Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 410

 

 

 

 

 

 

 

 

 

С.Тод холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч Ц.Амар,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн С.Тод холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн Сын Т, 1969 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ганцаар, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:.../

 С.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...тоотод маргааны улмаас Б.Дуламсүрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: С.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М овгийн Сын Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Тыг 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С.Тын торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Б.Дуламсүрэн нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээснийг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Т нь хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон ба үүнийг анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.350 нэгж буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт заасныг баримталсан атлаа торгох ялын эдлэх хугацааг зааж өгөөгүй нь хууль зүйн алдаатай шийдвэр болжээ. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Тод оногдуулсан торгох ялын хэмжээг хуульд заасан хэмжээгээр багасгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тын орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг тогтоож өгнө үү...” гэв.

С.Т нь тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Ц.Амарын тайлбарт санал нэг байна. Хохирогчийн охин руу мессеж бичиж байна гэж бодоогүй. Б.Дуламсүрэн рүү л мессеж бичиж байна гэж бодсон. Б.Дуламсүрэн нь манайд ирдэг байсан. Би өөр зүй бус үйлдэл гаргаагүй. Хохирогчид тус нэмэр болж л явдаг байсан.” гэв.

            Прокурор Г.Эрдэмбаатар нь тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар С.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор С.Тод оногдуулсан ял нь гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй.” гэж заасан байдаг. Тиймээс 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...тоотод “Охин руу зүй бус мессеж явуулсан” гэх асуудлаас болж маргалдан улмаар хохирогч Б.Дуламсүрэнг зодож эрүүл мэндэд нь биед баруун доод 4 дүгээр шүдний сулрал, уруулд өнгөц няцарсан шарх бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн шүүгдэгч С.Тын: “...Б.Дуламсүрэн согтуу манайд ирээд над руу агсам тавиад миний шанаа руу цохиод дахиад цохих гэхээр нь гарыг нь хааж түлхэх гэж байгаад санамсаргүйгээр уруул, шүд рүү нь цохьсон. Би санамсаргүйгээр гарыг нь хаах гэж байгаад нүүр рүү нь гараараа хальт цохьсон...” гэх мэдүүлэг /хх 7-9/,

хохирогч Б.Дуламсүрэнгийн: “...С.Тынд очиж уулзсан чинь намайг доромжлоод ам руу гараараа нэг удаа цохиод “Гар зайл” гээд хоолой боосон. Тэгээд цагдаа дуудаж барьж өгсөн...”, “...маргалдаад би цагдаа дуудчаад байж байтал намайг заамдаж аваад “Гэрээс гар” гэхээр нь “Цагдаа дуудаж байж гарна” гэхэд цохих гэж гар далайхаар нь би зөрүүлж 2 удаа нүүрэн тус газар алгадах үед намайг боож “Гар” гээд түлхэх үедээ нүүрэн тус газар буюу уруул, эрүү орчимд 2-3 удаа гараараа маш хүчтэй цохьсон. Тэгтэл гаднаас дуудлагын хоёр цагдаа орж ирээд С.Тыг авааг гараад явсан...” гэх мэдүүлгүүд /хх 4-6, 20-24/,

шинжээч эмч Ч.Бадралын: “...Б.Дуламүрэнгийн биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гаднаас ямар нэгэн хүчин зүйлээр цохигдох гэмтэл үүссэн газарт цохигдох үед дээрх гэмтэл нь үүснэ. Хэсэг газарт цохигдох үед үүснэ...” гэх мэдүүлэг /хх 37/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн 14139 тоот: “Б.Дуламсүрэнгийн биед баруун доод 4 дүгээр шүдний сулрал, уруулд өнгөц няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх 36/ зэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч С.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Тод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.350 нэгж буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шударга ёсны зарчим”-д нийцсэн байна.

Шүүгдэгч С.Тод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анхан шатны шүүх “...гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу ажил хөдөлмөр эрхэлдэг, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан...” үзсэн талаар дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлүүдийг зөв дүгнэсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амарын гаргасан “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжээр торгосон нь шударга ёсны зарчимд нийцээгүй” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Хохирогч Б.Дуламсүрэн нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдсон зардлын талаарх баримтуудыг шүүхэд гаргаагүй бөгөөд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй” гэж заасан тул шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацааг заавал тогтоох шаардлагагүй гэж үзсэн болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амарын гаргасан “...торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг тогтоож өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧ                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ