Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 212

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, шүүгч А.Алтанхуяг нарын бүрэлдэхүүнтэй,  

нарийн бичгийн дарга Б.Эрхэс,

улсын яллагч Г.Ганхөлөг,

иргэдийн төлөөлөгч Л.Эрдэнэбат,

шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал,

шинжээч эмч Т.Номинцэцэг нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Э.От холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ___ дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, Э.О.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа 2018 оны 10 дугаар сарын 18-ны орой Баянгол дүүргийн 7 дугаар хороо 25 дугаар байрны гадаа танил болох Ж.Э-ын толгойн тус газарт нь цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.О мэдүүлэхдээ:

“...Шөнө Б, Д нартай 02 цаг гээд гарсан. Хамт явж байгаад өглөө 7 цаг өнгөрч байхад цэг дээр очсон. Тэнд Б- Б- ах хоёртой таараад 1 шил архи уучихаад Бор гэх ахтай таарахаар нь хамт дахиад 1 шил архи авч уухаар болоод уусан. Би дэлгүүр орж архи аваад гарч байхад талийгаач 10 цагийн үед надтай зөрсөн. Би архи уугаад шатан дээр унтсан 12 цаг өнгөрч байхад боссон. Б, Д бид гурав 5 цаг өнгөртөл дэлгүүрийн тэнд байсан. Тэгээд 5 цаг өнгөрөөгөөд бид нар байдаг амбарлуугаа явсан. Ттай таараад 2 шил архи аваад хамт явж амбаартаа хоносон. Өглөө нь цагдаа нар ирсэн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр надруу ахын бие муу байна гэж залгасан тухайн үед юу болсныг би мэдэхгүй. Оршуулгын зардал нийт 9,765,310 төгрөг гарсан. Баримтаар 3,500,000 төгрөг нэхэмжилж байгаа. Баримтгүйгээр 6,265,310 төгрөг нэхэмжилж байна. Хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Оын өгсөн:

“...Би хүн алаагүй учраас сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2018 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө хорооллын эцсийн орчим үйл ажиллагаа явуулдаг баарнуудын хаягдал хогнуудыг нь хаяж өгөөд хуванцар савнуудыг түүж явсаар үүр цайж өглөө болоод 07 цаг өнгөрөөгөөд 08 цаг болох гэж байхад нэгдүгээр хорооллын арын дэнж дээр байдаг Б-ын түүхий эд авах цэг дээр яваад очтол түүхий эдийн цэг дээр хаягдал түүхий эд түүж тушаадаг Б-, Б-, Б болон миний хамтран амьдрагч Д нар байсан юм. Тэгээд бид нар түүж ирсэн хаягдал түүхий эдээ тушаачихаад хажуугийн дэлгүүрээс нь 1 шил архи аваад, урд талын далан дээр байдаг гражийн хажууд хувааж ууж дуусаад дахин нэг шил архи дэлгүүрээс аваад дэлгүүрийн хойд талд байдаг сүмийн хажуу талын шатан дээр бүгдээрээ сууж байгаад хувааж уусан юм. Би урд шөнө нь нойргүй явсан болохоор унтаад өгсөн байсан ба 17 цагийн үед байсан байх сэрсэн чинь хамт архи уусан хүмүүс маань байхгүй хамтран амьдрагч Д хэвтэр дээрээ оччихоод ирлээ гээд хүрээд ирсэн юм. Тэгээд Д бид хоёр түүхий эдийн цэг дээр хамт уусан хүмүүсээ ирэх үү гээд хүлээж хэсэг зогсож байгаад ирэхгүй болохоор нь дахиад шөнө явж хаягдал түүхий эд цуглуулах юм чинь хэвтэр дээрээ очиж хэвтье гээд Гэмтлийн эмнэлгийн баруун талд байх цэнхэр өнгийн амбаар дээр ирж унтаж байгаад шөнө нь 00 цаг болж байхад хэвтрээсээ гарч хорооллын бааруудаар явж хаягдал түүхий эд цуглуулж байгаад үүрээр 04 цаг болж байхад хэвтэр дээрээ ирээд тэндээ унтаж байгаад 07 цаг өнгөрч байхад түүсэн хаягдлаа Б-аагийн түүхий эд авах цэг дээр аваачин тушаахад манай найз Т ирчихсэн байсан. Тэгээд би Т, Б хоёртой хэвтэр дээрээ очиж нэг шил архи хувааж уугаад хэвтэж байтал цагдаа нар ирээд намайг барьсан юм. 2018 оны 10 дугаар сарын 18-ны өглөө 2 дахь шил архиа дэлгүүрээс аваад гарч байхад дэлгүүрийн хаалган дээр талийгаач Э-тай зөрөөд л өнгөрсөн өөрөөр Э-тай таараагүй. Зодолдож цохилцсон, маргалдсан зүйл байхгүй. Э- тухайн үед дэлгүүрт ганцаараа орж ирж байсан би архи аваад хажуугаар нь өнгөрөөд л гарсан юм.

Тэр өдөр огт зодоон цохион болоогүй. Э-тай тэр өдөр 10-11 цагийн үед байсан байх 2 дахь архиа аваад гарч байгаад дэлгүүрийн хаалган дээр зөрж өнгөрснөөс өөрөөр огт таараагүй. Д, Б хоёр ямар учраас намайг Э-ыг зодож цохисон гэж мэдүүлсэн талаар нь мэдэхгүй байна. Тухайн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс өмнө 7-8 хоногийн өмнө байсан байх түүхий эд авах цэгийн хойд талын сүмийн хажуу талын шатан дээр Э-тай таараад архинаас болоод би согтуудаа Э-ыг түлхээд газар унагааж байсан тэрийг л Д, Б хоёр яриад байгаа байхаа. Би өөрөөр Э-тай хэрэлдэж маргалдаж зодолдож байсан зүйл байхгүй. Э- бид нартай нийлээд байдаггүй байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-н 172-173, 180-182/,

 

            Мөрдөн байцаалтад амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Огийн өгсөн:

            “...Манайх эхээс тавуулаа ба манай талийгаач ах Э- том хүүхэд нь байсан юм. Талийгаач ах Э- ах маань Налайх дүүрэгт 1962 онд төрсөн, тэндээ цэцэрлэгт сурч байгаад 1970-1980 онд Нийслэлийн 21 дүгээр сургуулийг 1-10 дугаар ангийг онц дүнтэй төгсөөд, 1980-1985 онд Зөвлөлт холбоот улсын Цэргийн эх сургуулийн танк эсэргүүцэгчийн ангийг онц дүнтэйгээр төгссөн. Тэнд суралцаж байхдаа гэр бүлтэй болсон. 1985-1997 онд цэргийн ангид Ротын захирагч хийж байгаад тэтгэвэртээ гараад, хувиараа ОХУ-аас бараа бүтээгдэхүүн оруулж ирж Монголд худалдаалдаг байсан. Тэгээд 2005-2006 онд эхнэрээсээ салаад ээжийнд БГД-ийн 21 дүгээр хороо Горькийн 21-773 тоотод ирж амьдрах болсон, манай ээж хашаандаа байшин барьж өгөөд тэндээ ах маань ганцаараа амьдах болсон юм. Ээж маань 2012 онд нас барснаас хойш ах маань архи түлхүү уух болсон хэлж ярьхаар би өнгөрсөн хүн, надад анхаарал тавиад хэрэггүй, өөрийгөө л бод гэдэг байсан юм. Ер нь талийгаач ах маань зожиг, архи уусан үед хүнтэй нийлээд байдаггүй ганцаараа л архи уугаад байдаг хүн байсан юм.

2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 14 цаг 30 минутын үед намайг гадуур явж байхад дунд ах Б- над руу залгаад том ах унтаж байгаа юм шиг хурхираад байна гэхээр нь би эмнэлэг дуудаач ээ гэсэн би нэгжгүй байна гэхээр нь би Б- руу нэгж явуулчихаад, би өөрөө түргэн тусламж руу залгасан боловч холбогдож чадахгүй байхаар нь дүү Солонго руу залгаж түргэн тусламж дуудаарай гэж хэлээд би шууд ахынхаа БГД-ийн 21 дүгээр хороо Горькийн 21-773 тоотод яваад очтол Э- ах маань нас барчихсан байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-н 50-51/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Б-ийн өгсөн:

“...2018 оны 10 дугаар сарын 18-ны өглөө 08 цаг 30 минутын үед би босчихоод бие засчихаад машинаа асаачихаад гэрт орохоосоо өмнө ахын гэрээр нь орж харахад ах байсан. Би авч ирсэн хонио гаргах газар байхгүй байна, та бид хоёр гаргаж чадахгүй, хадам ээжийн гэрт очиж Дгийн дүүг ажилдаа явахаас нь өмнө очиж янзлуулаад ирье гээд хэлсэн. Ах тэгсэн чинь тэг тэг бид хоёр гаргаж чадахгүйгээс хойш очоод гаргуулчих гээд хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр машинтайгаа хадам ээжийн БГД 10-р хороо Зүүн наран руу явсан. Гэрээсээ 09 цагийн үед гараад хадам ээжийнд очсон байгаа. Тэгээд хонио гаргуулчихаад гэдэс дотрыг нь чаначихаад том огурцыний шилэнд шөлнөөс хийж чанасан гэдэс дотроосоо аваад Э- ахад өгөхөөр ганцаараа гэртээ орой 19 цагийн үед очсон. Тэгсэн чинь Э- ах гэртээ байхгүй, гараад явсан байсан. Эхнэртээ би утсаар Э ах байхгүй гараад явсан байна гэж хэлчихээд гэртээ байж байсан. Орой 23 цагийн үед эхнэр гэрт ирсэн ба энэ үед нь би Э ах байхгүй байгаад байна гэж эхнэртээ хэлж байсан. Тэгээд би яагаад ирэхгүй байгаа юм бол, оройд бол ямар ч согтуу байсан хүрээд ирдэгдээ гэж хэлчихээд хөшигөө жаахан тал онгойлгочихоод зурагт үзэж байгаад нохой хуцвал харчихаад байж байсан. Би ахыг ирж магадгүй гэж бодоод явган хүний ордог хаалгыг түгжээгүй онгорхой орхисон байсан. Тэгээд 01 цаг өнгөртөл би харж байгаад унтчихсан байсан. 2018 оны 10-р сарын 19-ний өглөө би 08 цаг өнгөрч байхад босчихоод би гарч бие засаад машинаа асаачихаад эргээд гэртээ орохдоо Э ахын байшингийн цонхоор харахад ирээгүй байхаар нь эхнэр Дд Э ах ирээгүй байна гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр гарах гээд хашааны машины орж гарах хаалгыг онгойлгосон ба онгойлгосныхоо дараа Э ах энд байж байна гэхээр нь би яваад очтол Э ах хашаа налаад суучихсан, хурхираад чичирсэн байдалтай, гутал нь хашааны явган хүний хаалганы орчимд тайлагдчихсан байдалтай сууж байхаар нь би одоо оруулъя гээд би цээжнээс нь өргөөд эхнэр хөлнөөс нь бариад дамжлаад оруулсан. Энэ үед Д надад хөлийг нь барьж үзээд хөл нь дулаахан байна, архи уугаад тасарчихсан юм шиг байна, зүгээр байгаа гэж ярилцаад оруулсан. Байшинд нь оруулаад орон дээр нь хэвтүүлчихээд хөнжлийг нь нөмрүүлчихээд би гал түлчихээд байшинг нь дулаацуулчихаад за ингэж байгаад босоод ирэх байх гэж бодоод эхнэр бид хоёр хадам ээжийнх рүү явах ёстой байсан учир хадам ээжийнх рүү явсан. Манай хүү Г 10 цагт машинаа зарахаар хүнд үзүүлнэ гэж байсан учир бид хоёр эрт явах байсан, машин нь миний нэр дээр байдаг юм. Тэгээд гэрээс 09 цаг өнгөрч байхад гараад хадам ээжийнд очсон. Очиж байж байгаад Д ер нь чи яв, Э ах сонин байсан, чи очиж шөл хийж өг гээд надад хэлэхээр нь би одоо сэрсэн байх гээд гэртээ харихаар 13 цагийн үед явсан. Гэрт ирэхэд яг л өглөө оруулж хэвтүүлсэн чигтээ хэвтэж байсан ба гар нь хөнжил дотроос гарчихсан байсан. Хурхирч байгаа юм шиг байдалтай байгаад байхаар нь би гэртээ орж сууж байгаад энэ ер нь яагаад ярихгүй, дуугарахгүй байгаа юм бол гэж бодоод гэрт нь явж ороод Э ахаа босоочээ гээд орилоход дуугарахгүй хэвээрээ байгаад байхаар нь би очиж хөдөлгөж үзэхэд ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй, гэхдээ л унтаж байгаа юм шиг байгаад байхаар нь дүү О руу залгах гэхэд нэгж дуусчихсан байсан. Тэгэхээр нь 404 тоот урд нь хийгээд араас нь дүүгийн дугаарыг хийж залгахад дүү О таслаад залгасан. Тэгэхээр нь би ийм юм болчихлоо гэхэд та өглөө л эмнэлэгт үзүүлчихгүй, түргэн дуудахгүй яасан юм гэхээр нь би яаж мэдэх вэ дээ, тасраад унтчихсан, даарсан байна гэж бодоод л гал түлж өгсөн, миний нэгж байхгүй байна гэхэд над руу 3.000 төгрөгийн нэгж явуулсан. Тэгээд би Од чи түргэн дуудчих гэж хэлсэн. Тэгээд дараа нь би эхнэр Д рүү залгахад утас нь холбогдох боломжгүй байна гэхээр нь хадам ээжийн 88774178 дугаарт залгаж Дтэй ярих гээд залгахад утас нь авахгүй байхаар нь би өөрөө машинаа асаагаад хашааны наад талаас нь Дд өглөө чамтай явдаггүй байж, ах маань болохоо байчихаад байна, утсаа авахад яадаг юм, хэрэгтэй үед утсаа авахгүй яасан юм гээд хэлэхэд Д утас унтарсан байна, ээж нэгжгүй байсан учир авч яриагүй юм гээд хэлэхээр нь би эргээд гэртээ харихаар явсан. Тэгээд араас Д хүү Гын машинтай Н тэр гурав ирсэн. Тэгээд ороод ах ийм болчихсон байна гэхэд талийгаачийн амьсгал нь сонин болчихсон, нэг урт амьсгалаад зогсчихоод таталт өгөөд байгаа ч юм уу гэмээр болчихсон байгаад байхаар нь дахиад түргэний 103 хүрч ирсэн. Ирээд үзсэн чинь өнгөрчихсөн байна гэж хэлсэн. Духанд нь учирсан гэмтлийг би огт санахгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 55-56/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Дгийн өгсөн:

“...Би талийгаач Э-ын төрсөн дүү Б-ийн эхнэр нь байгаа юм. Талийгаачийг 2018 оны 10-р сарын 18-ны өглөө нөхөр Б- бид хоёр гэрт нь оруулаад 08 цаг өнгөрч байхад бид хоёр явлаа шүү Э ахаа гэхэд би өдөр гэрээсээ гарна шүү гэж хэлээд үлдсэн. Тэгээд нөхөр бид хоёр орой 20 цаг өнгөрч байхад манай нөхөр ирэхэд Э- ах ирээгүй байсан гэсэн. Намайг 23 цагийн үед ирэхэд бас л ирээгүй байсан. Бид хоёр телевизор харж 02 цаг хүртэл байсан ба нойр хүрээд унтчихсан. 2018 оны 10-р сарын 19-ний өглөө 10 цаг болж байхад ажилдаа явах гээд хашааны том хаалгыг онгойлготол Э- ах хаалганы үүдэнд хашаа налчихсан 2 гутал нь хашааны үүдэнд тайлагдсан байдалтай, малгай нь хашааны үүдэнд гутлынх нь завсар унасан, Э- ах өөрөө чичирчихсэн сууж байхаар нь би нөхөртөө Э- ах энд сууж байна гээд дуудсан чинь хүрээд ирсэн. Манай нөхөр цээжнээс нь өргөөд би хөлнөөс нь өргөөд өөрийнх нь байшинд оруулж орон дээр нь хэвтүүлсэн. Тэгээд гал түлчихээд бид хоёр 10 цаг өнгөрч байхад ажилдаа явсан. Тэгээд бид хоёр Хар хорин зах дээр хүрч ирээд наймаа хийх гэж байгаад би нөхөртөө хандаж чи Э ах дээр оч, өглөө согтуу үлдсэн, бааж, шээсэн байсан, очиж аяга шөл хийж өг гээд хэлсэн чинь манай нөхөр Б- гэртээ харихаар 12 цагийн үед явсан. Тэгээд би гэртээ ирчихлээ гээд нөхрийгөө ярихаар нь Э ах яаж байна гэхэд өглөөнийх шигээ хурхираад унтаад байна гэхээр нь унтаж байгаа юм бол чи байж байгаад шөл хийгээд өгчих гэж хэлчихээд утсаа салгачихаад байж байтал 5 минутын дараа Б- над руу дахиж залгаад Э ахын дуу нь сонин болоод нүүр нь шарлаад ирлээ гээд орилхоор нь би такси бариад гэртээ шууд очсон. Замдаа түргэн дуудаад очсон. Гэрт очиход яг хэдэн цаг болж байсан гэдгийг санахгүй байна. Ороход Э ах татчихсан юм шиг, хоолой нь сөөнгөтөж сонин болчихсон байхаар нь би цээж, нурууг нь илэхэд хөлстэй, нойтондуу байсан. Тэгээд л түргэн ирэхээс өмнө амьсгал хураасан. Энэ үед гэрт нөхөр бид хоёр л байсан. Хэнтэй хаачих гэж хэзээ гарсан гэдгийг бол хэлж мэдэхгүй байна. Гадуур хонууд, өнжүүдээр явдаггүй хүн яасан юм бол гээд их л хүлээж хоносон байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-н 57-60/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Огийн өгсөн:

“...Миний төрсөн ах талийгаач Ж-ийн Э- 1962 оны 10-р сарын 14-ний өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн. ...Би хамгийн сүүлд 2018 оны 10-р сарын 09-ний өдөр талийгаачтай гэрт нь очиж уулзсан. Тэр үед талийгаач архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Биеийн байдал нь хэвийн байсан. Өмнө нь 2018 оны 09-р сарын 19-ний өдөр талийгаач надруу холбогдоод "ах нь хэд хоногийн өмнө хүнд зодуулаад" гэж хэлсэн юм. Би шууд гэрт нь очиход хавирга нь гэмтсэн байсан. Би ахыг эмнэлэг рүү дагуулж явах гэхэд ах "эмнэлэг явахгүй, чи зүгээр барын наалт аваад ир, өвчин намдаах эм, хоол хүнс аваад ир, надад мөнгө өг" гэж хэлээд эмнэлэг явахаас эсэргүүцээд байсан. Тэгээд би эм тариа, хоол хүнс авч өгөөд явсан. Би талийгаачид гар утас, хувцас гээд хэрэгтэй болгоныг нь авч өгдөг байсан. Тэр болгоныгоо хүнд алдчихлаа гэж хэлдэг байсан. Харин хэн гэх хүнд зодуулж байсан талаар огт хэлдэггүй.

2018 оны 10-р сарын 19-ний өдөр 13 цагийн үед Б- ах надруу 80804712 дугаарын утаснаас холбогдоод "ах их сонин болсон байна, хурхираад унтаад байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би "унтана гэж юу байсан юм, эмнэлэг дуудаач" гэж хэлсэн. Тэгээд шууд гэрт нь яваад очиход талийгаач нас барсан. Б- ах өөр юм ярьж хэлээгүй. Талийгаач 86869190 дугаар хэрэглэдэг байсан. Талийгаач уг дугаарыг 2018 оны 09-р сарын дунд үеэс хойш хэрэглэхгүй болсон…” гэх мэдүүлэг /1-р хх-н 61-62/,

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Нын өгсөн:

“...2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр би Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн 11-7 тоотод охин Н.А-ын хамт гэртээ байж байтал өдөр 13 цагийн үед манай хойд эцэг Б- авто машинтайгаа ирээд хашааны үүдэнд ирээд ахын бие муудаад байна гэж хэлчихээд яваад өгсөн. Би дэлгүүрийн   үүдэнд байсан Гыг дуудаад Гын машинтай хамт Баянгол дүүргийн 21 хороо Горькийн 21-773 тоотод очсон. Очоод Э ахын гэр лүү ороход Э ах орон дээр хэвтэж байсан. Ээж 30 минутын өмнө түргэн тусламж дуудчихсан гээд хүлээж байтал, 10 минутын дараа Э ах өөд болчихсон. Удалгүй эмч нар ирээд өнгөрчихсөн байна гээд бичиг хийж өгөөд цагдаа дуудсан. 30 минутын дараа цагдаа ирээд үзлэг хийж байгаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 66-67/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Дгийн өгсөн:

“...2018 оны 10-р сарын 17-оос 18-ны шилжих шөнө баар хаах цагаар буюу 03 цагийн үед О бид хоёр Гэмтлийн эмнэлгийн хажууд байх 25-р байрны орцноос гарч явсан. Бид хоёр хоёулаа төв зам дагуу Баянгол дэлгүүр хүртэл баараар явж хогийг нь хаяж өгөөд шил, лааз түүсэн байгаа. Тэгээд өглөө гэгээ ортол явж байгаад Б-гийн горооны цэг 08 цагийн үед онгойгоод түүсэн юмаа тушаачихаад О, Б бид гурав Б-гийн цагаан дэлгүүрээс Хандгай гээд архи 1 шилийг аваад хувааж ууцгаасан. Тэгээд дахиад л Гэмтлийн эмнэлгийн голоор тойрч яваад шил, лааз түүж яваад дахиад Б-гийн горооны цэг дээр ирж гороогоо 11-12 цагийн үед тушаачихаад 0.5 граммын Хандгай нэртэй архиа хувааж ууцгаасан. Тэгээд жоохон амрая гээд цэгийн хойд талд сүм рүү өгссөн шатан дээр 1 цаг орчим сууж байгаад дахиад л хогоо түүж гэмтлийн эмнэлгээс авхуулаад л цаашаа явсан. Эргээд цэг хаахаас өмнөхөн 16-17 цагийн үед горооны цэг дээр ирж түүсэн юмаа тушаачихаад цагаан дэлгүүрийн үүдэнд О, Б ах бид гурав суусан. Тэгээд сууж байхад Э- ах нимгэн саарал цамц өмссөн 40 орчим насны хүнтэй хамт дэлгүүр лүү орж байсан ба бид нартай мэндэлчихээд орсон. Дэлгүүрээс гарч ирэхдээ Э- ах 0.75 граммын Хандгай архи авчихсан нөгөө залуутайгаа хамт гарч ирсэн ба гарч ирээд тэр хүн шууд яваад өгсөн ба О, Б бид гурвыг сууж байхад Э- ойр зуурын юм ярьж байгаад Оыг Э- ах ганц юм байна, хуваагаад ууя гээд далангийн урд талд байх бөөрөнхий контейнерийн хажууд очоод архиа хувааж ууцгаасан ба би архи уудаггүй учир архинаас нь уугаагүй. Архиа ууж байгаад талд нь орох үед Б ах Э- ахтай архинаасаа болж чи их уулаа гэж маргалдаад талийгаач Э- газар зүүн хөлөөрөө өвдгөлчихсөн, баруун хөлөө нугалаад түшээд сууж байхад нь Б цээж рүү нь баруун гараа атгаж байгаад 1 удаа цохисон, харин О 2 гараараа түлхэхэд талийгаач Э- толгойгоороо хойшоогоо савж дээшээ харж унасан. Унасны дараа толгой тархинаас нь цус гараагүй. Босч ирээд талийгаач суугаад үлдсэн тал шил архиа хувааж уучихаад О, Б, талийгаач Э- бид нар гэрлэн дохиогоор зам гарч гэмтлийн эмнэлгийн урдуур голын замын дагуу явж байгаад 25-р байрны 12 давхар цэнхэр өнгийн 1 орцтой байрны гадна балконы доор очиж сууцгаасан. О шуудайн дотроо нэг шил Хандгай нэртэй архи авч явсан байсныг гаргаж ирээд О, Б, талийгаач Э- нар хувааж уусан. Ууж байгаад архийг талд нь оруулаад байж байхад нь би бие засах гээд явсан ба эргэж ирэхэд Б талийгаачтай маргалдаад пизда минь наад нэг юмаа явуулах юм уу, үгүй юм уу гэж Б талийгаачид хандаж хэлсэн. Талийгаач юу ч хэлэлгүй үлдсэн жоохон архиа тойруулж байсан. Тэгээд архиа ууж дууссаны дараа О яагаад ч юм гэнэт талийгаач Э-т уурлаад талийгаачийг зүүн хөлөө нугалаад газар тулчихсан, баруун хөлөө гараараа тулчихсан сууж байхад нь нэг юм хэлээд түлхэж унагасан ба зүүн талаас нь түлхээд баруун тал руу нь унагасан. Унахдаа талийгаач толгойгоороо газар мөргөж баруун шанаагаараа унасан, Унасных нь дараа нь гараараа элэг рүү нь 1 удаа баруун гараараа цохиод, баруун хөлөөрөө элэг орчимд нь өшиглөөд газраас нэг дөрвөлжин томхон юм аваад баруун шанаа орчим руу нь 1-2 удаа цохисон. Талийгаач газар хэвтчихээд ёолоод, болиоч, би чамайг яасан юм, чи яагаад уурлаад байгаа юм гээд хэлж байсан. О тэгээд болиод гартаа барьсан юмаа баруун тийш шидсэн байгаа. Тэгээд босч ирэхэд нь шанааных нь баруун талдаа цус болчихсон байсан. Тэгээд О, Б, талийгаач Э- бид нар зодолдсоноос хойш 30 орчим минут сууж байхад талийгаачийн толгойноос цус гараад байсан. Тэгээд бид нар тэндээс нилээн бүрэнхий болсон байхад гараад Гэмтлийн эмнэлгийн хойд талын замаар явж байгаад намайг замын голд чи энд зогсож бай, Б бид хоёр Э- ахыг гэрт нь дөхүүлж өгөөд ирье, наанаа байж байгаарай гээд явсан.

Явчихаад 1 цаг орчим би хүлээж бай гэсэн газар нь хүлээж байтал ирсэн. Ирээд онц юм ярилгүй Э- ахыг дөхүүлж өгчихөөд ирлээ гэсээр Б, О хоёр хамт ирсэн. Тэгээд бид гурав цаашаа шил, лаазаа түүхээр хорооллын эцсийн машины гэмтлийн эмнэлэгийн голын замаар явж байгаад Баянгол дэлгүүр хүрээд буцаад хорооллын эцэс рүү замын голоор явж гороогоо түүж явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 85-88/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Бын өгсөн:

“...2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Би Д, О нарын хамт Б-аагийн хогийн цэг дээр 20 цагийн үед байх би одоо цагаа сайн санахгүй байна. Тэнд очоод байж байх үед Э- ганцаараа түүсэн хуванцар хогоо тушаах гээд явж байх шиг байсан. Тэгээд тэр Б-аагийн хогийн цэг авдаг газрын хажуу талын дэлгүүрээс Д нэг шил Хандгай нэртэй архи авсан. Тэгээд Э-, О, Д бид нар Б-аагийн түүхий эд авдаг газраас урд талд далангийн ард талд байрлах гражны голд орж нэг Хандгай нэртэй архи авч уусан. Тэгээд архиа ууж тэнд архинаас болж О, Э- бид гурав муудалцсан. Тухайн үед Э- бид хоёр муудалцсан. Би Э- хар ус харамлалаа гээд тэрнээс болж маргалдсан. Тэгээд би эхлээд Э-ыг босоод зогсож байх үед нь цээж нь тус газар нь баруун гараараа нэг удаа түлхэж унагасан. Тэгээд Э- өөрөө босоод ирсэн. Тэгсэн Э- босч ирэнгүүтээ намайг зүүн шанаан тус газар баруун гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгсэн намайг Э- цохисон чинь О Э-ыг цээж нь тус газар нь баруун гараараа нэг удаа түлхсэн чинь Э- арагшаагаа саваад унасан. Тэгсэн Э- өөрөө босоод ирсэн. Тэгээд Э-, О бид гурав архиа ууж дуусгасан. Тэгээд Э-, О, Д бид нар тэр газраас хөдлөөд дээшээ өгсөөд Талст угаалгын газрын урдуур явсан. Би тухайн угаалгын газраар орж саванд ус хийж авсан. Тэр саванд усаа хийж аваад Э-, О, Д бид нар 25-р байрны хогийн савыг очиж ухчихаад 25-р байрны баруун талд граж байр хоёрын голд ороод нэг шил хандгай нэртэй архи Э-, О бид нар хувааж уусан. Тухайн үед тэр сүүлд хувааж уусан хандгай нэртэй архийг Э- гаргаж ирсэн. Тэгээд тэр архийг ууж байх үед Э- нь өдөр нь хаягдал саваа тушаачихаад мөнгөөрөө ганцаараа архи авч уучихаад яваад өгсөн. Тэрнээс болж О, Э- хоёр маргалдсан. Тэгэхээр нь би дундуур нь ороод Э-ыг цээжрүү нь гараараа түлхэж унагасан. Тэгсэн Э- босч ирээд намайг баруун гараа атгаж байгаад шанаан тус газар нэг удаа цохисон. Тэгсэн Э- намайг цохисон чинь О намайг өмөөрөөд Э-ыг түлхэж унагахад тархиараа газар тас гэдэргээ саваад унасан. Тэгсэн О нүүр тус газар нь гартаа байсан гууль шиг төмрөөр нэг удаа цохисон. Тэгээд Э- цохиулчихаад босоод ирсэн. О Э-ыг түлхэж унагаад цохисны дараа босч ирэх үед нь толгойн ар дагз хэсгээс цус гарч байсан. Тухайн үед савж унахдаа чулуу таарсан байх.

Тухайн үед гадаа бүрий тасарч, харанхуй болж байсан болохоор би амь хохирогч Э-ыг О яг юугаар цохисныг анзаарч хараагүй, газраас юм аваад л толгой хэсэгт нь нэг удаа цохисон, толгойн яг аль хэсэгт нь цохисныг анзаарч хараагүй. О тухайн үед сан техник угсралт холболтын гуулин төмөр барьж явсан болохоор би урьд өгсөн мэдүүлэг дээрээ Оыг гуулин төмрөөр амь хохирогчийг цохисон гэж мэдүүлсэн. Би тэр гуулин төмрөөр цохисон уу, газраас чулуу аваад цохисон уу гэдгийг нь хараагүй. Тухайн үед О намайг өмөөрөөд амь хохирогч Э-ыг ар дагз хэсгээр нь газар шороон дээр түлхэж унагаагаад дээрээс нь газраас юм аваад л толгой хэсэг рүү нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /1-р хх-н 95-98, 223/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 2323 тоот:

          1. Талийгаач Ж.Э-ын цогцост зүүн чамархай ясны шугаман хугарал, зүүн чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, уртавтар тархинд няцрал, зүүн чамархайн булчин, хуйханд цус хуралт, дух, баруун хөмсөг, баруун доод зовхинд зулгаралт, хуйханд шарх, баруун 4-10-р хавирганы хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх зүүн чамархайн ясны шугаман хугарал, зүүн чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсны дээрх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, уртавтар тархинд няцрал, зүүн чамархайн булчин, хуйханд цус хуралт, дух, баруун хөмсөг, баруун доод зовхины зулгаралт гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

          3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

          4. Талийгаач дээрх зүүн чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсны дээрх цусан хурааны улмаас тархи шаантаглаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ.

          5. Дээрх хатуу хальсан дээрх цусан хураа нь нас барахаас 18-24 цагийн өмнө үүссэн байх боломжтой байна.

          6. Үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй.

          7. Нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.

          8. Талийгаач АВ /IV/ бүлгийн цустай байна гэх дүгнэлт /1-р хх-н 113-115/,  

 

          - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 3-8, 13-25/, 

          - хохирлын баримтууд /231-242/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 184/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 190/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Э.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 2018 оны 10 дугаар сарын 18-ны орой Баянгол дүүргийн 7 дугаар хороо 25 дугаар байрны гадаа архидан согтуурч, маргалдан улмаар өөрийн танил болох Ж.Э-ыг түлхэж унагаан, толгойн тус газарт нь цохиж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Огийн      “...2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 14 цаг 30 минутын үед намайг гадуур явж байхад дунд ах Б- над руу залгаад том ах унтаж байгаа юм шиг хурхираад байна гэхээр нь би эмнэлэг дуудаач ээ гэсэн би нэгжгүй байна гэхээр нь би Б- руу нэгж явуулчихаад, би өөрөө түргэн тусламж руу залгасан боловч холбогдож чадахгүй байхаар нь дүү Солонго руу залгаж түргэн тусламж дуудаарай гэж хэлээд би шууд ахынхаа БГД-ийн 21 дүгээр хороо Горькийн 21-773 тоотод яваад очтол Э- ах маань нас барчихсан байсан юм...” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.Дгийн “...Талийгаачийг 2018 оны 10-р сарын 18-ны өглөө нөхөр Б- бид хоёр гэрт нь 08 цаг өнгөрч байхад бид хоёр явлаа шүү Э ахаа гэхэд би өдөр гэрээсээ гарна шүү гэж хэлээд үлдсэн. Тэгээд нөхөр бид хоёр орой 20 цаг өнгөрч байхад манай нөхөр ирэхэд Э- ах ирээгүй байсан гэсэн. Намайг 23 цагийн үед ирэхэд бас л ирээгүй байсан. Бид хоёр телевизор харж 02 цаг хүртэл байсан ба нойр хүрээд унтчихсан. 2018 оны 10-р сарын 19-ний өглөө 10 цаг болж байхад ажилдаа явах гээд хашааны том хаалгыг онгойлготол Э- ах хаалганы үүдэнд хашаа налчихсан 2 гутал нь хашааны үүдэнд тайлагдсан байдалтай, малгай нь хашааны үүдэнд гутлынх нь завсар унасан, Э- ах өөрөө чичирчихсэн сууж байхаар нь би нөхөртөө Э- ах энд сууж байна гээд дуудсан чинь хүрээд ирсэн. Манай нөхөр цээжнээс нь өргөөд би хөлнөөс нь өргөөд өөрийнх нь байшинд оруулж орон дээр нь хэвтүүлсэн. Тэгээд гал түлчихээд бид хоёр 10 цаг өнгөрч байхад ажилдаа явсан. ...Ажлаас нөхөр 12 цагийн үед явсан. Тэгээд би гэртээ ирчихлээ гээд нөхрийгөө ярихаар нь Э ах яаж байна гэхэд өглөөнийх шигээ хурхираад унтаад байна гэхээр нь унтаж байгаа юм бол чи байж байгаад шөл хийгээд өгчих гэж хэлчихээд утсаа салгачихаад байж байтал 5 минутын дараа Б- над руу дахиж залгаад Э ахын дуу нь сонин болоод нүүр нь шарлаад ирлээ гээд орилохоор нь би такси бариад гэртээ шууд очсон. Замдаа түргэн дуудаад очсон. Гэрт очиход яг хэдэн цаг болж байсан гэдгийг санахгүй байна. Ороход Э ах татчихсан юм шиг, хоолой нь сөөнгөтөж сонин болчихсон байхаар нь би цээж, нурууг нь илэхэд хөлстэй, нойтондуу байсан. Тэгээд л түргэн ирэхээс өмнө амьсгал хураасан. Энэ үед гэрт нөхөр бид хоёр л байсан. Хэнтэй хаачих гэж хэзээ гарсан гэдгийг бол хэлж мэдэхгүй байна. Гадуур хонууд, өнжүүдээр явдаггүй хүн яасан юм бол гээд их л хүлээж хоносон байгаа...” гэх мэдүүлэг,

гэрч Ж.Огийн “...2018 оны 10-р сарын 19-ний өдөр 13 цагийн үед Б- ах надруу 80804712 дугаарын утаснаас надруу холбогдоод "ах их сонин болсон байна, хурхираад унтаад байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би "унтана гэж юу байсан юм, эмнэлэг дуудаач" гэж хэлсэн. Тэгээд шууд гэрт нь яваад очиход талийгаач нас барсан…” гэх мэдүүлэг,

 

гэрч О.Нын “...2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр би Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн 11-7 тоотод охин Н.А-ын хамт гэртээ байж байтал өдөр 13 цагийн үед манай хойд эцэг Б- автомашинтайгаа ирээд хашааны үүдэнд ирээд ахын бие муудаад байна гэж хэлчихээд яваад өгсөн. Би дэлгүүрийн үүдэнд байсан Гыг дуудаад Гын машинтай хамт Баянгол дүүргийн 21 хороо Горькийн 21-773 тоотод очсон. Очоод Э ахын гэр лүү ороход Э ах орон дээр хэвтэж байсан. Ээж 30 минутын өмнө түргэн тусламж дуудчихсан гээд хүлээж байтал, 10 минутын дараа Э ах өөд болчихсон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Дгийн “...2018 оны 10-р сарын 17-оос 18-ны шилжих шөнө баар хаах цагаар буюу 03 цагийн үед О бид хоёр Гэмтлийн эмнэлгийн хажууд байх 25-р байрны орцноос гарч явсан. Бид хоёр хоёулаа төв зам дагуу Баянгол дэлгүүр хүртэл баараар явж хогийг нь хаяж өгөөд шил, лааз түүсэн байгаа. Тэгээд өглөө гэгээ ортол явж байгаад Б-гийн горооны цэг дээр 08 цагийн үед онгойгоод түүсэн юмаа тушаачихаад О, Б бид гурав Б-гийн цагаан дэлгүүрээс Хандгай гээд архи 1 шилийг аваад хувааж ууцгаасан. Тэгээд дахиад л Гэмтлийн эмнэлгийн голоор тойрч яваад шил, лааз түүж яваад дахиад Б-гийн горооны цэг дээр ирж гороогоо 11-12 цагийн үед тушаачихаад 0.5 граммын Хандгай нэртэй архиа хувааж ууцгаасан. Тэгээд жоохон амрая гээд цэгийн хойд талд сүм рүү өгсөн шатан дээр 1 цаг орчим сууж байгаад дахиад л хогоо түүж гэмтлийн эмнэлгээс авхуулаад л цаашаа явсан. Эргээд цэг хаахаас өмнөхөн 16-17 цагийн үед горооны цэг дээр ирж түүсэн юмаа тушаачихаад цагаан дэлгүүрийн үүдэнд О, Б ах бид гурав суусан. Тэгээд сууж байхад Э- ах нимгэн саарал цамц өмссөн 40 орчим насны хүнтэй хамт дэлгүүр лүү орж байсан ба бид нартай мэндэлчихээд орсон. Дэлгүүрээс гарч ирэхдээ Э- ах 0.75 граммын Хандгай архи авчихсан нөгөө залуутайгаа хамт гарч ирсэн ба гарч ирээд тэр хүн шууд яваад өгсөн ба О, Б бид гурвыг сууж байхад Э- ойр зуурын юм ярьж байгаад Оыг Э- ах ганц юм байна, хуваагаад ууя гээд далангийн урд талд байх бөөрөнхий контейнерийн хажууд очоод архиа хувааж ууцгаасан ба би архи уудаггүй учир архинаас нь уугаагүй. Архиа ууж байгаад талд нь орох үед Б ах Э- ахтай архинаасаа болж чи их уулаа гэж маргалдаад талийгаач Э- газар зүүн хөлөөрөө өвдгөлчихсөн, баруун хөлөө нугалаад түшээд сууж байхад нь Б цээж рүү нь баруун гараа атгаж байгаад 1 удаа цохисон, харин О 2 гараараа түлхэхэд талийгаач Э- толгойгоороо хойшоогоо савж дээшээ харж унасан. ... О яагаад ч юм гэнэт талийгаач Э-т уурлаад талийгаачийг зүүн хөлөө нугалаад газар тулчихсан, баруун хөлөө гараараа тулчихсан сууж байхад нь нэг юм хэлээд түлхэж унагасан ба зүүн талаас нь түлхээд баруун тал руу нь унагасан. Унахдаа талийгаач толгойгоороо газар мөргөж баруун шанаагаараа унасан, Унасных нь дараа нь гараараа элэг рүү нь 1 удаа баруун гараараа цохиод, баруун хөлөөрөө элэг орчимд нь өшиглөөд газраас нэг дөрвөлжин томхон юм аваад баруун шанаа орчим руу нь 1-2 удаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Бын “...2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр би Д, О нарын хамт Б-аагийн хогийн цэг дээр 20 цагийн үед байх би одоо цагаа сайн санахгүй байна. Тэнд очоод байж байх үед Э- ганцаараа түүсэн хуванцар хогоо тушаах гээд явж байх шиг байсан. Тэгээд тэр Б-аагийн хогийн цэг авдаг газрын хажуу талын дэлгүүрээс Д нэг шил Хандгай нэртэй архи авсан. Тэгээд Э-, О, Д бид нар Б-аагийн түүхий эд авдаг газраас урд талд далангийн ард талд байрлах гражны голд орж нэг Хандгай нэртэй архи авч уусан. Тэгээд архиа ууж тэнд архинаас болж О, Э- бид гурав муудалцсан. Тухайн үед Э- бид хоёр муудалцсан. Би Э- хар ус харамлалаа гээд тэрнээс болж маргалдсан. Тэгээд би эхлээд Э-ыг босоод зогсож байх үед нь цээж нь тус газар нь баруун гараараа нэг удаа түлхэж унагасан. Тэгээд Э- өөрөө босоод ирсэн. Тэгсэн Э- босч ирэнгүүтээ намайг зүүн шанаан тус газар баруун гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгсэн намайг Э- цохисон чинь О Э-ыг цээжин тус газар нь баруун гараараа нэг удаа түлхсэн чинь Э- арагшаагаа саваад унасан.

...О намайг өмөөрөөд амь хохирогч Э-ыг ар дагз хэсгээр нь газар шороон дээр түлхэж унагаагаад дээрээс нь газраас юм аваад л толгой хэсэг рүү нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 2323 тоот дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганцэцэг гэрч Б, Д нарын мэдүүлгээр талийгаачийг гэрт нь хүргэж өгсөн үү, дэлгүүрийн үүдэнд хүргэж өгсөн үү гэдэг нь нотлогддоггүй. Гэрч Дгийн мэдүүлгийн зөрүүг Б- Б- нарыг асууж тэдгээр хүмүүсийн мэдүүлгээр шалгаж үзэх хэрэгтэй гэж үзэж байна. Иймд хэргийн мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийх шаардлагатай байх тул хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв. Шүүгдэгч Э.О нь “...өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй...” байх эрхийнхээ хүрээнд өөрийгөө гэм буруугүй талаар мэдүүлдэг боловч хэрэг болох үед байсан архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэрч болох Б.Дгийн “...О 2 гараараа түлхэхэд талийгаач Э- толгойгоороо хойшоогоо савж дээшээ харж унасан. ... О яагаад ч юм гэнэт талийгаач Э-т уурлаад талийгаачийг зүүн хөлөө нугалаад газар тулчихсан, баруун хөлөө гараараа тулчихсан сууж байхад нь нэг юм хэлээд түлхэж унагасан ба зүүн талаас нь түлхээд баруун тал руу нь унагасан. Унахдаа талийгаач толгойгоороо газар мөргөж баруун шанаагаараа унасан, Унасных нь дараа нь гараараа элэг рүү нь 1 удаа баруун гараараа цохиод, баруун хөлөөрөө элэг орчимд нь өшиглөөд газраас нэг дөрвөлжин томхон юм аваад баруун шанаа орчим руу нь 1-2 удаа цохисон...” гэх мэдүүлгээр нотлогддог бөгөөд энэхүү мэдүүлэг нь мөн хэрэг үйлдэгдэх үед хамт байсан гэрч Б.Бын “......О намайг өмөөрөөд амь хохирогч Э-ыг ар дагз хэсгээр нь газар шороон дээр түлхэж унагаагаад дээрээс нь газраас юм аваад л толгой хэсэг рүү нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлгээр давхар нотлогдож байх тул шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэх боломжгүй гэрч Б.Д, Б.Б нарын мэдүүлгүүд зөрүүгүйгээр хэргийн үйл баримтыг тогтвортойгоор нотлож байх тул нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзэж өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас Э.От холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Э.Оыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг....” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “.Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлд “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” талаар Иргэний хуулийн 508 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар хавтаст хэрэгт баримтаар тогтоогдсон 2.080.692 төгрөгийг шүүгдэгч Э.Оаас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Од олгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Э.От 10 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан ба шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээж, Хандгай нэртэй 2 ширхэг архины шил, тал тоосго, цементний хэлтэрхий 1 ширхэг, мөлгөр гадаргуу бүхий чулуу 2 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Оын 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 143 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

 1. Шүүгдэгч Э.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.От 10 /арав/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Э.От оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээж, Хандгай нэртэй 2 ширхэг архины шил, тал тоосго, цементний хэлтэрхий 1 ширхэг, мөлгөр гадаргуу бүхий чулуу 2 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Оаас 2.080.692 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Од олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Оын цагдан хоригдсон 143 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялыг 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

           

                   ШҮҮГЧИД                                  Ц.ДАЙРИЙЖАВ

                       

                                                                        А.АЛТАНХУЯГ