Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 106

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

иргэдийн төлөөлөгч Б.Уранцэцэг,

улсын яллагч Д.Агар,

шүүгдэгч Д.Ганзалгамж, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг,

шүүгдэгч П.Доржсамбуу, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:        

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Доржийн Ганзалгамж, Бааст овогт Пүрэвсүрэнгийн Доржсамбуу нарт холбогдох эрүүгийн 2016 2501 0849 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 06-ны хүлээн авч 2016 оны 07 дугаар сарын 19ий өдөр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

           1. Монгол улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, хөдөө аж ахуйн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 02 дугаар хороо, 1а хэсэг, Мамба дацан 1 гудамж, 94а тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Төв аймаг, Батсүмбэр сум, 2 баг, 3 дугаар гудамж, 3 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Харчин овгийн Доржийн Ганзалгамж, /РД:ТЯ86022016/,

               2. Монгол улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, авто засварчин, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 8 гудамж, 30 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Бааст овгийн Пүрэвсүрэнгийн Доржсамбуу, /РД:ЧД87101675/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Ганзалгамж нь П.Доржсамбуутай урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж, 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төрийн банк”-ны салбарт ТОЗ-8 маркийн буу буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж 4.081.340 төгрөг дээрэмдсэн,

шүүгдэгч П.Доржсамбуу нь Д.Ганзалгамжтай урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж, 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төрийн банк”-ны салбарт ТОЗ-8 маркийн буу буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж 4.081.340 төгрөг дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Ганзалгамж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч П.Доржсамбуу нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Д.Ганзалгамжийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би өөрт хадгалагдаж байсан ТОЗ-8 маркийн калибр бууг банкинд орж дээрэм хийх зорилгоор жижиг хэмжээтэй болгосон гол төмөр, мөрлөгчийг нь гараар тайрсан. Миний мөнгө зээлсэн банк Төрийн банк, хүний хөдөлгөөн бага болохоор орох санааг бид хоёр ярилцаж гаргасан. Бид хоёр замдаа аль банкинд орох талаараа ярьж байгаад хөдөлгөөн багатай байх гэж бодоод орсон. Урд нь банкинд орж харсан, шалгасан зүйл байхгүй. Буунд ямар нэгэн бичиг баримт, гэрчилгээ байхгүй, анх худалдаж авахад л байхгүй байсан. Нарантуул захаас танихгүй хүнээс авсан юм.” гэх мэдүүлэг. /1-р хх 137-144 дүгээр хуудас/,

Шүүгдэгч П.Доржсамбуугийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Миний хувьд  Ганзалгамжаас гаргасан санааг дэмжээд хоорондоо ярилцаад маргааш өдөр нь Сансарын Төрийн банкийг орж үзэхээр тохирсон. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн орчим Сансарын КТМС сургуулийн хойд талд уулзсан. Бид хоёр 1 дэх өдөр банк руу орж мөнгө дээрэмдэхээр тохироод гэр рүүгээ явцгаасан.” гэх мэдүүлэг. /1-р хх 145-154 дүгээр хуудас/,

              Хохирогч Б.Уранчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хэрэг болдог өдөр буюу 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр манайх ажил эхэлдэг цагтаа буюу 08:30 цагт онгойдгоороо онгойсон. Намайг ажил дээрээ өрөөндөө байхад 17:18 цагт санагдаад байна, манай өрөөний хаалга хаалттай байхад камерын хяналтанд харагдсанаар текний хажуугаар эрэгтэй хүн гараад ахлах теллерын хажууд оччихсон байсан. Ер нь бол теллерүүдийн дэргэд гадны хүн очих ёсгүй байдаг. Тэр үед зэрэгцээд “дээрэм” гэх дуу зааланд сонсогдсон. Манай салбарын онцлог нь халамжийн үйлчилгээ явуулдаг болохоор согтуу хүмүүс орж ирэх байдал гардаг. Тэгээд согтуу хүн юм байх гэж бодсон. Тэгтэл ахлах надад дотуур холбоогоор өрөөнөөс гарч болохгүй гэсэн дохио өгсөн. Манайхан сейфээ эргүүлсэн кнопуудаа дарсан. Ингээд дээрмийн хэрэг үйлдэгдэж байгааг мэдсэн. Тэгээд аюулгүйн товчоо бүгдээрээ дарсан. Лхагважав /Хил хамгаалахын ажилтан гэж сүүлд нь мэдэх болсон/ гуай үүдний хаалга руу харсан камерт хөдөлгөөн хийж болохгүй гээд толгойгоо хөдөлгөөд байсан. Тэгээд л дээрэмчид гараад явсан. Хоёр дахь хүн дээр Лхагважав үсэрч очоод бариад авсан. Тэгээд дээрэмчдийн нэгийг барьж авсан.” гэх мэдүүлэг. /1-р хх 44-48 дугаар хуудас/,

               Гэрч С.Ганбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 17 цаг 20 минутын үед үүрэг гүйцэтгэж байхдаа гадаа үүдэнд зогсож байсан. Миний хажуугаар хар өнгийн хүзүүтэй ноосон цамцтай, юүдэн малгайтай, гадна талаараа цэнхэр өнгийн куртиктэй, 170 см орчим өндөртэй нэг залуу, 80-90 кг жинтэй, 30-34 орчим настай, барилддаг байж магадгүй, бяртай залуу байсан. Нөгөө залууг нь би гарч байхад нь хальт харсан, шаргал өнгийн куртиктэй, 30-34 орчим настай, 175 орчим см өндөртэй, царай төрхийг нь харах гэтэл хар өнгийн масктай байсан. Тэгээд би гадаа зогсож байтал хаалга түгжчихсэн байхаар цонх, хаалга тогшоод байж байхад хаалга олгойлгоод хүмүүс бужигналдаад гараад ирсэн. “Юу болов” гэсэн чинь “банк дээрэмдэж байна” гэсэн. Би гадаа гаргаж ирээд хөх өнгийн куртиктэй залууг нь хоёр залуутай нийлж байгаад гавалсан. Хөх өнгийн куртиктэй, баригдсан залуу нь тайрсан жижиг буутай байсан. Гадаа тэр залуутай ноцолдож байхад 1-2 удаа буудах шиг болсон.Тэгээд гавлаад дотогш оруулаад банкны хаалганы хойд талын сандал дээр суулгасан. Баривчлах ноцолдох үед дээрэмчний хамарнаас нь цус гарсан байсан.” гэх мэдүүлэг. /1-р хх 49-51 дүгээр хуудас/,

              Гэрч Б.Батбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 17 цаг 30 минутын үед би 7 настай хүү Түвшинбаярыг 97 дугаар дунд сургуулиас авчихаад сургуулийн баруун талын хөл бөмбөгийн талбайн ар талын завсраар гараад Хадгаламж банкны хажуугаар гараад иртэл буу барьсан нэг хүн банкнаас гараад ирсэн. Гэтэл тэр буутай залууг хойноос нь нэг залуу тэврээд автал дээшээ хоосон буудсан. Тэгэхээр нь би наанаас нь гүйж очоод буунаас нь барьж авч ноцолдож тавиулаад, дарж унагаагаад, гарыг нь өчөөд банкны хамгаалагчаас гавыг нь авч хоёр гарыг нь ар талд нь гавласан. Тэгээд тэр хүнийг банк руу оруулаад бууны гол төмөрт нь хонгио байна уу үгүй юу гэж үзэхэд хонгио байхгүй байсан. Гадагшаа би гараад банкны үүднээс 2 сум олоод , буудсан хонгиог нь олоогүй, бууны замгыг нь татчихсан, онгорхой байсан.” гэх мэдүүлэг. /1-р хх 52 дугаар хуудас/,

Гэрч Д.Бадралын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэр хоёр залуу “доошоогоо бүгд суу” гэхээр нь бүгд суутал нэг залуу нь буу гаргаж ирээд үүдний хажууд зогсоод нэг залуу нь теллерүүдийн араар яваад бүгд мөнгөө хий гээд явж байх хооронд буутай залуу нь заалны баруун талын сандал дээр сууж байсан залууг “утсаа далд хий” гээд утсыг нь булааж аваад газар дэвсчихсэн. Тэгээд мөнгөө авч байсан залуу түрүүлж гараад нөгөө буутай залуу араас нь гарахад утсаа эвдүүлсэн залуу буутай залууг нь бариад би ардаас нь очоод буутай залуутай ноцолдож байхад тэр залуу тайрсан калибр буугаар дээшээгээ буудсан. Тэр хооронд нөгөө мөнгөө аваад зугатаасан залуу нь нэг эргэж ирснээ буцаад гүйчихсэн. Тэр залууг гавлаад банк руу оруулж ирсэн...” гэх мэдүүлэг. /1-р хх 53-54 дүгээр хуудас/,

Гэрч Б.Мандахын мөрдөн байцаалтанд өгсөн: “...буу барьсан залуу теллерүүдийн өрөөнөөс гарч ирээд үүд рүү явахад хаалга дарж зогсож байсан залуу хаалга онгойлгоод гараад явсан. Тэгтэл миний хажууд сууж байсан утсаа эвдүүлсэн залуу араас нь гүйж гартал банкны хамгаалагч зөрж орж ирээд “яасан, яасан” гэхэд хүмүүс “сая дээрэм болсон” гэхэд эргээд гараад гүйсэн юм. Тэгээд маш хурдан нэг залууг гавалчихсан орж ирсэн юм. Тэр гавлуулсан залуу нь буу барьсан байсан залуу байсан. Мөн утсаа эвдүүлсэн залуу хамгаалагчийн араас орж ирсэн. Мөн гар нь шалбарч цайрсан харагдсан, хамгаалагчтай нийлж дээрэмчдийг барьсан байх гэж бодож байна ...” гэх мэдүүлэг. /1-р хх 55-56 дугаар хуудас/,

Гэрч Д.Оюун-Оргилын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Гаднаас буу барьсан эрэгтэй хүн орж ирж харагдсан тул хамгаалалт дууддаг товчийг дарчихаад шууд амралтын өрөө рүү орсон. Нүүр амаа хар өнгийн маскаар тагласан 35-40 орчим насны залуу теллерүүдийн мөнгийг авчихаад амралтын өрөөг шагайн харчихаад гараад явсан. Теллер нар 102 дуудлага өгөх хооронд гадаа буу буудах чимээ гарсан. Удалгүй хамгаалалтын Гамбаа ах 3-4 залуутай буу барьсан залууг гавалчихсан орж ирсэн. Миний сууж байсан ширээнээс 1.083.970 төгрөг байсныг авсан байсан. 4 теллерийн ширээнээс 4 сая орчим төгрөгийг дээрэмдсэн. Нарийн тоог ахлах теллер мэдэж байгаа.” гэх мэдүүлэг. /1-р хх 59-60 дугаар хуудас/,

Гэрч М.Баярцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Миний ард ирээд “мөнгөө гаргаад ийшээ хий” гэхээр нь би шургуулганаас мөнгөө гаргаж өгөхөд тэр залуу өөрөө аваад цүнхэндээ хийсэн. Тэгээд миний хажуу талын теллер болох Хүрэлчулуунаас мөнгийг нь аваад цүнхэндээ хийгээд ахлах теллерээс бусад нь надтай нийлээд 4 теллерээс мөнгийг нь аваад түрүүлээд хаалгаар гарсан. Буутай залуу араас нь гарахад сандал дээр сууж байсан үйлчлүүлэгч ах араас нь гарч барьж авсан юм шиг байна лээ.” гэх мэдүүлэг. /1-р хх 61-62 дугаар хуудас/,

Гэрч Б.Баясгалангийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хаалга онгойгоод 170-175 см орчим өндөртэй, урд явсан залуу нь цагаан шаргал өнгийн куртик өмссөн, урдаа бараан өнгийн цүнх шиг эд зүйл барьсан, хар масктай залуу, ард нь бараан өнгийн куртик өмссөн, хар өнгийн савхитай залуу ардаас нь дараад газар унагаачихсан. Тэгсэн ардаас нь хоёр залуу гарч ирээд тэр залууг бариад авсан.” гэх мэдүүлэг. /1-р хх 71-72 дугаар хуудас/,

Гэрч Ч.Лхагважавын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би утсаар яриад зогсож байсан болохоор эхлээд анзаараагүй. “Суу, хэвт” гээд яриад байх шиг байсан. Тэгэхээр нь би сандал дээр очоод суутал миний гар утсыг булааж аваад хоёроос гурван удаа гишгэсэн. Буцаж ирээд буугаараа 2-3 удаа тулгаад “хөдлүүл буудна шүү” гэж заналхийлээд хаалган дээр буцаж очсон. Нөгөө залуу нь теллерийн хажуунаас мөнгө аваад гарч ирээд хаалгаар гарсан. Мөнгө авсан залуу нь түрүүлээд урд гарч алхсан. Буутай залуу нь эргэж хараад гарах үед нь би босоод бариад авсан. Ер нь бол буугаа над руу чиглүүлчихээд байгаад байсан. Бууны ам эргээд гарах үед нь ардаас нь очоод хойш нь савуулж унагаасан. Би тэр гэмтлүүдийг хэн учруулсныг мэдэхгүй байна. Миний зорилго бол бууг салгах гэж буутай л ноцолдсон. Сүүлд нь харахад нүүрнээс нь цус гарчихсан байсан.” гэх мэдүүлэг. /1-р хх 89 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ¹1841 дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг сум нь ан агнуурын зориулалттай бөгөөд 5,6x15 мм калибртай сумны байртай галт зэвсгээр буудлага үйлдэгдэхэд зориулагдсан.

2. Шинжилж буй сумнууд нь 5,6x15 мм калибртай сумны байртай галт зэвсгээр буудлага үйлдэхэд зориулагдсан.

3. Уг сумнууд нь ажиллагаатай, буудлага үйлдэх боломжтой.

4. Шинжилгээнд ирүүлсэн сумнууд нь хошуу, шидэх /дарин/ цэнэг, мэдрэн тэсрэгч /бялт/ цэнэг бүгд нэг хонгионд угсрагдан нэг удаа буудлага үйлдэхэд зориулсан иж бүрдэл юм.

5. Шинжилж буй сумнуудын бялтыг ямар багажаар цэнэглэснийг тогтоох боломжгүй.

6. Шинжилж буй сумнууд нь үйлдвэрийн хийцийнх гэжээ. /1-р хх 95 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ¹1840, 2034 дүгнэлтэд:

  1. Шинжилгээнд гар хийцийн галт зэвсэг ирүүлжээ.
  2. Уг гар хийцийн галт зэвсэг нь 5,6x15 мм калибртай.

3. Шинжилж буй галт зэвсгийн дугаар, заводын тэмдэг нь байна. Уг гар хийцийн галт зэвсгийн дугаар, заводын тэмдэг нь арилгагдаж өөрчлөгдөөгүй.

4. Шинжилгээнд ОХУ-д үйлдвэрлэсэн, 5,6 мм калибртай, ТОЗ-8М загварын галт зэвсгийн гол төмрийг урд хэсгээс нь тайрч богиносгон үйлдвэрийн хийцийг өөрчилсөн гар хийцийн галт зэвсэг ирүүлсэн байна.

5. Шинжилж буй гар хийцийн галт зэвсэгт ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй бөгөөд буудлага үйлдэх боломжтой.

6. Шинжилж буй гар хийцийн галт зэвсгээр буудаж загвар болгон авсан хошуу, хонгио нь одоогоор илрээгүй хэргийн газраас олж илрүүлсэн хошуу, хонгионуудтай тохирохгүй байна.

7. Шинжилгээнд ирүүлсэн хонгио нь 5,6x15 мм калибртай галт зэвсгээр буудагдсан. Уг хонгио нь АНУ-д ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн бөгөөд 5,6x15 мм калибртай.

8. Шинжилгээнд ирүүлсэн хонгио нь шинжилж буй гар хийцийн галт зэвсгээр буудагдсан. Дээрх хонгионы малгайн хэсэгт үүссэн дөрвөлжин хэлбэртэй мөр нь туршилтын загвар болгон буудаж авсан хонгионд үүссэн цохигчийн мөртэй тохирч байна.

9. Шинжилж буй хонгионы малгайн хэсэгт үүссэн дөрвөлжин хэлбэртэй мөр үүссэн. Уг мөр нь шинжилж буй гар хийцийн галт зэвсгийн 15110 дугаартай замагны цохигчоор цохигдон үүссэн.

10. Шинжилж буй хонгио нь нэг удаа буудлаганд хэрэглэгдсэн гэжээ /1-р хх 98-100 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 2-12 дугаар хуудас/,

Хяналтын камерийн бичлэгт хийсэн тэмдэглэл /1-р хх 13-16 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авах тогтоол, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх 17-20 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх 40 дүгээр хуудас/,

Нийслэлийн Баянзүрх дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 83-3/1158 дугаар албан тоот /1-р хх 209 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх 159, 165 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх 161, 167 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Ганзалгамж, П.Доржсамбуу нар нь бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцон 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төрийн банк”-ны салбарт ТОЗ-8 маркийн буу буюу зэвсэг хэрэглэн, бусдын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж 4.081.340 төгрөг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Д.Ганзалгамжийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би өөрт хадгалагдаж байсан ТОЗ-8 маркийн калибр бууг банкинд орж дээрэм хийх зорилгоор жижиг хэмжээтэй болгосон гол төмөр, мөрлөгчийг нь гараар тайрсан. Бид хоёр замдаа аль банкинд орох талаараа ярьж байгаад хөдөлгөөн багатай байх гэж бодоод орсон.” гэх мэдүүлэг, шүүгдэгч П.Доржсамбуугийн мөрдөн байцаалтад өгсөн: “...миний хувьд  Ганзалгамжаас гаргасан санааг дэмжээд хоорондоо ярилцаад маргааш өдөр нь Сансарын Төрийн банкийг орж үзэхээр тохирсон. Бид хоёр 1 дэх өдөр банк руу орж мөнгө дээрэмдэхээр тохироод гэр рүүгээ явцгаасан.” гэх мэдүүлэг, хохирогч Б.Уранчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...камерын хяналтанд харагдсанаар текний хажуугаар эрэгтэй хүн гараад ахлах теллерын хажууд оччихсон байсан. Ер нь бол теллерүүдийн дэргэд гадны хүн очих ёсгүй байдаг. Тэр үед зэрэгцээд “дээрэм” гэх дуу зааланд сонсогдсон. Тэгтэл ахлах надад дотуур холбоогоор өрөөнөөс гарч болохгүй гэсэн дохио өгсөн. Манайхан сейфээ эргүүлсэн кнопуудаа дарсан. Тэгээд аюулгүйн товчоо бүгдээрээ дарсан. Лхагважав /Хил хамгаалахын ажилтан гэж сүүлд нь мэдэх болсон/ гуай үүдний хаалга руу харсан камерт хөдөлгөөн хийж болохгүй гээд толгойгоо хөдөлгөөд байсан. Тэгээд л дээрэмчид гараад явсан. Хоёр дахь хүн дээр Лхагважав үсэрч очоод бариад авсан. Тэгээд дээрэмчдийн нэгийг барьж авсан.” гэх мэдүүлэг, гэрч С.Ганбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...“Юу болов” гэсэн чинь “банк дээрэмдэж байна” гэсэн. Би гадаа гаргаж ирээд хөх өнгийн куртиктэй залууг нь хоёр залуутай нийлж байгаад гавалсан. Хөх өнгийн куртиктэй, баригдсан залуу нь тайрсан жижиг буутай байсан. Гадаа тэр залуутай ноцолдож байхад 1-2 удаа буудах шиг болсон. Баривчлах, ноцолдох үед дээрэмчний хамарнаас нь цус гарсан байсан.” гэх мэдүүлэг, гэрч Б.Батбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...буу барьсан нэг хүн банкнаас гараад ирсэн. Гэтэл тэр буутай залууг хойноос нь нэг залуу тэврээд автал дээшээ хоосон буудсан. Дарж унагаагаад, гарыг нь өчөөд банкны хамгаалагчаас гавыг нь авч хоёр гарыг нь ар талд нь гавласан.” гэх мэдүүлэг, гэрч Д.Оюун-Оргилын мөрдөн байцаалтад өгсөн: “...Гаднаас буу барьсан эрэгтэй хүн орж ирж харагдсан тул хамгаалалт дууддаг товчийг дарчихаад шууд амралтын өрөө рүү орсон. Нүүр амаа хар өнгийн маскаар тагласан 35-40 орчим насны залуу теллерүүдийн мөнгийг авчихаад амралтын өрөөг шагайн харчихаад гараад явсан. Теллер нар 102 дуудлага өгөх хооронд гадаа буу буудах чимээ гарсан. Миний сууж байсан ширээнээс 1.083.970 төгрөг байсныг авсан байсан. 4 теллерийн ширээнээс 4 сая орчим төгрөгийг дээрэмдсэн.” гэх мэдүүлэг, гэрч М.Баярцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний ард ирээд “мөнгөө гаргаад ийшээ хий” гэхээр нь би шургуулганаас мөнгөө гаргаж өгөхөд тэр залуу өөрөө аваад цүнхэндээ хийсэн. Надтай нийлээд 4 теллерээс мөнгийг нь аваад түрүүлээд хаалгаар гарсан.” гэх мэдүүлэг, гэрч Ч.Лхагважавын мөрдөн байцаалтад өгсөн: “...миний гар утсыг булааж аваад хоёроос гурван удаа гишгэсэн. Буцаж ирээд буугаараа 2-3 удаа тулгаад “хөдлүүл буудна шүү” гэж заналхийлээд хаалган дээр буцаж очсон. Нөгөө залуу нь теллерийн хажуунаас мөнгө аваад гарч ирээд хаалгаар гарсан.” гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Ганзалгамж, П.Доржсамбуу нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Мөн шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан байх тул тэдний хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар ирсэн банкны камерийн бичлэг бүхий 1 ширхэг СиДи, шүүгдэгч Д.Ганзалгамжийн баруун, зүүн гарын арчидас зэргийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, ТОЗ-8 маркийн ар мөрөвч, урд гол төмрөөс нь тайрч богиносгосон гол төмрийн дугаар №С59886, замгийн дугаар №15110-тай галт зэвсэг 1 ширхэг, 5.6х15 мм шаргал өнгийн металл хонгио 1 ширхэг зэргийг Улаанбаатар хотын Цагдаагийн газарт тус тус шилжүүлж, саарал өнгийн ажлын бээлий 2 ширхэг, хөх өнгийн хагас богино юүдэнтэй куртик 1 ширхэг, хар ногоон өнгийн үүргэвч 1 ширхэг, хар өнгийн маск 1 ширхэг, хар өнгийн саравчтай малгай 1 ширхэг, улаан өнгийн цахилгаантай хөх өнгийн цүнх 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

            Шүүгдэгч Д.Ганзалгамж, П.Доржсамбуу нар нь бусдад төлөх төлбөргүй, Д.Ганзалгамж, П.Доржсамбуу нарын урьд цагдан хоригдсон 161 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.