Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/00498

 

А.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/02420 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2464 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч А.Н-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яаманд холбогдох,

Сайдын Б/05 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Лувсанцэрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Н-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Оюумаа, Ч.Лувсанцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мажигсүрэн, түүний өмгөөлөгч С.Өнөрзаяа, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

А.Н- нь Монгол Улсын Боловсрол Соёл, Спортын Аялал Жуулчлалын Сайдын 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/01 тоот тушаалаар Үндэсний номын сангийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд тэнцсэнээр Монгол Улсын Боловсрол Соёл Спорт Аялал Жуулчлалын сайдын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/01 тоот тушаалаар Үндэсний Номын сангийн захирлаар томилогдсон. Намайг ажиллаж байх хугацаанд Үндэсний аудитын газар нь Монгол Үндэсний номын сангийн төсвийн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийж Үндэсний номын сангийн санхүүгийн тайлан материалыг алдаагүй, үнэн зөв, шударга илэрхийлэгдсэн байна гэж дүгнэсэн. Гэтэл Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Сайдын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/05 тоот тушаалаар А.Н-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэн Үндэсний номын сангийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Төсвийн тухай хуулийн 70.3 дугаар заалт Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны ДА-2016-01 тоот хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын шалгалтын дүгнэлт, мөн 2016 оны 09 дүгээр сарын 8-9-ний өдрүүдэд хийсэн гэх гүйцэтгэлийн аудит хяналт шинжилгээний санал, дүгнэлт зэргийг тус тус зааж Үндэсний номын сангийн санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналт хангалтгүй, санхүү, аж ахуйн үйл ажиллагаа нь хангалтгүй дүгнэгдсэн гэсэн үндэслэлийг заасан.

Хууль, санхүүгийн болон хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын шалгалтын дүгнэлтээр илэрсэн гэх зөрчил, дутагдлыг арилгах зөвлөмжийг Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Сайдын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/5673 тоотоор ирүүлсэн байх бөгөөд уг зөвлөмжийн дагуу хийгдсэн гүйцэтгэл болон холбогдох тайлбарыг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 188 тоотоор хавсралт 9 хуудастайгаар хүргүүлсэн. Дээрх дотоод аудитын дүгнэлтэд Үндэсний номын сангийн санхүүгийн үйл ажиллагаанд зарим нэг зөрчил, дутагдал илэрсэн талаар дурдсан байх боловч А.Н- миний хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл бүхий буруутай үйлдэл болон эс үйлдлийн талаар тогтоогоогүй болно. 

Иймд А.Н-г ажлаас үндэслэлгүй халсан Б/05 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

А.Н- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг зөрчсөн нь тогтоогдсон. Хүний нөөцийн ажилтан З.Энхболдын 1 сарын сүүлийн цалин 201 018 төгрөг олгогдохоор байхад 659 017.66 төгрөг олгож, 457 999.66 төгрөг илүү гаргасан, 2016 оны 02 дугаар сарын 24-нд нэр бүхий 10 хүний нэр дээр 4 333 000 төгрөгийн цалин бичиж, тухайн албан хаагчдад олголгүй 3 592 333 төгрөгийг ном зүйч Г.Гүнжинлхамын дансаар гаргасан, албан хаагчдын цалинг олгохдоо цалингийн карт руу илүү шилжүүлж авдаг гэх мэт зөрчил дутагдлуудыг гаргаж байсан.

Боловсрол, соёл, шинжлэх, ухааны сайдын “ажлын хэсэг байгуулах тухай” 2015 оны А/149 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Үндэсний номын санд 2015 оны 05 сарын 04-13-ны өдөр хүртэл хугацаанд Үндэсний номын сангийн үндсэн үйл ажиллагаа, дүрэм журмын хэрэгжилт, хүний нөөц, санхүүд хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар Үндэсний номын сангийн захирал А.Н- нь үйл ажиллагаандаа хууль, тогтоомжийг удаа дараа ноцтой зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, Соёл, спорт, аялал, жуулчлалын сайдын 2014 оны 1 а/4121, даргын 2015 оны 7/2619 тоот албан бичгээр тус тус хүргүүлсэн зөрчил арилгах тухай албан даалгаврыг биелүүлээгүй, Сангийн сайдын төсвийн байгууллагын мөнгөн кассын журам батлах тухай 2012 оны 276 тоот журмыг зөрчсөн зэрэг зөрчил илэрсэн байна.

А.Н- Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсэгт заасан хариуцлага хүлээх болсон үндэслэл нь нотлогдсон. Үүнд Үндэсний номын сангийн захирлын 2014 оны А/8 тоот тушаалаар “Программ худалдан авалт хийх ажлын хэсэг” байгуулсан. Энэхүү ажлын хүрээнд “Түшигмөнх софт” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 23 950 000 төгрөгийн үнэтэй “ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Энэ үйлдэл нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.1 дэх хэсгийг зөрчиж худалдан авалт хийсэн. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь заалтын дагуу ажлын хэсгийн дүгнэлт гаргаж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаагүй. Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 08-02/02, 08-02/03, 08-02/04 тоот актаар А.Н-д хариуцлага хүлээлгэсэн. Дээрх актуудыг А.Н- нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх бөгөөд хуулийн хугацаанд ямар нэгэн гомдол гаргаагүй болно.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын баталсан удирдамжийн дагуу 2016 оны 09 дүгээр сарын 08-09-ний өдрүүдэд томилогдсон ажлын хэсэг Үндэсний номын санд ажилласан. Ажлын хэсэг 2015 оны А/149 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлтийн хэрэгжилт, улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 08/02/02, 08-02/03, 08-02/04 тоот актуудын барагдуулалт, зөрчил дутагдал хэрхэн арилгасан талаар газар дээр нь үзэж танилцсан. Ажлын хэсгийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн санал, дүгнэлтээр Нягтлан бодох бүртгэлийн тухай, Төсвийн тухай, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиуд, Сангийн сайдын “Төсвийн байгууллагын мөнгөн кассын журам батлах тухай” 2012 оны 276 дугаар тушаалыг тус тус зөрчсөн санхүүгийн үйл ажиллагааг даруй шалгуулах, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 2016 оны ДА-2016-01 тоот дотоод аудитын дүгнэлтийн дагуу хийгдсэн ажил хангалтгүй гэж үзэж хуулийн байгууллагаар шалгуулах шаардлагатай гэсэн санал, дүгнэлт гарсан байна.

Үндэсний номын санд хийсэн Санхүүгийн хяналт, шалгалтаар нийт 15 төрлийн 157 154.3 мянган төгрөгийн зөрчил, дутагдал илэрсэн байна. Үүнээс төсвийн хөрөнгийг ашиглаж дутагдуулсан залилангийн шинжтэй үйл ажиллагаанд Улсын ахлах байцаагчийн 3 актаар 5701.4 төгрөгийн акт тогтоосон. Дээрх санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын дүгнэлтүүдээс үзэхэд Үндэсний номын сангийн захирал А.Н- нь хариуцсан ажилдаа хариуцлага алдаж удаа дараа санхүүгийн зөрчил гаргасан тул Үндэсний номын сангийн захирлын үүрэгт ажлаас халах хангалттай үндэслэлтэй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь заалт, холбогдох шалгалтын акт, дүгнэлтийг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/02420 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын 2016 оны 09 сарын 12-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, Арьяабалын Нансалмааг Үндэсний номын сангийн захирлын үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацаанд нь /2016 оны 10 сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 сарын 29-ний өдрийг хүртэл/ урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 11 314 122 төгрөгийг гаргуулан А.Н-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчид олгох 11 314 122 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган А.Н-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт cap тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгож, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид /70200+195976/ 266 176 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2464 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/02420 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яаманд холбогдох Сайдын Б/05 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч А.Н-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яамны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Хөдөлмөрийн гэрээг цуцалсан хууль зүйн үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар “эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан” нь тогтоогдсон бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй байна. Гэвч Хөдөлмөрийн хуулийн уг зохицуулалтын “ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүй” гэх нөхцөл нь ажилтны зүгээс ажил үүргээ гүйцэтгэх явцад гаргасан зөрчилтэй холбоотой байна. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сануулах, үндсэн цалинг гурван cap хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, ажлаас халах хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ноогдуулах эрхтэй байна.

Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, алдаа зөрчил гаргасан ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ноогдуулах тохиолдолд ажилтан, ажил олгогч хоёрын хоорондох хөдөлмөрийн гэрээ цуцлагдана. Иймд ажилтаны гаргасан алдаа зөрчил, ажлын дутагдлын улмаас хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан шаардлага хамааралтай болно. Тухайлбал энэ зүйлийн 131.2-т заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан cap, илрүүлсэнээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ноогдуулах зарчим хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах ажиллагаанд адил үйлчилнэ. Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн холбогдох заалтыг баримтлаагүй байх нь хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй юм. Гэтэл Тушаалын үндэслэлд дурдсан эхний шалгалт нь Үндэсний номын сангийн 2015 он болон 2016 оны 1, 2-р сарын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж 2016 оны 05 дугаар сард дүгнэлтээ гаргасан бөгөөд тухайн шалгалтын дүгнэлтийг эс зөвшеөрч Үндэсний номын сангаас БСШУЯаманд 91 хуудас хавсралт баримт бүхий тайлбарыг хүргүүлсэн байдаг. БСШУЯамны сайд тухайн тайлбарыг хүлээн авч цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмжийг Үндэсний номын сангийн захиралд ирүүлсэн байдаг бөгөөд энэ бүх баримтууд нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Үүнээс үзэхэд БСШУЯамны ДА-2016-01 тоот тушаалаар тогтоогдсон гэх зөрчилд ямар нэгэн сахилгын шийтгэл ноогдуулах арга хэмжээ аваагүй бөгөөд сахилгын шийтгэл ноогдуулах хугацаа өнгөрсөн.

Тушаалын үндэслэлд дурдсан 2 дахь шалгалт буюу 2016 оны 09 сарын 8-9-ний өдрүүдэд хийсэн гүйцэтгэлийн шалгалт гэгч нь зохих журмын дагуу хийгдээгүй буюу ерөөсөө шалгалт хийгдсэн эсэх нь эргэлзээтэй байдаг. Учир нь хариуцагч талын анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан шалгалтын удирдамж, улсын байцаагчийн акт зэргээс үзвэл уг шалгалтууд нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг удирдлага болгон хийгддэг байна. Гэтэл уг гүйцэтгэлийн шалгалт гэгч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 53.3-т заасан “Гүйцэтгэлийн шалгалт хийхдээ шалгуулагч этгээдэд ажлын хоёроос доошгүй хоногийн өмнө урьдчилан мэдэгдэнэ”, мөн хуулийн 5.10-т заасан “Шалгуулагч этгээд шалгалтын тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд хэрэв гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай шалгалтын тэмдэглэлд тусгана” гэсэн заалтыг тус тус зөрчсөн.

Мөн уг шалгалтын дүгнэлт гэгч нь дугаар байхгүй албан бланк дээр хэвлэгдээгүй байгаа зэрэг нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.14-т “Хийсэн хяналт шалгалтын талаархи мэдээллийг тухай бүр хяналт шалгалтын бүртгэлийн нэгдсэн санд оруулна” гэсэн заалттай нийцэхгүй байна. Ямар нэгэн дугаар бүртгэлгүй дүгнэлт мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн байх боломжгүй. Мөн түүнчлэн уг дүгнэлтийн огноо нь иргэн А.Н-г ажлаас халсан өдөр тушаалын огноотой нэг өдөр гарсан байгаа бөгөөд уг тушаал гарсаны дараа буюу 2016.09.13-ны өдөр тухайн дүгнэлтийг танилцуулж гарын үсэг зуруулахаар А.Н- руу утсаар ярьсан байдаг. Энэ нь тухайн шалгалтын дүгнэлтээс үл хамааран ажлаас халах тушаалыг урдчилан гаргасан болохыг харуулж байна. Уг маргаан бүхий тушаал нь А.Н-г ажлаас чөлөөлж Б.Ичинхорлоог ажилд түр томилох тухай тушаал байх бөгөөд тушаалын үндэслэл хэсэгт дурдсан Авилгатай тэмцэх газрын 2016.09.08-ны өдрийн 01/5891 тоот албан бичгийн агуулга нь Б.Ичинхорлоо нь ашиг сонирхлын зөрчилгүй болох тухай албан бичиг юм. Үүнээс үзвэл 2016.09.12-ны өдрийн гүйцэтгэлийн шалгалтын дүгнэлт гарахаас өмнө Б.Ичинхорлоог А.Н-гийн оронд захирлаар томилохоор шийдсэн байсан болох нь харагддаг.

Иймд давж заалдах шатны шатны шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул тус шүүхийн 2464 тоот магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч А.Н- нь хариуцагч Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яаманд холбогдуулан сайдын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Үндэсний номын сангийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Хариуцагч Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж, шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийсэн ба Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамнаас Үндэсний номын сангийн удирдлага, санхүүгийн ажиллагаанд 2015-2016 онуудад хийсэн 3 удаагийн шалгалтын дүн, илэрсэн зөрчил, дутагдлыг үгүйсгэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгэж чадаагүй тул давж заалдах шатны шүүх ажил олгогчийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б\05 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзжээ. Дээрх гурван удаагийн шалгалтын дүн, илэрсэн зөрчлийг давж заалдах шатны шүүх магадлалдаа тодорхой тусгасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.-д зааснаар мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах эрхтэй болно.

Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2464 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН