Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 170

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ядмаа,

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч Ц.Амар,

хохирогч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас С.Тод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ___ дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __ дугаарын регистртэй, С.Т.

 

Шүүгдэгч С.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байрны 7 тоотын орчим маргааны улмаас Б.Дг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Т мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Д мэдүүлэхдээ:

“...Солонгос улс руу явах асуудлаар яриад 5 сая төгрөг байршуулах шаардлагатай юм байна гэхэд Т хажуунаас хөгшин чинь байраа барьцаалаад аваад өгье гэхээр нь Дархан явах шаардлагагүй болоод тэгье гээд авахаар болсон. Тэгээд маргааш өглөө нь очиход өөр юм яриад байхаар нь 5 сая төгрөг авахаа болиод Дархан-Уул аймаг руу гэр лүүгээ явсан. Гэртээ очоод манай охин руу Т мессеж бичсэн байсан. Тэгээд Т руу залгахад надтай ярихгүй байсан. Яагаад надтай ярихгүй байгаа юм бол гээд охиноосоо асуухад урьд нь оролдсон байсныг надад хэлсэн. Тухайн үедээ хөхийг барьсан гэсэн. 12 настай охин руу маань тавих гоё гэж мессеж бичсэн байсан. Надад Т гэрийнхээ түлхүүрийг өгдөг байсан. Тоос их хохирсон. Эмчилгээ хийлгэх гэхээр мөнгө төгрөггүй учраас эмчилгээ хийлгээгүй. Шүдээ цаашид эмчлүүлмээр байна...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч С.Тын өгсөн:

“...2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр архи уугаагүй эрүүл гэртээ байсан. Гэртээ ганцаараа амарч байхад Д нь 20 цагийн орчимд согтуу орж ирээд хүүхэд рүү мессэж бичлээ, утсаа авахгүй байна, Солонгос улсруу явах гэж байна гэж 5 сая төгрөг олоод өгөөч гэж ярьж байсан ба түүнийгээ яриад мөнгө олж өгсөнгүй гээд хэрүүл маргаан үүсгэсэн. Энэ үед Д нь согтуу архи уучихсан. Хаана хэнтэй архи уусан талаар асуухад найзтайгаа өдөр архи уусан гэж ярьж байсан. Д нь үе үе архи уучаад байдаг харагдсан. Надтай 2-3 удаа архи хувааж ууж байсан. Хэрүүл маргаан үүсгээд байхаар нь эсвэл гадагшаа гарчих, үүдэнд зогсоод байхаар нь дотогшоо орооч гэхэд гэрлүү орох гэж байснаа шууд толгой хэсэгрүү 2-3 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би нүүрээ хамгаалаад өөрөөсөө салгаж түлхэхэд цаана байсан үүдний хаалгыг нүүрэн тус газраараа мөргөчих шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-н 46-47/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Дгийн өгсөн:

“...Сын Т гэдэг хүнтэй 5-р ангиасаа буюу 1972 оноос хойш нэг нэгнийгээ таньдаг болсон бөгөөд байнгын найзууд байгаа юм. Сургуулиа төгсөөд нэг их холбоогүй, тус тус ажил амьдралаа хөөж байгаад 2013 оноос эхэлж найзуудын журмаар нэг нэгэнтэйгээ харилцдаг байж байгаад 2016 оноос эхэлж Т бид хоёр нэг нэгнийхээ гэрээр орж гардаг болсон. Ингээд орж гарч байх хугацаандаа 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр сурагчдын ээлжийн амралт болоод мөн би Улаанбаатар хотод хувийн хөөцөлдөх ажилтай байсан учраас охин О-ийг Улаанбаатар хотод дагуулж ирсэн юм. 2016 онд охиныгоо Ттой танилцуулж, түүнээс хойш охиныг дагуулж Тын гэрээр орж гардаг болсон. Ингээд Улаанбаатар хотод ирэхээс өмнө хүүхдийн хэрэглэдэг суурин компьютерийн процессор нь эвдрээд түүнийг засуулахаар авчирсан, эргүүлж авч чадалгүй байж байгаад 2018.10.27-ны өдөр Тын гэрт очиж авах гэж охин О-ийг дагуулж оройны 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хороо 48 байрны 7 тоотод гэрт нь очсон юм. Ингээд эргээд явах гэтэл найз Т нь гэрт хоноод яв, шөнө орой айлруу яваад яах юм гэхээр нь өмнө хэд хэдэн удаа хонож байсан учраас гэрт нь хонохоор үлдсэн. Тэгээд Т нь найзыгаа ирсэн гээд архи авсан ба 500 граммынх шиг санагдаж байна, эсвэл 0,33 грамм байж магад 1 шил Хараа архи дэлгүүрээс авчраад ганцаараа уусан. Би угаасаа архи уудаггүй бөгөөд Ттой ойр зуурын юм ярьж сууж байгаад 23 цагийн орчимд унтахаар болсон. Мөн тухайн үед Т нь жоохон согтож эхэлсэн. Тэгээд унтах гээд хэвтэж байхад Т нь ганцаараа дуулаад байсан. Ингээд хэвтэж байгаад унтаад өгсөн ба нэг сэрсэн чинь архи аваад ир гээд нэхээд байхаар нь охин О-ээс асуухад би унтахаасаа өмнө нуучихсан юмаа гэхээр нь гаргаад өгчих гэхэд өөрөө олоод авна биз, зурагтны хойно байгаа гэж хэлсэн. Тэгээд бас хэсэг зүүрмэглэж байгаад сэрэхэд архи олоод өг гээд байхаар нь тэгвэл би охиноо аваад явлаа гэхэд заза архи олчихлоо одоо унтаж амар гэж хэлсэн. Тэгээд охин бид хоёр 1 өрөө байрны орны хажуу талд шалан дээр ор засаад охин маань миний зүүн талаар унтаж байгаад хөдлөх шиг болоохоор сэрээд хартал охины хажуу талд Т унтаж байхаар нь яагаад охины дэргэд унтаж байсан хэсэгт унтаж байгаа юм, бос гэж хэлсэн. Энэ үед охин миний баруун гар талд гарч унтсан. Тэгэхэд Т нь уучлаарай гэж хэлээд орон дээр гараад унтаад өгсөн. Ингээд өглөө охинтойгоо босоод Тыг унтаж байхад гэрээс нь 08 цагийн үед гараад явсан. Ингээд Улаанбаатар хотод 7 хоногийн ажилтай байж байгаад эргээд Дархан-Уул аймагруу гэртээ ирсэн. Энэ хугацаанд охин ямар нэгэн зүйл яриагүй байж байтал 2018 оны 11 сарын эхээр 07-ны өдөр шиг санагдаж байна, охины утсан дээр мессэж байхгүй, миний утсанд дээр Тын явуулсан мессэж эх байдлаараа, охины утаснаас надруу ирсэн байгаа. Охин надад хандан ээжээ Т ах надруу мессэж бичсэн байна гэхээр нь надруу явуулчих, тэгээд өөрийнх дээрээ байгаагаа устгаарай гэж хэлсэн. Зүгээр надруу мессэж бичиж байгаа юм байх гэж ойлгосон. Ингээд охиноос мессэж ирсэний дараа уншиж үзэхэд "...Чи тавьж үзэх үү, ямар гоё гээч, тавина гэхээр дур ханана гэсэн үг, алив ах нь чихий..." гэсэн мессэж бичсэн байхаар нь Тын утасруу залгаад ямар учраас ингэж мессэж бичсэн талаар асуухад ах нь баабаа юм бичсэн байна, уучлаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би гайхаад охиноосоо асуутал 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Тын унтаж байгаад охиныг сэрэхэд Т хажуу талд нь хөхөн дээр нь хоёр гараа тавьчихсан унтаж байхаар нь сэрсэн гэж хэлсэн. Тэр үед би сэрээд Тыг босгосон байсан. Тэгээд тухайн үедээ Ттой уулзаж чадаагүй, утсаа авахгүй салгаад блок хийгээд байсан учраас 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод ирээд Тын гэрт 21 цагийн орчимд очиж охинруу бичсэн мессэжний талаар уулзахад Т архи уугаагүй, эрүүл байхаар нь чи яахаараа охин руу мессэж бичдэг юм, бас оролдож хөхийг нь барьсан байна лээ, би чамайг шалгуулах газар нь шалгуулна гэж хэлэхэд би тийм зүйл хийгээгүй, хүн гүтгээд байх юм ч байхгүй гээд маргалдаад би цагдаа дуудчихаад байж байтал намайг заамдаж аваад гэрээс гар гэхээр нь цагдаа дуудаж байж гарна гэхэд цохих гэж гар дайлахаар нь би зөрүүлж 2 удаа нүүрэн тус газар алгадах үед намайг боож гар гээд түлхэх үедээ нүүрэн тус газар буюу уруул, эрүү орчимд 2-3 удаа гараараа маш хүчтэй цохисон. Тэгтэл гаднаас дуудлагын 2 цагдаа орж ирээд Тыг аваад гараад явсан. Тэгээд би цагдаа дээр ирээд мэдүүлэг өгсөн юм.

Тухайн үед доод уруул баруун хэсэгт шүдэнд цохигдсоноос болж доод урууланд цус, бас доод шүд хөдөлгөөн орчихсон байсан. Өөр ил харагдах гэмтэл байгаагүй. Тод цохиулснаас болж толгой өвдөөд байсан. Түүнийг Тод хэлж хэрэг гарснаас хойш 3 хоногийн дараа өөрөө дагуулж явж байгаад бариачид бариулсан. Одоо өвдөж зовиурлаж байгаа газар байхгүй. шүдний хөдөлгөөн зүгээр болоогүй, жаахан хөдөлгөөнтэй байгаад байгаа. Би ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Толгой өвдөөд байхаар нь Т дагуулж явж 3 удаа бариачид бариулж, толгойны өвчин гайгүй болсон...” гэх мэдүүлэг /хх-н 20-22/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Ч.Бадралын өгсөн:

“...Дгийн биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гаднаас ямар нэгэн хүчин зүйлээр цохигдох гэмтэл үүссэн газарт цохигдох үед дээрх гэмтэл нь үүснэ. Хэсэг газарт цохигдох үед үүснэ...” гэх мэдүүлэг /хх-н 37/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн 14139 тоот: 

1. Б.Дгийн биед баруун доод 4-р шүдний сулрал, уруулд өнгөц няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 36/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 54/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 55/,

-оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 56/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч С.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байрны 7 тоотын орчим маргааны улмаас Б.Дг зодож эрүүл мэндэд нь баруун доод 4-р шүдний сулрал, уруулд өнгөц няцарсан шарх гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүгдэгч С.Тын “...Д нь үе үе архи уучаад байдаг харагдсан. Надтай 2-3 удаа архи хувааж ууж байсан. Хэрүүл маргаан үүсгээд байхаар нь эсвэл гадагшаа гарчих, үүдэнд зогсоод байхаар нь дотогшоо орооч гэхэд гэрлүү орох гэж байснаа шууд толгой хэсэгрүү 2-3 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би нүүрээ хамгаалаад өөрөөсөө салгаж түлхэхэд цаана байсан үүдний хаалгыг нүүрэн тус газраараа мөргөчихсөн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Дгийн “...2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод ирээд Тын гэрт 21 цагийн орчимд очиж охин руу бичсэн мессэжний талаар уулзахад Т архи уугаагүй, эрүүл байхаар нь чи яахаараа охин руу мессэж бичдэг юм ... гээд маргалдаад би цагдаа дуудчихаад байж байтал намайг заамдаж аваад гэрээс гар гэхээр нь цагдаа дуудаж байж гарна гэхэд цохих гэж гар дайлахаар нь би зөрүүлж 2 удаа нүүрэн тус газар алгадах үед намайг боож гар гээд түлхэх үедээ нүүрэн тус газар буюу уруул, эрүү орчимд 2-3 удаа гараараа маш хүчтэй цохисон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн 14139 тоот  дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас С.Тод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч С.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Хохирлын талаар

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг...” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Хэргийн хохирогч Б.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хавтаст хэрэгт хохирлын баримт авагдаагүй байх тул шүүгдэгч С.Тыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч Б.Д нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч С.Тод 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу ажил хөдөлмөр эрхэлдэг, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч С.Тод 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч С.Тод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч С.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Тыг 1.350 /нэг мянга гурван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С.Тын торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Б.Д нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

                                                                                                                

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Толд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ