Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 288

 

Б.Мөнхбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Д.Булганцэцэг,

хохирогчийн өмгөөлөгч З.Алтангэрэл,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 616 дугаар магадлалтай, 2014250006217 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргалын гомдлоор хянан хэлэлцэв. 

Монгол Улсын иргэн, 1968 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Батын Мөнхбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар Б.Мөнхбаярыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэнээс бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт зааснаар Б.Мөнхбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “...10 дугаар зүйлийн 10.6...” гэсний дараа “...10.9...” гэсэн нэмэлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Булганцэцэг, өмгөөлөгч З.Алтангэрэл нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Өмгөөлөгчийн зүгээс анхан болон давах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг үнэн зөвөөр тогтоож чадаагүй, мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт заасан “хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тэр нь нотлох баримт болохгүй” гэж хуульчилсан хуулийн заалтыг анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа зөрчсөн гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Мөнхбаярт холбогдох хэрэг урьд нь 3 шатны шүүхээр шийдвэрлэж байсан. Улсын Дээд шүүх хэргийг анхан шатны шүүхэд буцаахдаа “...хохирлын зөрүүг үгүйсгэж, няцаасан үндэслэлээ тодорхой заах, харилцан зөрүүтэй нотлох баримтын талаар дурьдах, хуульд нийцүүлсэн нотлох баримт бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу нэхэмжлэл дахин гаргах эрхийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн аль заалтыг үндэслэн шийдвэрлүүлэх талаар анхан шатны шүүх тодорхой заагаагүй учир хэргийг дахин шүүхээр шийдвэрлүүлэхээр буцаасан гэж өмгөөлөгч, хуульч хүний хувьд ойлгож байгаа болно.

Анхан шатны шүүхийн 75 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 616 дугаар магадлалыг гаргахдаа хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гарсан гэж үзнэ. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйл 80.1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг нарийвчлан тогтоохыг шаардсан байдаг. Хохирогч Л.Энхбат нь Б.Мөнхбаярт 38,000,000 төгрөг, 83,361,500 төгрөг өгсөн гэж нэхэмжилдэг. Харин прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн 23,662,514 төгрөгийг олон удаагийн шүүхийн хэлэлцүүлэгт ч тогтворгүйгээр мэдүүлдэг, хавтаст хэрэгт түүнийг нотолсон баримт огт авагдаагүй байдаг. Хэрэгт гэрчээр байцаагдсан Ч.Отгонцэцэг, Ц.Гурвындаваат, н.Отгонбаатар, Ц.Алтанзул, Ж.Баттөгс, Б.Энхбаатар, Г.Батболд нар хохирогч Л.Энхбатад мөнгө зээлдүүлсэн талаар мэдүүлсэн байдаг болохоос Б.Мөнхбаярт тухайн зээлдүүлсэн мөнгөнөөс өгч байсан талаар огт ярьдаггүй, зөвхөн бусдаас авсан мөнгөө бүгдийг нь Б.Мөнхбаярт өгсөн гэж 85,361,800 төгрөг нэхэмжилж байснаа сүүлдээ яллах дүгнэлтэнд бичигдсэн мөнгөн дүнг л өгсөн гэж гүтгэх болсон.

Анхан болон давж заалдах шатны шүүх Улсын Дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 171 тоот тогтоолын “...шүүх мөрдөн байцаалтаар тогтоогдсон 23,662,514 төгрөгийн их хэмжээний хохирлыг үлэмж буюу 9,638,982 төгрөг болгон багасгаж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө хохирлын зөрүү болох 14,023,532 төгрөгийн хохирлыг үгүйсгэж, няцаасан үндэслэлээ тодорхой зааж чадаагүй, өөрөөр хэлбэл онцгой ач холбогдол бүхий харилцан зөрүүтэй нотлох баримтын алийг нь ямар үндэслэлээр тогтоолынхоо үндэслэл болгосон талаар дүгнээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292, 298 дугаар зүйлийн 298.1.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ...” гэснийг удирдлага болгон амарчилж, хэрэгт авагдсан нотлох баримтын зөрүүн дээр дүгнэлт хийлгүй яллах дүгнэлтэд бичигдсэн мөнгөн дүнг шүүгдэгчээр гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Харин бусдаас зээлсэн мөнгөний зээлийн гэрээн дээр гарын үсэг зураагүй, зээлдэгч нартай нүүр тулан уулзаж тэднээс мөнгө аваагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байтал зөвхөн хохирогч гэх хүний амаар тооцоолол хийж ял халдаах нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй юм. Мөн хохирогч Л.Энхбат нь н.Адъяа гэх ломбардны эгчээс 2,500,000 төгрөг зээлж авсан гэж мэдүүлсэн боловч мөрдөн байцаалтын явцад н.Адъяагаас мэдүүлэг аваагүй, зөвхөн мөрдөн байцаагч утсаар ярьсан тэмдэглэл /хх 179/ хэрэгт хийснээс өөр баримт байхгүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлж, хохирлын тооцоонд оруулах боломжгүй. Гэрч Х.Дөлгөөн Л.Энхбатад 5,000,000 төгрөг зээлүүлсэн гэж мэдүүлдэг боловч энэ нь мөн л Л.Энхбатаас Б.Мөнхбаярт мөнгө өгсөн нотлох баримт болж чадахгүй байгааг шүүх анхааралдаа авахыг хүсье.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж тодорхой хуульчилсан байхад эсэргээр нь шийдвэрлэсэн нь буруу гэж үзнэ.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гаргаж өгөхийг хүсье...” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч З.Алтангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Б.Мөнхбаярт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, хохирлын хэмжээг хохирогчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоосон. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

Прокурор Д.Булганцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Б.Мөнхбаяр нь 2012 оны 10 дугаар сараас 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хооронд иргэн Л.Энхбатаас уул уурхай чиглэлээр хамтарч ажиллана гэж хуурч мэхлэн 23,662,514 төгрөгийг авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болно. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.2 дахь хэсэгт “хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ” гэжээ.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, түүний хэмжээг ямар нэгэн эргэлзээгүйгээр тодорхойлох шаардлагыг зөрчиж, Б.Мөнхбаярын бусдад учруулсан хохирлыг их хэмжээтэй гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Б.Мөнхбаярыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсгийн дүгнэлтүүд нь хоорондоо зөрчилдөж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх” шаардлагыг зөрчсөн байна.

Түүнчлэн анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.1 дэх хэсэгт заасан “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэгт дурдсан гэмт хэрэг үйлдсэн болохыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заана” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Давж заалдах шатны шүүх дээрх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчлийг зөвтгөлгүйгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзнэ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Мөнхбаярт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргалын гомдлыг хянан хэлэлцээгүй орхисон болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 616 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Б.Мөнхбаярт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Шүүгдэгч Б.Мөнхбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргалын гомдлыг хянан хэлэлцээгүй орхисныг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Т.УРАНЦЭЦЭГ

                         ШҮҮГЧ                                                                 Ч.ХОСБАЯР