна гэж тохиролцоод 471 056 400 төгрөгөөр худалдаж авсан. Нэхэмжлэгчийн буруугаас болж би болон миний гэр бүлийнхэн хүйтэн, сэрүүний улиралуудад хохирч бага насны хүүхдүүд маань даарснаас болж хоолой нь өвдөх, ханиад томуу хүрэх тав тухгүй байж хохирч байна. Иймд нэхэмжлэгчтэй хийсэн гэрээг цуцалж, чанаргүй, салхи сэнгэнэсэн орон сууцыг нэхэмжлэгчийн талд өгч, орон сууцны төлбөрт өгсөн 166 160 ам.долларыг буцаан гаргуулж өгнө үү.

Би улсын мэргэжлийн хяналтын газарт хандан удаа дараа барилгын доголдлын талаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй, өвлийг хүлээхээс өөр аргагүй гэсэн хариу өгсөн. Орон сууц худалдан авсан үлдэгдэл төлбөрт 156 040 ам.долларыг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа боловч санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалж одоо төлөх боломжгүй байгаа, мөн энэ байр хүйтэн, чанаргүй орон сууцыг худалдсан тул алдангийг төлөхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.**аас 234 000 ам.доллар буюу 469 827 540 төгрөгийг гаргуулан **/**/-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн                  2 507 100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.**аас 2 507 100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч **/**/-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх зохигчдын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг бүрэн зөв тодорхойлж чадаагүй, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь бодитойгоор үнэлээгүй бөгөөд сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлага гаргах болсон үндэслэл зэрэгт эрх зүйн дүгнэлт өгөөгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаарлагыг хангахгүй байна.

Нэхэмжлэл гаргасан Б.Баянсан нь нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь эргэлзээтэй байдаг. Хэрэгт авагдсан итгэмжлэл нь бүгд зөрүүтэй. 

Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо Хөх тэнгэр хотхоны ** тоот орон сууцыг анх авснаас хойш орон сууцны доголдолын талаар удаа дараа шаардаж, энэ байдлыг засаж залруулж өгөх эсхүл байрыг буцааж өгөх талаар итгэмжлэгсэн төлөөлөгч болох Б.Баянсантай ярихаар “орон сууцандаа засвар хийлгэж болно, манайхаас материал аваад засвар хийчих” гэдэг байсан. Энэ талаар бид тухайн үед Улсын мэргэжлийн хяналтын газарт хандаж гомдол гаргаж байсан баримт хэрэгт байдаг. Бид дээрх орон сууцны доголдол болоод гэрээнээсээ татгалзах талаар шүүхэд хандаж сөрөг нэхэмжлэл гаргах гэсэн боловч шүүх дээрх хүсэлт болоод гэрч асуулгах талаар гаргасан хүсэлтийг хүлээж аваагүй. Шүүх хэргийг нэг талыг барьж шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан байхад хэргийг шийдвэрлэсэн нь зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэтгэлцэх, үнэн зөв үндэслэлтэй шийдвэрлүүлэх боломжоор хангаагүй, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1, 217.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчиж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Учир нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-т "Бараа ажил үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют дооцооны нэгжээр , үнэ тогтоох төлбөр тооцоог гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно", мөн хуулийн 3 дугаар зүйлд Монгол Улсын нутаг дэвсгэр, үндэсний мөнгөн тэмдэгт, гадаад валют, гадаадын мөнгөн тэмдэгт гадаад валют, тооцооны нэгж гэж тус тус юуг хэлэх талаар хуульчилсан бөгөөд тус хуулийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тайлбарт 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө гэж тодотгож өгөн ингэхдээ эл хугацаанаасаа өмнө хийсэн гэрээг л хүчин төгөлдөр гэрээ байхаар тайлбарласан байгаа. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль батлагдаж, мөрдөгдөж эхэлсэн 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс хойш 4 жил гаруй хугацааны дараа буюу 2013 онд гэрээ байгуулагдсан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Монгол улсын нутаг дэвсгэрт үнэ тогтоосон асуудлыг чухам ямар хуулийн ямар заалтаар шийдвэрлээд байгаа нь тодорхойгүй байна.

Мөн шүүх хуралдааны танхим байхгүй байсан ба хуралдааны танхим гэж хэлэх аргагүй зүгээр нэг шүүгчийн албан ажлын өрөөнд шүүх хурлыг хийсэн гэдгийг хэлэх нь зүйтэй ба магадгүй ямар нэгэн дуу бичлэг хийгдээгүй, хийхгүй байх нөхцөлийг урьдаас бүрдүүлсэн байж ч болзошгүй гэх хардлага байгаа.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч ** /**/ нь хариуцагч С.**д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 234 000 ам.доллар буюу 469 827 540 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

** болон С.** нарын хооронд 2013 оны 07 дугаар сарын  10-ны өдөр 2012/09/**-** худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр худалдагч тал болох ** нь өөрийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, “Хөх тэнгэр” хотхоны ** байрны **од оршин байх 179 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг нийт 322 000 ам.доллараар худалдахаар, худалдан авагч тал С.** үнийг төлөхөөр тохиролцсон талаар зохигчид маргаагүй ба тэдний хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Маргааны зүйл болсон орон сууцыг **ийн өмчлөлд 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр бүртгэж улсын бүртгэлийн газраас Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ** тоот гэрчилгээг олгожээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний 3.2.2-т зааснаар байр хүлээлцсэн акт үйлдэж, түлхүүр хүлээлцэж, худалдан авагч тал орон сууцыг ашиглаж эхлэхээр тохиролцсон боловч гэрээний үнэ бүрэн төлөгдөөгүй байхад худалдан авагч талын эзэмшил, ашиглалтад орон сууцыг худалдагч хүлээлгэн өгсөн нь үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлсэн гэж үзэх улсын бүртгэл хийгдээгүй байна.

 

Түүнчлэн талууд гэрээний үнийг бүрэн төлсөн тохиолдолд өмчлөх эрх шилжүүлэх талаар тохиролцоогүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд орон сууцыг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй байгаа нөхцөлд уг орон сууц нь өнөөдрийн байдлаар хэний өмчлөлд бүртгэлтэй байгаа нь шаардах эрхийг тодорхойлоход ач холбогдолтой байхад шүүх 2011 онд олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хэрэгт нотлох баримтаар авагдсан гэх үндэслэлээр хариуцагчийн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дах хэсэгт заасан шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт шүүх бүрдүүлэх зохицуулалтыг тус тус зөржээ.

 

Гэрээний 4.1.2-т “Актаар хүлээлгэн өгсөн байранд “Барилгын тухай хууль”-д заасан хугацаанд гүйцэтгэгчийн буруугаас чанарын дутагдал гарвал гүйцэтгэгчийн зардлаар үнэ төлбөргүйгээр засах” баталгааг худалдагч тал гаргасан байх бөгөөд орон сууцыг хүлээлцсэн талаар талууд акт үйлдсэн эсэх нь тодорхойгүй тул Барилгын тухай хуульд заасан хугацааг тоолох боломжгүй, эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах хугацаанаас хамаарч үүргээ гүйцэтгээгүй, эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүйгээс алданги шаардах эрх хэрэгжих эсэхийг дүгнэх боломжгүй байна.

 

Иймд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчснөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7 дах хэсэгт заасан үндэслэл бүрдсэн тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэл хуульд нийцсэн гэж дүгнэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн тогтоол хүчинтэй байх бөгөөд уг дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул хариуцагчийн гаргасан гомдлоос төлбөр тооцооны үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгтээр тооцох талаарх гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүй юм.

 

Шүүх хуралдааны танхимд шүүх хуралдааныг явуулаагүй гэх гомдлоо хариуцагч дэмжээгүйг тэмдэглэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/00808 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.**аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 507 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

                                          ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА