Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 1022

 

 

 

 

 

 

 

2019          10            15                                          2019/ДШМ/1022

 

Ө.Гад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч                 С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Цэрэндорж,

цагаатгагдсан этгээд Ө.Гын өмгөөлөгч Л.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 731 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Цэрэндоржийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр бичсэн 33 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Ө.Гад холбогдох 1905004820702 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Өын Г, 1974 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, ... тоотод суух бүртгэлтэй, /РД:.../,

урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 425 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 887 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, өмнөх шийтгэл тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 8 сарыг нэмж нэгтгэн 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 8 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 8 хоногийн ялын 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 7 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 304 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн;

Ө.Г нь 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр ... тоот М.Амарбаярын гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж, 128.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Мөнх-Эрдэний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн прокурорын газраас Ө.Гад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж, хэргийг прокурорт буцааж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор С.Цэрэндорж улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг бүрэн хянаж, нотлох баримтуудыг үнэлж дүгнэхдээ хэрэгт авагдаагүй нотлох баримтыг үнэлж дүгнэн үндэслэлгүйгээр шүүгдэгч Ө.Гад холбогдох хэргийг нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэргийн бодит байдалтай нийцээгүй...” гэж үзэж байна. Хохирогч М.Амарбаярын мэдүүлэг, гэрч Л.Баярцэцэгийн мэдүүлэг, яллагдагч Ө.Гын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 10-157 тоот М.Амарбаярын гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж 182,800 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогджээ. Гэтэл Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Гыг урьд нь 8 удаагийн ял шийтгэлтэй, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй буюу шүүгдэгч Ө.Гын анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг дангаар үндэслэн түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Учир нь Ө.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад уг хэргийг хийсэн талаараа мэдүүлсэн атлаа уг гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаа, газар нутагт тэрээр байсан болох нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдсон болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал...” гэж заасныг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол...” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол...” гэж заасан хуулийн шаардлагад нийцээгүй дүгнэлт хийж шүүгдэгч Ө.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг үгүйсгэлгүйгээр дан ганц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт тулгуурлан шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасныг, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт “...Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй..." гэж заасныг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт “...Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ...” гэж заасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “...Шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ...” гэж тус тус заасан байхад ...Шүүх шүүгдэгч Ө.Г нь гэмт хэрэг үйлдэж байгаад баригдаж улмаар эрүүлжүүлэгдэж 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан... гэж үзэн хавтас хэрэгт авагдаагүй нотлох баримтад тулгуурлан хийсвэр дүгнэлт хийж шүүгдэгч Ө.Гад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга...” гэж заасны дагуу шүүхийн цагаатгах тогтоолд үндэслэлийг тусгахаар хуульчилсан атал шүүх шүүгдэгч Ө.Г нь гэмт хэрэг үйлдэж байгаад баригдаж улмаар эрүүлжүүлэгдэж 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан үүнээс үзэхэд шүүгдэгч нь 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээтэй гэж дүгнэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэж заасныг ноцтой зөрчжээ. Мөн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоох хэсгийн 1 дэх заалтад Ө.Гад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд заасан холбогдох зүйл хэсгийг хэрэглээгүй буюу хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана” гэж заажээ. Гэтэл шүүхийн цагаатгах тогтоолоор прокуророос эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, яллах дүгнэлт үйлдсэн хууль ёсны шийдвэрийг хэрхсэн талаар шийдвэрлээгүй орхигдуулсан нь дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Шүүхийн цагаатгах тогтоолд шүүгдэгч Ө.Гын таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэх талаар тусгаагүй нь Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “ таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бол түүнийг хүчингүй болгосон тухай...” гэж заасныг, мөн хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болно..” гэж заасныг шүүхээс цагаатгах тогтоол гарсан атлаа тус тогтоолын 3 дахь заалтад “шийтгэх тогтоол” гэж заасныг 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болно..” гэж заасныг шүүхээс цагаатгах тогтоол гарсан атлаа тус тогтоолын 3 дахь заалтад “шийтгэх тогтоол” гэж заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, гэсэн заалтыг зөрчсөн, шийтгэх, цагаатгах тогтоолын аль болох нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээдийн Ө.Гын өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. Хавтаст хэргийн хүрээнд Ө.Гын үйлдсэн гэх үйл баримт бүрэн тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх хавтас хэргийн хүрээнд дүгнэлт хийн зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх цагаатгагдсан этгээд Ө.Гад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй байхад эцэслэн шийдвэрлэж, уг дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал, гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүрэн нотлох шаардлагатай байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар “хохирогч М.Амарбаярын гэр буюу Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 10-157 тоотод хууль бусаар нэвтэрч эд зүйл авсан” гэх үйлдэл чухам хэдэн цагт үйлдэгдсэн талаар бүрэн шалгалгүйгээр прокуророос “Гэмт хэрэг 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр үйлдсэн” гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэж Ө.Гад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Гэтэл анхан шатны шүүх “...Ө.Г нь мөн өдрийн 14 цагийн үед иргэн Д.Улаанхүүгийн орон байранд нэвтэрч хулгай хийж байхдаа үйлдэл дээрээ баригдаж 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 3 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хэргийн 73-77 дахь талд авагдсан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 304 дугаартай шийтгэх тогтоолд “...Ө.Г нь 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 14 цагийн үед Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүннарангийн 10-146А тоотод хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн...” талаар дүгнэлт хийсэн бөгөөд Ө.Гыг үүнээс өмнөх цаг хугацаанд хаагуур явсан, юу хийж байсан талаар дүгнээгүй байна.

Өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 10 дугаар гудамжны 146А болон 157 тоотуудад хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлсан гэмт хэрэг нь нэг цаг хугацаанд, эсхүл чухам аль гэмт хэрэг нь эхэлж үйлдэгдсэн эсэх нь тодорхойгүй байхад “...Ө.Г нь гэмт хэрэг үйлдэн баригдаж улмаар эрүүлжүүлэгдэн баривчлагдсан, үүнээс үзэхэд 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.  

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн үйл баримт болсон гэх нөхцөл байдал, цаг хугацаа зэрэг нотолбол зохих байдлуудыг тал бүрээс нь нэг мөр нарийвчлан тогтоож гэмт хэргийг хэн, хэзээ, яаж үйлдсэн болон гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэгт үндэслэлтэй дүгнэлт хийх нь гэм буруутай этгээдэд тохирсон эрүүгийн хариуцлага оногдуулахад чухал ач холбогдолтой.

Иймд 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 33 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаагаар дээр дурдсан нөхцөл байдлуудыг шалгуулахаар Ө.Гад холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 731 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурор С.Цэрэндоржийн бичсэн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 33 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Ө.Гад холбогдох эрүүгийн 1905004820702 дугаартай хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт буцтал Ө.Гад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧ                                                               М.ПҮРЭВСҮРЭН

         ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ