Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 731

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч С.Цэрэндорж,

шүүгдэгч Ө.Г, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ө.Гад холбогдох эрүүгийн ____ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __ регистрийн дугаартай, Ө.Г.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ө.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн 10-157 тоот М.Ат гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж 182.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Г мэдүүлэхдээ:

“...Би энэ гэмт хэргийг үйлдээгүй. Мөрдөн байцаагч намайг энэ хэргийг хүлээчих хэрэгсэхгүй болгочих юм чинь гэсэн. Тэр өдөр би өөр газар хулгай хийж байгаад баригдаад эрүүлжүүлэгдэж хонорсон..” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ө.Гын өгсөн:

“...би 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө эрт 7 цагийн үед ажилдаа явж байгаад зүс таних залуутай тааралдсан тэгээд тэр залуу бид хоёр 0,5 литрийн Хараа архи авсан. Тэгээд бид 2 хорооллын эцсийн 9 давхар байрны гадаа сааданд сууж уусан, ууж дуусаад салаад явсан, би хорооллын гудамжаар өгсөж яваад гэр хорооллын эцсээр дээшээ өгсөж явахад нэг гэр байсан. Би хашаанд ороод цонхоор харсан чинь зурагт харагдсан тэгэхээр нь цагаан өнгийн вакум цонхны жижиг порчик хэсгийн шилийг бээлийтэй гараар хагалж гараа хийн порчик онгойлгож дотогш орсон. Ороод хамгийн түрүүнд зурагтыг аваад шууд гарсан. Уг хашаанаас уруудаж явахад нэг эрэгтэй хүн тааралдсан тэр хүнд би 50.000 төгрөгөөр өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 80-81/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч М.Аын өгсөн:

“...2019 оны 01 дүгэээр сарын 21-нд өглөө 11 цагт гэрээсээ бүгд гараад явсан тэр орой гэртээ хариагүй бүгд хонорсон маргааш 2019 оны 01 дүгээр сарын 22-нд ажил дээрээ байж байхад 17 цагийн үед манай хөрш Б утсаар хэлсэн танай гэрт хулгай орсон байна порчик хагархай байна гэсэн би яараад гэртээ ирэхэд хашааны хаалга байсан цонх хагархай байдалтай байсан цагдаа дуудсан цагдаа гэртээ битгий ороорой гэж хэлэхээр нь ороогүй удалгүй цагдаа ирсэн цагдаатай цуг гэртэй орсон гэрт том өрөөний эд зүйл эмх цэгцгүй ухаж түнхсэн байсан хойморт байсан Шарп брэндтйн 32 инчийн зурагт байхгүй хөргөгчинд байсан мах байхгүй байсан тэгээд авдраа үзэхэд үнэртэй уснууд байхгүй байсан.

Та сэжиглэж байгаа хүн, нэхэмжлэх зүйл, нэмж хэлэх зүйл байна уу? Гэх асуултанд, сэжиглэж байгаа хүн байхгүй, би үнэлгээгээр гарсан 182.800 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна, өөр надад нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй шүүх хуралд оролцохгүй хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-н 11-13/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.Бийн өгсөн:

“...Би 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ хүүхдээ хараад байж байтал өдрийн 14 цагийн орчимд шил хагарах чимээ сонсогдсон. Тэгээд би хүүхдээ харж байсан болохоор гарч чадаагүй үдээс хойш орой болж байхад 19 цагийн үед гэрээсээ гараад хойшоо хартал хойд айлын цонхны жижиг порчик нь хагарсан байхаар нь ойртож хашаан дээгүүрээ харсан. Тэгээд хагарсан байсан тэгээд би хөрш айлын эхнэр Ууганбаярт утас руу нь залгаж танай цонхны шил хагарсан байна. Хулгай орсон юм бишүү гэж хэлсэн. Тэгээд өөрсдөө ирээд удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 82/,

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 3-4/,

- Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 29-30/

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 46/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 47/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ө.Гад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хянан хэлэлцээд хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтууд болон гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэргийг шалгаж үзэхэд хэрэг нь 2019 оны 01 дүгээр сарын 22-нд үйлдэгдсэн байдаг гэтэл шүүгдэгч  Ө.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Улаанхүүгийн орон байранд нэвтэрч хулгай хийж байхдаа үйлдэл дээрээ баригдаж 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 3 жил 6 сар хорих ял шийтгэгдсэн байна /хх73-77/.

 

Дээрх шийтгэх тогтоол болон шүүгдэгчийн мэдүүлгээс үзэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн гэх өдөр шүүгдэгч Ө.Г нь гэмт хэрэг үйлдэж байгаад баригдаж улмаар эрүүлжүүлэгдэж 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс   шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан үүнээс үзэхэд шүүгдэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээтэй юм.

 

Хавтас хэрэгт авагдсан 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 3528 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчийн өмсөж явсан гутлын мөрүүд нь шинжилгээнд тэнцэхгүй бөгөөд шүүгдэгч Ө.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар нотлогдохгүй, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж шүүгдэгч Ө.Гад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн прокурорын газраас Ө.Гад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж, хэргийг прокурорт буцаасугай.

 

2. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Гад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ