Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 433

 

 

 

 

 

 

  2019         5              9                                             2019/ДШМ/433

 

 

Э.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Ганхөлөг,

шүүгдэгч Э.Оын өмгөөлөгч Л.Ганцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Отгонтуяагийн өмгөөлөгч Д.Амаржаргал,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, А.Алтанхуяг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Оын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1805053661004 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

О овгийн Э-ын О, 1989 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн ................. оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:МЮ89110490/;

 

Э.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 18-ны орой Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 25 дугаар байрны гадаа Ж.Эын толгойн тус газарт нь цохиж алсан хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Э.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О овогт Э-ын Оыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.От 10 /арав/ жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Э.От оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СD-г хэрэгт хавсарган үлдээж, “Хандгай” нэртэй 2 ширхэг архины шил, тал тоосго, цементийн хэлтэрхий 1 ширхэг, мөлгөр гадаргуу бүхий чулуу 2 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Оаас 2.080.692 төгрөг гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Отгонтуяад олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Оын цагдан хоригдсон 143 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүний эдлэх ялыг 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.О гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие иргэн Ж.Эыг алаагүй бөгөөд энэ тухайгаа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэг, прокурорын шатанд удаа дараа хэлсэн боловч миний эрхийг зөрчин нэг талыг баримтлан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгч Б.Батбаатар анхнаасаа “муу гудамжны архичин чи алсан, чамайг шоронд чинь хатаана” гэж цахилгаан бороохойгоор зодсон. Мөн гэрч Б.Дэлгэрмаа, Б.Буянцогт нарыг зодож дарамтлан мэдүүлэг авсан, би алаагүй гэхээр хутга үзүүлж “энүүгээр алаа биз дээ” гэдэг байсан. Мөн гэрч нарыг миний эсрэг мэдүүлэг өг, тэгэхгүй бол хорино гэж сүрдүүлж байсныг би өөрийн нүдээр харсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчин надаас удаа дараа өмгөөлөгчгүй байцаалт авсан. Энэ новшид энэ хэргийг үүрүүлчихвэл цол нэмнэ гээд ярьж явсныг би дам сонссон. Энэ тухай прокурорт хэлэхээр прокурор Ганхөлөг нь надаас чи цохиж алсан төмрөө өгчих гэж тавладаг байсан. Тэр өдөр талийгаач Ж.Этай дэлгүүрт зөрсөн болохоос гэрч нарын мэдүүлсэн шиг өдөржин хамт байгаагүй. Үүнийг нотлох Болд, Батсайхан нараас нэг ч удаа гэрчийн мэдүүлэг аваагүй. Мөн миний зам маршрутыг нэг ч шалгаагүй зэрэг нь зөвхөн намайг гэмт хэрэгтэн болгох зорилго агуулсан мэт байна. Би төрөлхийн солгой, талийгаач Ж.Эын шүүх эмнэлгийн дүгнэлтэд баруун гарын үйлчлэлээр үүссэн гэмтлийн улмаас нас барсан гэсэн бөгөөд энэ хэргийг зүүн гартай буюу солгой хүн үйлдэх боломжгүй гэж шүүх хуралдааны үед шинжээч Номинцэцэг баталсан. Мөн гэрчийн мэдүүлгүүд нь зөрүүтэй. Буянцогт “би зодсон” гэж байхад шалгаагүй, зөвхөн нэг талыг барьсан нь мөрдөгч, прокурорын үзэмжээр шийдвэрлэсэн хэрэг гэж үзэж байна. Би архи ууж, хог ухан дэмий сэлгүүцдэг нь үнэн боловч хүний алтан аминд хүрсэн зодоон хийгээгүй. Мөн ар гэр, ах дүү нарын хөөцөлдлөгөө муу байсан учир мөрдөгч, прокурорын үзэмжээр шийдвэрлэсэнд гомдолтой байгааг харгалзан үзэж, хэргийг минь үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Э.Оын өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Оын гаргасан гомдлыг дэмжиж байгаа. Э.От холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6, 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Э.О энэ хэргийн талаар огт мэдэхгүй, санахгүй байна гэдэг. Тэрээр хэрэг гарсан гэх 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Болд, Батсайхан гэх хүмүүстэй хамт архи уусан талаар шүүх хуралдаанд мэдүүлж байхад энэ  талаар ажиллагаа хийгээгүй, хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн дүүрэн судалж шинжлээгүй. Талийгаачтай хамт явсан гэх газруудын камерын бичлэгийг шүүлгэх хүсэлтийг гаргаж байсан. Камерын бичлэгүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг дутуу хийсэн. Б.Буянцогтын гэрчээр өгсөн  мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн. Тэрээр хоёр удаа мэдүүлэг өгөхдөө талийгаач Эыг зодооны дараа хүргэж өгсөн эсэх талаар зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Энэ нь хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой. Б.Буянцогтын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг хийлгүй орхигдуулсан. Зодоон болсноос хойших цаг хугацаанд гэмт хэргийг хэн үргэлжлүүлсэн бэ гэдэг асуудал эргэлзээтэй. Хэргийн газраас 2 ширхэг чулуу, тал тоосго, цементний хэлтэрхий зэргийг илрүүлэн хураан авсан боловч эдгээр зүйлд биологийн ул мөр илэрсэн талаар шинжилгээ хийлгээгүй. Шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2323 тоот дүгнэлтэд “Цогцост зүүн чамархай ясны шугаман хугарал, зүүн чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа” зэрэг гэмтэл учирсан болох нь тогтоогдсон. Талийгаач нь зүүн чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хурааны улмаас тархи шаантаглаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан гэсэн. Талийгаач Э, О нарын маргах болсон шалтгаан нь гэрч Б.Буянцогт талийгаачтай эхэлж маргалдсан, зодолдсон асуудлаас үүдэлтэй байдаг. Б.Дэлгэрмаа гэрчээр мэдүүлэхдээ “Эыг зүүн хөлөөрөө газар өвдөглөчихсөн, баруун хөлөө нугалаад сууж байхад нь Буянцогт цээж рүү нь баруун гараа атгаж байгаад нэг удаа цохисон. ...О зүүн талаас нь түлхэж баруун тал руу нь унагасан. Талийгаач унахдаа толгойгоороо газар мөргөж баруун шанаагаараа унасан. ...баруун шанаа орчим руу нь 1-2 удаа цохисон” гэж, мөн тус мэдүүлэгтээ “О зүүн тал руу нь цохиж баруун талаар нь унагасан” гэх зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг. /1хх 86/ Мөн Б.Буянцогт гэрчээр мэдүүлэхдээ “...би эхлээд Эыг босоод зогсож байх үед нь цээжин тус газар нь баруун гараараа нэг удаа түлхэж унагасан. ...25 дугаар байрны баруун талд гараж, байр хоёрын голд О, Э хоёр маргалдсан. Тэгэхээр нь би дундуур нь ороод Эын цээж рүү нь гараараа түлхэж унагасан” гэж мэдүүлэг өгсөн байдаг. Талийгаачийн амь нас хохирох гэмтлийг хэн учруулсан бэ, Буянцогтын түлхэж унагасан үйлдлээс талийгаачид ямар гэмтэл учирсан бэ гэдгийг ялган тогтоох шаардлагатай байсан зэрэг асуудлууд эргэлзээтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Отгонтуяагийн өмгөөлөгч Д.Амаржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

Прокурор Г.Ганхөлөг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр амь хохирогч Ж.Э нь 19 цагийн үед түүхий эд тушаах газар очсон. Мөн тухайн цаг хугацаанд, тухайн газар шүүгдэгч Э.О нь Б.Буянцогт, Б.Дэлгэрмаа нарын хамт ирсэн болох нь Бадамсүрэн, Буянцогт, Дэлгэрмаа нарын мэдүүлгээр нотлогддог. Дараа нь амь хохирогч дэлгүүрээс “Хандгай” нэртэй архи худалдан авч, түүнийгээ хувааж уун хоорондоо маргалдан Э.О нь амь хохирогчийн толгой руу цохиж гэмтэл учруулсны улмаас 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нас барсан болох нь гэрч нарын мэдүүлэг, гэрч Б.Дэлгэрмаагийн мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон. Гэрч Б.Дэлгэрмаагийн мэдүүлгээр тухайн үед Б.Буянцогт амь хохирогчийг түлхсэн ч амь насанд нь ямар нэгэн байдлаар гэмтэл учруулахуйц хүчтэй түлхсэн талаар мэдүүлдэггүй. Харин Э.О нь амь хохирогчийн нүүрэн тус газар нь цохиход толгойгоороо хойшоо савж унахаар нь чулуу юм уу, ямар нэг зүйлээр толгой руу нь 1-2 удаа цохисон талаар гэрч Б.Дэлгэрмаа мэдүүлдэг. Б.Дэлгэрмаа нь тухайн өдөр хамт явахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй ганц хүн нь байсан бөгөөд энэ талаар шүүгдэгч, гэрч нар мэдүүлдэг. Шүүгдэгч Э.О нь “амь хохирогчийг дэлгүүр дотор нэг хүнтэй хамт явж байсан. Тухайн хүнтэй нь би маргалдаж байсан санагдаж байна” гэж мэдүүлдэг. Шүүгдэгчийн өмгөөлөгч Болд, Батсайхан гэх хүмүүсийн талаар яриад байна. Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад өөр өөр хүмүүсийн нэр хэлж байсан. Тухайн хүмүүсээс нь асуухаар амь хохирогч болон Э.О нартай уулзсан гэж  мэдүүлдэггүй. Болд, Батсайхан гэх хүмүүсийн нэрийг анхан шатны шүүх хуралдаанд л хэлсэн.  Хэргийн нөхцөл байдал, маршрутыг бүрэн тогтоосон. Хэргийн газарт үзлэг хийгээд чулуу болон ямар нэгэн зүйлээр цохисон байж магадгүй гэсэн мэдүүлгийг үндэслэн цусны толбо болсон тал тоосго, чулуу зэрэг зүйлийг хураан авч шинжилгээ хийлгэх гэсэн боловч биологийн шинжилгээнд тэнцэхгүй гэсэн хариу гарсан. Амь хохирогчид учирсан  гэмтлийн талаар шинжээч эмч шүүх хуралдааны явцад тодорхой мэдүүлсэн. Гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй гэж байна. Б.Буянцогт, Б.Дэлгэрмаа нар нь 1-2 удаа мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдлын талаар тогтвортой мэдүүлдэг, ямар нэгэн өөрчлөлт орсон зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

Шүүгдэгч Э.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2018 оны 10 дугаар сарын 18-ны орой Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 25 дугаар байрны гадаа хамт архи ууж байсан Ж.Этай маргалдаж, улмаар түүнийг түлхэн хойшоо савж унагаан толгойн тус газарт нь цохиж, зүүн чамархай ясны шугаман хугарал, зүүн чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, уртавтар тархинд няцрал, зүүн чамархайн булчин, хуйханд цус хуралт, дух, баруун хөмсөг, баруун доод зовхинд зулгаралт, хуйханд шарх бүхий гэмтэл учруулан, улмаар амь хохирогч Ж.Э нь зүүн чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсны дээрх цусан хурааны улмаас тархи шаантаглаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан болох нь:

 

Э.Оын яллагдагчаар өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 7-8 хоногийн өмнө байсан байх, түүхий эд авах цэгийн хойд талын сүмийн хажуу талын шатан дээр Этай таараад архинаас болоод, би согтуудаа Эыг түлхээд газар унагааж байсан, тэрийг л Дэлгэрмаа, Буянцогт хоёр яриад байгаа байх. ...” /1хх 180-182/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Отгонтуяагийн “...2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 14 цаг 30 минутын үед намайг гадуур явж байхад дунд ах Батзоримог над руу залгаад “том ах унтаж байгаа юм шиг хурхираад байна” гэхээр нь би “эмнэлэг дуудаач” гэж хэлчихээд шууд ахынхаа амьдарч байсан газар яваад очиход ах маань нас барчихсан байсан. ...” /1хх 50-51/,

гэрч Ж.Батзоримогийн “...2018 оны 10 дугаар сарын 19-ний өглөө би 08 цаг өнгөрч байхад босоод гарч бие засаад машинаа асаачихаад гэртээ орохдоо Энхээ ахын байшингийн цонхоор харахад ирээгүй байхаар нь эхнэр Дуламсүрэнд “Энхээ ах ирээгүй байна” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гарах гээд хашааны хаалгыг онгойлгоход Энхээ ах хашаа налаад суучихсан, хурхираад чичирсэн байдалтай, гутал нь хашааны явган хүний хаалганы орчимд тайлагдчихсан байдалтай сууж байхаар нь би цээжнээс нь өргөөд, эхнэр хөлнөөс нь бариад дамжлаад оруулсан. ...13 цагийн үед гэрт ирэхэд яг л өглөө оруулж хэвтүүлсэн чигтээ хэвтэж байсан ба гар нь хөнжил дотроос гарчихсан байсан. Хурхирч байгаа юм шиг байдалтай байгаад байхаар нь би “Энхээ ахаа босоочээ” гээд орилоход дуугарахгүй хэвээрээ байгаад байхаар нь очиж хөдөлгөж үзэхэд ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй, гэхдээ л унтаж байгаа юм шиг байгаад байхаар нь дүү Отгонтуяа руу залгаж хэлээд түргэн дуудчих гэж хэлсэн. ...Түргэний эмч ирж үзээд өнгөрчихсөн байна гэж хэлсэн...” /1хх 54-56/,

гэрч Б.Дэлгэрмаагийн “...Өглөө гэгээ ортол явж байгаад Бадамаагийн горооны цэг 08 цагийн үед онгойгоод түүсэн юмаа тушаачихаад О, Буяа бид гурав Бадамаагийн Цагаан дэлгүүрээс “Хандгай” нэртэй архи 1 шилийг аваад хувааж ууцгаасан. ...Эргээд цэг хаахаас өмнөхөн 16-17 цагийн үед горооны цэг дээр ирж түүсэн юмаа тушаачихаад Цагаан дэлгүүрийн үүдэнд О, Буяа ах бид гурав сууж байхад Э ах нимгэн саарал цамц өмссөн, 40 орчим насны хүнтэй хамт дэлгүүр лүү орж байсан ба бид нартай мэндэлчихээд орсон. Дэлгүүрээс гарч ирэхдээ Э ах 0.75 литрийн “Хандгай” архи авчихсан, нөгөө залуутайгаа хамт гарч ирээд тэр хүн нь шууд яваад өгсөн. О, Буяа бид гурвыг сууж байхад Э ойр зуурын юм ярьж байгаад Оыг Э ах “ганц юм байна, хуваагаад ууя” гээд далангийн урд талд байх бөөрөнхий контейнерийн хажууд очоод архиа хувааж ууцгаасан. Би архи уудаггүй учир архинаас нь уугаагүй. Архиа ууж байгаад талд нь орох үед Буяа ах Э ахтай архинаасаа болж “чи их уулаа” гэж маргалдаад талийгаач Э зүүн хөлөөрөө газар өвдгөлчихсөн, баруун хөлөө нугалаад түшээд сууж байхад нь Буянцогт цээж рүү нь баруун гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Харин О 2 гараараа түлхэхэд талийгаач Э толгойгоороо хойшоогоо савж дээшээ харж унасан. Босч ирээд талийгаач суугаад үлдсэн тал шил архиа хувааж уучихаад О, Буянцогт, талийгаач Э бид нар гэрлэн дохиогоор зам гарч гэмтлийн эмнэлгийн урдуур голын замын дагуу явж байгаад 25 дугаар байрны 12 давхар цэнхэр өнгийн 1 орцтой байрны гадна балконы доор очиж сууцгаасан. О шуудайн дотроо нэг шил “Хандгай” нэртэй архи авч явснаа гаргаж ирээд О, Буянцогт, талийгаач Э нар хувааж уусан. ...Буянцогт талийгаачтай маргалдаад “пизда минь наад нэг юмаа явуулах юм уу, үгүй юм уу” гэж талийгаачид хандаж хэлсэн. Талийгаач юу ч хэлэлгүй үлдсэн жоохон архиа тойруулж байсан. ...архиа ууж дууссаны дараа О яагаад ч юм гэнэт талийгаач Эт уурлаад талийгаачийг зүүн хөлөө нугалаад газар тулчихсан, баруун хөлөө гараараа тулчихсан сууж байхад нь нэг юм хэлээд түлхэж унагасан ба зүүн талаас нь түлхээд баруун тал руу нь унагасан. Унахдаа талийгаач толгойгоороо газар мөргөж баруун шанаагаараа унасан. Унасных нь дараа гараараа элэг рүү нь 1 удаа цохиод, баруун хөлөөрөө элэг орчимд нь өшиглөөд газраас нэг дөрвөлжин томхон юм аваад баруун шанаа орчим руу нь 1-2 удаа цохисон. Талийгаач газар хэвтчихээд ёолоод “болиоч, би чамайг яасан юм, чи яагаад уурлаад байгаа юм” гээд хэлж байсан. О гартаа барьсан юмаа баруун тийш шидсэн. Талийгаач босч ирэхэд шанааных нь баруун талд цус болчихсон байсан, ...зодолдсоноос хойш 30 орчим минут сууж байхад талийгаачийн толгойноос цус гараад байсан. ...бид нар тэндээс нилээн бүрэнхий болсон байхад гараад Гэмтлийн эмнэлгийн хойд талын замаар явж байгаад намайг замын голд “чи энд зогсож бай, Буянцогт бид хоёр Э ахыг гэрт нь дөхүүлж өгөөд ирье, наанаа байж байгаарай” гээд явчихаад 1 цаг орчим болоод ирэхдээ онц юм ярилгүй “Э ахыг дөхүүлж өгчихөөд ирлээ” гээд Буянцогт, О хоёр хамт ирсэн. …” /1хх 85-88/,

гэрч Б.Буянцогтын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Би Дэлгэрмаа, О нарын хамт Бадамаагийн хогийн цэг дээр 20 цагийн үед байх, би одоо цагаа сайн санахгүй байна. Тэнд  байж байхад Э ганцаараа түүсэн хуванцар хогоо тушаах гээд явж байх шиг байсан. ...Бадамаагийн хогийн цэгийн хажуу талын дэлгүүрээс Дэлгэрмаа нэг шил “Хандгай” нэртэй архи авсан. Тэр архийг Э, О, Дэлгэрмаа бид нар Бадамаагийн түүхий эд авдаг газраас урд талд далангийн ард талд байрлах гаражийн голд орж уусан. ...тэнд архинаас болж О, Э бид гурав муудалцсан. Тухайн үед Э бид хоёр муудалцсан, ...би эхлээд Эыг босоод зогсож байх үед нь цээжин тус газар нь баруун гараараа нэг удаа түлхэж унагасан. Тэгсэн Э босч ирэнгүүтээ миний зүүн шанаан тус газар баруун гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгсэн О Эын цээжин тус газар нь баруун гараараа нэг удаа түлхсэн чинь Э арагшаагаа саваад унасан. ...Э өөрөө босч ирээд Э, О бид гурав архиа ууж дуусгасан. ...Э, О, Дэлгэрмаа бид нар 25 дугаар байрны хогийн савыг очиж ухчихаад 25 дугаар байрны баруун талд гараж, байр хоёрын голд ороод дахин “Хандгай” нэртэй нэг шил архи хувааж уусан. ...тэр архийг ууж байхдаа Э өдөр нь хаягдал саваа тушаачихаад мөнгөөрөө ганцаараа архи авч уучихаад яваад өгсөн гэснээс болж О, Э хоёр маргалдсан. ...би дундуур нь ороод Эын цээж рүү нь гараараа түлхэж унагахад Э босч ирээд намайг баруун гараа атгаж байгаад шанаан тус газар нэг удаа цохисон чинь О намайг өмөөрөөд Эыг түлхэж унагахад тархиараа газар тас гэдэргээ саваад унасан. О нүүрэн тус газар нь гартаа байсан гууль шиг төмрөөр нэг удаа цохисон. ...Тэр үед Эын толгойн ар дагз хэсгээс нь цус гарч байсан. ...” /1хх 94-98/,

гэрч Б.Буянцогтын 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр өгсөн “...Тухайн үед гадаа бүрий тасарч, харанхуй болж байсан болохоор би амь хохирогч Эыг О яг юугаар цохисныг анзаарч хараагүй, газраас юм аваад л толгой хэсэгт нь нэг удаа цохисон. ...Толгойн яг аль хэсэгт нь цохисныг анзаарч хараагүй. О тухайн үед сантехникийн угсралт, холболтын гуулин төмөр барьж явсан болохоор би урьд өгсөн мэдүүлэг дээрээ Оыг гуулин төмрөөр амь хохирогчийг цохисон гэж мэдүүлсэн. Би тэр гуулин төмрөөр цохисон уу, газраас чулуу аваад цохисон уу гэдгийг нь хараагүй. ...” /1хх 223/ гэх мэдүүлгүүд,

 “...Талийгаач Ж.Эын цогцост зүүн чамархай ясны шугаман хугарал, зүүн чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, уртавтар тархинд няцрал, зүүн чамархайн булчин, хуйханд цус хуралт, дух, баруун хөмсөг, баруун доод зовхинд зулгаралт, хуйханд шарх, баруун 4-10 дугаар хавирганы хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо. ...Талийгаач нь дээрх зүүн чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсны дээрх цусан хурааны улмаас тархи шаантаглаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. ...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2323 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 113-115/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 3-8/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 9-12/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 89-93/ болон бусад нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Оыг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Э.Оын амь хохирогч Ж.Эыг түлхэж унаган, улмаар толгойн тус газар нь цохиж хүнд гэмтэл учруулан алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Э.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон, хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Э.О “...мөрдөгч нар хүч хэрэглэн зодож, эрүү шүүлт хэрэглэн хэрэг тулгасан, ...мөн гэрч Б.Дэлгэрмаа, Б.Буянцогт нарыг зодож, дарамтлан мэдүүлэг авсан. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч нар түүнийг болон гэрч нарыг зодож, эрүү шүүлт тулган хэрэг хүлээлгэсэн, мэдүүлэг авсан гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрч Б.Дэлгэрмаа, Б.Буянцогт нарын мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Б.Дэлгэрмаагийн мэдүүлгийг газар дээр шалгасан тухай тэмдэглэл зэргээр шүүгдэгч Э.О нь амь хохирогч Ж.Эын толгойн тус газарт нь цохиж, амь насанд аюултай хүнд гэмтлийг учруулснаас болж хохирогч нас барсан болох нь нотлогдсон бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, эсхүл уг гэмт хэргийг Э.Оаас өөр хүн үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Яллах дүгнэлтэд, хэргийн үйл баримтын талаар дүгнэхдээ “Э.О нь Ж.Эын толгойн тус газарт нь цохиж алсан” гэсэн байх бөгөөд юугаар цохисон талаар тодорхой тусгаагүй байна.

 

Гэрч Б.Дэлгэрмаа, Б.Буянцогт нар шүүгдэгч Э.Оыг газраас юм авч амь хохирогчийн толгойн тус газарт нь цохисон гэж мэдүүлсэн боловч юугаар цохисныг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож чадаагүй байна. Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтаар амь хохирогч нь шүүгдэгч Э.Оын цохилтоос гэмтэл авч, улмаар уг гэмтлийн улмаас хохирогч амь насаа алдсан болох нь тогтоогдсон буюу шүүгдэгч Э.Оын үйлдэл, уг үйлдлийн улмаас гарсан үр дагавар хоёрын хооронд шалтгаант холбоотой байх тул юугаар цохисныг тодруулах ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзэв.

 

 Шүүгдэгч Э.О нь “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчин надаас удаа дараа өмгөөлөгчгүй байцаалт авсан...” гэж давж заалдах гомдолдоо дурдсан байх боловч Э.Оаас 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр сэжигтнээр мэдүүлэг авахдаа өмгөөлөгч Б.Оюунгэрэлийг /1хх-172-172/, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг авахдаа өмгөөлөгч Л.Ганцэцэгийг тус тус оролцуулсан байна. /1хх 180-182/

 

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Отгонтуяа нь амь хохирогч Ж.Эыг оршуулахтай холбогдон гарсан зардал 9.765.310 төгрөг нэхэмжилснээс анхан шатны шүүх 2.080.692 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ ямар баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа талаар дүгнээгүй байна. Хавтас хэргийн 231-242 талд авагдсан баримтуудад үндэслэн оршуулгын зардал 3.536.262 төгрөгийг шүүгдэгч Э.Одгэрэлээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Отгонтуяад олгохоор шийдвэрлэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, шүүгдэгч Э.Оын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Оаас 2.080.692 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Отгонтуяад олгосугай. …” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Оаас 3.536.262 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Отгонтуяад олгосугай. …” гэж өөрчилсүгэй. 

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Оын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                        М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН